- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/13
2026/08/13
Өглөөний мэнд. Монголбанк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөж, банкнуудын заавал байлгах нөөцийн харьцааг чангатгалаа.
TMK Energy Дашваанжил групптэй хамтарсан хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төслөө XII сар гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байна.
Украины цохилтууд үргэлжилж, ОХУ анх удаа Энэтхэг улсаас шатахуун импортолжээ.

Хатуу бодлого үргэлжилнэ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаар бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэлээ. Мөн банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн харьцааг 0.5 нэгж хувиар өсгөн 14.5 хувь болгохоор шийдвэрлэв.
Жилийн инфляц VII сард улсын хэмжээнд 13 хувьд хүрэхэд шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлснийг Монголбанк тайлбарлаж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол VII сард хүлээлтээс бага зэрэг эрчимжсэн байна.
Гэхдээ энэ удаагийн шийдвэр нь инфляцыг хазаарлахаас илүүтэй инфляцын хүлээлтийг удирдаж, тогтворжуулахад чиглэсэн болохыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолсон. Иргэд, ААН-үүд мах, шатахууны нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй инфляц цаашид үргэлжлэн өснө гэсэн хүлээлттэй байгааг Монголбанкны түүвэр судалгаа харуулж байсан юм.

Инфляцын өнөөгийн дарамтын суурь шалтгаан нь сүүлийн хэдэн жилийн турш мөнгөний нийлүүлэлт (М2) эрс нэмэгдсэний нөлөө гэж зарим эдийн засагчид тайлбарлаж байгаа. Гэхдээ М2-ын нийлүүлэлт нь Монголын эдийн засгийн онцлогтой холбоотой буюу уул уурхайн экспортоор орлогоо бүрдүүлж, валютаар авдаг оронд мөнгөний нийлүүлэлт өсөх нь маш амар байдгийг Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж Bloomberg TV Mongolia-д онцолсон юм. Мөн Монголбанк мөнгө ихээр “хэвлэж” байна гэсэн шүүмжийг үгүйсгэлээ.
Харин банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлснээр 400 гаруй тэрбум төгрөгийг банкны системд царцаах буюу багахан үр нөлөө үзүүлэхээр байгаа аж.
Монголбанк мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, шатахууны үнэ дахин огцом өсөхгүй бол инфляц VIII сараас саарч, ирэх оны дунд үеэс зорилтот интервалд орох боломжтой гэж тооцоолсон байна. Гэхдээ нийлүүлэлтийн шок удаан үргэлжилж, үнийн өсөлт иргэдийн хүлээлт болон бусад бараа, үйлчилгээний үнэд дамжвал мөнгөний бодлогыг цаашид нэмж чангаруулах эрсдэл байсаар байна.
Анхаарлын төвд
Анхдагч төслийн явц. TMK Energy компанийн Монгол дахь “Гурвантэс XXXV” нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт үргэлжлэн өсөж байна. VII сард хоногийн дундаж олборлолт өмнөх сараас таван хувиар нэмэгдэж, 778 шоо метрт хүрсэн байна. Мөн Дашваанжил групптэй хамтарсан байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх төсөлд ахиц гарч, дизайн болон инженерчлэлийн ажил нь бэлэн болсон бөгөөд XII сар гэхэд төслийн анхны цахилгаан эрчим хүчийг гаргаж авахаар зорьж байгааг мэдээлжээ. Гэхдээ үүнээс өмнө арилжааны нөхцөлийг эцэслэх болон аравдугаар сард гаргах хөрөнгө оруулалтын шийдвэр хүлээгдэж байгаа аж.
Атар Өргөө ХК 2026 оны эхний хагас жилд 6.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн дүн болж байна. Харин цэвэр ашиг нь 2.3 дахин буурч, 30.8 сая төгрөг болжээ. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт, маркетингийн зардал өмнөх оны мөн үеэс 26 гаруй хувиар, ерөнхий ба удирдлагын зардал 51 орчим хувиар тус тус нэмэгджээ. Мөн өр төлбөрийн нийт дүн 4.5 хувиар өсөж, 1.6 тэрбум төгрөг хүрсэн байна.

