2026/08/24

Өглөөний мэнд. Anthropic компани SpaceX-ийнхтэй эн зэрэгцэх, эсвэл илүү гарах хэмжээний IPO хийхээр зорьж байна.

Mongolian Mining Corporation оны эхний хагаст орлого нь 69 хувиар өсөж, цэвэр ашиг нь $106 сая хүрснийг тайлагнав.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг даган Монголын ажиллагчдын нэрлэсэн цалин сүүлийн таван жилд 2.3 дахин өсжээ.

Санаанд багтсан мега IPO

Anthropic компани энэ зун SpaceX-ийн хийсэн түүхэн дээд дүнтэй IPO-той дүйцэхүйц, эсвэл илүү гарах хэмжээний IPO хийх хүлээлттэй байгааг ойрын эх сурвалж Bloomberg-т мэдээлжээ. Хиймэл оюуны тэсрэлтээс ашиг хүртэхийг зорьж буй хөрөнгө оруулагчдын эрэлт асар өндөр байгаагийн дохио нь энэ болж байна.

“Claude” чатботыг хөгжүүлэгч тус компани наанадаж энэ сарын эцсээр мега IPO-оор нээлттэй компани болох хүсэлтээ хүргүүлэхээр бэлтгэж, санхүүгийн тооцооллоо нарийвчилж байгаа аж.

Илон Маскийн SpaceX компани анхдагч зах зээлд 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO болсон юм. Арилжааны эхний өдрүүдэд хувьцааны ханш нь өсөж, нэмэлт хувьцаа худалдах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон тул SpaceX-ийн IPO-ийн нийт дүн 86.2 тэрбум ам.доллар гэж тооцож буй.

Одоогоор хэлэлцээ, бэлтгэл ажил ид үргэлжилж байгаа тул Anthropic-ийн IPO-ийн цар хүрээ болон бусад нөхцөл өөрчлөгдөж болзошгүйг ойрын эх сурвалжаас мөн мэдээлжээ.

Anthropic-ийн энэхүү зорилго нь хиймэл оюуны салбарын лидерүүд технологийн хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн эрс өөрчилж буйн илрэл болж байна. Таван жилийн өмнө байгуулагдсан тус компани өнгөрсөн тавдугаар сард 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, үнэлгээгээ 965 тэрбум ам.долларт хүргэснээр 852 тэрбум ам.долларын үнэлгээтэй өрсөлдөгч OpenAI-ийг даваад байгаа.

II улиралд Anthropic-ийн үйл ажиллагааны ашгаа эерэг дүн рүү оруулсан ч 2025 онд бараг 42 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ. Энэ нь өмнөх оны 8.3 тэрбум орчим ам.долларын алдагдлаас тав дахин өссөн дүн болохыг олон нийтэд хаалттай тайлан мэдээллүүд нь харуулж байна.

Гэхдээ компанийн орлогын хэмжээ хиймэл оюуны эрэлтийг даган огцом өссөн үзүүлэлттэй. Компани II улирлын орлого нь 11.5 тэрбум ам.доллар давсныг урьдчилсан байдлаар танилцуулсан нь 2025 оны мөн үеийн 787 сая ам.доллартой харьцуулахад хэд дахин өссөн дүн юм. Мөн долоодугаар сарын эцсийн байдлаар бүтэн жилийн орлого нь 65 тэрбум ам.долларт хүрснийг Bloomberg News мэдээллээ.

Анхаарлын төвд

Эхний том санхүүжилт. Монгол Улсын бэлчээрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж 1.19 тэрбум ам.доллар зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг COP17 бага хурлын хүрээнд босгож чадсаныг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үедээ мэдээллээ. Мөн газрын хөрстэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд 140 сая ам.долларын хэлэлцээр хийгээд буйг тодотголоо. Нийт 23 улсад хэрэгжих 60 төслөөр дамжуулан эдгээр санхүүжилт хийгдэх юм байна.

Хавдрын вакцины том ахиц. Moderna, Merck компаниудын хамтран боловсруулсан мРНХ суурьтай хорт хавдрын вакцины хожуу шатны эмнэлзүйн туршилтаас маш амжилттай үр дүн гарсан байна. Өвчтөн бүрд тусгайлан тохируулсан найрлагатай тус вакциныг Merck-ийн “Keytruda” дархлаа эмчилгээний эмтэй хавсран хэрэглэхэд арьсны хорт хавдар дахин сэдрэх эрсдэл, үсэрхийлэх хурд “Keytruda” дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад эрс буурсан байжээ. Мэдээлэл гарсан өдөр Moderna-ийн хувьцааны ханш 100 гаруй хувиар өссөн нь цар тахлын өмнөх үеэс хойших хамгийн огцом өсөлт болсон бол Merck-ийн хувьцаа 9.5 хүртэлх хувиар өсжээ.

Энэхүү судалгаа нь мРНХ технологийг зөвхөн COVID-19-ийн вакцинаас гадна бусад олон өвчний эмчилгээнд амжилттай ашиглах боломжтойг харуулсан хамгийн хүчтэй нотолгоо болж байна. Туршилтын энэ үр дүнг бусад төрлийн хорт хавдрын эмчилгээнд мөн гаргаж чадах эсэх нь компаниудын дараагийн гол сорилт болохоор байна.

Цалингаар тэтгэнэ. Монголд ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 онд 1.3 сая орчим байсан бол 2026 оны I улирлын байдлаар 2.9 сая төгрөг хүрээд байна. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд нэрлэсэн цалин жилд дунджаар 500 мянга орчим төгрөгөөр нэмэгдэхэд Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлжээ. 2026 оны V сарын нэгнээс багш нарын цалинг 50 хувиар нэмж, эмч нарын цалинг 2026 онд үе шаттайгаар 75 хувь хүртэл нэмэхээр шийдвэрлээд буй. Мөн 2026 оны төсвийн тодотголд XI сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар, шинжлэх ухааны салбарынхны цалинг 35 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.

