- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/19
2026/08/19
Өглөөний мэнд. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувь хүрч эрчимжсэн ч өрхийн бодит орлого буурчээ.
Meta компанид их наяд долларын хохирол учруулах боломжтой шүүх хурал эхэллээ.
БНХАУ-ын эдийн засаг удааширч, өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийг №2 нь уриаллаа.

“Үл үзэгдэх” өсөлт
Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд 7.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийн 5.6 хувийн өсөлтөөс эрчимжлээ. Гэсэн хэдий ч макро эдийн засгийн энэ сайн үзүүлэлт өрхийн санхүүгийн нөхцөл байдалд одоогоор мэдэгдэхүйц нөлөөлсөн зүйл алга.
II улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 2.8 сая төгрөг болж, жилийн болон улирлын дүнгээр ойролцоогоор таван хувиар буюу 150 мянга орчим төгрөгөөр буурчээ. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хөрөнгийн орлого 24-40 хувиар багассан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Орлого хумигдахын хэрээр өрхүүд хэрэглээгээ танаж, ялангуяа хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлаа 7.8 хувиар бууруулжээ. Иргэд мах, шатахуун зэрэг зайлшгүй хэрэгцээний зардлаа хадгалахын тулд бусад худалдан авалтаа хойшлуулж байгааг энэ нь илтгэж байна.

Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг өрхийн хөдөлмөр эрхлэлттэй илүү холбоотой хөдөө аж ахуйн сэргэлт голлон бүрдүүлж байсан бол энэ онд уул уурхайн салбар эргээд гол хөдөлгөгч болжээ. Үйлчилгээний салбар мөн өсөлтийг дэмжсэн ч уул уурхайтай харьцуулахад өсөлтийн хурд харьцангуй сул байжээ.
Ажлын байр харьцангуй цөөн бий болгодог уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт өссөнөөр ДНБ, валютын нөөц, гадаад худалдааны орлого эрчтэй нэмэгдэж буй ч үр өгөөж нь өрхийн болон жижиг бизнесийн орлого, хэрэглээнд төдийлөн хөрвөхгүй байсаар байна.
Үүнээс гадна долоодугаар сард 13 хувьд хүрсэн инфляц өрхийн худалдан авах чадварыг улам сулруулж байна. Цаашид цалин, тэтгэврийн нэмэгдэл өрхийн орлогод тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой ч эдийн засгийн өсөлт ажлын байр, бүтээмж болон инфляцаас давсан бодит орлогын өсөлт болж хувирахгүй бол иргэдийн амьдралд мэдрэгдэх нөлөө нь хязгаарлагдмал хэвээр байх төлөвтэй.
Анхаарлын төвд
Бондын анхааруулга. Инфляцын өндөр түвшин төсвийн алдагдлын болгоомжлолын улмаас хөрөнгө оруулагчид урт хугацаатай Засгийн газрын бондоос илүү өндөр өгөөж шаардах болжээ. АНУ-ын 30 жилийн хугацаатай ЗГ-ын бондын өгөөж энэ долоо хоногт 5.33 хувьд хүрсэн нь 2007 оноос хойших хамгийн өндөр түвшин болов. Мөн Францын ЗГ-ын бондуудын өгөөж 2008 оноос хойших дээд түвшинд хүрсэн бол Германых 2011 оны түвшиндээ арилжаалагдаж байна. Технологийн болон үүлэн тооцооллын том компаниудын зээл, өрийн санхүүжилт огцом нэмэгдэж байгаад бондын зах зээл сэрэмжтэй хандах болсныг Yardeni Research онцолжээ.
Их наядын эрсдэл. Meta компани залуу хэрэглэгчдийн сошиал сүлжээний хяналтгүй хэрэглээг зориуд дэмжихээр Facebook, Instagram-ийн алгоритмыг тохируулсан гэх нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал мягмар гарагт эхэллээ. АНУ-ын 29 мужийн прокуроруудын нэгдэж гаргасан энэхүү нэхэмжлэл нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэг болох Meta-д асар их эрсдэл дагуулах боломжтой юм.

