- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/10
2026/08/10
Өглөөний мэнд. Mongolian Mining Corporation оны эхний хагаст цэвэр ашиг нь огцом сэргэж, $100-110 сая хүрэхээр байгааг танилцууллаа.
Зах зээлд нийлүүлэлт хумигдсанаар зэсийн үнэ $14,000 давж, түүхэн дээд түвшин рүүгээ дөхөв.
ОУВС: Монгол Улсын ДНБ-ий өсөлт энэ онд 5.8 хувьд тогтвортой хадгалагдах төлөвтэй.

MMC хурдтай өндийв
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2026 оны эхний хагас жилд 100-110 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байх урьдчилсан тооцооллоо танилцууллаа.
Нүүрсний эрэлт, үнэ суларсан өнгөрсөн оны эхний хагаст компани 20 сая орчим ам.долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад ашигт ажиллагаа нь богино хугацаанд эрчимтэй сэргэсэн байна.

Тайлант хугацаанд угаасан коксжих нүүрсний борлуулалтын биет хэмжээ болон борлуулах дундаж үнэ өсөж, орлого нэмэгдсэн нь сэргэлтийн гол хөдөлгөгч болжээ. Тодруулбал, эхний хагас жилд нийт 5.25 сая тонн угаасан коксжих нүүрс борлуулсан бол зөвхөн II улиралд өмнөх оны мөн үеэс 55 хувиар их буюу 2.7 сая тонныг борлуулсныг сүүлийн тайлан харуулж байна.
БНХАУ-д уурхайн аюулгүй байдлын хяналт чангарснаас шалтгаалан дотоодын олборлолт хумигдах, Австралиас авах нүүрсний импортоо бууруулах зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл нь Монголын хувийн хэвшлийн олборлогчид, тэр дундаа Mongolian Mining Corporation-ийн борлуулалтын төлөвт дэмжлэг болно гэж Bloomberg Intelligence-ийн шинжээчид онцолж байсан.
Хагас жилийн ашгийн өндөр төсөөллийг танилцуулсны дараа MMC-ийн хувьцаа баасан гарагийн Хонконгийн арилжаагаар 16 хүртэл хувиар өсөж, нэгж хувьцааны ханш 8.70 хонконг долларт хаагдав.
Анхаарлын төвд
Өсөлт тогтворжих хүлээлт. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг дүрмийн IV заалтын дагуу зөвлөлдөж, нийтэлсэн бодлогын зөвлөмждөө дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал, эрчим хүчний үнийн өсөлтөөс үл хамааран Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой хадгалагдах төлөвтэйг тодотгожээ. 2026 он гарсаар IV сар хүртэл уул уурхайн салбарын идэвхжилтийн ачаар эдийн засаг өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн ч уул уурхайн бус салбарын өсөлт сул хэвээр байгааг онцолсон байна. Тиймээс энэ онд хөдөө аж ахуйн салбарын суурь нөлөө арилснаар ДНБ-ий өсөлт 2025 оны өндөр түвшнээс бага зэрэг саарч, 2026 онд 5.8 хувиар, 2027 онд 5.6 хувиар тэлнэ гэж тооцоолжээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2026 оны эхний хагас жилд 3.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 957 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа мэдээллээ. Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 51 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд экспортын орлого 882.6 сая ам.долларт хүрснээс 86.6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг биржээр борлуулжээ.

