- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/21
2026/08/21
Өглөөний мэнд. ЗГ-аас өргөн барьсан 1.4 их наяд төгрөгийн төсвийн тодотголыг сөрөг хүчин “хангалтгүй” гэж үзлээ.
БНХАУ Evergrande-ийн үүсгэн байгуулагч Хуи Ка Яньд бүх насаар нь хорих ял оноолоо.
Чипийн эрэлт, иений сул ханшийн ачаар Японы экспорт 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсөв.

Магнатын гунигт төгсгөл
БНХАУ-ын шүүхээс China Evergrande Group-ийн үүсгэн байгуулагч Хуи Ка Яньд бүх насаар нь хорих ял оноож, тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын мандалт, уналтын амьд жишээ болсон эрхмийн дуулиант хэрэгт цэг тавилаа.
Нэгэн цагт Азийн хоёр дахь хамгийн чинээлэг хүн байсан Хуи Ка Янь Хятадын үл хөдлөхийн зах зээлийн огцом өсөлтийн эринд Evergrande-ийн санхүүг хөөргөдөж, нүсэр бүтэцтэй болгосон нь 2021 онд дефолт руу хөтөлж, улмаар эрх баригчдын хатуу хяналт шалгалтад өртсөнөөр түүний бизнесийн эзэнт гүрэн нуран унасан юм.
Шүүхээс Evergrande-тай холбогдох хэрэгт Хуи Ка Яниас гадна 56 хүнд хорих ял оноосны дунд түүний хөвгүүд болох Шу Жижянь, Шу Тэнхэ нар багтсан байна. Мөн түүний бүх хөрөнгийг хурааж, Хонконгт бүртгэлтэй Evergrande-д 8.82 тэрбум юань, эх газрын Хятадад бүртгэлтэй охин компани Hengda Real Estate-д 7 тэрбум юанийн торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ.

Хуи нь хөрөнгийн хэмжээг хэтрүүлэн тайлагнаж, өр төлбөр нуун дарагдуулах зэргээр санхүүгийн асар том залилан үйлдсэн бөгөөд түүний хэрэг “эдийн засгийн үлэмж их хохиролтой, нийгэмд үзүүлсэн хор уршиг нь туйлын хүнд” хэмээн төрийн өмчийн Xinhua агентлагийн нийтэлсэн мэдээнд онцолжээ.
1958 онд Хэнань мужид ядуу тарчиг гэр бүлд төрж өссөн Хуи Ка Янь Дэн Сяопиний эдийн засгийн реформын хэтийн төлөвийг харж 1992 оноос Гуанжоуд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэх болжээ. Дараа нь тэрбээр 1996 онд Evergrande-ийг байгуулсан нь Хятадын орон сууцны зах зээлийн урьд байгаагүй тэсрэлтийн үетэй давхацсан байна.
Evergrande өсөлтөө тэтгэхийн тулд их хэмжээний зээллэг дээр дөрөөлж, салбартаа ам.доллароор хамгийн их санхүүжилт татсан компани болсны сацуу борлуулалтын хэмжээгээр БНХАУ-ын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч болж байв. Ид үедээ тус компани 280 хотод 1300 гаруй төсөл хэрэгжүүлж байжээ. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээс олсон хөрөнгөөрөө савласан ус, хөлбөмбөгөөс эхлээд цахилгаан автомашин хүртэлх олон салбарт үйл ажиллагаагаа тэлсэн байна.
Анхаарлын төвд
Бүсээ чангалж, хормойгоо нөхнө. 2026 оны үлдсэн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт хийх төсвийн тодотголыг ЗГ өргөн барилаа. Оны эхний долоон сард 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай болсон төсвийг дахин хуваарилах уг тодотголоор “бүсээ чангалсан шиг чангалаад хэмнэсэн шиг хэмнэж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална" гэж Ерөнхий сайд Н.Учрал онцлов. Хэмнэлтийг голчлон сайд нарын багц, нийслэлийн үнэт цаас, хөрөнгийн зардлаас танаж бүрдүүлнэ. Харин хэмнэсэн мөнгийг ирэх XI сараас төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх, ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэх, стратегийн хүнс болон шатахууны нөөц бүрдүүлэх зэрэгт зарцуулахаар тусгажээ.

