- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/06
2026/08/06
Өглөөний мэнд. ЗГ шатахууны импортын татварыг тэглэж, иргэд, ААН-үүд чөлөөтэй импортлох боломжийг нэмэгдүүллээ.
Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшнээ дахин шинэчилж, $7.9 тэрбум давжээ.
SpaceX-ийн анхны тайлан шинжээчдийн таамгаас давсан ч хувьцааны ханш нь огцом савлалаа.

Зах зээл чөлөөлөх алхам
Засгийн газар шатахууны импортын гаалийн татварыг түр хугацаанд тэглэж, шаардлага хангасан компаниудад импортын зөвшөөрөл шуурхай олгохоор шийдвэрлэлээ. Улс даяар цочроо өгсөн автобензиний ээлжит ноцтой хомсдол үүссэнээр нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, хомсдол болон үнийн өсөлтийг сааруулах, цаашлаад импортын зах зээлийг чөлөөлөх чухал зохицуулалт ийнхүү хийгдэж байна.
Лхагва гарагт танилцуулсан тогтоолд бүх төрлийн шатахууны импортын гаалийн татварыг 2027 оны II сарын 1 хүртэл тэглэхээс гадна шатахууныг хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах үйл ажиллагааг хурдасгаж, вагонцистерний төлбөр, хураамжийг хөнгөвчлөх шийдвэр багтжээ.

Монгол Улсад 200 гаруй ААН шатахуун импортлох зөвшөөрөлтэй ч тэдгээрийн 20 орчим хувь нь л бодит эх үүсвэрээр хангагдаж байгаа аж. Шинэ зохицуулалт нь жижиглэнгийн үнийг бүрэн чөлөөлсөн гэсэн үг биш ч татвар, зөвшөөрөл, логистикийн саадыг бууруулж, шинэ импортлогчид зах зээлд нэвтрэх боломжийг тэлэхээр байна.
Монгол Улс VIII сард 86.5 мянган тонн АИ-92, 178.7 мянган тонн дизель түлш болон бусад төрлийн шатахуун импортлох гэрээгээ баталгаажуулсан байна. Өнгөрсөн тав хоногт 9720 тонн АИ-92 орж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод өдөрт шатахуун авч буй автомашины тоо 38 мянгаас 115 мянгад хүрч өссөнийг салбарын сайд мэдээллээ.
Нийлүүлэлт төрөлжүүлэхээс гадна дотоодын нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүчин чармайлт үргэлжилж байна. Одоогоор 18 ААН нийт 22 агуулах сав барьж байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахуун хадгалах хүчин чадлыг энэ онд 150 мянган метр кубээр нэмэгдүүлж, 2027 онд 300 мянган метр кубд хүргэснээр ердийн хэрэглээний нэг сарын нөөц хадгалах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Мөн сав барих ААН-үүдэд олгож буй 1 их наяд гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татааст ирэх онд 61.2 тэрбум төгрөг олгохоор тооцоолсон нь салбарын сайдын 2027 оны төсвийн урсгал зардлын 65.2 хувьтай тэнцэх нь.
Анхаарлын төвд
Арвижсан нөөц. Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэнд анх удаа 7.9 тэрбум ам.доллар давж өслөө. Сарын дүнгээр 4 хувиар өссөн нь өмнөх саруудын өсөлттэй харьцуулахад дундаж түвшин аж. Алтны худалдан авалт болон голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж буй. VII сард Төв банкны худалдан авсан үнэт металлын хэмжээ 1.4 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл худалдан авчээ. Мөн сүүлийн саруудад зэсийн ханш тогтмол өсөж байгаа нь экспортын орлогын өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна.
Сумны үйлдвэр. Монгол Улсын анхны сумны үйлдвэр болох “Зэв” гурван төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлснийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа мэдээлжээ. Батлан хамгаалах яам БНТУ-ын “MKE” корпорацтай байгуулсан цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус үйлдвэрийн угсралтыг гүйцэтгэж, өнгөрсөн онд ашиглалтад оруулсан юм.

