2023/08/09

Гурван өгүүлбэрээр

  1. Оны эхний долоон сард чулуун нүүрсний экспортын 44 хувийг ЭТТ дангаараа бүрдүүлэв.

  2. “Монгол шуудан” эхний хагас жилд цэвэр ашгийн хэмжээгээ өмнөх оны мөн үеэс 7.3 дахин нэмэгдүүлжээ.

  3. Чип үйлдвэрлэлийн аварга TSMC Германд 11 тэрбум ам.долларын өртөг бүхий чипийн үйлдвэр барина.

ЭТТ-н экспорт

Монгол Улс оны эхний долоон сард нийт 34 сая тонн чулуун нүүрс экспортолсноос 44 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа бүрдүүлсэн байна. Он гарсаар тус компани 15 сая тонн нүүрс борлуулаад байгаа бөгөөд тэр дундаа 6, 7 дугаар саруудад тус тус 2.6 сая орчим тонн нүүрс экспортолсон нь дээд үзүүлэлт болжээ.

Тээврийн үзүүлэлтээс харвал өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Ганцмод боомтоор өдөрт дунджаар 1,069 нүүрс тээврийн автомашин, Сэхэ боомтоор 503 автомашин нэвтэрч байсныг “Sxcoal” мэдээллээ.

Олборлолт 2027 оноос

“Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компанийн Панел 1-ийн хөгжүүлэлт 2024 оны эхний хагаст эхэлж, 2027 оны эхний хагаст олборлолт эхлэхээр байгааг “Оюу Толгой” ХХК мэдээлснийг Entrée тайландаа дурджээ. Панел 1-т "Hugo North Extension" орд мөн багтаж буй бөгөөд энэ олборлолтоор “Entrée Resources” анхны олборлолтын үйл ажиллагаагаа эхлэхийг компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Стивен Скотт мэдээлсэн байна. Одоогоор ОТ төслийн Панел 1 болон Панел 2-ын техникийн судалгаа бүрэн дуусаад байгаа юм.

Байр суурь

“Монгол Улсын хувьд ногоон санхүүжилтийн экосистемийнх нь гол хөдөлгөгч хүч арилжааны банкнууд гэдгийг харсан. Монголын арилжааны банкнуудтай уулзаж маш амбицтай, чөлөөтэй сэтгэдгийг нь хараад их сэтгэл хөдөлсөн. Гэхдээ Засгийн газрын санаачилга, түлхэц байх хэрэгтэй гэж бодож байна. Ногоон бондыг ЗГ-ын түвшинд гаргаснаар стандарт тогтоох, улсын хэмжээнд илүү хурдацтай хөгжихөд нь түлхэц болж өгдөг. Монгол Улсын ЗГ ирээдүйд энэ чиглэлийн бонд гаргах сонирхолтой байгаа гэж сонссон. Тэгэхээр юу болохыг нь харж л байя" хэмээн ЭЗХАХБ-ын Байгаль орчны бодлогын шинжээч Дуглас Херрик “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.

Ашгаа 7 нугалав

“Монгол шуудан” ХК эхний хагас жилд 11.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар өссөн дүн болов. Мөн 480.2 сая төгрөгийн цэвэр ашиг олж, жилийн өмнөх үзүүлэлтээ 7.3 дахин нэмэгдүүлжээ. Үйл ажиллагааны хувьд тус компани Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улс хоорондын шуудан ялган боловсруулах төвийг энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Дархан Нэхий ХК

Харин “Дархан нэхий” ХК-ийн борлуулалтын цэвэр орлого оны эхний хагаст 5.69 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурснаа тайлагнажээ. Үүнд хэрэглэгчдийн худалдан авалт өмнөх онтой харьцуулахад 30-40 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. Түүнчлэн үйлчилгээний орлого, нэхий гутлын борлуулалтын идэвх бага зэрэг буурчээ.

Шинэ хязгаар

БНХАУ-ыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг хязгаарлах АНУ-ын төлөвлөгөө квант тооцоолол, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологиудаас орлогынхоо дор хаяж 50 хувийг бүрдүүлдэг Хятад компаниудыг зөвхөн хамрах магадлал өндөр болохыг ойрын эх сурвалж мэдээлжээ. Ингэснээр ирэх өдрүүдэд Жо Байдены засаг захиргаанаас гаргах шийдвэрүүд хүлээлтээс илүү зөөлөн, хамрах хүрээ нь бага байх төлөвтэй байна. Өндөр ач холбогдол бүхий технологиудад БНХАУ-ын нэвтрэх бололцоог хязгаарлах Вашингтоны бодлогын нэг хэсэг болсон тогтоолын төслийг жил орчмын турш боловсруулсан юм.