AI-д хөрөнгө дайчилна. БНСУ ирэх онд хиймэл оюун болон бусад стратегийн ач холбогдолтой салбарыг санхүүжүүлэхийн тулд Үндэсний Баялгийн сандаа 1 их наяд вон буюу 707 сая ам.доллар төвлөрүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 600 тэрбум воноос 1 их наяд вон ч давж магадгүй бөгөөд эцсийн дүн нь сонгогдох төсөл, компаниуд болон хөрөнгийн хэрэгцээнээс шалтгаалахыг БНСУ-ын инновац, өсөлт хариуцсан Сангийн дэд сайд мэдээлжээ. Гэхдээ өдгөө дэлхийн хиймэл оюуны өсөлтийн гол хөдөлгөгч болсон Samsung Electronics болон SK Hynix компанид шууд хөрөнгө оруулахаар төлөвлөөгүй аж.
Тансаг хэрэглээний татвар. VIII сарын 10-наас эхлэн гаалийн үнэ нь 360 сая төгрөгөөс давсан импортын автомашинд одоо мөрдөж буй онцгой албан татвар дээр нэмэлт татвар ногдуулж эхэллээ. Тодруулбал, автомашины нийт үнэд бус 360 саяас давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар тооцох аж. Шинэ зохицуулалт өндөр үнэтэй автомашины импортын өртгийг эрс нэмэгдүүлэхээр байна. Өмнөх ЗГ-ын үед тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байсан юм.
Ноолуурын экспорт цойлжээ. Экспортод гаргаж буй хөдөө аж ахуйн түүхий эдүүдээс самнасан ноолуур, хонины ноосноос бусад түүхий эдийн экспорт оны эхний долоон сард буурсныг гадаад худалдааны дата мэдээлэл харуулж байна. Эхний долоон сард 1400 гаруй тонн самнасан ноолуурыг 147.2 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 94 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн хонины ноосны экспорт 50 гаруй хувиар өссөн байна. Харин эхний хагас жилд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 53 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Алс холын Энэтхэгт хандав
Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг нь чиглэсэн Украины цохилтууд дотоодод шатахууны ноцтой хомсдол үүсгэснээр ОХУ алс холын Энэтхэг улсаас шатахуун импортолж эхэлжээ.

Kpler-ийн датанаас харвал ОХУ Энэтхэгээс анх удаа автобензин импортолж, эхний тээвэрлэлтийг наймдугаар сарын 5-нд хүлээн авсан байна.
Rosneft компанийн хөрөнгө оруулалттай Энэтхэгийн газрын тос боловсруулалтын Nayara Energy компани нийлүүлэлтийг гүйцэтгэсэн бөгөөд бүтээгдэхүүнийг хэд хэдэн танкер хөлөг онгоцоор тээвэрлэж, Египетийн эргийн ойролцоо шилжүүлэн ачжээ.
Нийлүүлэлтийн одоогийн тасалдал шатахууны зах зээлийг хумьж, тэргүүлэх экспортлогчдын нэг ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалахын тулд бензин болон дизель түлшний экспортоо дийлэнхийг нь зогсоосон юм.
EA Analytics-ийн тооцоолсноор ОХУ-ын газрын тос боловсруулалтын хэмжээ VII сард хоногт 3.6 сая баррель байсан нь улирлын хэвийн түвшнээс 30 гаруй хувиар бага үзүүлэлт юм.
Киев өнгөрсөн долоо хоногт Оросын таван үйлдвэр, энэ долоо хоногт дахин хоёр үйлдвэрийг онилсон цохилт өгсөн байна.
Зам зуур

1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр "Toyota Motor" компанийн Ерөнхийлөгч, хожим нь ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Хироши Окуда 93 насандаа таалал төгссөнийг Kyodo News мэдээлжээ.
Ажлын замналаа бүхэлд нь Toyota-д зориулсан Окуда Дэлхийн II дайны дараа тус компани үйлдвэрлэлийн хүчирхэг эзэнт гүрэн болон ид өргөжиж эхэлж байх үед нь ажилд оржээ. Тэрбээр компанийн шатлан дэвших тогтолцоогоор ахисаар 1995 онд Ерөнхийлөгч болсон нь Toyota-ийн үүсгэн байгуулагч гэр бүлийн удмын бус хүн уг албан тушаалд томилогдсон анхны тохиолдол байв.
Өндөр нуруутай, үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг, эрсдэлээс айдаггүй зангаараа тэрээр Японы бизнесийн ертөнцөд ялгардаг байлаа. Харин компани дотроо зардал танах чадвар, шуурхай шийдвэр гаргалтаараа нэр хүндтэй нэгэн байжээ.
Түүний үлдээсэн хамгийн тод өв нь дэлхий дахинд борлуулалтаараа тэргүүлж, үнэнч хэрэглэгчдийн өргөн баазтай болсон хосолмол хөдөлгүүрт "Prius" автомашин гэж болно. Окудагийн тууштай дэмжлэгээр 1997 онд худалдаанд гарсан "Prius"-ийг анхандаа өрсөлдөгч АНУ-ын авто үйлдвэрлэгчид амжилтад хүрнэ гэдэгт нь эргэлзэж, бүр доог тохуу ч хийж байжээ. Гэтэл "Prius"-ийн үе үеийн загваруудын борлуулалт төсөөллөөс тогтмол даваад зогсохгүй өдгөө үргэлжилж буй автомашины цахилгаан шилжилтийн суурийг тавьсан юм.
Онцлох зураг
Ширүүн борооны усаар гол руу орж дүүргэсэн хог хаягдлыг цэвэрлэж буй ажилтнууд - Манила, Филиппин

Ted Aljibe/AFP/Getty Images