2026/08/18

Өглөөний мэнд. Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг түүхэн өндөр дүнгээр өсгөж, ₮1 сая болголоо

Petro Matad-ийн борлуулалтын гэрээ хэрэгжиж, 48,000 баррель газрын тос экспортлохоор боллоо

Мөнгөний нийлүүлэлт жилийн дотор 25.2 хувиар өсөж, ₮53.1 их наяд хүрчээ.

Доод цалин $278 боллоо

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 792 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг буюу сүүлийн ханшаар 278 орчим ам.доллар болгож шинэчлэн тогтоолоо.

МҮЭХ-ноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар удаа дараа тавьсан санал, шаардлагын үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлэхээр болж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү сард 208 мянган төгрөгөөр буюу 26.3 хувиар нэмэгдэж байгаа тул ирэх оны 2027 оны I сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох юм.

Өөрөөр хэлбэл ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу нэг сая төгрөгт ногдох 100 мянган төгрөгийн татварыг хөнгөлнө гэсэн үг. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100 мянган төгрөг хүртэл, жилд 1.2 сая төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин нь мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан 1 сая төгрөгөөс өндөр байх ёстой.

208 мянган төгрөгийн өсөлт нь Монгол Улсын түүхэн дэх цалингийн доод хэмжээний нэг удаагийн хамгийн огцом өсөлт болж байна. Харин 2025 оны 20 хувийн нэмэгдлийг оруулбал доод цалин хоёр жилийн хугацаанд нийт 51.5 хувиар өсжээ. Гэхдээ ам.доллароор тооцвол сүүлийн хоёр жилийн өсөлт 42.2 хувь байгаа юм.

Мөн шинэ нэмэгдэл VII сарын байдлаарх инфляцын түвшнээс 13.3 нэгж хувиар өндөр байна. Иймд бага цалинтай ажилтнуудын бодит орлого нэмэгдэх боломжтой ч энэ давуу тал хэр удаан хадгалагдах нь инфляц цаашид саарах эсэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдал, мөн бизнесүүд цалингийн нэмэгдсэн зардлаа үнэд хэр хэмжээгээр шингээхээс шалтгаалах юм.

Анхаарлын төвд

М2 халалт. Мөнгөний нийлүүлэлт жилийн дүнгээр 25.2 хувиар өсөж, 53.1 их наяд төгрөг хүрснийг Монголбанк мэдээллээ. Зөвхөн өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 10.7 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 24.6 хувиар, төгрөгийн хадгаламж 25.1 хувиар, валютын харилцах 76.9 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Төв банк 2026 он гарсаар Мөнгөний бодлогын хороог таван удаа хуралдуулж, хэрэглээний зээлийг хумих болон банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байгаа.

COP17-ийн эхний өдөр. Дэлхийн 197 орны Засгийн газар, академик салбар, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Улаанбаатар хотноо эхэллээ. Одоогоор хурлын үеэр хөрөнгө оруулалт татах 7.6 тэрбум ам.долларын дүнтэй 314 төсөл бүртгэгджээ.

Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид нар, салхины арвин нөөцтэй Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, ногоон дата төвийн төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлоо ихээр илэрхийлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцолсон. Ялангуяа Монгол Улсад хиймэл оюуны ногоон дата төв байгуулахад багадаа 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах өндөр хүлээлттэй байгааг илэрхийллээ.

Гацаанаас гарав. Petro Matad компани газрын тосны XX талбайгаас 2026 онд олборлосон газрын тосыг PetroChina компанид борлуулах гэрээ нь хэрэгжиж эхэлснийг мэдээлсэн байна. Petro Matad 2025 оноос эхлэн олборлосон бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн боловч талуудын зохицуулалт, PetroChina-ийн дотоод зөвшөөрлийн үйл явц удааширснаас шалтгаалж 2026 оны борлуулалт нь долоо орчим сараар хойшилжээ. Улмаар XIX талбайн агуулахад 48 мянга орчим баррель газрын тос хуримтлагдаад байсан аж. Газрын тосны төлбөрийн нэхэмжлэхийг IX сард боловсруулж, гэрээ хэрэгжих хугацаа удааширсныг харгалзан төлбөрийг шуурхай шилжүүлэхээр ажиллаж байгааг PetroChina-ийн Улаанбаатар дахь салбараас мэдээлжээ.

