- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/26
2026/08/26
Өглөөний мэнд. Монгол Улс эрчим хүчний импортын хамаарлыг тэглэхийн тулд жил бүр дунджаар 818 МВт шинэ эх үүсвэр ашиглалтад оруулах шаардлагатай.
Jade Gas метан хийн төслийнхөө хөгжүүлэлт, ашиглалтын анхан шатны төлөвлөгөөг Монголын зохицуулагч байгууллагад хүргүүлжээ.
Алтны үнэ сүүлийн 3 сарын дээд цэгтээ хүрч, Биткойны ханш V сараас хойш анх удаа $80,000 давав.

Хомсдолоос ангижрах өртөг
Монгол Улсын эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд 5.4 дахин өсөх төлөвтэйг салбарын сайд COP17-ийн үеэр танилцууллаа. Иймд одоогийн 1936 МВт суурилагдсан хүчин чадлыг 23,280 МВт орчимд хүргэж, цэвэр эрчим хүчний эзлэх хувийг 53.4 хувь болгохын зэрэгцээ импортын хамаарлыг тэглэх амбицтай зорилтыг “Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн 2026-2050 оны стратегийн баримт бичгийн төсөл”-д тусгажээ.
Өнөөдрийн байдлаар нийт хангамжийн дөрөвний нэгийг импортын эрчим хүч бүрдүүлж, цэвэр эрчим хүч нийт үйлдвэрлэлийн 7.2 хувьтай тэнцэж байгаа. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын дулааны дутагдал 1121 МВт-д хүрээд байгаа нь шинэ эх үүсвэрийг эрчимтэй нэмэх шаардлагыг улам яаралтай болгож байна.

Зорилтод хүрэхийн тулд жил бүр дунджаар 818 МВт шинэ эх үүсвэр ашиглалтад оруулах шаардлагатай гэж тооцсон нь өнөөгийн бүтээн байгуулалтын хурдаас 12-17 дахин өндөр үзүүлэлт юм.
Стратегид тусгаснаар шилжилтийг дараах үе шатуудтай хэрэгжүүлэх аж.
2030 он хүртэл хүчин чадал болон үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлэн импортын хамаарлыг бууруулна.
2040 он хүртэлх дараагийн шатанд Эгийн голын усан цахилгаан станц зэрэг эх үүсвэрийг ашиглалтад оруулна.
2035 оноос эрчим хүчний экспортын эхний коридорыг нээнэ.
Эцсийн шатанд цөмийн болон устөрөгчийн эх үүсвэрийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтцийг бүрэн төрөлжүүлнэ.
Эдгээрт шаардагдах эх үүсвэр, сүлжээ болон дулааны дэд бүтцэд нийт 44.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэг болно гэж тооцсон байна. Үүн дээр түгээх сүлжээ болон эрэлт талын арга хэмжээг нэмбэл нийт хэрэгцээ 58-73 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд энэ нь жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллар буюу урт хугацааны ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэхээр байна.
Анхаарлын төвд
Олборлолт ойрхон. Jade Gas компани Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө хөгжүүлэлт, ашиглалтын анхан шатны төлөвлөгөөг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлснээ мэдээллээ. Мөн төслийн 502 километр квадрат талбайг олборлолтын тусгай зөвшөөрөлд хамруулахаар зохицуулагч байгууллагатай тохиролцсон байна. Энэ нь одоогийн 629 километр квадрат хэмжээтэй, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй хайгуулын талбайн 80 орчим хувийг хамарч байгааг онцолжээ. Компани өнгөрсөн V сард төслийнхөө анхны нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлсэн нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор баталгаажсан анхны тохиолдол болсон юм.
Сансрын дата төв. NVIDIA-ийн чипээр тоноглосон SpaceX-ийн анхны хиймэл оюунт дагуулуудыг ирэх оны IV улиралд дэлхийн тойрог замд хөөргөж эхлэх бөгөөд 2028 онд "өргөн цар хүрээнд" ашиглалтад оруулахаар байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск мэдээллээ. Олон хиймэл дагуулаас бүрдэх дата төв нь уламжлалт сервертэй харьцуулахад илүү энгийн бүтэцтэй, өртөг багатай, хүчин чадлын нягтрал өндөртэй, хөнгөн жинтэй байхыг тэрбээр X платформд оруулсан постдоо онцолжээ.

