- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/11
2026/08/11
Өглөөний мэнд. Хүнсний үнэ үргэлжлэн өссөнөөр VII сард Монголын инфляц гурван жил хагасын дээд түвшиндээ хүрчээ.
2028 онд ашиглалтад оруулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьтай үргэлжилж байна.
Дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд нийт 2.17 их наяд ам.доллароор үнэлэгдэх болов.

Инфляцад чирэгдсэн Монгол
Монгол Улсын жилийн инфляц долоодугаар сард сүүлийн гурван жил хагасын дээд түвшинд хүрч, мах, шатахууны нийлүүлэлтийн асуудлаас үүдсэн үнийн дарамт дотоодын бараа, үйлчилгээний зах зээлд өргөн хүрээнд тархаж буйг харууллаа.
Хэрэглээний үнийн индекс VII сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсөж, 2022 оны XII сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг Үндэсний статистикийн хорооны дата харуулж байна. Энэ оны II сард 6.5 хувь байсан инфляц ийнхүү тавхан сарын дотор хоёр дахин нэмэгдэж, төв банкны зорилтот интервалаас 6 нэгж хувиар даваад байна.
Хүнс, ундаа, усны бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 25.5 хувиар өсөж, нийт инфляцын 7.0 нэгж хувь буюу 53.7 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 52.4 хувиар өсөж, хүнсний барааны үнийн өсөлтийн жин дээрх хугацаанд 30 гаруй хувиар нэмэгджээ.

Гэхдээ инфляцыг зөвхөн мах, шатахууны нийлүүлэлтийн шокоор тайлбарлахад хангалтгүй. Импортын барааны нийт нөлөө 3.5 нэгж хувь буюу инфляцын 26.5 хувьтай тэнцсэн нь төгрөгийн ханш, гадаад үнэ, дотоод эрэлт зэрэг олон сувгаар дарамт нэмэгдсэнийг илтгэж байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайханы үзэж буйгаар үнийн өсөлтийн суурь шалтгаан нь нийлүүлэлтийн богино хугацааны хүндрэлээс илүүтэй сүүлийн жилүүдийн төсвийн тэлэлт, эдийн засаг дахь мөнгөний зохиомол нийлүүлэлттэй холбоотой аж. “Бүтээмж нь өсөхгүй байхад мөнгөний нийлүүлэлт өсөж, төрийн худалдан авалт, төрийн бүтэц данхайгаад байгаа нь сүүлийн 5-6 жилийн инфляцыг үйлдвэрлэж ирсэн”-ийг тэрбээр онцолсон юм. Иймд инфляцыг тогтвортой бууруулахын тулд өсөлтийнх нь үндсэн шалтгаан болсон мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах ёстой гэж үзэж байна.
Монголбанк VI сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээж, 2025 оны III сараас хойш өөрчлөлт оруулаагүй. Төв банк энэ удаагийн инфляцын өсөлтийг түр зуурын нийлүүлэлтийн шокийн нөлөөлөл гэж тодорхойлж, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд эргэн орно гэсэн төсөөлөл тухайн үед танилцуулсан юм.
Мөн ОУВС инфляц хүнс, түлшний өндөр үнийн нөлөөгөөр 2026 оны эцэс хүртэл 10 хувь орчимд хадгалагдаж, үүний дараа аажмаар саарна гэж тооцоолж байна. Гэхдээ сонгуулийн өмнөх нийгмийн болон популист дарамтаас үүдэн төсвийн сахилга алдагдах эрсдэл, мөн дэлхийн түүхий эдийн зах зээл болон гадаад эрэлтийн өөрчлөлт Монголын инфляцын төлөвийг улам тодорхойгүй болгож байгааг анхааруулжээ.
Анхаарлын төвд
Эсрэг ертөнцөд. Өнгөрсөн сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын инфляц хоёрдугаар сарын сүүлээр Ираны дайн эхэлснээс хойш анх удаа тогтворжсон байна. Түүнчлэн ерөнхий инфляц буурсан нь газрын тосны нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй үнийн дарамт арилж буйн илрэл болж байна. Тодруулбал VII сард Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсөж, өмнөх сарын 4.1 хувиас саарчээ. Мөн VI сард 1 хувь хүрч байсан хэрэглээний үнийн индекс нь өнгөрсөн сард 0.5 хувь болж буурснаар эдийн засгийн өсөлтөөс хойш татдаг дефляц дахин сэргэх эрсдэл үүсгэжээ.
Цагтай уралдана. Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллаж, үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахын тулд тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэх үүднээс дэргэдээ ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдээллээ. Одоогоор тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөлд тулгамдаж буй асуудлуудаас хамгийн чухал нь ашиглалтад орох үед үүсэж болзошгүй түүхий эдийн хангамжийн асуудал юм. Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой ч сүүлийн жилүүдэд Монголын газрын тосны олборлолт буурсаар байгаа. Иймд хайгуулыг эрчимжүүлж, олборлолтыг нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатайг онцолж байна.
Саваа бэлдсээр. Шатахууны агуулах сав шинээр барихаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ААН-үүдийн агуулах эхнээсээ ашиглалтад орох дөхөж байгаа аж. Тухайлбал 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан Сан Петролиум ХХК 16 мянган м3 багтаамжтай агуулахыг VIII сарын 20-ны дотор ашиглалтад оруулахаа мэдээлэв. Мөн Шунхлай ХХК 100 мянган м3 буюу улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох шатахууны агуулахыг Сонгинохайрхан дүүрэгт 151 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар барьж байна. 2027 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус агуулах дангаараа Монгол Улсын шатахууны нэг сарын хэрэглээний 20 хувийг нөөцлөх боломжтой байх юм.
Хүнсний импортын хамаарал. Өндөгний хэрэглээг дотоодоос бүрэн хангах зорилтын хүрээнд үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, 2025 оны байдлаар нийт хэрэглээнийхээ 70 гаруй хувийг дотоодоос хангасан бол үлдсэн 20 гаруй хувийг импортоор худалдан авчээ. Ингэснээр оны эхний долоон сарын байдлаар 57.4 сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Хүнсний бусад гол бүтээгдэхүүнээс онцолбол, улаанбуудайн импорт 126.4 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 40 дахин өссөн байна. Өнгөрсөн онд ургац хураалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүйгээс дотоодын хэрэглээнд 100 мянга гаруй тонн улаанбуудай импортоор худалдан авах шаардлагатайг салбарын яам мэдээлсэн.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Уул уурхайн титанууд
Mining.com-ийн сар бүр шинэчлэн гаргадаг Дэлхийн хамгийн том 50 уул уурхайн компанийн эрэмбэд багтсан компаниудын нийт үнэлгээ VII сарын байдлаар 2.17 их наяд ам.доллароор хэмжигдэж байна. Алт, зэсийн үнийн өсөлтийг даган олборлогчдын үнэлгээ нэмэгдэж, өнгөрсөн сард 18 тэрбум, энэ он гарсаар 26 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.

