- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/25
2026/08/25
Өглөөний мэнд. Монголын ТОП-20 индекс сүүлийн дөрвөн өдөр дараалан өсөж, 57 мянган нэгжийн түвшнийг давлаа.
Өрийн хямрал айсуй тул бонд зарж, алт болон Биткойн худалдан авахыг тэрбумтан Рэй Далио зөвлөв.
Казахстаны Курултайн анхны сонгуулиар Касым-Жомарт Токаевын холбоотнуудын нам үнэмлэхүй ялалт байгууллаа.

Өрийн хямралыг яаж давах вэ?
Тэрбумтан Рэй Далио гуравхан жилийн дараа АНУ-д өрийн хямрал нүүрлэж болзошгүйг анхаарууллаа. Тиймээс хөрөнгө оруулагчид бондын эзэмшлээ бууруулан, хөрөнгийнхөө 15 хүртэлх хувийг алтанд байршуулахыг зөвлөжээ.
Bridgewater Associates-ийг үүсгэн байгуулагч тэрбээр АНУ-ын Засгийн газрын өр хурдацтай нэмэгдэж буйгаас үүдэх эрсдэлийг олон жилийн турш анхааруулж ирсэн юм. Баасан гарагт LinkedIn хуудастаа оруулсан нийтлэлдээ Рэй Далио хөрөнгө оруулагчид санхүүгийн бат бөх суурьтай улс орнууд болон хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгөө тараан байршуулах хэрэгтэйг онцолсон байна. Тодруулбал "багцдаа бондын эзлэх жинг бууруулж, 10–15 хувийг алтанд, мөн багахан хэсгийг Биткойнд байршуулах нь эрсдэлийг бууруулахын зэрэгцээ хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой" гэжээ.

АНУ-ын Засгийн газрын урт хугацаатай бондын өгөөж олон жилийн дээд түвшинд хүрч, хамгийн том худалдан авагч нь болох Япон улс иений ханшийг дэмжихийн тулд эзэмшдэг бондуудаа эрчтэй зарж буй үетэй Далиогийн байр суурь давхцаж байа. Бондын зах зээлийн уналтыг сааруулахын тулд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент өнгөрсөн долоо хоногт урт хугацаатай өрийн хэрэгслүүдийг эргүүлэн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх гэнэтийн шийдвэр гаргасан юм.
Энэ мэт сүүлийн үеийн үйл явдлууд нь Далиогийн “How Countries Go Broke: The Big Cycle” номондоо тайлбарласан бондын мөчлөгийн загвартай нийцэж буйг тэрбээр онцолжээ. Тодруулбал өрийн үйлчилгээний зардал нэмэгдсээр эцэстээ хөрөнгө оруулагчдын эрэлт хүрэлцэхгүй болох үед Засгийн газрууд өндөр хүүг хүлээн зөвшөөрөх, эсвэл Төв банкнууд ЗГҮЦ худалдан авахын тулд мөнгө хэвлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ нь валютын ханшийг сулруулж, инфляцыг өдөөх эрсдэлтэй гэж Далио тайлбарлажээ.
Түүний тооцоолсноор АНУ-ын Засгийн газрын төсвийн орлого энэ онд 5.5 их наяд ам.доллар, харин зарлага 7.5 их наяд ам.доллар болж, алдагдал 2 их наяд ам.долларт хүрэх магадлалтай. Үүнээс зөвхөн хүүгийн зардал 1 их наяд ам.доллар орчим болохын сацуу 10 их наяд ам.долларын өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай аж.
Иймд бодлогын чиглэлээ өөрчлөхгүй бол АНУ-ын өрийн хямрал “ойролцоогоор гурван жилийн дараа, дээш доош хоёр жилийн интервалтайгаар” нүүрлэж болзошгүйг тэрбумтан анхааруулжээ. “Тийм учраас алт, Биткойн зэрэг Засгийн газрын үйлдвэрлэдэггүй хөрөнгө харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна гэж би тооцоолж байна” хэмээсэн байна.
Анхаарлын төвд
COP17-ийн дээд түвшний уулзалт, хэлэлцээрүүд явагдах чухал долоо хоног эхэлж, Монгол Улс ногоон санхүүжилтийн хоёр том түншлэлийг эхлүүллээ. Засгийн газар болон Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол орны тогтвортой ойн аж ахуйг дэмжих чиглэлээр 100 сая евро хүртэлх санхүүжилт олгох боломжийг судлах Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурав. Мөн Дэлхийн Банк Групптэй хэрэгжүүлэх SMILE хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилтийн боломж бүрдүүлж, газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
“Хавтгай” ялалт. Казахстан улс бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа шинэчилж, нэг танхимт парламентын тогтолцоо руу шилжсэний дараах анхны сонгуулиа зохион байгууллаа. Ням гарагт явагдсан сонгуулийн санал хураалтын үр дүн танилцуулагдаж, Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын холбоотнуудын тэргүүлсэн "Адилет" нам нийт саналын 71.8 хувийг авч ялалт байгуулжээ.