Европ руу чиглэнэ

Чип үйлдвэрлэлийн аварга TSMC салбарынхаа гурван компанитай хамтран ХБНГУ-ын зүүн хэсэгт, Дрезден хотын ойролцоо 11 тэрбум ам.долларын өртөг бүхий чипийн үйлдвэр барихаар тохиролцжээ. 2027 оноос үйлдвэрлэлээ эхлүүлж, автомашин болон аж үйлдвэрлэлийн салбарт чип нийлүүлэх тус байгууламжийн 70 хувийг TSMC эзэмших аж. Компанийн хувьд энэ нь АНУ-Хятадын зөрчил даамжрахаас гарах эрсдэлд өртөхгүйн тулд Европт үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөнийхөө дагуу хийж буй анхны алхам болж байна. Харин төсөлд оролцож буй бусад компаниуд болох Infineon, NXP, Bosch нь тус бүр 10 хувийг эзэмшихээр болжээ.

$2 тэрбумыг “цааш нь хийв”

Өнгөрсөн улиралд “Glencore”-ийн ашиг 52 хувиар буурч, уул уурхайн томчуудын тааруу үзүүлэлтийн буухиаг үргэлжлүүлэв. Гэхдээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг өөр зүйл татаж байгаа нь тус компани хувьцаа эзэмшигчдэд очих байсан 2 тэрбум ам.долларын дүн бүхий мөнгөн хөрөнгийг тайландаа хасаж тооцсон явдал юм. “Glencore” удаан хүсэн хүлээсэн хэлцлээ бүтээхэд тун ойрхон ирсэнтэй энэ нь холбоотой аж.

Оны эхээр тэд Канадын “Teck” компанийг худалдан авч, металл болон нүүрсний бизнесийг нь салгах санал тавьсан ч удаа дараалан татгалзсан хариу авсан юм. Харин зургаадугаар сард “Glencore” нөхцөлөө шинэчилж, зөвхөн коксжих нүүрсний бизнесийг нь 8 тэрбум ам.доллароор авах санал тавьсан билээ.

Hindenburg хэдийг олов?

Арваад судлаачаас бүрдсэн short арилжааны жижигхэн компани "Hindenburg"-ийг удирддаг Нэйт Андерсон хэмээх эр Гаутам Адани, Жак Дорси, Карл Айкан гэсэн томчуудыг нэг нэгээр нь "намнасан" юм. Энэ онд тэрбээр хэдхэн сарын дотор дээрх гурвын нийлүүлсэн хөрөнгөөс 99 тэрбум ам.долларыг, нээлттэй компаниудынх нь үнэлгээнээс нийт 173 тэрбум ам.долларыг арчиж хаяжээ.

Эцэс төгсгөлгүй хууль шүүхийн асуудлууд, Засгийн газрын хяналт шалгалт зэргээс болж томоохон short арилжаалагчид анхаарлын төвөөс гараад байгаа энэ үед сийрэг толгойтой судлаач Андерсон зах зээлд хамгийн зоригтой тоглогчоор тодроод байна.

Түүнд сэдэл өгдөг гол хүчин зүйл юу болох, дээрх бүгдээс тэрбээр хэр хэмжээний ашиг унагасан тухай нийтлэлийг доорх холбоосоор орж үргэлжлүүлэн уншаарай.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • БНХАУ-д дефляцын эрсдэл нүүрлэв

  • "1000 км-ийн цэнэг хураагуур" үйлдвэрлэдэг Хятадын компани 2025 он гэхэд IPO хийнэ

Онцлох чарт

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ чиглэсэн дэмжлэг, хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр төмрийн хүдэр, зэсийн үнэд эерэг нөлөө үзүүлнэ гэж "JPMorgan" үзэж байна. Ингэснээр 2023 оны эцэс гэхэд зэсийн үнэ тонн нь 9,100 ам доллар, ирэх онд 10 мянган ам.доллар давна гэж тус банкны шинжээчид тооцоолжээ.