- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/17
2026/08/17
Өглөөний мэнд. Цөлжилт, хөрсний доройтлын эсрэг дэлхий нийтийн дараагийн алхмыг тодорхойлох НҮБ-ын COP17 хурал Монгол Улсад эхэлж байна.
АНУ Ираныг эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах “урьд байгаагүй” төлөвлөгөө хэрэгжүүлнэ.
Украины халдлагын улмаас ОХУ-ын зарим мужид шатахууны хомсдол дахин нүүрлэжээ.

Дэлхийн анхаарал Монголд
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 Монгол Улсад албан ёсоор эхэллээ. Олон улсын бодлого тодорхойлогчид, бизнесийн төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулах хурлын үеэр үндсэн гурван санаачилгын хүрээнд 314 төсөл танилцуулагдахаар байна.
Бэлчээрээс дэд бүтэц хүртэл
Хурлын албан ёсны цахим хуудсанд наймдугаар сарын 14-ний байдлаар 7.6 тэрбум ам.долларын дүнтэй 314 төсөл бүртгэгджээ. Нийт төслийн талаас илүү буюу 174 нь бэлчээрийн тэргүүлэх санаачилгад хамаарч, нийт 2.1 тэрбум ам.долларын санхүүжилт хүсжээ. Харин ус ба газрын нэгдсэн менежментийн хүрээнд 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй 57 төсөл бүртгэгдсэнээр гурван үндсэн санаачилгаас хамгийн өндөр санхүүжилтийн хэрэгцээтэй чиглэл болж байна.

UNCCD COP17
Харин байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларын 83 төсөл багтжээ. Эдгээрт сэргээгдэх эрчим хүчийг бэлчээр ашиглалттай уялдуулах, Орхон–Онги ус дамжуулах шугам хоолой байгуулах, Зүүн Хойд Азийн шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, цөлжилтийн эсрэг ухаалаг инженерчлэлийн шийдэл нэвтрүүлэх зэрэг төсөл багтаж байна.
Санхүүжилтийн эхний томоохон амлалтууд хурлын үеэр тодорхой болох хүлээлттэй байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк 200 сая евро, Rio Tinto 1 тэрбум ам.доллар орчмын хөрөнгө оруулах амлалт өгөхөөр урьдчилсан байдлаар яригдаж байгаа аж.
7500 төлөөлөгч, хоёр бүс
COP17 хурлын талбай хоёр бүсээс бүрдэх бөгөөд цэнхэр бүсэд талуудын бага хурлын эхний хоёр хуралдаан, Шинжлэх ухаан, технологийн хороо болон Конвенцын хэрэгжилтийг хангах хорооны уулзалтууд болох бол Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Хуралд оролцохоор 7500 гаруй зочин, төлөөлөгч бүртгүүлсний 1000 гаруй нь дотоодын оролцогч байна. Олон улсын 6000–8000 төлөөлөгч оролцвол Монголын эдийн засагт 150 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжтой гэж зохион байгуулагчид тооцоолжээ.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөнөөс 9.4 хувь нь хүчтэй, 0.9 хувь нь нэн хүчтэй ангилалд багтаж байгааг Монгол орны цөлжилтийн үндэсний тайланд онцолжээ. Иймд COP17-ийн үр дүнг төлөөлөгчдийн тоо, зарласан төслийн дүнгээс илүүтэйгээр эдгээр санаачилгаас хэд нь бодит санхүүжилт авч, хэрэгжих шатанд шилжихээр хэмжих нь учир утгатай үр дүн болохоор байна.

🔶 COP17-ийн онцлох шийдвэр, шинэ санаачилгууд, нөлөө бүхий зочдын байр суурийг датанд суурилсан мэдээллээр баяжуулан хүргэх тусгай сурвалжилгыг VIII сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Анхаарлын төвд
Эдийн засгийн нууц зэвсэг. АНУ Ираны эсрэг урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ тун удахгүй зарлана гэдгийг тус улсын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдлээ. Зургаан сар шахам үргэлжилсэн дайны дараа Техраныг буулт хийхээс өөр аргагүй байдалд оруулах Трампын засаг захиргааны шахалт улам эрчимжих төлөвтэй. “Ирэх долоо хоногт гарах шинэ мэдэгдлүүдийг анхааралтай ажиглаарай. Аливаа улсыг эдийн засгийн хувьд бүрэн тусгаарлах тал дээр бид түүхэнд урьд өмнө гарч байгаагүй арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэж Бессент Newsmax-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Зовлон нэгт хөрш. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон Украины довтолгоо дахин эрчимжсэнээр ОХУ-ын хэд хэдэн муж шатахуун түлшний хомсдолтой нүүр тулсан байна. Тухайлбал ОХУ-ын Уралын бүсийн Оренбург мужийн захиргаа лхагва гарагаас эхлэн автобензин, дизель түлш хязгаартайгаар олгох журам хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд автомашины дугаарын сүүлийн орны тэгш, сондгойд үндэслэн борлуулах, үйлчлүүлэгчийн нэг удаагийн худалдан авалтын хэмжээнд хязгаар тогтоох, саванд шатахуун авахыг хориглох зэрэг арга хэмжээ багтсан байна.