Энэ оны V сард байгуулагдсан "Адилет" намыг Токаевын Тамгын газрын дарга асан Айбек Дадебай удирддаг бөгөөд хуучин эрх баригч "Аманат" намтай хожим нэгдсэн юм. Үүнээс гадна Токаев бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжтойгоо сонгуулийн үеэр илэрхийлжээ. "Хуулийн дагуу дахин сонгогдох эрх надад бий. Магадгүй ирэх жил энэ талаар илүү тодорхой хариулт өгөх боломжтой болох байх" хэмээн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолтой эсэхийг нь асуусан сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Галыг галаар. АНУ болон Канадын худалдааны хэлэлцээ бүтэлгүйтсэнээр Дональд Трампын засаг захиргаанаас Канад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 50 хувийн импортын татвар хэрэгжиж эхэллээ. Үүний хариуд Канадын Ерөнхий сайд Марк Карни IX сарын 8-наас эхлэн АНУ-ын 20 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд мөн адил тариф ногдуулахаа мэдэгдэв. Мөн АНУ-ын завсрын сонгуулиас өмнө Д.Трампын засаг захиргаатай хэлэлцээгээ үргэлжлүүлэх магадлал бага гэж Канадын тал үзэж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Оргил руу зүтгэнэ. Alibaba Group нэмэлт хувьцаа гарган 10.2 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн нь Хонконгийн Хөрөнгийн биржийн түүхэн дэх хоёрдогч зах зээлийн хамгийн өндөр дүнтэй арилжаа боллоо. Цахим худалдаанаас хиймэл оюуны салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж буй тус компани нийт 710 сая нэгж хувьцааг тус бүрийг нь 112.7 хонконг доллароор үнэлэн борлуулсан байна. Энэхүү санхүүжилт босгох ажиллагаагаар Alibaba хиймэл оюуны салбарт их хэмжээний хөрөнгө төвлөрүүлж, зарцуулахад бэлэн байгаагаа харуулж байна.
Блумберг санал болгож байна
Улаанбаатар хотноо үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 28 дуустал Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: ТОП-20 улам өөдөө
Долоо хоногийн арилжааны эхний өдрийг МХБ-ийн гол индексүүд ногоон бүсэд эхлүүлж, ТОП-20 болон MSE A индекс түүхэн дээд цэгээ тус тус шинэчлэн тогтоолоо.

ТОП-20 индекс арилжааны сүүлийн дөрвөн өдөр дараалан өсөж, 57,232 нэгжид хүрлээ. Ингэснээр 2026 он гарснаас хойш жишиг индекс дээд цэгээ найм дахь удаагаа шинэчилсний долоо нь VII сарын 29-ний өдрөөс хойш байв.
Жишиг индекс оны эхнээс 4.58 хувиар өссөн бол зөвхөн VIII сард 5.7 хувиар эрчимжжээ. ХААН Банк, Тавантолгой, МХБ ХК, АПУ ХК зэрэг томчуудын хувьцааны ханш өсөж буй нь индексийн хөдөлгөөнд дэм болж байна.
Даваа гарагт ТОП-20 индексийн өсөлтөд Голомт банкны нэгж хувьцааны ханш 8 хувиар, Инновэйшн Инвестмент 5.69 хувиар, УИД ХК-ийн хувьцааны ханш 4.07 хувиар тус тус өссөн нь гол түлхэц болжээ.
Зам зуур

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" 32-ын тойрогт нээгдлээ. Энэхүү "Ногоон өртөө" ашиглалтад орсноор нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Том оврын автомашин цахилгаан цэнэглэлтээр 100 километр зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь бензин хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3-5 дахин бага зардал аж.
Засгийн газраас Монгол орны зам дагуу 150 километр тутамд нэг "Ногоон өртөө" байгуулж, улс орон даяар 500 "Ногоон өртөө" хувийн хэвшилтэй хамтарч түргэн цэнэглэх станцын сүлжээ бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Эцэст нь товчхон
Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар хэрэгжүүлж буй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны “Үндэсний ногоон лаб” платформд шалгарсан 15 төслийг COP17-ийн үеэр хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Тус бүр нь 500 мянгаас хоёр сая ам.долларын санхүүжилт шаардлагатай эдгээр төсөлд нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар тооцоолжээ.
Онцлох зураг
“Чанги” нисэх буудлаас хөөрсөн онгоц ба жаргаж буй нар - Сингапур

Suhaimi Abdullah/NurPhoto/Shutterstock