- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/07/08
2026/07/08
Өглөөний мэнд. Samsung-ийн улирлын ашиг 19 дахин өссөн ч хөрөнгө оруулагчдын таалалд нийцсэнгүй.
ОХУ-ын газрын тосны үнэ Ираны дайны өмнөх түвшиндээ хүрч буураад байна.
Silver Elephant нүүрсний “Улаан овоо” уурхайгаа түрээслүүлж, олборлолтын тонн тутамд роялти авахаар гэрээлжээ.

Өндөр ашиг, бүр ч өндөр хүлээлт
Samsung Electronics компани улирлын ашиг нь 19 дахин өссөн үзүүлэлттэй тайлан танилцуулсан ч хөрөнгө оруулагчид хиймэл оюуны тэсрэлтээр өдөөгдсөн өсөлт компанийн хувьцааны үнэд хэдийнээ шингэсэн гэж үзэж, ашгаа аван гарахаар хошуурчээ.
Ингэснээр мягмар гарагт Сөүлийн арилжаагаар Samsung-ийн хувьцаа 10 гаруй хувиар унаж, жишиг Kospi индексийг доош татсан тул биржийн арилжааг түр завсарлах шаардлага үүссэн байна. Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны дэд бүтцийн түүхэн бүтээн байгуулалт Samsung-ийн ашгийг даацтай өсгөнө гэдэгт найдаж, компанийн хувьцаа энэ он гарсаар 150 хувь дөхөж өсөхөд түлхэц болсон юм.

Samsung VI сараар дуусгавар болсон гурван сарын хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 89.4 их наяд вон буюу 58 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашиг олсноо танилцуулсан нь шинжээчдийн дундаж таамгаас ойролцоогоор 6 хувиар давсан дүн болов. Гэсэн ч нүд бүлтийлгэм өсөлтийн тоо харж дассан хөрөнгө оруулагчдыг дахин гайхшируулахад энэ нь хангалттай бус байлаа. Харин орлого нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсөж, 171 их наяд вонд хүрчээ.
Хиймэл оюуны салбар дахь тэнгэрт тулсан хөрөнгө оруулалт, үнэлгээ бодит үр өгөөжөө өгч буй эсэхийн нотолгоо болох учраас Samsung-ийн ашиг, орлогын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд буй. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудыы хувьцаа энэ онд түүхэн дээд түвшинд хүрч өссөн ч өрсөлдөөн ширүүсэх, үйлдвэрлэлийн хүчин чадал илүүдэх, олон зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт үр ашгаа өгч чадах эсэх дээр эргэлзээ үүссэнээр сүүлийн саруудад зах зээлийн савлагаа эрс нэмэгдсэн юм.
"Эдгээр нь үнэхээр мундаг тоонууд гэдгийг зах зээл бүрэн ойлгож чадахгүй байх шиг байна" хэмээн Counterpoint байгууллагын захирал Том Канг онцолжээ. Санах ойн чипийн үнийн өсөлт II улирлын эхэн үетэй харьцуулахад улирлын төгсгөл рүү бүр ч эрчимжсэн бөгөөд “өсөлтийн мөчлөг ирэх улирлуудад гарцаагүй үргэлжилнэ” хэмээн тэрбээр үзэж байна.
Анхаарлын төвд
Уурхайн түрээс. Канадын Silver Elephant Mining Corp. Монгол дахь бүрэн эзэмшлийн охин компаниараа дамжуулан “Улаан овоо” нүүрсний уурхайгаа Монголын уул уурхай, аж үйлдвэрийн томоохон группт түрээсээр ашиглуулах гэрээ байгуулснаа мэдээллээ. Хэлцлийн хүрээнд түрээслэгч тал эхний хоёр жилд олборлосон нүүрсний тонн тутамд хоёр ам.доллар, 2028 оны I сарын 1-нээс гурван ам.долларын роялти төлөхөөр тохирчээ. Мөн Silver Elephant гэрээ байгуулах үед 300 мянган ам.долларын урьдчилгаа төлбөр хүлээн авсан байна. Сэлэнгэ аймаг дахь “Улаан овоо” уурхайгаас 2012 оноос хойш 1 сая орчим тонн эрчим хүчний нүүрс олборлосон бөгөөд 2031 оны эцэс хүртэл жилд 300 мянгаас 1 сая тонн нүүрс олборлохоор тооцоолсон аж.
Авлигад өршөөлгүй. БНХАУ-ын шүүх авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтан асанд цаазаар авах ял оноолоо. Энэхүү хатуу шийтгэл нь тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний авлигатай тэмцэх өргөн хүрээний арга хэмжээ эрчтэй үргэлжилж байгаагийн илрэл болов. Хятадын төв телевизийн мэдээлснээр Наньжин хотын Эдийн засгийн бүсийн дэд даргаар ажиллаж байсан Ян Юлинь 2013-2023 оны хооронд 2.21 тэрбум юань буюу 325 сая ам.долларын хахууль авсан хэрэгт гэм буруутайг тогтоож, даваа гарагт шүүхийн шийдвэрээр цаазаар авах ялаар шийтгэжээ.