Шүүх хурлаар муж тус бүрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон АНУ-ын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх тул нэг зөрчил тутамд 20 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулах ч магадлалтай аж. Instagram, Facebook-ийн олон сая залуу хэрэглэгчээр тооцвол торгуулийн дүн асар их тоогоор үржигдэж, шүүхэд ялагдсан тохиолдолд торгуулийн хэмжээ 1.4 их наяд ам.долларт хүрч болзошгүйг Meta-ийн өөрийн тооцоолол харуулж байна. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээтэй ойролцоо бөгөөд хууль эрх зүйн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй өндөр торгуулийн дүн юм.
Хоёр дахь өдөр. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хоёр дахь өдрийн хөтөлбөрт тусгаснаар Цөлжилтийн үндэсний тайланг танилцууллаа. Шинэчлэгдсэн тайлангаар Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжсөн гэсэн дүгнэлт гарчээ. Үүний 0.9 хувь нь нэн хүчтэй цөлжсөн бол 9.4 хувь нь хүчтэй, 43.2 хувь нь дунд хэмжээнд цөлжсөн байдалтай байна. COP17 хурлын албан ёсны уулзалт хэлэлцүүлгүүд болж буй “Цэнхэр бүс”-д 167 улсын 15,100 гаруй хүн зочлохоор бүртгүүлсэн байна. Мөн зочид буудлуудад нийт 9700 гаруй өрөөний захиалга хийгджээ.
Сэргэдэггүй салбар. БНХАУ-ын гангийн гарц VII сард буурснаар жилийн нийт үйлдвэрлэл нь сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна. Өнгөрсөн сард нийт 76.93 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буураад зогсохгүй 2026 он гарснаас хойших нэг сарын хамгийн тааруу дүн болжээ. Хятадын ган үйлдвэрлэлийн салбар томоохон бүтцийн сорилтуудтай нүүр тулаад байгаа юм. Үл хөдлөхийн салбараас ирэх эрэлт буурснаар барилга, дэд бүтцэд ашиглагддаг арматурын спот үнэ сүүлийн 10 жилийн доод түвшинд дөхөөд байна.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Өсөлтөд тэмүүлнэ
Энэ оны сүүлийн хагас эхлэхэд БНХАУ-ын эдийн засгийн удаашрал улам гүнзгийрлээ. Хиймэл оюуны тэсрэлтийг даган хурдацтай өссөн тус улсын технологийн салбар бусад салбарын уналтыг нөхөж чадаагүй байна.

VII сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн ч сарын дүнгээр сүүлийн гурван сард анх удаагаа саарсан байна.
Мөн тайлант хугацаанд үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт шинжээчдийн таамагласнаас өндөр дүнгээр буюу 6.7 хувиар агшсан байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт нь өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар буурчээ.
Эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс харвал VII сард БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.1 хувь орчим болж удааширсан гэж BNP Paribas-ийн Ахлах эдийн засагч тооцоолсон байна. Энэ нь БНХАУ эдийн засгийн зорилтдоо хүрэхэд шаардлагатай өсөлт болох 4.3 хувиас доогуур үзүүлэлт юм.
Дээрх үзүүлэлтүүд гарахын өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг албан тушаалтнуудад хандан уриалжээ.
“Бүх хүчин чармайлтаа хөгжлийн зорилтуудад чиглүүлж, одоо хэрэгжүүлж буй бодлогуудын үр ашгийг бүрэн гаргахын зэрэгцээ үр дүнтэй нэмэлт арга хэмжээг цаг алдалгүй боловсруулах ёстой” хэмээн тэрбээр Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр хэлжээ.
Зам зуур

Нээлтээ хийсэн эхний 10 өдөртөө ердөө 1000 гаруй ам.долларын тасалбар борлуулсан Хятадын нэгэн хүүхэлдэйн кино сошиал орчинд доог тохуурхлын бай болсныхоо ачаар орлого нь зургаан оронтой тоонд хүрч, огцом өсжээ.
"Niu Lai" буюу "Бух айсуй" нэртэй тус бүтээл өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын "Weibo" платформд хамгийн их яригдсан сэдэв болж, тааруу хийцлэлтэй анимэйшн болон эв хавгүй харилцан яриа, өрнөлийг нь ёжилж шүүмжилсэн зураг бичлэгнүүд өндөр хандалт авсан байна. Чухам энэ нь сониуч үзэгчдийг ихээр татсанаар "Niu Lai" Хятадын бокс-оффист төсөөлөөгүй амжилт гаргаж, тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.
Зөвхөн даваа гарагт тус кино нийт 8.2 сая юань буюу 1.2 сая ам.долларын орлого олж, 300 мянга гаруй тасалбар борлуулсныг дэлгэцийн бүтээлийн зах зээлийн судалгааны Maoyan платформ мэдээлсэн байна. Ингэснээр нийт орлого нь 17.1 сая ам.доллар хүрчээ.
Бяцхан тугал, болжмор хоёрын нөхөрлөлийн түүхийг өгүүлдэг, 86 минутын урттай "Niu Lai"-г найруулагч Шинь Юмэн зөвхөн ээжийнхээ хамт таван жилийн хугацаанд бүтээснийг Хятадын Red Star News вебсайт мэдээлжээ.
Эцэст нь товчхон
АҮЭБЯ: ШТС-ууд АИ92 төрлийн бүтээгдэхүүний нөөц дууссан шалтгаанаар бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн олгохгүй байх тохиолдол гарсан бөгөөд цаашид шатахууны нөөцтэй мөртөө түгээлт хийхгүй байгаа зөрчил давтагдвал хатуу арга хэмжээ авахыг салбарын сайд санууллаа. VIII сарын 18-ны байдлаар ОХУ-аас 74 вагон АИ92 тээвэрлэгдэн ирж байгаагаас 39 вагон нь өртөөнүүдэд ирээд байгаа аж.
Онцлох зураг
Сүмд ариун усаар адислуулж буй нохой - Ла Пас, Боливи

Gabriel Marquez/EPA