- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/07
2026/08/07
Өглөөний мэнд. Украины цуцашгүй цохилтууд ОХУ-ын газрын тосны салбарын тодорхойгүй байдлыг гүнзгийрүүлсээр байна.
Нийгмийн даатгалын сан 2027 онд ₮2.6 их наядын алдагдалтай байхаар төсвийн төсөлд санал өгчээ.
Ормузын хоолойг нээх чиглэлд ахиц гарч, алтны үнэ тогтвортой өсөж байна.

Гал дундах нефтийн салбар
Украин өнгөрсөн сарын турш ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтийн сүлжээний бүхий л хэсэгт тасралтгүй цохилт өгсөн нь дэлхийн эрчим хүчний зах зээл хэдийнээ хүнд нөхцөлд орсон энэ үед нийлүүлэлт тасалдах аюулыг улам өрдөх боллоо. Сүүлд лхагва гарагийн шөнө Украин Ярославлийн үйлдвэр болон Башкортостан дахь Bashneft-ийн Novoil үйлдвэрт дараалсан дроны цохилт өгчээ.
Хоёр улсын нээлттэй хийсэн мэдэгдлүүдэд үндэслэн Bloomberg-ийн тооцоолсноор өнгөрсөн сард ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд, тээвэрлэгч хөлөг онгоцууд, далайн боомтын болон магистраль дамжуулах хоолойн дэд бүтцэд Украин дор хаяж 30 удаа цохилт өгчээ. Энэ нь ОХУ Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Ираны дайны улмаас нийлүүлэлт хумигдаж, дэлхий даяарх нефть боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа дээд түвшинд ажиллаж буй энэ үед ОХУ-ын экспортод ч эрсдэл учирчээ. Дотоодын зах зээлд хомсдол дахин үүсэхээс сэргийлэхийн тулд Москва өнгөрсөн долоо хоногт дизель түлш болон автобензиний экспортын дийлэнх хувьд тавьсан хоригоо сунгасан юм.
VII сарын эхний хагаст Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг түлхүү онилсон цохилт өгч байсны дотор Украины хилээс 2500 гаруй километрийн зайд орших, ОХУ-ын хамгийн томд тооцогдох Омскийн үйлдвэр ч өртсөн юм. Харин сарын сүүлийн хагаст нефть тээвэрлэгч хөлөг онгоцнуудыг онилсон тул Оросын зарим үйлдвэрүүдэд засвар хийж, үйл ажиллагаагаа сэргээх боломж олгосон байна.
“EA Analytics”-ийн тооцоолсноор ОХУ-ын түүхий газрын тос боловсруулах хэмжээ VII сард өдөрт дунджаар 3.6 сая баррель байжээ. Энэ нь улирлын ердийн түвшнээс 35 орчим хувиар бага үзүүлэлт юм.
Анхаарлын төвд
Савлагааны халуун цэг. Азийн технологийн хувьцаануудын хөдөлгөөнийг алдахгүй дагана гэдэг бэрх болжээ. Хиймэл оюунтай холбоотой бүхий л хувьцааг тойрсон хөрөнгө оруулагчдын “халуурал” үргэлжилж, MSCI-ийн Asia Pacific Tech Index-ийн сүүлийн 100 өдрийн хэлбэлзэл 2009 оноос хойших дээд цэгтээ хүрсэн байна. Пүрэв гарагт л гэхэд тус индекс 3.2 хувиар унасан бол өмнөх өдөр нь 4.2 хувиар өссөн юм. Түүнчлэн SK Hynix, Samsung компаниудын хувьцааны уналт БНСУ-ын Kospi индекс 4.2 хувийн уналттай хаагдахад нөлөөлснөөр VI сарын дээд түвшинтэйгээ харьцуулахад 31 хувиар доогуур түвшинд очлоо.
Намар угтсан бууралт. VIII сарын эхний байдлаар үхрийн цул мах нийслэлд нэг кг нь 37,767 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 55.2 хувиар өссөн бол өмнөх сараас 1.4 хувиар буурсан дүн болохыг Үндэсний Статистикийн хороо мэдээллээ. харин хонины ястай мах нэг кг нь 27,342 төгрөг болж, өмнөх сараасаа 1 хувиар буурсан байна. Харин хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн дундаас төмсний үнэ өсөлтөөрөө тэргүүлж байна.

