2026/08/12

Өглөөний мэнд. АНУ дэмжээд ч засал аваагүй иений ханш яагаад суларсан хэвээр байна вэ?

Монгол Улсын урсгал данс алдагдлаас гарч, эхний хагас жилд 207.2 сая ам.долларын ашигтай байжээ.

BYD компани “SkyShuttle” төслөө Улаанбаатар хотод 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтойг танилцуулав.

Иений “шархны наалт”

Японы иений ханшийн сулрал ужгирч, хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар хүртэл уналтыг нь зогсооход хүчээ нэмэрлэлээ. Гэсэн ч энэхүү “түр эмчилгээ”-ний нөлөөлөл багассаар даваа гарагийн арилжаа хаахад ам.долларын эсрэг 1 хувиар суларснаар хослол 159.29 нэгжтэй тэнцэв. Ингэснээр иений ханш интервенцийн дараах өсөлтийнхөө тал хувийг алдаж, эрх баригчид дахин зах зээлд оролцох эсэх нь анхаарлын төвд ороод байна.

Иен яагаад ингэж доройтов?

АНУ-ын Ирантай хийж буй дайн иений ханшид шинэ дарамт болсон. Япон эрчим хүчний хэрэгцээгээ бараг бүхэлд нь импортоор хангадаг бөгөөд газрын тосны импортынх нь 95 гаруй хувь Ойрх Дорнодоос нийлүүлэгддэг тул нийлүүлэлтийн тасалдалд эмзэг. Газрын тосны үнэ өсөхөд Япон эрчим хүчний бүтээгдэхүүний импортод ам.доллароор өндөр төлбөр хийх шаардлагатай болж, гадаад валютын эрэлт нэмэгдэхийн хэрээр иений ханшид сөргөөр нөлөөлнө.

Үүний зэрэгцээ бүтцийн хүчин зүйлсийн нөлөөлөл бий. Японы хэт бага хүү болон АНУ тэргүүтэй бусад том орнуудын хүүгийн зөрүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдыг иенээр бага хүүтэй санхүүжилт татаж, гадаадын өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хөрөнгө оруулахад таатай болгодог. Үүнээс үүдэлтэй хөрөнгийн гадагшлах урсгал иений ханшид тогтмол дарамт учруулж буй. Японы Төв банк VI сард бодлогын хүүгээ 30 жилийн дээд түвшинд хүргэсэн ч олон улсын жишигтэй харьцуулахад бага хэвээр байна.

АНУ-д яагаад чухал вэ?

Дээр дурдсанчлан иен бол зээл авахад тохиромжтой валют учраас хөрөнгө оруулагчид АНУ-ын ЗГ-ын бонд зэргийг зээлээр авч өндөр өгөөж хүртдэг. Үүнээс үүдсэн иений савлагаа ихэссэнээр олон улсын хөрөнгө оруулалтын урсгалд, ялангуяа хувьцаа, бондын зах зээлд дам сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Мөн Японы төв банк иений ханшийг хамгаалахын тулд өөрийн нөөц дэх АНУ-ын ЗГ-ын бондыг зарж, дараа дараагийн интервенцээ санхүүжүүлэхээс өөр сонголт хомс болно. Энэ нь эргээд АНУ-ын зээлийн өртөг нэмэгдэхэд нөлөөлнө гэсэн үг. Мөн холбоотон орнуудын хувьд улс төрийн эерэг мессежийн зорилго бас бий.

Интервенц гэж юу билээ?

Товчхондоо аливаа улсын төв банк үндэсний мөнгөн тэмдэгтээ чангаруулах, эсвэл сулруулахын тулд гадаад валютын зах зээлд шууд оролцохыг хэлнэ. Японы хувьд валютын зах зээлд хэзээ интервенц хийхийг Сангийн яам шийдвэрлэж, Японы Төв банк цөөн тооны арилжааны банкаар дамжуулан хэрэгжүүлдэг. Ингэхдээ иений ханшийг чангаруулахын тулд тэдгээр банк иен худалдан авч, ам.доллар зардаг. Гүйлгээний хэмжээ нь Сангийн яам зах зээлд хэр хүчтэй нөлөөлөхийг зорьж байгаагаас болон зах зээл хэр хурдан хариу үйлдэл үзүүлэхээс хамаарна.

Интервенцэд ашиглах ам.долларыг ихэвчлэн Японы гадаад валютын нөөцөөс гаргадаг бөгөөд тэр нь бэлэн мөнгө эсвэл АНУ-ын Засгийн газрын бонд хэлбэрээр байна. Сүүлд хийсэн интервенцээр Японы тал дангаараа 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан мэдээлэл гарч байв.

Гэсэн ч интервенц нь эцсийн эцэст “шархны наалт” маягийн шийдэл гэж болно. Японд бодлогын хүү бага хэвээр байгаа хойно хөрөнгө оруулагчдын иен зээлж, өөр газар хөрөнгө оруулах сонирхол буурахгүй л болов уу.

