- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/07/03
2026/07/03
Өглөөний мэнд. Хөгжлийн банкны олон улсад гаргасан $500 саяын бондод захиалга нь санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давжээ.
Kincora Copper Монгол дахь хөрөнгүүдээ $10 саяар худалдах хэлцлийн эцсийн гэрээг байгуулжээ.
Оны эхний хагаст Монголд ирсэн жуулчдын 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлж, БНСУ-ын жуулчид эрс буурсан байна.

Эргэн ирэлтийн бонд
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын, таван жилийн хугацаатай бонд гаргаж, жилийн 6.90 хувийн купонтойгоор арилжааллаа. Энэ нь Хөгжлийн банкны 2018 оноос хойш олон улсын Rule 144A/Regulation S бүтцээр санал болгосон анхны бондын арилжаа болж байна.
Moody’s агентлагаас B1, S&P-ээс BB- үнэлгээ авсан тус бондыг Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөжээ. Хэлцлийн андеррайтераар HSBC, ING, J.P. Morgan банкнуул ажилласан бол санхүүгийн зөвлөхөөр Frontier Strategies Pte. Ltd болон Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК ажиллажээ.

Хөгжлийн банкны мэдээлснээр бондын нийт захиалга 2.63 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давжээ. Арилжаанд олон улсын 122 мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд хуваарилалтын 27 хувийг АНУ, 46 хувийг Европ, Ойрхи Дорнод, Африк, 28 хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн байна.
Энэ нь Хөгжлийн банк олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд амжилттай эргэн ирж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажуулсан хэрэг боллоо.
Шинэ бондын купон нь Хөгжлийн банкны Засгийн газрын баталгаагүй олон улсын бондуудын түүхэн дэх хамгийн бага түвшин болж байна. Тус банк 2025 онд гурван жилийн хугацаатай хаалттай хэлбэрийн бондыг 8.50 хувийн купонтой гаргаж байсан бол энэ удаад таван жилийн хугацаатай санхүүжилтийг 6.90 хувийн купонтой татжээ.
Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг өр төлбөрийн бүтцийг удирдах, мөн эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэрийн чиглэлийн стратегийн төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглана гэж Хөгжлийн банк мэдээллээ.
Анхаарлын төвд
Гарахад бэлэн. Kincora Copper компани Монгол дахь төсөл, хөрөнгүүдээ шилжүүлэх хэлцлийн эцсийн гэрээг байгуулснаа мэдээллээ. Компани тавдугаар сард зэс-алтны хайгуулын лицензүүд дамжуулан эзэмшдэг охин компаниудаа Түмэн Айл Көүл ХХК-д 10 сая ам.доллароор худалдахаар тохиролцож, эхний 1.5 сая ам.долларын төлбөрийг хүлээн аваад байсан юм. Харин хэлцлийн эцсийн гэрээг байгуулснаар дараагийн 3.5 сая ам.долларын төлбөрийг ажлын таван өдрийн дотор авах нөхцөл бүрджээ. Энэхүү хэлцэл нь Австрали дахь үйл ажиллагаандаа илүү төвлөрөх боломж олгохын зэрэгцээ төслүүдийн далд үнэ цэнийг нээж өгч байгааг Kincora-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Сэм Спринг онцолжээ.
Үнэ сул ч экспорт хүчтэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК 2026 оны зургаадугаар сард 277,270 тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолж, сарын дүнгээр дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Үүнээс өмнө тус компани дөрөвдүгээр сард 263,317 тонн баяжмал экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан юм. МХБ-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээллээс харахад тус компанийн төмрийн баяжмалын дуудах доод үнэ тонн тутамд 60 ам.доллароор тогтжээ.

Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ зургаадугаар сараар эцэслэсэн хугацаанд долоон долоо хоног дараалан буурсан нь 2022 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналт боллоо. Улирлын шинжтэй эрэлт суларч, гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа хумигдсан нь үнэд дарамт үзүүлсэн байна.
Отгон хууль. УИХ Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулахаар шилжүүллээ. Хуулийн төсөлд хувийн хэвшил эрхлэх боломжтой салбарт Төр өрсөлдөхгүй байх, бизнесийн эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцсон аливаа хууль тогтоомж гаргахыг хориглох зэрэг зохицуулалт тусгасан байна. Мөн хуульд заагаагүй хяналт шалгалт явуулахгүй байх замаар төрийн оролцоог хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн төрийн байгууллагаас олгодог 331 гэрээ, 200 гаруй дүгнэлт, 162 гэрчилгээ, 30 батламж зэрэг бичиг баримтыг цахимжуулж, eBusiness.mn платформоор хүлээн авахаар тусгасан байна.
Илүүдэл хүчин чадлаа зарна. Meta компани хиймэл оюуны загвар болон тооцоолох хүчин чадлаа бусад компаниудад ашиглуулах үүлэн тооцооллын дэд бүтцийн бизнес байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр тус компани Amazon Web Services, Microsoft Azure, Google Cloud зэрэг салбарын тэргүүлэгчидтэй шинэ зах зээлд өрсөлдөх боломжтой болох юм. Боломжит хувилбаруудын нэг нь Meta Amazon Web Services-ийн үйлчилгээтэй төстэй буюу одоо байгаа дэд бүтэц дээрээ суурилан хиймэл оюуны загваруудаа ашиглах эрхийг түрээслэх явдал аж.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Солонгос жуулчид цөөрөв
Монгол Улс 2026 оны эхний зургаан сард 385.9 мянган гадаад жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт жуулчдын хамгийн их буюу 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын жуулчид 28 хувийг, БНСУ-ын жуулчид 12 хувийг эзэлснээр удаалсан байна.
Гэсэн хэдий ч солонгос жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурчээ. Оны эхний хагаст Монголд аялсан БНСУ-ын жуулчдын тоо 48 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар багассан байна. Харин Японоос ирсэн жуулчдын тоо 12 мянга давж, 13 хувиар өссөн бол Германы жуулчдын тоо 8200-д хүрч 33 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй.
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргадаг “World Tourism Barometer” тайланд Монгол Улс I улиралд хүлээн авсан жуулчдын тооны өсөлтөөр дэлхийд дөрөвдүгээрт, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаарт жагсаж байна
Тодруулбал тус тайланд багтсан “Дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 зорин очих чиглэл”-ийн жагсаалтад Монгол Улс Парагвай, Шинэ Каледони, Эль Сальвадорын дараа дөрөвдүгээрт бичигджээ.
Зам зуур

BYD компани БНХАУ-аас бусад зах зээлд нийлүүлэлтээ эрчимжүүлснээр бүрэн цахилгаан автомашины борлуулалтаар Tesla-г дахин ардаа орхих төлөвтэй байна.
Тус компани зургаадугаар сараар эцэслэсэн II улиралд 557 мянга гаруй бүрэн цахилгаан автомашин зах зээлд нийлүүлснээ лхагва гарагт мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт боловч Tesla-г гүйцэхэд хангалттай түвшин гэж Bloomberg-ийн шинжээчид тооцоолж байна.
Tesla ирэх долоо хоногт II улиралд 396.5 мянган цахилгаан автомашин нийлүүлснээ тайлагнах хүлээлттэй байгаа юм.
Харин зургаадугаар сард BYD нийт 403.4 мянган тээврийн хэрэгсэл борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар өссөн дүн боллоо. Үүний 43 хувийг гадаад зах зээл бүрдүүлсэн нь тус компанийн олон улсын тэлэлт эрчимжиж буйг харуулж байна.
Эцэст нь товчхон:
Голомт банк ногоон зээлийн багцаа өргөжүүлэхээр Азийн хөгжлийн банктай урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөл бүхий 64 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Санхүүжилтийн 60 сая ам.долларыг АХБ-ны ердийн хөрөнгийн эх үүсвэрээс, үлдсэн 4 сая ам.долларыг CANPA буюу Канадын уур амьсгал, байгаль орчны сангийн хөнгөлөлттэй эх үүсвэрээс олгох аж.
Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо Эрчим хүчний яамнаас тавьсан салбарын ажилчдын цалинг үе шаттай 30 хувиар нэмэгдүүлэх саналыг хүлээн авч, долоодугаар сарын 2-нд эхлүүлэхээр төлөвлөж байсан ажил хаялтаа зогсоохоор болсноо мэдэгдлээ.
Онцлох зураг
Цэргийн найрал хөгжмийн удирдаач ХКН-ын 105 жилийн ойн баярын хурлын үеэр - Бээжин, БНХАУ

Ng Han Guan/AP