VII сарын 27-ны өдрийн байдлаар нэг кг төмс 4299 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 80.3 хувиар өндөр үнэ аж. Харин сүүлийн өдрүүдэд эргэн суларч, нэг кг төмсний дундаж үнэ 3523 төгрөг болон 18 хувиар буурчээ.
Даамай зарцуулалтын жил. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2027 оны төсвийн саналаа 6.9 их наяд төгрөгөөр тооцож танилцуулсан нь батлагдсан хязгаараас 2 их наядаар, 2026 оны төсвөөс 40 гаруй хувиар өндөр дүн болж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлт болон тэтгэврийг 100–300 мянган төгрөгөөр нэмэх төлөвлөгөө нь төсвийг ингэж тэлнэ гэж үзжээ. Улмаар Нийгмийн даатгалын сангийн зарлага 9.3 их наяд төгрөг, алдагдал нь 2.6 их наяд хүрэхээр тооцсон байна. Үүнийг нөхөхийн тулд улсын төсвөөс 3.3 их наядын санхүүжилт шаардагдах нь ирэх онд төсвийн дарамт үлэмж нэмэгдэх төлөвтэйн дохио боллоо.
Үнэ шинэчлэнэ. ОХУ-аас энэ сард худалдан авах АИ-92 төрлийн бүтээгдэхүүний үнэ тонн нь 800 ам.доллар байснаас 851 ам.доллар болж өссөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөл удахгүй хуралдахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ. Ингэхдээ БНХАУ болон БНСУ-аас импортлох бүтээгдэхүүний үнийг харгалзан үзэх аж. Шатахууны үнийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар автобензин, дизель түлшний Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаад буй. VIII сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 580 тонн АИ-92 төрлийн шатахуун буусан байна.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Алт дахин анхаарлын төвд
Ормузын хоолойг нээх чиглэлд ахиц гарч, АНУ-д бодлогын хүүг өсгөх дарамт багассанаар алтны үнийн сүүлийн зургаан сарын хамгийн эрчтэй өсөлт үргэлжилж байна.

Лхагва гарагийн арилжаагаар 4.1 хувиар өссөн нь хоёрдугаар сарын гурваны өдрөөс хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Сүүлийн байдлаар алтны ханш 0.7 хувиар чангарч, унц нь 4277 ам.доллар хүрээд байна.
Мөн өмнөх арилжаагаар 4 хувиар өссөн мөнгөний ханш 0.3 хувиар дахин өсөж, унц нь 62 ам.долларт тогтворжлоо.
Нийлүүлэлт талаасаа БНСУ-ын Төв банк дотооддоо цэвэршүүлсэн алт худалдан авах тогтолцоог бүрдүүлэхийн тулд үндэсний компаниуд, Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны хадгаламжийн төвтэй хамтран ажиллаж эхэлсэн нь алтны үнэд дэмжлэг болжээ. Энэ нь тус банкны хувьд 1967 оноос хойш дотоодоос алт худалдан авах анхны тохиолдол болж байна.
Зам зуур

Шилэн хаалга хаагдангуут сэрүүн салхи таны толгой, хүзүү, мөр рүү үлээж, зуны аагим халуунаас хормын дотор ангижруулна...
Дотор нь хүн чөлөөтэй багтах хэмжээтэй, гангаар хийсэн том хөргөгч мэт “Do Hiemon Box” хэмээх бүтээгдэхүүний өгөх мэдрэмжийг ийнхүү тодорхойлж болно. Хүнийг "хөргөж" сэрүүцүүлэх зориулалттай, 1.5 сая иен буюу 9500 ам.долларын үнэтэй уг бүхээгийг Trusco Nakayama Corp. өнгөрсөн оноос эхлэн барилгын талбай, гангийн үйлдвэрүүд, гольфийн талбай, их сургууль, амралтын газруудад нийлүүлж, одоогоор 200 гаруй ширхгийг борлуулаад байгаа аж.
Дэлхийн дулаарал эрчимжих хэрээр Японы зун улам халуун, чийглэг болж, агаарын температур 35 хэмээс давах нь ердийн үзэгдэл болжээ. Тус улсын цаг уурын байгууллагаас хэт халуун өдрүүдийг тодорхойлох шинэ нэр томьёо нэвтрүүлж, үндэсний NHK телевиз нь наранд цохиулах эрсдэлээс сэргийлэхийг үзэгчдэд байнга анхааруулдаг болсон байна.
Дугуйтай, шилэн хаалга ба цонхтой, дотроо сандалтай “Do Hiemon Box”-ийг ердийн цахилгааны залгуурт залган ашиглах боломжтой. Бүхээг доторх температур 15 хэмд тогтвортой хадгалагддаг бөгөөд хүн орж ирж суухад 5 хэмийн сэрүүн агаараар үлээдэг байна.
Эцэст нь товчхон:
ГЕГ: Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний долоон сард түүхэн дээд түвшин болох $19.3 тэрбумыг давж, худалдааны ашиг $5 тэрбумаас дээш гарлаа. Экспортын орлогын 44.7 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 38 хувийг нүүрс бүрдүүлжээ.
Онцлох зураг
ОХУ-ын пуужингийн довтолгооны дараа өтгөн хар утаанд бүрхэгдсэн орон сууцны хороолол - Киев, Украин

Kostiantyn Liberov/Getty Images