Хятадын Zijin Mining-ийн зах зээлийн үнэлгээ VII сард 24 тэрбум ам.доллар буюу 23.8 хувиар өсөж, 125 тэрбум ам.долларт хүрснээр Newmont-ийг гүйцэн дөрөвдүгээр байрт орлоо. Тайлант сард зах зээлийн үнэлгээгээ үүнээс илүү нэмэгдүүлсэн компани байгаагүй.
Rio Tinto санхүүгийн хувьд харьцангуй бат бөх мөчлөгийг туулж байна. Дата төвүүдийн өсөлт зэсийн эрэлтийг дэмжсэнээр тус компани саяхан сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр ашигтай эхний хагас жилээ тайлагнасан юм.
BHP-ийн зах зээлийн үнэлгээ 2026 он гарснаас хойш 62 тэрбум ам.доллар буюу 41 хувиар нэмэгдэж, 216 тэрбум ам.долларт хүрснээр жагсаалтыг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна.
Бүтээгдэхүүний төрлөөр харвал Топ 50-д багтсан компаниудын 700 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэх хэсэг нь төрөлжсөн уул уурхайн бүтээгдэхүүн, 518 тэрбумаар үнэлэгдэх хэсэг нь зэсийн олборлолт, 438 тэрбумаар үнэлэгдэх хэсэг нь алтны олборлолтод төвлөрсөн компаниуд байна.
Зам зуур

Google-ийг эс тооцвол дэлхийд тэргүүлэх хиймэл оюунаар видео бүтээгч хэрэгслүүд бараг бүгдээрээ БНХАУ-ынх байна.
Тодруулбал хиймэл оюуны зах зээлийн судалгааны Artificial Analysis платформын жишиг үнэлгээний жагсаалтад багтсан "Бичвэрийг дүрс бичлэгт хувиргах" топ 10 системийн ес нь Хятадад бүтээгдсэн загвар байжээ.
Сүүлд ByteDance болон MiniMax Group групп видео бүтээгч загваруудынхаа шинэчилсэн хувилбарыг шил дараалан танилцуулсан юм. Үүнээс өмнө салбарыг цочирдуулсан “Happy Horse” хэмээх нууцлаг видео систем гэнэт гарч ирсэн ба хожим нь тус системийг Alibaba Group групп хөгжүүлсэн нь ил болсон юм.
Одоогоор эдгээр хэрэгслийг зар сурталчилгааны агентлагууд болон энтертайнмент студиүд улам өргөнөөр ашиглаж буйгаас гадна олон улсын зах зээлд эрчимтэй өсөж буй микродрама салбарт ч ихээр хэрэг болж байна.
Эцэст нь товчхон:
АҮЭБЯ: ОХУ болон бусад нийлүүлэгчээс наймдугаар сард 60 мянга гаруй тонн АИ-92 автобензин худалдан авахаар захиалгаа баталгаажуулаад байна. Наймдугаар сарын 1-10-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 16.5 мянган тонн АИ-92 импортолжээ.
НИТХ: Сэлбэ дэд төвийн төслийг ухаалаг хотын загвараар эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх ЗГ-аас чиглэлийн дагуу “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ. Энэ хүрээнд 40 га газарт баригдах нийгмийн байгууламжуудад 420 орчим бизнес үл хөдлөх хөрөнгийн болон нийслэл хотын албан татвар, газрын төлбөр, барилгын татвараас чөлөөлөгдөх зэрэг хөнгөлөлт эдлэх боломжтой аж.
Онцлох зураг
Модны мөчир дээр амарч буй хэрэм - Бритиш Колумбиа, Канад

Dogan Evsan/ZUMA Press Wire/Shutterstock