- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/08/05
2026/08/05
Өглөөний мэнд. Jade Gas Монголын метан хийг зах зээлд гаргах $762 саяын хөрөнгө оруулалт татахаар хэлэлцэж байна.
Шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар "Тэг зогсолт" хийхэд хүрээд байгааг салбарынхан анхааруулав.
Rio Tinto сүүлийн 4 жилийн хамгийн өндөр ашигтай эхний хагас жилээ үджээ.

Метан хийн мега боломж
1.1 тэрбум австрали долларын дүнтэй хамтын ажиллагааны хэлцэл эхлүүлээд буй Jade Gas Holdings компани ирэх есдүгээр сард багтаан санхүүжилтийн эцсийн гэрээ байгуулбал Монгол дахь Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 оны эхээр эхлүүлэхээр зорьж байгаагаа мэдээллээ.
БНХАУ-ын “PT Beijing Energy Linking”, “PetroChina”, “Hunan Geology & Mining Technology” компаниудаас бүрдсэн консорциум өнгөрсөн сард Jade Gas-тай хамтын ажиллагааны хэлцэл хийж, төслийн эхэн шатны хөгжүүлэлтэд шаардагдах 762.5 сая ам.доллар буюу 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийг бүрэн хариуцах санал тавьсан байна.

Талууд энэ улирлын төгсгөл гэхэд гэрээгээ эцэслэхээр зорьж байгаа бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл инженерчлэл, логистик, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг 2026 онд багтаан эхлүүлэх боломжтой аж. Өрөмдлөгийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 175 олборлолтын цооног өрөмдөхөөр тооцоолж, энэ хүрээнд 2027 оны II-III сард төслийн талбайд 10 хүртэлх тооны өрөмдлөгийн машин байршуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна талууд төслийн “Улаан нуур” талбайгаас эхний ээлжид 40 гаруй цооногийн хийг боловсруулах шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр байгуулахаар судалж байгааг мэдээллээ.
Гэрээнд санал болгож буй бүтцээр төслийн эзэмшил Jade Gas-д хадгалагдах бол PTBEL-ийн консорциум метан хийн борлуулалтын орлогоос хөрөнгө оруулалтаа нөхөхөөр тусгажээ. Тодруулбал хөгжүүлэлтийн зардал бүрэн нөхөгдөх хүртэл PTBEL татвар, роялтигийн дараах борлуулалтын орлогын 80 хувийг хүлээн авах юм байна. Харин цооногуудын олборлолтын үлдсэн хугацаанд Jade Gas-д орлогын 70 хувь нь, “PT Beijing Energy Linking”-д 30 хувь нь ногдохоор хуваарилжээ.
175 цооногоос бүрдсэн эхэн шатны хөтөлбөр нь Jade Gas-ийн урт хугацааны төлөвлөгөөний ердөө багахан хэсэг нь аж.
Анхаарлын төвд
Орлого 7 нугарав. Тавантолгой ХК 2026 оны эхний хагас жилд 1.4 орчим их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс долоо дахин өссөн дүн боллоо. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 488.2 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 7.6 дахин, 2025 оны нийт гүйцэтгэлээс 2.6 дахин өссөн байна. Энэ оны эхний хагаст МХБ-ээр дамжуулан хийсэн нүүрсний арилжааны нийт үнийн дүнгийн 26 орчим буюу 746 тэрбум төгрөгийн арилжааг тус компанийнх бүрдүүлжээ. Тухайн хугацаанд дуудлага худалдаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 9.51 хувь байсан байна.
Зардал, хүндрэл. Газар шим үйлдвэр ХК 2026 оны эхний хагас жилд 1.56 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 55 хувиар буурсан дүн боллоо. Түүхий эдийн үнэ өссөнийг даган бүтээгдэхүүний өртөг өссөнөөс гадна ажилтнуудын цалин хөлсийг нэмсэн зэрэг хүчин зүйлс ашгийн үзүүлэлт буурахад гол нөлөө үзүүлснийг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат мэдээлсэн.

