- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/07/10
2026/07/10
Өглөөний мэнд. SpaceX Nasdaq 100 индекст багтаж, Уолл Стритийн банкнуудын эерэг үнэлгээнд “булагдав”.
Харилцан цохилтуудын дараа АНУ, Ираны гал зогсоох хэлэлцээр “дууссан” болохыг Дональд Трамп мэдэгдлээ.
Засгийн газар ТӨК-иудын засаглалыг сайжруулах хүрээнд Franklin Templeton-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хүслэн болсон хувьцаа
Уолл Стритийн хамгийн том банкнууд SpaceX-ийн түүхэн IPO-оор тус компанийн хувьцааг нэгж бүрийг нь 135 ам.доллароор худалдан авч байлаа. Тэгвэл үүнээс хэдхэн долоо хоногийн дараа тэдгээр банкнуудын шинжээчид SpaceX-ийн хувьцааг нэгж бүр нь дунджаар 236 ам.долларын үнэлгээтэй байх ёстой гэж үзэж байна.
Мягмар гарагт Morgan Stanley, JPMorgan Chase & Co., Goldman Sachs Group тэргүүтэй 10-аад банк тус компанийн хувьцааны шинжилгээг албан ёсоор эхлүүлж, “худалдан авах” зөвлөмж өглөө.

Хөрөнгийн захыг доргиож нээлттэй компани болсны дараа SpaceX-ийн ашигт ажиллагаа, гүйцэтгэл, үнэлгээг тойрсон эргэлзээ оршсон хэвээр байгаа ч компанийн урт хугацааны өсөлтийн потенциалд шинжээчид итгэлтэй байна. Тухайлбал хамгийн өөдрөг дүгнэлт танилцуулсан Raymond James фирмийн зүгээс “strong buy” зөвлөмж өгсний сацуу хувьцааны зорилтот дээд ханшийг 800 ам.доллароор тогтоосон нь IPO-ийн үнээс нь бараг 500 хувиар дээгүүр ханш юм.
“Төмөр зам, цахилгаан шугам сүлжээ, интернэт нь эдийн засгийн өмнөх эрин үеүдийг шинээр тодорхойлсны нэгэн адил SpaceX аж үйлдвэрлэлийн хүчин чадлын дараагийн үеийн суурийг тавьж байгаа гэдэгт бид итгэж байна” хэмээн Raymond James-ийн шинжээч Брайан Гесуале онцолжээ.
Шинжээчдийн тогтоосон зорилтот ханшийн дундаж нь SpaceX-ийн мягмар гарагийн хаалтын ханш болох 149.47 ам.доллароос 58 хувиар өндөр байна.
Ашигтай ажиллах хүртлээ олон жил зарцуулсан Tesla компани ч IPO хийснийхээ дараа Уолл Стритээс SpaceX шиг эерэг үнэлгээ авч байгаагүй юм.
Үүнээс гадна SpaceX мягмар гарагт Nasdaq 100 индекст багтлаа. Ингэснээр индекс дагадаг сангууд буюу ETF-үүд компанийн хувьцааг заавал худалдан авч, багцдаа хадгалах шаардлага үүсэх тул үнэлгээнд нь дорвитой дэмжлэг болох төлөвтэй.
Анхаарлын төвд
ТӨК-иудыг цэвэрлэх эхний алхам. Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглал, санхүүгийн сахилга батыг сайжруулж, 2027 онд багтаан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах зорилтынхоо хүрээнд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудын нэг Franklin Templeton-той харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. ТӨК-иудын шинэчлэлд хамтран ажиллах саналыг ЗГ олон улсын 12 байгууллагад хүргүүлснээс Franklin Templeton сонирхлоо илэрхийлжээ. Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ТӨК-иудын ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх захирлуудыг чөлөөлж, шалгуурыг өндөрсгөн мэргэжлийн томилгоо хийхээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Дахин эвгүйтэв. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох урьдчилсан хэлэлцээр дуусгавар болсныг мэдэгдсэнээр хоёр улсын хооронд мөргөлдөөн дахин эхлэх эрсдэл нэмэгдлээ. "Миний хувьд энэ бүгд дууссан гэж бодож байна. Одоо зүгээр л цагийн гарз болсон" хэмээн тэрбээр Анкарад болж буй NATO-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн хамт хэвлэлд мэдээлэл өгөхдөө онцолжээ.