$15K руу. Зэсийн үнэ 7 дахь долоо хоногтоо дараалсан өсөлтөө үргэлжлүүлж, түүхэн дээд түвшиндээ ойртлоо. Лондоны Металлын бирж дээрх зэсийн үнэ сүүлийн байдлаар 1.4 хувиар өсөж, тонн нь 14,364 ам.доллар хүрсэн нь I сард тогтоосон түүхэн дээд түвшин болох 14,527 ам.доллартой ойролцоо дүн юм. Он гарсаар зэсийн үнэ бараг 16 хувиар өссөн нь Дональд Трампын засаг захиргааны тарифын шийдвэрээс өрсөж, АНУ-ын арилжаачид зэсийн худалдан авалтаа нэмэгдүүлснээр бусад зах зээлд нийлүүлэлт буурсантай холбоотой аж. Ингэснээр Лондоны Металлын биржийн бүртгэлтэй зэсийн нөөц 200 мянган тонн хүртэл буурсан нь II сараас хойших хамгийн доод түвшин болж байна.

Блумберг санал болгож байна

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: SGR-ийн ажиллагаа жигдэрчээ

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй SouthGobi Resources компанийн 2026 оны II улирлын орлого өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар өсөж, 211.7 сая ам.доллар хүрсэн байна.

  • Нүүрсний борлуулалтын хэмжээ болон дундаж үнэ өссөнөөр тус компани жилийн өмнөх 14.3 сая ам.долларын алдагдлаа нөхөж, тайлант улиралд 14.1 сая ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажиллажээ.

  • Компани энэ оны II улиралд 3.5 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин олборлолт нь 30.9 хувиар нэмэгдэж, 5.1 сая тонн хүрчээ.

  • Мөн тус компани тайлант хугацаанд нэг тонн нүүрсийг дунджаар 60.6 ам.доллароор буюу 15.4 хувийн өндөр үнээр борлуулснаа онцолжээ.

  • Хэдийгээр SGR үйл ажиллагааны ашигтай ажилласан ч санхүүжилтийн зардал болон татварын нөлөөгөөр II улиралд 5.3 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Гэхдээ жилийн өмнөхтэй харьцуулбал алдагдал нь 76.7 хувиар буурсан байгаа юм.

  • Мөн SGR-ийн Монгол дахь охин компанийн удаан хугацаанд үргэлжилсэн татварын маргаан шийдэгдсэнийг мөн тайланд мэдээлжээ. Татварын Ерөнхий Газраас анх 75 сая ам.доллар, дахин үнэлгээгээр 80 сая ам.долларын торгууль ногдуулсныг Татварын маргаан таслах зөвлөл 26.5 сая ам.доллар болгон бууруулсан байна. Тус компани энэ дүнг өнгөрсөн II сард бүрэн төлж барагдуулснаа мэдээлжээ.

Зам зуур

Anthropic компани хөрөнгө оруулагчдад зориулсан урьдчилсан танилцуулгадаа II улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс дор хаяж 14 дахин өсөж, 11.5 тэрбум ам.доллар давсныг мэдээлсэн байна.

"Claude" чатботын хөгжүүлэгч тус компанийн орлого 2025 оны II улиралд 787 сая ам.доллар, энэ оны I улиралд 4.73 тэрбум ам.доллар байсан юм. Гэхдээ орлогын тооцооллын аргачлал болон бусад нарийн мэдээлэл тодорхой бус байгаа тул дээрх дүн өөрчлөгдөж болзошгүй аж.

Байгууллага, мэргэжлийн хэрэгцээнд хиймэл оюун ашиглагчдын зах зээлд Anthropic компани OpenAI-ийн гол өрсөлдөгч болж буйг орлогын энэхүү огцом өсөлт нь харуулж байна. Ялангуяа код бичих зэрэг ажлыг хялбарчлахад Anthropic-ийн програм хангамжийг ашигладаг мэргэжилтнүүдийн тоо эрс нэмэгдээд байгаа.

Anthropic энэ намартаа багтаж IPO хийвэл OpenAI төдийгүй хиймэл оюуны зах зээлд эзлэх байр сууриа тэлж буй БНХАУ-ын DeepSeek-ээс өрсөж нээлттэй компани болохоор байна.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: Өнгөрсөн бямба гарагаас эхлэн шатахуун түгээх станцуудад мөрдөж байсан 50,000 төгрөгийн хязгаарлалтыг цуцалсан ч өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 200-аас дээш төгрөгөөр нэмэгдээд байна. Үлдэгдэлтэй атлаа шатахуун олгохгүй байгаа импортлогчдод хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд онцоллоо.

Моннис Групп төр, хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хотод цахилгаан автомашины 50 ширхэг түргэн цэнэглэгч байгуулж байгаагаа мэдээллээ. Одоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 30 цэнэглэгч станц байгуулжээ.

Онцлох зураг

Түрэг угсаатны “Их Курултай” наадамд оролцож буй дайчдын дүрээр хувцаслан морьтнууд - Бугак, Унгар

Ilkin Eskipehlivan/Anadolu/Getty Images