VҮйлдвэр 20.3 сая тонн хүдэр боловсруулсан нь жилийн өмнөхөөс гурван хувиар өссөн бол зэсийн баяжмалын үйлдвэрлэл 291.2 мянган тонн болж, молибдений баяжмалын үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдсэн байна. Зэсийн үнийн өсөлт орлогод эергээр нөлөөлсөн ч үүнийг даган АМНАТ нэмэгдэж, дизель түлш болон ажилтнуудын цалингийн өсөлт компанийн зардлыг өсгөснийг тус үйлдвэрийн зүгээс тодотгожээ.
Худалдааны ашиг дээд цэгтээ. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар өсөж 19.3 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 12.2 тэрбум ам.долларыг бүрдүүлж, худалдааны ашиг анх удаа 5 тэрбум ам.доллар давлаа. Өсөлтийг зэсийн хүдэр, баяжмал болон нүүрс голлон дэмжиж, экспортын орлогын нийт 82.7 хувийг бүрдүүлэв. Харин импортын хувьд өмнөх саруудын өсөлт харьцангуй саарахад өндөр дүнтэй бүтээгдэхүүн болох автомашин, түүний хослох бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан нь нөлөөлжээ. 52,225 суудлын автомашиныг 607.4 сая ам.доллароор импортолсон нь сүүлийн гурван жилийн ижил хугацааны хамгийн бага дүн болсон байна.
Түр зуурын өвчин намдаалт. Өнгөрсөн долоо хоногийн арилжааны сүүлийн өдөр иен Японы Төв банк интервенц хийсний үр дүнд олсон өсөлтийнхөө бараг талыг алдлаа. Ингэснээр эрх баригчид дахин валютын зах зээлдээ оролцож магадгүй гэх таамгийг арилжаанд оролцогчдын дунд нэмэгдүүллээ.
Баасан гарагт иен ам.долларын эсрэг 158 нэгж орчимд арилжаалагдаж байсан нь даваа гарагт хүрсэн 155.23 нэгжийн түвшнээс мэдэгдэхүйц суларсан үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт иен ам.долларын эсрэг 164 орчим нэгж хүрч, сүүлийн бараг 40 жилийн доод түвшнээ шүргэсний дараа Япон, АНУ хамтран 1998 оноос хойш анх удаа интервенц хийсэн юм.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Суурь сайтай өсөлт
Дэлхийн зах зээлд богино хугацааны нийлүүлэлт хумигдаж буй шинж тэмдэг ажиглагдсанаар зэсийн үнэ эрчимтэй өсөж, баасан гарагт түүхэн дээд хаалтын ханшдаа ойртлоо.

Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.9 хүртэл хувиар өссөнөөр V сарын дундуур тогтоосон өмнөх дээд түвшнийг давжээ.
Дата төвүүд болон эрчим хүчний шугам сүлжээний эрэлт нэмэгдэх хүлээлт зэсийн үнийн өсөлтийг дэмжиж байгаа ч нийлүүлэлтийн хүчин зүйлс дутахгүй чухал нөлөө үзүүлж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын тарифын шийдвэр гаргахаас урьтах зорилготой арилжаалагчид энэ онд асар их хэмжээний зэсийг АНУ руу нийлүүлээд буй. Үүний улмаас Лондоны Металлын биржийн хяналтад байдаг дэлхий даяарх агуулахын нөөц буурсан байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын худалдан авалт нэмэгдсэнээр нийлүүлэлтийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсжээ.
Зэсийн үнэ 2026 он гарснаас хойш 14 орчим хувиар өсөж, өмнөх гурван жилийн дараалсан өсөлтөө үргэлжлүүлж байна. Эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр цахилгаанжуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгаа нь зэсийн үнийн урт хугацааны өсөлтийн суурь шалтгаан юм.
Зам зуур

Walt Disney компанийн 2026 оны санхүүгийн III улирлын ашиг зах зээлийн хүлээлтийг давлаа. Үүнд энтертайнментын бизнесээс гадна Калифорни, Флорида дахь сэдэвчилсэн паркуудын орлого эрс өссөн нь голлон нөлөөлжээ.
Disney-ийн үйл ажиллагааны ашиг 5.56 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 5.24 тэрбум ам.долларын төсөөллөөс өндөр үзүүлэлт болов. Мөн “Disney+” стриминг үйлчилгээ болон кино студийг багтаасан энтертайнментын бизнесийн ашиг 64 хувиар өсжээ.
Улирлын тайланг танилцуулсны дараа Disney-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн арилжаагаар 5.1 хувиар өссөн байна.
Эцэст нь товчхон:
БиДиСЕК ҮЦК ХК 2026 оны эхний хагас жилд 2.9 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өссөн дүн болсныг мэдээллээ. Тайлант хугацаанд компани шинээр 1068 үнэт цаасны данс нээж, харилцагчийн бааз сууриа тэлсэн байна. Мөн компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсөж, 1.6 тэрбум төгрөгт хүрчээ.
ҮСХ: Монгол Улс 2015-2025 онд жилд дунджаар нэг сая тонн дизель түлш, 600 орчим мянган тонн автобензин импортолжээ. Харин 2026 оны эхний хагас жилд 957 мянган тонн дизель түлш, 505 мянган тонн автобензин импортолсон нь жилийн дундаж дүнтэй дүйцэхүйц хэмжээ болж байна.
Онцлох зураг
АНУ-ын эсрэг суртал ухуулгын самбарын өмнүүр өнгөрч буй эмэгтэй - Техран, Иран

Anadolu/Getty Images