МХБ-д хүргүүлсэн санхүүгийн тайлангаас харахад энэ оны эхний хагас жилд Газар шим үйлдвэр ХК-ийн ерөнхий ба удирдлагын зардал 86.3 хувиар, санхүүгийн зардал тав дахин өсжээ. Компанийн засаглал үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүтцийн өөрчлөлтүүдийг нэлээд хийсэн нь зардал нэмэгдэхэд түлхэц болсон байна.
Гачигдлын өдрүүд. Мягмар гарагийн байдлаар Улаанбаатар хотод 139 шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн нийлүүлсэн бол орон нутагт нийт 70 шатахуун түгээх станц руу 169 тонн бүтээгдэхүүн ачигдсан тул нөхцөл байдал орон нутагт хэвийн болох нөхцөл байдал бүрдэж байгааг салбарын яам тодотголоо. Мөн одоогоор БНХАУ, ОХУ, БНСУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан тул нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжлэхийг мэдээлэв.
Зэсийн эрин. Rio Tinto сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр ашигтай ажилласан эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. 2026 оны эхний хагас жилд тус групп 6.8 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн дүн болов. Дата төвүүдийн эрчим хүчний эрэлттэй холбоотойгоор тус группийн зэс, хөнгөн цагааны ашиг анх удаа үндсэн бизнес нь болох төмрийн хүдрийн ашгийг давсан байна. Эхний хагас жилд тус групп 442 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бөгөөд тэр дундаа Оюу Толгой уурхайн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсөж Кеннекотт болон Эскондида уурхайн үйлдвэрлэлийн бууралтыг үндсэндээ нөхсөнийг онцолжээ.
Дата төвийн ирээдүйтэй байршил. БНХАУ-ын DeepSeek компани Өвөр Монголын Өөртөө засах оронд хиймэл оюуны асар том дата төв байгуулахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал тус компани Бээжингээс баруун хойд зүгт 350 орчим километр зайд орших Улаанцав хотод нэг гигаваттын хүчин чадалтай дата төвийн дэд бүтэц байгуулахаар зорьж буй аж. Орон нутгийн захиргаанаас олгосон зөвшөөрлүүдээс үзвэл Улаанцавт арав гаруй компани энэ чиглэлд төсөл хэрэгжүүлэхээр байна.
Блумберг санал болгож байна
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Хүсэхэд хясав
Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьснаас эхний долоон сарын байдлаар 60 гаруй хувийг нь хүлээн аваад байна. Гэсэн ч аялал жуулчлалын оргил улиралд улс даяар үүссэн шатахууны хомсдол салбарт 1.2 их наяд төгрөгийн хохирол учруулах эрсдэл үүсгэжээ.

Монгол Улс 2026 он гарсаар 580 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт болохыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо мэдээллээ.
Улсаар нь харвал ОХУ, БНХАУ, БНСУ-аас хамгийн олон жуулчин ирсэн бол Япон, Казахстан, АНУ, ХБНГУ-ын жуулчид удаалж байна.
Зөвхөн долоодугаар сард 150,257 жуулчин ирсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо.
Гэсэн хэдий ч шатахууны хомсдолоос шалтгаалан аялал жуулчлалын салбар "Тэг зогсолт" хийхэд хүрээд байгааг салбарынхан мэдээллээ.
Шатахуун хангамжийн асуудлаас болж VIII, IX сарын аяллууд цуцлагдах тохиолдолд нэг жуулчнаас олох дундаж орлогоор тооцоход 1.2 их наяд төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэйг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо анхааруулж байна.
Иймд шатахуун хангамжийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Зам зуур

“Spider-Man: Brand New Day” нээлтийн өдрүүдийн орлогоороо Холливудын түүхэн дэх дээд амжилтыг тогтоолоо.
Даваа гарагт шинэчлэн танилцуулсан тооцооллоор тус бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын кино театруудаас 360 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь 2019 онд нээлтээ хийж, эхний хоёр өдөртөө АНУ, Канадаас 357.1 сая ам.доллар олж байсан Marvel-ийн “Avengers: Endgame”-ийн амжилтыг давсан үзүүлэлт болжээ.
Шинэ “Spider-Man” мөн олон улсын зах зээлээс 572 сая ам.долларын орлого олсон бөгөөд тэр дундаа Франц, Энэтхэг, Бразил зэрэг улсад нээлтийн орлогоор бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосныг Sony мэдээлжээ.
Эцэст нь товчхон:
Монголбанк VII сард 1.4 тонн, оны эхнээс өссөн дүнгээр нийт 8.9 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Өнгөрсөн сард нэг грамм алт худалдаж авах дундаж үнэ 469.7 мянган төгрөг байсан нь VI сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.7 хувиар буурсан дүн боллоо.
Онцлох зураг
Мароккогоос завиар ирсэн хууль бус цагаачид эрэг дээр түүдэг гал асаан сууж байна - Сеута, Испани

Antonio Sempere/AP