- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/20
2026/08/20
Өглөөний мэнд. Fitch Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлт энэ онд 5.6 хувь байх төсөөлөл танилцууллаа.
Монголын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт II улиралд дөрвөн жилийн дээд түвшиндээ хүрсэн ч салбар тутамд харилцан адилгүй байна.
БНХАУ-ын робот үйлдвэрлэгч Unitree Шанхайд IPO хийж, хувьцаа нь 460 хувиар огцом өслөө.

Үнэлгээ хэвэндээ, эрсдэл хэвэндээ
Fitch Ratings агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээлээ. Уул уурхайд түшиглэсэн өсөлт, Засгийн газрын өрийн харьцангуй бага түвшин “B+” үнэлгээг хадгалахад нөлөөлсөн ч гадаад санхүүжилт болон түүхий эдийн экспортын хэт хамааралтай байдал гол эрсдэл хэвээр байна.
Тус агентлаг мөн Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 5.6 хувьд, дунд хугацааны өсөлтийг 5.5 хувь орчимд байхаар тогтоожээ. Оюутолгойн гүний уурхайн олборлолт, зэс, алтны экспорт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна. Харин 2026 оны дундаж инфляц 10 хувь буюу Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байна гэж таамагласан бөгөөд хүнс, эрчим хүчний үнэ өрхийн худалдан авах чадварт дарамт учруулсаар байгааг онцолжээ.

Гадаад секторын эмзэг байдал үнэлгээг ахиулахад гол саад болжээ. Монгол Улсын цэвэр гадаад өр 2025 оны эцэст ДНБ-ий 112 хувьтай тэнцсэн нь “B” ангиллын орнуудын голч дүнгээс 6 дахин өндөр байна. Ашигт малтмалын экспорт нийт гадаад орлогын 90 хувийг бүрдүүлж, бараг бүхэлдээ БНХАУ руу экспортлогдож байна. Мөн гадаад валютын улсын нөөц анх удаа найман тэрбум ам.доллар давсан ч импортын дөрвөн сарын төлбөрийг бүрэн хангаж чадахгүй гэж үзжээ.
Төсвийн орон зай мөн хумигдах төлөвтэй. Төсвийн тэнцэл 2025 оны 1.5 хувийн ашгаас 2026 онд ДНБ-ий 2.2 хувьтай тэнцэх алдагдал руу шилжиж, сонгуулийн өмнөх зарлага болон тэтгэврийн шинэчлэлийн нөлөөгөөр 2027 онд алдагдал 3.3 хувь болж тэлнэ гэж Fitch тооцжээ.
“Тогтвортой” төлөв нь эрсдэл арилсан гэсэн үг биш, харин одоогийн давуу болон сул талууд тэнцсэнийг илэрхийлэх юм. Түүхий эдийн үнийн огцом уналт, валютын нөөц багасах, төсвийн алдагдал удаан үргэлжлэх, улс төрийн тогтворгүй байдал уул уурхайн төсөл, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлбөл үнэлгээ буурах эрсдэлтэйг Fitch анхааруулжээ.
Монгол Улс олон жилийн зогсонги байдлын эцэст 2024 оноос эхлэн үнэлгээний топ гурван агентлагт зээлжих зэрэглэлээ шат дараалан ахиулаад байгаа. Сүүлд 2025 оны аравдугаар сард Moody’s агентлаг “B2”-оос “B1” рүү, S&P Global “B+”-ээс “BB-” болгож тус тус дээшлүүлсэн юм.
Анхаарлын төвд
Онцгой объект. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. Цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалахаар болж байна. Үүнээс гадна Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Ингэснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний таван жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл бүрдэх юм.
Хүн дүрст робот үйлдвэрлэгч Unitree Robotics компанийн хувьцаа Шанхайн хөрөнгийн биржид арилжаалагдсан эхний өдрөө 460 хувиар огцом өслөө. IPO-оор 6.1 тэрбум юань буюу 904 сая ам.доллар татан төвлөрүүлсэн тус компанийн зах зээлийн үнэлгээ 342 тэрбум юаньд хүрсэн байна.