Компани VI сард хийсэн нүсэр IPO-ийнхоо үеэр сансрын дата төвийн технологийг түүчээлэх зорилгоо чухалчилж байсан юм. Тойрог замд байрлах хиймэл дагуулын сүлжээнд тулгуурлан ажиллах дата төв нь газрын дата төвүүдийг бодвол өртөг багатай, байгаль орчинд илүү ээлтэй хувилбар болохыг онцолж байв.
Формальдегидтэй байцай. БНХАУ-д хүнсний ногооны худалдаачид байцайг шинээр нь удаан хадгалахын тулд формальдегид ашиглаж байсан нь илэрсний дараа БНСУ тус улсаас импортолж буй байцайнд тавих гаалийн хяналт, шалгалтаа чангатгахаар шийдвэрлэсэн байна. Байцай нь солонгосчуудын өдөр тутмын хүнсний салшгүй хэсэг болсон кимчиний үндсэн орц юм. Хятадын хойд нутгийн Хэбэй мужид ажилчид байцайг цогцос хадгалахад ашигладаг формальдегид хэмээх химийн бодист дүрээд автомашинд ачиж буйг харуулсан бичлэг цахим орчинд тархсаны дараа БНХАУ-ын эрх баригчид дотооддоо өргөн хүрээний шалгалтын ажиллагаа эхлүүлээд байгаа.
Эргэдэг тоглоом. Хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн уналт, сэргэлтийн мөчлөг дахин солигдож, Биткойн гэнэтхэн эрэлттэй болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Биткойн 23 хувиар өссөн нь сүүлийн гурван жилийн хамгийн огцом дүн болж, тавдугаар сараас хойш анх удаа 80 мянган ам.долларын босго давжээ. АНУ-ын ЗГ бондоо их хэмжээгээр эргүүлэн худалдаж авч эхэлсэн нь ам.долларыг орлох хэрэгслүүд болох алт, Биткойны ханш өсөхөд түлхэц болж буй. Алтны үнэ өмнөх дөрвөн өдрийн арилжаагаар нийт 7 гаруй хувиар чангарч, сүүлийн гурван сарын дээд цэгтээ хэлбэлзэж байна.
Блумберг санал болгож байна
Улаанбаатар хотноо үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 28 дуустал Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Анхны ашигт ажиллагаа
Монголын болон Торонтогийн биржид давхар бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци “Баянхөндий” төслийнхөө үйлдвэрлэлийг эхлүүлснээс хойших хагас жилийн анхны тайлангаа танилцууллаа.

Компани 2026 оны II улиралд 9.99 сая канад долларын цэвэр ашигтай ажиллажээ. Харьцуулбал өмнөх оны мөн үед 4.12 сая канад долларын алдагдал хүлээж байв.
Баянхөндий алтны уурхайн олборлолт эхэлж, “Эрдэнэ Монгол”-оос тус компанид ногдох орлого 11.2 сая канад доллар хүрсэн нь голлон нөлөөлсөн байна.
Баянхөндий уурхайгаас тайлант улиралд 11,709 унц алт, 3317 унц мөнгө олборлон борлуулсан нь өмнөх улирлаас 37 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Алт, мөнгөний борлуулалтын орлого 53 сая ам.доллар хүрсэн байна.
Түүнчлэн ERD Оюутолгойтой ойролцоо орших “Тэрэг уул” төслийн талбайд 11 цооног өрөмдөж, алт, мөнгө болон байгалийн зэсийн ул мөр илрүүлжээ. Мөн “Зуунмод” зэс-молибдений төслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг оны хоёрдугаар хагаст эцэслэхээр төлөвлөсөн байна.
Зам зуур

Apple хоёр гаруй жилийн хүлээлтийн эцэст “Mac Mini” компьютерын шинэ хувилбараа гаргахаар бэлтгэж байгааг эх сурвалжууд мэдээллээ.
“Mac Mini”-г шинэчилж байгаа нь одоо зарагдаж буй хувилбарын эрэлт огцом өссөнтэй холбоотой. Шинэ компьютерын нээлтийг ойрын өдрүүдэд хийхийг эх сурвалжууд онцолсон. Тодруулбал, IX сарын 9-нд “iPhone” гар утасны шинэ загварыг танилцуулахаас ч өмнө нээлтээ хийх хүлээлттэй байна.
Үүнээс гадна “iPhone 18”-ыг танилцуулах үеэрээ Apple компани анхны эвхэгддэг ухаалаг гар утсаа толилуулах юм. Мөн IX сард “AirPods”-ийн шинэ загварыг танилцуулж магадгүй байгаа.
Эцэст нь товчхон
Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Худалдааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 139 орноос 97 дугаар байрт эрэмбэлэгдэж, худалдааг хөнгөвчлөх нийт хэрэгжилт 58 хувьтай байгаа. Тиймээс худалдааны харилцааг цогцоор нь зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид тодотгожээ.
Онцлох зураг
Дэлхийн Хүн дүрст роботын спорт наадмын үеэр 400 метрийн саадтай гүйлтийн тэмцээнээ дуусгаж чадаагүй роботыг дамнуургаар авч явахаар бэлдэж буй ажилтнууд - Бээжин, БНХАУ

Florence Lo/Reuters