Үүнээс өмнө АНУ Иранд Ормузын хоолойгоор зорчиж байсан хөлөг онгоцнуудад халдсаны хариу болгон дараалсан цохилтууд өгч, мөн Ираны газрын тос худалдан борлуулах эрхийг сэргээсэн шийдвэрээ цуцлаад байсан юм. Сүүлийн үйл явдлууд нь дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүний зах зээлийг дахин савлуулж, Вашингтон, Техраны хэврэг энхийн хэлэлцээрийг улам ганхуулаад байна.
СЭХ-ний аукцион үргэлжилнэ. Засгийн газар батерей хураагууртай нарны цахилгаан станцын хоёр дахь нээлттэй сонгон шалгаруулалтыг Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт зарлахаар шийдвэрлэлээ. Өмнөх шатанд таван байршилд нийт 220 МВт-ын төслүүд сонгогдож, долоодугаар сарын 1-нээс гэрээний хэрэгжилт эхэлсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Мандал суманд нарны станц, Дундговь аймгийн Сайнцагаанд 100 МВт-ын салхин цахилгаан станцын сонгон шалгаруулалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Суртал ухуулгын төгсгөл. Унгарын шинэ Засгийн газар тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, өмнөх удирдагч Виктор Орбаны үеийн "суртал ухуулгын он жилүүд"-ийг дуусгавар болгож байгаагаа мэдэгджээ. Мягмар гарагт Унгарын төрийн телевизийн үндсэн сувгийн нэвтрүүлгийг зогсоож, оронд нь үзэгчдээс уучлал гуйсан бичвэрийг эфирээр харуулсан байна. "Төрийн хэвлэл мэдээлэл худал ярих ёсгүй. Олон жилийн турш үүнийг хийсэндээ бид уучлал гуйж байна" хэмээн хар дэвсгэр дээр цагаанаар бичжээ.
IV сард Петер Мадьярын удирдсан сөрөг хүчний "Тиса" нам сонгуульд түүхэн ялалт байгуулснаар Ерөнхий сайд асан Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн улс төрийн ноёрхлыг зогсоосон юм. Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээн авсны дараа хийх эхний ажлуудын нэг нь Төрийн өмчит хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд томоохон шинэчлэл хийж, үндэсний радио, телевизийн нэвтрүүлгийг зогсоох явдал болохыг Петер Мадьяр амлаж байв.
Блумберг санал болгож байна
🇲🇳🇰🇷 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.
БНСУ-ын төрийн тэргүүний 15 жилийн дараа хийх энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар байна.
Үүний зэрэгцээ 2023 оноос хойш үргэлжилж буй Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эцэслэгдэх дөхөж байна. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын экспортыг тэлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй.

🔹 БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын гол үйл явдлууд, хоёр улсын эдийн засгийн харилцааны шинэ боломжууд, экспертүүдийн дүгнэлтийг багтаасан тусгай хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-иар долоодугаар сарын 9-нөөс эхлэн хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Nvidia эрс хямдарчээ
Хоёр хүрэхгүй сарын дотор зах зээлийн үнэлгээнээсээ 1 их наяд орчим ам.доллар алдсан Nvidia Corp.-ийн хувьцааны ханш хиймэл оюуны өсөлтийн давлагаа эхлэхээс өмнөх үеийн түвшиндээ очиж хямдраад байна.

Хиймэл оюуны дата төвийн зах зээлд тус компанийн GPU буюу график чипүүд давамгайлсан хэвээр ч хувьцааны ханш нь тавдугаар сарын 14-нд түүхэн дээд түвшиндээ хүрснээсээ хойш 16 хувиар унажээ.
Саяхан хүртэл Уолл Стритийн хамгийн эрэлттэй хувьцаанд тооцогдож байсан NVDA ирэх 12 сарын хүлээгдэж буй ашгаасаа 18 дахин өндөр үнэлгээгээр арилжаалагдаж байгааг Bloomberg-ийн тооцоолол харуулжээ. Компанийн хувьцаа хамгийн сүүлд 2019 оны эхээр ийм хямд үнэлгээтэй байсан юм.
Харьцуулбал S&P 500 индексийн форвард P/E харьцаа 20 дахин, технологийн компаниуд ноёрхдог Nasdaq 100 индексийнх бараг 23 дахин өндөр байгаа юм.
Nvidia-ийн үнэлгээ буурсан нь компанийн бизнесийн төлөв муудсантай холбоогүй. Харин ч Уолл Стритийн шинжээчид ирэх улирлуудын ашгийн төсөөллөө нэмэгдүүлсээр байна.
Харин хиймэл оюуны салбар дахь хөрөнгө оруулалтын урсгал санах ой, өгөгдөл хадгалалтын компаниуд руу шилжиж байгааг Nvidia-ийн энэхүү уналт харуулж байна. Тухайлбал Nvidia-ийн өрсөлдөгч Advanced Micro Devices-ийн хувьцааны ханш энэ онд хоёр дахин, Intel Corp.-ийнх бүр гурав дахин өсжээ.
Зам зуур

Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва улсынхаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зурж, өөрийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгасан байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан тухай шийдвэр мягмар гарагт төрийн албан ёсны хэвлэлд нийтлэгджээ. Парламентын гишүүд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах саналыг өнгөрсөн сард дэмжсэн байна.
Өдгөө 83 настай Эммерсон Мнангагва өмнөд Африкийн Зимбабве улсыг он удаан жил удирдсан Роберт Мугабег 2017 онд төрийн эргэлтээр огцруулж, өөрөө Ерөнхийлөгчийн албан тушаалд очиж байв. Түүний одоогийн таван жилийн бүрэн эрх 2028 онд дуусахаар байсан аж.
Эцэст нь товчхон:
Засгийн газар Багануурын уурхайг түшиглэн нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар шийдвэрлэлээ. “Хөх нүүрс” төсөл хэрэгжсэнээр жилд 600 мянган тонн хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх бөгөөд дэргэд нь 50 МВт-ын цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Нийт 490 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн 10 хувийг нийслэл, 20 хувийг “Чингис хаан” баялгийн сан, үлдсэн 70 хувийг гадаадын зээл, түншлэлээр бүрдүүлэхээр тооцсон байна.
Онцлох зураг
Наран цэцгийн талбайд - Дебресен, Унгар

Zsolt Czeglédi/EPA