БНХАУ хагас дамжуулагч, робот зэрэг стратегийн технологийн салбаруудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, тэр дундаа биет хиймэл оюун нь салбартаа хамгийн их анхаарал татсан шинэ чиглэлүүдийн нэг болж байна. Хиймэл оюуны суурь загваруудаас бодит орчинд ажиллах хиймэл оюуны хэрэглээ рүү хөрөнгө оруулагчдын сонирхол шилжиж, робот үйлдвэрлэлийн эрэлт нэмэгдэж буй энэ үеийг Unitree ашиглаж чадсан нь энэ боллоо.
Тайвшруулах эм. Хиймэл оюуны салбарт орж буй санхүүжилтийн тогтвортой байдалд хөрөнгө оруулагчид эргэлзэж, чип үйлдвэрлэгчдийн хувьцаа улаанаар эргэсэн ээлжит мөчлөгт БНСУ-ын SK Hynix компани 40 их наяд вон буюу 29 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдан авах төлөвлөгөөгөө танилцууллаа. Санах ойн чип үйлдвэрлэгч тус компани VIII сарын 20-ноос XI сарын 19-ний хооронд 24 сая хүртэлх ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдан авч, хүчингүй болгохоор төлөвлөснөө мэдээлжээ.
Дата төвийн бэлтгэл. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ногоон дата төв байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Ирэх долоо хоногт COP17 хурлын үеэр Ногоон дата төв байгуулах төслөө олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцуулах аж. Дата төвийн төсөлд багадаа хоёр тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах өндөр хүлээлттэй байгааг Ерөнхий сайд Н.Учрал тодотгож байсан юм.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Бүтээмжийн төвлөрөл
Хөдөлмөрийн бүтээмжийг хэмжих гол үзүүлэлт болох нэг ажиллагчид ногдох ДНБ II улиралд 6.8 сая төгрөг хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр өсөлт боллоо. Гэсэн хэдий ч өсөлтийн дийлэнх нь уул уурхай, олборлолтын салбарт төвлөрч байна.

Энэ онд эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэний нөлөөгөөр уул уурхайн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 13.3 сая төгрөг хүрч өссөн бол үйлдвэрлэл, барилгын салбарынх хамгийн бага буюу 4.5 сая төгрөг байна.
Харин нийт ажиллагчдын 52 хувь нь ажилладаг үйлчилгээний салбарын хөдөлмөрийн бүтээмж 0.9 хувиар буурсан байна.
Монгол Улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсролын салбараа бодлогоор дэмжвэл бүтээмжийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байгааг Азийн бүтээмжийн байгууллагын судалгаанд тодотгож байсан юм.
Тайлант хугацаанд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь болж, 0.4 нэгж хувиар буурсан байна. Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 1 нэгж хувиар өсөж, 5.5 хувь болжээ.
Зам зуур

БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яамны харьяа Үндэсний экологийн хүрээлэн Монгол Улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй экологийн нөхөн сэргээлтийн хамтарсан төсөл хэрэгжүүлж эхэлснээ лхагва гарагт мэдээллээ.
Таван жилийн хугацаатай иж бүрэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр улсын амьтан судлаачид Монголоос хар өрөвтас БНСУ-д авчирч, үржлийн тогтвортой популяц бүрдүүлэн сэргээн нутагшуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Энэ оны VI сараас VII сарын сүүл хүртэл хугацаанд хоёр улсын хамтарсан судалгааны баг Хэнтий аймгийн алслагдсан намгархаг газар болон ойн бүсэд өргөн хүрээний хээрийн судалгаа хийсний үр дүнд 10 эрүүл ангаахайтай долоон үүр илрүүлжээ. Энэ нь тухайн бүсэд хар өрөвтасны тогтвортой, хэвийн өсөн үржиж буй популяц байгаагийн баталгаа болсон тул цөөн тооны бодгалийг БНСУ-д сэргээн нутагшуулах боломжтой гэж дүгнэсэн байна.
Хар өрөвтасны сүрэг одоогийн БНСУ-ын нутагт нүүдэллэн ирж үрждэг байсан боловч өнгөрсөн зууны сүүлийн хагаст аж үйлдвэржилт хурдацтай явагдаж, амьдрах орчны хомсдол, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийн улмаас үржихээ больсон байна.
Эцэст нь товчхон
МХБ: 1000 төгрөгөөр нэгж эрхийг нь худалдан авч, NVIDIA, Meta, Microsoft зэрэг дэлхийн шилдэг 800 компанид хөрөнгө оруулах боломжтой FTI ETF арилжаалагдаж эхэллээ. BGM Asset Management компанийн зах зээлд нэвтрүүлж буй энэхүү бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтын багцад багтсан 800 гаруй компанийн 50 хувь нь технологи, хиймэл оюуны салбарынх байна.
Онцлох зураг
Ойн түймрийг унтрааж буй гал сөнөөгчид - Ваймес, Бельги

Yves Herman/Reuters