Ян Юлинийг мөн хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутай гэж дүгнэсэн байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг “онц ноцтой” бөгөөд улсад асар их хохирол учруулсан тул цаазаар авах ял оноох үндэслэлтэй гэж Жянсү мужийн Чанжөү хотын Ардын дунд шатны шүүхээс шийдвэрлэснийг CCTV мэдээлжээ.
Нөөц арвижсан хагас жил. Монгол Улсын гадаад валютын албан нөөц эхний хагас жилийн эцэст 7.66 тэрбум ам.доллар болж, оны эхнээс 9.3 хувиар өссөн ч өмнөх сараас 1 орчим хувиар буурлаа. Харин V сард 7.73 тэрбум буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан юм. Өнгөрсөн сард арилжааны банкууд валютын дуудлага худалдаагаар 339 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 299 сая ам.доллар нийлүүлжээ. Монголын гадаад худалдааны 90 гаруй хувь нь валютын төлбөр тооцоотой бөгөөд БНХАУ хамгийн том худалдааны түнш хэвээр, араас нь ОХУ, Япон зэрэг улс орж байна.
Шинэ төлөөлөгч. Дэлхийн Банк Монгол дахь Суурин төлөөлөгчөөрөө Викториа Делмоныг томиллоо. Их Британийн иргэн Делмон нь Оксфордын их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Африк, Зүүн Европ, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан дэд бүтцийн санхүүжилт, компанийн нэгдэл, худалдан авалт, дэд бүтцийн төслүүдийн бүтэц, бодлогын шинэчлэлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатайг онцолжээ.
Блумберг санал болгож байна
🇲🇳🇰🇷 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.
БНСУ-ын төрийн тэргүүний 15 жилийн дараа хийх энэхүү айлчлалаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар байна.
Үүний зэрэгцээ 2023 оноос хойш үргэлжилж буй Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эцэслэгдэх дөхөж байна. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын экспортыг тэлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх хүлээлттэй.

🔹 БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын гол үйл явдлууд, хоёр улсын эдийн засгийн харилцааны шинэ боломжууд, экспертүүдийн дүгнэлтийг багтаасан тусгай хөтөлбөрийг Bloomberg TV Mongolia-иар долоодугаар сарын 9-нөөс эхлэн хүлээн авч үзээрэй.
Гүн рүү: Urals дайны өмнөх түвшинд
ОХУ-ын экспортын гол нэр төрлийн түүхий газрын тосны үнэ Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлэхээс өмнөх түвшинд хүрч унаснаар Украины дайны зардлаас үүдэн хэдийнээ улайж эхэлсэн Кремлийн төсөвт улам ачаалал өгөх боллоо.

Argus Media-ийн мэдээллээр VII сарын эхний гурван өдөр ОХУ-ын баруун хэсгийн боомтуудад “Urals” газрын тосны дундаж үнэ баррель тутамд 41.66 ам.доллар болсон байна. Энэ нь IV сард газрын тосны зах зээлийн савлагаа оргилдоо хүрч байсан үеийнхээс хоёр дахин бага үнэ юм.
Ираны дайн, Ормузын хоолой хаагдсанаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт эхэн үедээ ОХУ-д их хэмжээний нэмэлт орлого авчирч байсан ч дээрх тоон үзүүлэлтүүд хадгалагдвал ОХУ-ын эрх баригчдад шүдний өвчин болж болзошгүй байна.
Хэрэв газрын тосны үнэ төсөвт тооцсон үнээс удаан хугацаанд доогуур хадгалагдвал төсвийн алдагдлыг хяналтад оруулах Кремлийн боломж улам хязгаарлагдана.
Энэ оны эхний таван сард ОХУ-ын төсвийн алдагдал зургаан их наяд рубль буюу 77 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 2.6 хувьтай тэнцжээ. Энэ нь 2026 оны бүтэн жилийн зорилтот хэмжээнээс ойролцоогоор 60 хувиар давсан үзүүлэлт юм.
Зам зуур

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авч буй АНУ-ын шигшээ багийн аялал даваа гарагт багагүй хэл амтайгаар өндөрлөлөө.
Бельгийн шигшээ баг 4:1-ийн харьцаатай АНУ-ыг буулгаж авснаар шөвгийн наймын шатанд Испанийн шигшээтэй тулахаар болов. Үүнээс өмнө FIFA-аас АНУ-ын гол довтлогч Фоларин Балогунд оноосон нэг тоглолт өнжүүлэх шийдвэрээ цуцалсан нь хөлбөмбөгийн ертөнц даяар хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар эзэн орны шигшээ багийн нэр хүнд дээр сүүдэр тусгасан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп FIFA-ийн Ерөнхийлөгч Жанни Инфантинотой утсаар ярьж, дээрх шийдвэр гарахад нөлөөлснөө ил цагаан зарласан нь гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Европын хөлбөмбөгийн холбоо UEFA-аас тус шийдвэрийг “улаан шугам давсан, ойлгомжгүй, зөвтгөж боломгүй үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.
Эцэст нь товчхон:
НЗДТГ: “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн хоногт 6,700 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагджээ. Төслийг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар баталснаас энэ онд 50 тэрбумыг тусгасан байна.
Онцлох зураг
II сарын 28-нд АНУ, Израилын цохилтод өртөж алагдсан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеитай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцохоор цугласан иргэд - Техран, Иран

Office of the Iranian Supreme Leader/Reuters