Банкны IPO эхлэхнээ

Монголын хөрөнгийн бирж ирэх сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно. ОХУ-д цэргийн дайчилгаа зарласны дараа Алтанбулагийн боомтоор орж ирсэн Оросын иргэдийн тоо 450 хувиар өслөө. Зүүн Азийн орнуудаас Монголын инфляцын түвшин хамгийн өндөр байгааг АХБ онцлов.

ТӨХК-ийн түүчээ IPO

Монголын хөрөнгийн бирж энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно гэдгийг Засгийн газар мэдээллээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд засаглал сайжруулах чиглэлд төрийн өмчит компаниудаас ийнхүү хамгийн түрүүнд олон нийтэд нээлттэй болж буйг Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцолсон. Нээлттэй хувьцаат компани болсноор орлогын сегмент нэмэгдэж, шимтгэл буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх ач холбогдолтой аж.

Оросуудын цуваа

Хойд хөршид цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш ОХУ-аас гарах иргэдийн урсгал нэмэгдсээр байна. Ням гарагт Алтанбулаг боомтоор дамжин ОХУ-ын 984 иргэн Монгол улсад нэвтэрсэн нь 10 хоногийн өмнөхтэй харьцуулахад 450 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийтдээ Монголын хойд хилийн 10 боомтоор есдүгээр сарын 19-өөс 25-ны хооронд ОХУ-ын 7978 иргэн нэвтрээд байгааг ХХЕГ мэдээлсэн юм.

Бүс нутагтаа тэргүүлэх инфляц

Зүүн Азийн орнуудаас Монгол улсад инфляц хамгийн өндөр түвшинд байгааг Азийн Хөгжлийн Банк тайландаа онцоллоо. Наймдугаар сарын байдлаар Зүүн Азид инфляц нь хоёр оронтой тоонд хүрсэн цорын ганц улс нь Монгол болжээ. Түүнчлэн долоодугаар сард Монгол улсад инфляц 15.7 хувьд хүрснээр Зүүн Ази төдийгүй Төв азид хэрэглээний үнийн өсөлтөөрөө тэргүүлсэн байна.

Нүүрсний экспорт өссөөр...

БНХАУ-д коксжих нүүрсний нөөц бүрдүүлэх сонирхол нэмэгдсэнээр Гашуунсухайттай хиллэдэг Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ өсөж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1650 юань болж, өмнөх долоо хоногоосоо 100 юаниар өссөн байна. Түүнчлэн есдүгээр сарын доод үзүүлэлтээсээ 250 юаниар өсжээ.

Хэт барууныхны эргэн ирэлт

Италийн парламентын сонгуульд хэт барууны "Италийн ахан дүүс" намын тэргүүлсэн эвсэл ялалт байгуулж, эвслийн тэргүүн Жоржиа Мелони улсынхаа түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд болохоор боллоо. Ийнхүү Итали улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй хэт барууны үзэлтэй засгийн газартай болсон нь Европын бусад удирдагчдын санааг зовоож байна.

Bloomberg TV Mongolia танд санал болгож байна

“Bank of America”-ийн стратегичдын тооцоолсноор 1949 оноос буюу Дэлхийн II дайны дараах сэргээн босголтын үеэс хойших бондын зах зээлийн хамгийн тааруу үзүүлэлттэй жил өдгөө тохиож буй аж. Хамгийн сүүлд Английн Төв банк бодлогын хүүгээ долоо дахь удаагаа дараалан өсгөснөөр тус улсын таван жилийн хугацаатай бондын ханш 1992 оноос хойших хамгийн их дүнгээр буурсан. Үүний зэрэгцээ АНУ-ын хоёр жилийн хугацаатай бондын ханш 12 өдөр дараалан буурсан нь 1976 оноос хойш гараагүй урт хугацаанд үргэлжилсэн уналтад тооцогдож байна.