Ингэснээр Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэл болон төрийн цэргийн, үндэсний аюулгүй байдлын тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломж бүрджээ. Дараагийн шатанд Сумны бэлдэцийн үйлдвэр болон Дроны үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд мөн онцолжээ.
Түүхэн өндөр төсөв. 2027 онд боловсролын салбарт шаардлагатай төсөв 8.2 их наяд төгрөг байхаар тооцоолсныг Боловсролын яам танилцууллаа. Энэ нь 2027 оны улсын төсвийн нийт зарлагын 22.6 хувь, ДНБ-ий 7.9 хувьтай тэнцэх дүн болж буй. Ирэх онд хөтөлбөрийн шинэчлэл хийх, сайн багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд бүр хувьсах зардалтай байх, хуурамч үнэлгээг арилгах зэрэгт чиглэсэн үндсэн зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд тодотгов. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар боловсролын салбарын төсөв нэгдсэн төсвийн нийт зарлагын 12.6-16.4 хувийг эзэлж байжээ.
Томчуудтай үзэлцэх хэрэггүй. 2026 онд АНУ-ын технологийн тэргүүлэх компаниуд хиймэл оюуны дэд бүтцэд 750 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буй нь Монгол зэрэг хөгжиж буй олон орны ДНБ-ийг нийлүүлснээс ч давсан дүн юм. Тиймээс хөгжиж буй орнууд томоохон дата төв байгуулах, их хэлний модель бүтээх чиглэлд хөгжингүй орнуудтай өрсөлдөх шаардлагагүй, харин өртөг багатай, жижиг хиймэл оюуны хэрэгслийг нэвтрүүлснээр эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжээ сайжруулах боломжтойг Дэлхийн Банк шинэ тайландаа зөвлөжээ.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: SpaceX ба AI амбиц
SpaceX компани IPO хийсний дараах анхны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Улирлын орлого нь хэдий шинжээчдийн төсөөллөөс давсан ч компанийн хиймэл оюуны бизнесийн зарцуулалтын дүн дундаж таамгаас өндөр байсан нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг нэмж, улмаар хувьцааны ханш нь мягмар гарагийн арилжаагаар огцом буурав.

Өнгөрсөн улиралд тус компани 7.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь Bloomberg-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаг болох 6.8 тэрбум ам.доллароос харьцангуй дээгүүр үзүүлэлт болж байна.
Харин SpaceX-ийн хөрөнгийн зарцуулалт 18.4 тэрбум ам.доллар хүрсэн бол хиймэл оюуны бизнес нь 1.26 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO хийснээс хэдхэн долоо хоногийн дараа SpaceX-ийн хувьцаа унаж эхэлсэн юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь оргил үеэсээ нэг их наяд ам.доллароор агшаад буй. Сүүлийн байдлаар үнэлгээ нь 1.6 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
Сансарт дата төв байгуулах зэрэг Илон Маскийн өндөр амбицтай төлөвлөгөө хэрэгжихэд өндөр зардал, ихээхэн эрсдэл дагалдах бөгөөд бодит үр дүнд хүрэхэд олон жил шаардагдаж болзошгүй.
Гэсэн ч уламжлалт салбаруудын тогтсон дүрмийг эвдэж ирсэн Маскийн амжилтыг харгалзан Уолл Стритийн шинжээчдийн дийлэнх нь компанийн хэтийн төлөвт өөдрөг хэвээр байна.
Зам зуур

Казахстан улс 70 гаруй жилийн дараа анх удаа зэрлэг бар байгальд тавьж, бүс нутагт устаж үгүй болсон араатныг сэргээн нутагшуулах олон арван жилийн ажилдаа томоохон ахиц гаргасан болохоо мэдээллээ.
Казах хэлээр "итгэл найдвар" гэсэн утга бүхий "Үмит" нэртэй Амар мөрний эмэгчин барыг VII сарын 31-нд Или-Балхашийн Байгалийн нөөц газарт суллан тавьсан бөгөөд байршил тогтоох хүзүүвчээр хөдөлгөөнийг нь хянаж байгааг Казахстаны Экологи, байгалийн нөөцийн яам онцолсон байна.
Или мөрний адаг, Балхаш нуурын өмнөд эрэг орчмын шигүү ойн бүсэд Каспийн бар буюу Тураны барын уугуул популяц тархаж байсан ч 20 дугаар зууны дунд үеэс үзэгдэхээ больсон байна. Голын татмын ой сийрэгжин устаж, гөрөөсний тоо толгой буурч, хүний үйл ажиллагаа болон хяналтгүй агнуур өссөний нөлөөгөөр Каспийн бар идэш тэжээл, амьдрах орчингүй болж устсан гэж үздэг.
Эцэст нь товчхон:
Засгийн газар: Оны эцэст цалин тэтгэвэр тавих, Төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй нөхцөл үүссэн тул зардлуудыг эрэмбэлж, хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргалаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2027 оны төсвийн төслийн хөрөнгийн зардлын 86.2 хувь буюу 65.2 тэрбум төгрөгийг геологийн судалгаа, эрэл хайгуулын зардалд зарцуулахаар төлөвлөжээ.
Онцлох зураг
Китеронас ууланд гарсан ойн түймрийн голомтыг дарахаар “Chinook” нисдэг тэрэгнээс ус цацаж байна - Псата, Грек

Antonio Sempere/AP