Харин Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын оруулж ирсэн 1.4 их наяд төгрөгийн тодотгол хангалтгүй гэж үзэж, алдагдлыг бүрэн арилгах шаардлага тавих асуудлыг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцжээ. “Эрх баригчид гадаад орчны хамгийн таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого баримталснаас болж эдийн засгийг доройтуулсан он жилүүд, сарууд үргэлжилж байна” хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл хэлж байв.
Ногоон санхүүжилтийн дайчилгаа. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлэх төслийн үр дүнд Монголын ногоон санхүүгийн корпорац албан ёсоор нээлтээ хийлээ. Тус механизмын хүрээнд урт хугацааны, хөнгөлөлттэй ногоон эх үүсвэрийг дотоодын санхүүгийн зах зээлд нийлүүлэх юм байна. НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан 27 сая ам.доллар, мөн 18 сая ам.долларыг Хөгжлийн банк, 5 сая ам.долларыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хамтран гаргаж, нийлбэр дүнгээр 50 сая ам.долларын зээл болон хөрөнгө оруулалт хийхээр баталгаажжээ.
Үйлдвэрлэлийн онцлох тоонууд. Уул уурхай олборлолтын салбарын өсөлтийн нөлөөгөөр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний долоон сарын гүйцэтгэлээр 42.3 их наяд төгрөг хүрсэн нь 2024, 2025 оны мөн үеийн гүйцэтгэлээс 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалтын 85 хувийг уул уурхайн салбарын борлуулалт эзэлсэн бол боловсруулах салбарын борлуулалт 5.7 их наяд төгрөг болж, 11.5 хувиар өссөн байна. Боловсруулах салбарын хувьд оны эхний долоон сарын гүйцэтгэлээр махны үйлдвэрлэл хамгийн өндөр дүнгээр буюу өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурчээ.
Төлөвлөгөөт уналт. Дональд Трампын засаг захиргаа Засгийн газрынхаа 10-30 жилийн хугацаатай бондуудыг эргүүлэн худалдан авах хэмжээг нэмэхээ зарласнаар лхагва гарагт ам.долларын ханш V сарын дунд үеэс хойших доод түвшинд хүрлээ. 2007 оноос хойших дээд түвшинд хүрээд байсан Засгийн газрын бондуудын өгөөжийг бууруулахын тулд АНУ-ын Сангийн яам интервенцийн арга хэмжээ авсан нь энэ аж. Ингэснээр ам.долларын ханш голлох бүх валютын эсрэг суларч, тэр дундаа иений эсрэг нэг хүртэлх хувиар сулраад байна.
Блумберг санал болгож байна
Улаанбаатар хотноо үргэлжилж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 28 дуустал Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.

Гүн рүү: Экспортын тааламжтай мөчлөг
Япон улсын экспорт долоодугаар сард 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Үүнд чип, автомашины тогтвортой эрэлт болон иений ханш суларсан нь голлон нөлөөлсөн байна.

Долоодугаар сард экспорт нь өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар өссөнийг Японы Сангийн яамнаас мэдээлжээ. Энэ нь өмнөх сарын 19.3 хувийн өсөлтөөс давсан үзүүлэлт аж.
Гэсэн ч импорт нь 27.8 хувиар өссөнөөр өнгөрсөн сард тус улсын гадаад худалдааны тэнцэл 634 тэрбум иений алдагдалтай гарч, сүүлийн гурван сар дараалан алдагдал үргэлжилжээ.
Иений ханш ам.долларын эсрэг тасралтгүй суларснаар өнгөрсөн сард сүүлийн 40 жилийн доод түвшинд хүрсэн юм. Гэхдээ экспортын үнийн дүн нь өсөж, Японы бараа, бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн тайлант сард хиймэл оюуны тэсрэлтийг даган хагас дамжуулагч зэрэг эд ангийн экспорт 49 хувиар өссөн бол суудлын автомашины экспорт 21 хувиар нэмэгджээ.
Зам зуур

Казахстан улсын анхны хүн дүрст роботын үйлдвэр болох QAZBOT цогцолборын бүтээн байгуулалтын ажил Астана хотод эхэлжээ.
Эхний шатны хөрөнгө оруулалт нь 200 сая орчим ам.доллароор хэмжигдэж буй тус төсөл нь робот технологи болон хиймэл оюуны судалгаа, инженерчлэл, үйлдвэрлэлийг нэг дор төвлөрүүлж, бодит хэрэглээнд нэвтрүүлэхийг Kursiv Media онцолсон байна
QAZBOT цогцолборт робот угсралтын үйлдвэрээс гадна программ хангамж болон хиймэл оюуны загвар хөгжүүлэх, роботын системийг туршиж, нутагшуулах, инженерүүдийг сургах Судалгаа, хөгжүүлэлтийн төвийг мөн ажиллуулах аж.
Төслийн технологийн стратегийн түншээр Шанхайд төвтэй AgiBot компани ажиллахаар болжээ. QAZBOT-д хөгжүүлсэн технологи, шийдлийг Казахстаны үйлдвэрлэл, логистик, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн болон хэрэглэгчийн үйлчилгээнд ашиглах боломжтойг цогцолборын шав тавих ёслолын үеэр онцолсон байна.
Онцлох зураг
Круэлла де Вилийн дүрээр хувцаслаж, робот ноход хөтөлсөн бүсгүй - Бээжин, БНХАУ

Adek Berry/AFP/Getty Images