Нөөц дундарсаар. Нэгэн цагт алтны нөөц, худалдан авалтаараа дэлхийн томоохон төв банкнууд дунд тэргүүлдэг байсан ОХУ-ын Төв банк алтаа зарах ажиллагаагаа үргэлжлүүлснээр VII сарын эцэст нөөц нь сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүрчээ. Он гарсаар ОХУ-ын Төв банкны алтны нөөц 1.6 сая унцаар буурч, VIII сарын нэгний байдлаар 73.2 сая унц болжээ. 2025 оноос ОХУ-ын эрчим хүчний экспортоос төвлөрүүлэх төсвийн орлого буурч, тус улсын Сангийн яам Үндэсний баялгийн сан дахь үнэт металл, гадаад валютаа борлуулсан байна. Үүний дараагаас Төв банк нь ч мөн алтны эзэмшлээ бууруулж эхэлжээ.

Блумберг санал болгож байна

Улаанбаатар хотноо үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 28 дуустал Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: MMC-ийн эрчтэй хагас жил

Нүүрсний үнэ, эрэлтийн өсөлтөөс гадна үнэт металлын олборлолт Mongolian Mining Corporation-ийн орлогын шинэ тулгуур болж эхэлснийг хагас жилийн тайлан нь харууллаа.

  • Компани 2026 оны эхний хагас жилд 105.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеийн 20 сая ам.долларын алдагдлаас хурдацтай сэргэсэн байна.

  • Тайлант хугацаанд орлого нь жилийн өмнөхөөс 69 хувиар өсөж, 586.2 сая ам.долларт хүрсэн байна. Үүний 491.5 сая ам.долларыг коксжих нүүрсний бизнес нь бүрдүүлсэн бол арилжааны үйлдвэрлэлд шилжээд жил орчим болж байгаа Баянхөндий алтны уурхай 94.7 сая ам.доллар буюу нийт орлогын 16 хувийг бүрдүүлжээ.

  • Баянхөндий уурхайгаас унц тутамд 4654 ам.долларын дундаж үнээр 20.2 мянган унц алт борлуулсан аж.

  • Нөгөө талд компанийн зардлын ачаалал нэмэгдэж, тайлант хугацаанд нийт борлуулалтын өртөг 59 хувиар өссөнөөр 451.3 сая ам.долларт хүрсэн байна. Ялангуяа түлшний үнэ нэмэгдсэнээр олборлолт, тээврийн нэгж зардал өсөхөд нөлөөлжээ.

  • Мөн БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл эхний хагас жилд гурван хувиар буурсан нь эрэлт талын эрсдэл хэвээр байгааг харууллаа. Хэдий тийм боловч тус улсын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ оны эхний хагаст 63.7 хувиар өсөж, 40.6 сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Зам зуур

Бэлэн гоймонг анх зохион бүтээсэн Nissin Foods Holdings компани хүйтэн усаар дэвтээдэг бэлэн гоймон худалдаанд гаргаж, бүтээгдэхүүний цоо шинэ төрөл бий болгоод байна.

Халуун ногоотой кимчи болон тахианы мах, нимбэгний амттай төрлүүд бүхий тус гоймонгийн анхны нийлүүлэлт VII сарын 20-нд худалдаанд гараад ердөө долоо хоногийн дотор зарагдаж дууссаныг Nissin компаниас мэдээлжээ. Анхны нийлүүлэлт нь Японы зах зээлд нэгээс хоёр сарын хугацаанд хүрэлцэнэ гэж тооцоолж байсан аж.

Японы бэлэн гоймонгийн зах зээлийн бараг 50 хувийг эзэлдэг Nissin нь Toyo Suisan Kaisha, Sanyo Foods зэрэг өрсөлдөгчдөөсөө түрүүлэхийн тулд бүтээгдэхүүний шинэчлэлд түшиглэж ирсэн юм. Харин "Cold Cup Noodle"-ийг компани таван жилийн турш хөгжүүлсэн бөгөөд зуны аагим халуунд идэх хүйтэн хоолны эрэлт өсөн нэмэгдэж буйг харгалзан үйлдвэрлэхээр шийдэж байжээ.

"Cold Cup Noodle" ширхэг нь 307 иений үнэтэй бөгөөд таван минутын дотор бэлтгэн идэх боломжтой.

Эцэст нь товчхон

Mongolian Mining Corporation хөнгөн оврын автомашин, сэлбэг хэрэгсэл болон холбогдох үйлчилгээ авах 33.6 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээг Топ Моторс ХХК-тай байгуулж, хамтын ажиллагаагаа сунгаснаа мэдээллээ. Өмнөх нийлүүлэлтийн гэрээний хугацаа энэ сараар дуусгавар болж байна. Харин шинэ гэрээ нь энэ оны есдүгээр сарын 1-нээс 2029 оны наймдугаар сарын 31 хүртэл гурван жил хэрэгжинэ.

Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс пүрэв гарагт дээд цэгээ шинэчилсэн бол баасан гарагт дахин 0.78 хувиар өсөв. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөг давсан түвшнээ хэвээр хадгалж байна.

Онцлох зураг

Давсжилт нэмэгдэж, бичил замаг бета-каротин бодис ялгаруулсны улмаас ягаан өнгөтэй болсон Туз нуур - Анкара, БНТУ

Ismail Aslandag/Anadolu/Getty