Анхаарлын төвд

Бүрхэг хэлэлцээр. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд шинэ шаардлагууд тавьж, Ормузын хоолой ойрын хугацаанд нээгдэх найдлага бүдгэрсний дараа газрын тосны үнэ таван өдөр дараалсан өсөлтөө хадгаллаа. Өмнөх арилжаагаар 5 хувиар өссөн брент төрлийн газрын тосны үнэ өчигдөр баррель нь 89 ам.долларт хүрээд байв. Дональд Трамп даваа гарагт Ираны тал дайны хохиролд нөхөн төлбөр шаардаж байна хэмээн буруутгаж, эхлээд Ливан, Сири, Йемен, Газын зурваст учруулсан хохиролдоо Техран хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Эргээд эрчимжив. Тавдугаар сард саарч байсан Улаанбаатарын орон сууцны үнийн өсөлт VI сард дахин эрчимжиж, индексийн жилийн өсөлт нь 7.1 хувьд хүрчээ. Өсөлтийг хуучин орон сууцны үнэ голлон хөтөлсөн байна. Жилийн дүнгээр шинэ орон сууцны үнэ 6.6 хувиар, хуучин орон сууцны үнэ 7.6 хувийн өсөлттэй байна.

Зургаадугаар сард шинэ орон сууцны метр квадрат талбайн дундаж үнэ 4.74 сая төгрөг байсан бол хуучин орон сууцных 4.88 сая төгрөг байжээ.

Тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, материал импортлон нийлүүлэгч Техник Импорт ХК 2026 оны эхний хагас жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн дүн болов. Ингэснээр өнгөрсөн оны эхний хагаст 528 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ он гарсаар 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Техник импорт ХК гадаад валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээгээгүй, мөн санхүүгийн зардлаа өмнөх оны мөн үеэс 30 гаруй хувиар бууруулсан нь ашигт ажиллагаанд нь эергээр нөлөөлжээ.

Аваргуудын нэгдэл. Apollo, Blackstone, BlackRock тэргүүтэй АНУ-ын хөрөнгө оруулалтын зургаан томоохон компани Nvidia-тай хамтран хиймэл оюуны дэд бүтэц өргөжүүлэхэд 500 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт гаргахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд тус нэгдэл Nvidia-ийн харилцагчдад таатай нөхцөлөөр их хэмжээний капитал олгох тусгай сан байгуулахаа мэдэгджээ. Хамтын ажиллагаанд оролцох саналыг зургаан компанид тавихад бүгд зөвшөөрсөн бөгөөд хэлцэл хэрэгжилтийн шатандаа орсныг Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан онцоллоо.

Блумберг санал болгож байна

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Урсгал данс ногооров

Төлбөрийн тэнцэл 2026 оны эхний хагас жилд 566.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор ашиг нь өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

  • 2024, 2025 оны эхний хагас жилд дараалан алдагдалтай гарч байсан бол энэ оны эхний хагаст эерэг үзүүлэлттэй гарахад урсгал дансны ашиг голлон нөлөөлжээ.

  • Урсгал данс оны эхний хагас жилд 207.2 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс хоёр тэрбум ам.доллароор өссөн дүн боллоо. Барааны худалдааны ашиг 3.8 тэрбум ам.доллар буюу 6.3 дахин өссөн байна.

  • Оны эхний хагас жилд уур уурхайн экспорт харьцангуй сайн үзүүлэлттэй байснаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан юм.

  • Харин үйлчилгээний данс 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн байна. Дийлэнх хувийг эзэлж буй аяллын болон тээврийн үйлчилгээний орлого 4.4-8.8 хувиар өссөн хэдий ч нөгөө талдаа зардал нь 7-11 хувиар нэмэгдсэн аж.

Зам зуур

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын BYD компанийн төлөөлөгчидтэй уулзаж, “SkyShuttle” нийтийн тээврийн системийг нийслэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн байна.

Цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BYD тулгуурт гүүрэн байгууламж дээрх монорельс замаар явдаг, цахилгаанаар ажилладаг, жолоочгүй уг системийг БНХАУ-ын 10 хот болон Бразилын Сан-Паулу хотод нэвтрүүлсэн бөгөөд -40 хэмийн нөхцөлд ч ажиллуулах боломжтойг онцолжээ. Төслийг Улаанбаатарт хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа компанийн төлөөлөгчид мөн танилцуулсан байна.

Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн бүтэц болон эрчим хүчний дэд бүтцийн шаардлагын тооцоолол одоогоор тодорхой болоогүй байна. Талууд Улаанбаатарын хэрэгцээ, өвлийн нөхцөлтэй уялдуулан төслийг нарийвчлан судалж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ

Эцэст нь товчхон:

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Жон Жүхёнь Жонг томилогджээ. Тэрээр Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг удирдаж, 2025–2028 онд АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллахаа онцолсон байна.

”Чингис хаан баялгийн сан” нэгдэл БНСУ-ын Samsung C&T корпорацтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи, инновац, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах бөгөөд бодит үр дүнд хүргэхийн тулд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Онцлох зураг

“Дельфин” тайфун салхины үеэр хурдны замд ачаалал үүссэн нь - Шанхай, БНХАУ

VCG/Getty Images