- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/14
2026/08/14
Өглөөний мэнд. БНХАУ нүүрс-химийн салбарт оруулсан дэмжлэгийнхээ үр шимийг хүртэж, ашиг нь дээд түвшинд хүрээд байна.
Монгол Улсын төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг хүрлээ.
Инфляц, геополитикийн тодорхой бус нөхцөлд Азийн банкнуудын хувьцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй эрчтэй өсөж байна.

Нүүрс-химийн алтан үе
Химийн үйлдвэрлэлд газрын тосыг нүүрсээр орлуулах БНХАУ-ын олон арван жилийн эрэл хайгуул үр шимээ өгч, Ойрх Дорнодын дайны улмаас түүхий газрын тосны үнэ цойлохтой зэрэгцэн салбартаа тэргүүлэгч Ningxia Baofeng Energy Group компанийн ашиг дээд түвшиндээ хүрсэн байна.
Хятадын нүүрс-химийн үйлдвэрлэлийн хүчин чадлын гуравны нэгийг бүрдүүлдэг Baofeng оны эхний хагаст 9.73 тэрбум юанийн (1.4 тэрбум ам.доллар) цэвэр ашигтай ажилласнаа лхагва гарагт тайлагнажээ. Харьцуулбал өнгөрсөн оны эхний хагаст тус компани 5.72 тэрбум юанийн ашиг олсон байна.

Ялангуяа Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт саатаж, газрын тосны үнэ дөрвөн жилийн дээд түвшиндээ хүрсэн II улирал компанийн хувьд онцгой ашигтай байжээ. Bloomberg-ийн тооцоолсноор тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд 6.1 тэрбум юаньд хүрсэн нь 2019 онд биржид бүртгэлтэй болсноос нь хойших нэг улирлын рекорд үзүүлэлт аж.
Нүүрс-химийн үйлдвэрүүд нь нүүрснээс нийлэг хий, шингэн түлш гарган авч, нэхмэл эдлэл, барилгын материал гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг химийн түүхий эд болгон хувиргадаг. Олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын метанол болон аммиак үйлдвэрлэлийн түүхий эдийн 85 орчим хувийг нүүрс бүрдүүлдэг байна. Тус салбар 2024 онд 390 сая орчим тонн нүүрс хэрэглэснийг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тооцоолол харуулж байна.
Хэдий уг технологи 100 гаруй жилийн түүхтэй ч Хятад улс импортын газрын тосноос хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд сүүлийн арваад жилийн хугацаанд тус салбарыг эрчимтэй хөгжүүлж ирсэн юм. Харин 2020-оод он гарахад өсөлт нь түр саарсан ч Бээжин эрчим хүчний стратегидаа нийлүүлэлтийн аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэл болгосноор салбар дахин тэлэлтийн мөчлөгт оржээ.
Анхаарлын төвд
Галын дохио. ҮСХ-ны сүүлийн тайлангаар төсвийн алдагдал оны эхний долоон сарын гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг хүрээд байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдлын дүн 69.8 хувиар өсжээ. Төсвийн зарлага нь 15.5 хувь буюу 2.6 их наяд төгрөгөөр, тэр дундаа хөрөнгийн зардал 32 хувиар, урсгал шилжүүлэг болон бараа үйлчилгээний зардал 8-18 хувиар өссөн үзүүлэлттэй. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2026 оны төсвийн тодотгол болон үнийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар яаралтай хэлэлцүүлэх шаардлага тавилаа.
Ачаалал хуваалцах зам. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын төслийн хөрөнгө оруулалт 1.2 их наяд орчим төгрөг болж буй. Төслөөс урт хугацаандаа 300 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоололтойг Засгийн газар мэдээллээ.

Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-25 сая тонн ачааг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй тээвэрлэнэ. Ингэснээр нийслэлд төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрэх үед авто замын хөдөлгөөнийг хаадаг хугацааг хоногт дунджаар 20-120 минут буюу 90 хүртэлх хувиар бууруулна гэж тооцжээ. Төслийн I үе шат болох Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх эхний 87.8 км замыг IX сарын 1-нээс ашиглалтад оруулах аж.
Нефтийн их хямрал. Ираны дайн дахин ширүүссэнээр дэлхийн газрын тосны зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол таамагласнаас ч ноцтой гүнзгийрснийг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг анхаарууллаа. Энэ улиралд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хомсдол өдрийн 1.8 сая баррель хүрнэ гэж тус байгууллагаас тооцоолжээ. Энэ нь өмнөх төсөөллөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Гэхдээ шатахууны үнэ өссөнөөр энэ онд дэлхийн газрын тосны эрэлт 50 хувиар буурч, өдрийн 1.6 сая баррель болно гэж таамаглажээ.
Амсхийх зай. АНУ-ын инфляц доогуур түвшинд хадгалагдаж, ойрын хугацаанд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг өсгөх магадлал буурснаар алтны үнэ сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрээд байна. Энэ долоо хоногт алтны үнэ дөрөвдүгээр сараас хойш анх удаа 100 хоногийн дундаж түвшин болох 4400 ам.доллар даваад буй. VII сард АНУ-ын инфляц өмнөх сараас ердөө 0.1 хувиар эрчимжсэн нь Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын сөрөг нөлөөлөл арилж буйн илрэл болсон юм.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Чимээгүй ялагчид
Инфляц өндөр түвшинд хадгалагдаж, геополитикийн тодорхой бус байдал үргэлжилж буйтай зэрэгцэн Азийн банкуудын хувьцааны ханш сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хүчтэй өсөлт үзүүлж байна.

Тус салбарын жишиг MSCI Asia Pacific Financials индекс VII сард 8.6 хувиар өссөнөөр сарын дүнгээр мэдээллийн технологийн салбарын индексээс түүхэн дэх хамгийн өндөр зөрүүгээр илүү гарлаа.
Хонконгийн санхүүгийн салбарын индекс сүүлийн дөрвөн жил орчмын хамгийн өндөр өсөлттэй сараа үдсэн бол Японы банкны салбарын дэд индексийн энэ оны өсөлт TOPIX индексийнхээс хоёр дахин өндөр байна.
Хиймэл оюуны салбарын хувьцааны савлагаа нэмэгдсэн энэ үед хөрөнгө оруулагчид харьцангуй найдвартай сонголт эрэлхийлж байгаа нь банкнуудын хувьцааны өсөлтийг цаашид ч дэмжиж магадгүй байна.
Харин Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй банкуудын хувьцааны ханш 2026 он гарснаас хойш холимог хөдөлгөөнтэй байна. ХасБанкны хувьцааны ханш оны эхнээс 26.5 хувиар өсөж, хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. ХААН Банкны хувьцааны ханш 6.2 хувиар өссөн бол Төрийн банкных тогтвортой байв. Харин Голомт банк болон Худалдаа, хөгжлийн банкны хувьцааны ханш хамгийн огцом буурсан байна.
Зам зуур

БНХАУ-ын дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэсэн том оврын “COMAC C919” зорчигч тээврийн агаарын хөлөг олон улсын анхны тогтмол нислэгээ Бээжин-Улаанбаатарын чиглэлд эхлүүлж, лхагва гарагт "Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд газардлаа.
Нислэгийг БНХАУ-ын Үндэсний агаарын тээвэрлэгч "Air China" компани гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хотод газардах үед нь "Усан хаалга"-ны хүндэтгэлийн ёслолоор угтан авчээ.
"Air China" болон "China Eastern Airlines" компаниуд "C919" онгоцоор чиглэлүүд болон Хонконг чиглэлд одоогоор тогтмол нислэг үйлдэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятадын зах зээлд 31 "C919" онгоц нислэг үйлдэж, нийт дөрвөн сая гаруй зорчигч тээвэрлэснийг БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын мэдээлэл харуулж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн бөгөөд Түр хамаарагч Цао Ли хэлсэн үгэндээ "C919" агаарын хөлгийн олон улсын анхны нислэгээр Монгол Улсыг сонгосон нь хоёр орны иргэдийн харилцаа, харилцан холбогдох байдал улам бүр гүнзгийрч буйн илэрхийлэл болохыг онцолжээ.
Эцэст нь товчхон
COP 17 хурлын үеэр Европын Хөрөнгө Оруулалтын Банк 200 сая евро, Rio Tinto нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах амлалт өгөхөөр урьдчилсан байдлаар мэдээлж буйг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тодотголоо.
ҮСХ: VII сард орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.4 хувиар буурсан бол жилийн өсөлт нь 6.2 хувь болж, бага зэрэг саарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувь, хуучин орон сууцных 6.8 хувийн тус тус өсөлттэй байна.
Онцлох зураг
“Шотон” буюу тарагны баярт зориулсан асар том шүтээн зургийг хуйлан зөөж буй лам нар - Лхас, Төвөдийн ӨЗО

Xinhua/Shutterstock