Үүнээс гадна энэ долоо хоногт Воронеж мужийн захирагч түлш, шатахууны хангамж улам муудаж байгааг анхааруулсан бол Липецк муж пүрэв гарагт автомашины улсын дугаарт үндэслэн шатахуун олгох хязгаарлалтын системээ дахин нэвтрүүлжээ. Олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн тооцвол энэ сард Украины арми ОХУ-ын томоохон 34 газрын тос боловсруулах үйлдвэрийн 10-т нь дроноор цохилт өгсөн байна.
Тодотгол хүртэл 1 сар. Оны эхний долоон сард Монгол Улсын төсвийн алдагдалд 2.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оныхоос даруй 70 хувиар өсөөд байгаа. Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлнэ. Хуулийн дагуу есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх юм. Төсвийн тодотголоор зарлагыг багадаа нэг их наяд төгрөгөөр бууруулах шаардлага байгааг Сангийн яам мэдээлж байв.
Блумберг санал болгож байна
"М2 мөнгөний нийлүүлэлт Монгол шиг уул уурхайн бүтээгдэхүүн гадагшаа зардаг улсуудад өсөхдөө маш амар байдаг. Эдийн засгийн онцлогтой холбоотойгоор М2 нэмэгдэж байгаа болохоос биш Монголбанк мөнгө үйлдвэрлээд байгаа зүйл огт байхгүй"
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Хятад жуулчид багасна
Эдийн засгийн төлөв суларсан нь хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлснөөр энэ оны хоёрдугаар хагаст хятад жуулчдын гадаад аяллын тоо буурах төлөвтэй байгааг China Trading Desk компанийн шинжээчид анхаарууллаа.

Тус компанийн тооцоолсноор хятад жуулчид 2026 онд нийт 179 сая удаагийн гадаадын аялал хийж, 258 тэрбум ам.доллар зарцуулахаар байгаа аж. Хэдий энэ нь цар тахлын өмнөх түвшнийг хол давах ч нийт аяллын тооны төсөөлөл нь VI сарын таамгаас 3 хувиар буурчээ.
Геополитикийн хурцадмал байдал, аюулгүй байдлын эрсдэл нь Ази, Номхон далайн аялал жуулчлалыг үндсээр нь өөрчилж буй. Тухайлбал: олны анхаарлыг татсан луйврын хэрэг, аюулгүй байдалтай холбоотой болгоомжлолын улмаас Тайландыг зорих эрмэлзэл буурсан аж.
Харин БНСУ-ын хувьд энэ өөрчлөлтөөс хамгийн их ашиг хүртэхээр байна. Энэ онд 7 сая гаруй хятад жуулчин БНСУ-ыг зорьж, нийт 13 тэрбум ам.доллар буюу нэг хүн дунджаар 1815 ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.
Энэ оны байдлаар хятад жуулчид гадаад улсад аялахдаа нэг хүн дунджаар 1437 ам.доллар зарцуулж байна China Trading Desk тооцоолсон аж.
Монгол Улсын хувьд VIII сарын 9-ний өдрийн байдлаар энэ он гарсаар нийт 622 мянган жуулчин хүлээн авснаас 155 мянга буюу бараг 25 хувийг нь БНХАУ-ын иргэд эзэлж байна.
Зам зуур

Поп дуучин Селена Гомезыг хөрөнгө оруулагчид залилангийн хэрэгт буруутгаж байна. Тодруулбал түүнийг өөрийн нэр хүнд болон олон нийтийн сүлжээг ашиглан бизнесээ сурталчлах амлалтаа биелүүлээгүй гэж үзжээ.
2022 онд дуучны “Wondermind Global” нэртэй сэтгэцийн эрүүл мэндийн стартап гар утасны аппликэйшн зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч байв. Мөн тухайн үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан 500 сая гаруй хэрэглэгч татах амлалт өгч байжээ.
Гэвч Wondermind ирээдүйн боломжоо худал мэдээлж, амласан бүтээгдэхүүн болон орлогоо бий болгож чадаагүй гэж таван хөрөнгө оруулагч пүрэв гарагт Делавер мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.
95 сая ам.долларын үнэлгээтэй гэж тайлагнаж байсан Wondermind нь өнгөрсөн онд дампуурлаа зарласан юм.
Эцэст нь товчхон
АҮЭБЯ: Баасан гарагийн байдлаар дотоодод шинээр 2700 тонн автобензин орж ирсэн бол 65 вагон буюу 4000 орчим тонн автобензин тээвэрлэлтийн замд явж байна. Татан авалтыг эрчимжүүлж, наймдугаар сарын 17-ноос улсын хэмжээнд шатахуун түгээлтийг хэвийн болгохоор зорьж буйг мэдээллээ.
Онцлох зураг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа зүүн хилийн аюулгүй байдлын асуудлаар зэвсэгт хүчний албан тушаалтнуудтай уулзалт хийж байна - Сахалин, ОХУ

Gavriil Grigorov/AFP/Getty Images