- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/07/02
2026/07/02
Өглөөний мэнд. Petro Matad-ийн XX талбайн өдрийн дундаж олборлолтын хэмжээ энэ онд 233 баррель хүрчээ
Зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ байгаа үед Оюутолгойн санхүүгийн нөхцөл шинэчлэгдэхээр боллоо.
АНУ-ын хориг цуцлагдаж, Anthropic-ийн “Fable 5” моделийг олон улсын хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо.

Ашиг, эрсдэлийн зааг
Зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хэлбэлзэж, уул уурхайн өгөөжийн хуваарилалттай холбоотой улс төр, нийгмийн шахалт нэмэгдсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto групп сүүлийн хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээгээ эцэслэж, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах шинэ санхүүгийн нөхцөл дээр тохиролцоод байна.
Тохиролцооны хүрээнд Rio Tinto Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулахаар өмнө нь зөвшөөрөөд байсан бол энэ удаа Монголын талд ногдох олон тэрбум ам.долларын зээлийн хүүг 2.5 нэгж хувиар бууруулахаар болж байна. Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг долоон жил тутамд бус, гурван жил тутамд дахин хянадаг байхаар тохиролцов.

SeongJoon Cho/Bloomberg
Ерөнхий сайд Н.Учрал хэлэлцээрийг “Монгол Улсад ашигтай хувилбар” гэж тодорхойлж, Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэдгийг онцолж байлаа. Мөн Засгийн газрын мэдээлснээр Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар тохиролцсон бол Rio Tinto-ийн мэдэгдэлд Засгийн газар болон Rio Tinto ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахад хамтран ажиллахаар тохиролцсон гэж дурджээ.
Rio Tinto-ийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн зардалтай холбоотой өөрчлөлт нь Rio Tinto Монгол Улсын Засгийн газартай байгуулсан түншлэлдээ тууштай хэвээр гэдгийг харуулж байгааг тодотгожээ.
Гэсэн хэдий ч шинэ тохиролцоо нь төслийн эргэн тойрон дахь улс төр, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бүрэн арилгана гэж үзэхэд хэтэрхий эрт байна. Хэлэлцээр нь Rio Tinto-ийн хувьд “нийт дүнгээрээ дөнгөж эерэг” боловч Монголын улс төрийн нөхцөл хурдан өөрчлөгддөг тул Засгийн газар цаашид төслийн эдийн засгийн өгөөжөөс илүү том хувь хүртэхээр дахин шахалт үзүүлэх эрсдэл бий гэж RBC-ийн шинжээч Бэн Дэвис Financial Times-т ярьжээ.
Анхаарлын төвд
Ундарга сайтай хагас жил. Petro Matad компани газрын тосны "Block XX" талбайн олборлолт 2026 онд нэмэгдэж, оны эхнээс хойших өдрийн дундаж олборлолт нь 233 баррельд хүрснийг сүүлд гаргасан тайландаа мэдээллээ. Мөн IV сард нийт олборлолтын хэмжээ анх удаа 100 мянган баррелийн босгыг давсан байна. Өнгөрсөн оноос компани илүү тогтвортой, арилжааны шинжтэй олборлолт руу шилжээд байгаа. Тухайлбал "Heron-1" цооногийн ашиглалтын бэлэн байдал 2025 онд 99 хувиас дээш хадгалагдаж, оны эцсийн байдлаар 54 мянга орчим баррель газрын тос нийлүүлжээ. Санхүүгийн үзүүлэлтээр Petro Matad 2025 онд 4.23 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан нь өмнөх оны 10.92 сая ам.долларын алдагдлаас буурсан дүн боллоо.
Албан тушаал уу, ашгийн хэрэгсэл үү. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 онд криптовалют болон "memecoin"-той холбоотой бизнесүүдээс багадаа 1.4 тэрбум ам.долларын ашиг олсныг сүүлд гаргасан жилийн санхүүгийн тайлан нь харуулж байна. Дээрх дүнгийн 594 гаруй сая ам.долларыг Дональд Трамп болон түүний хөвгүүд, АНУ-ын өндөр түвшний дипломатч Стивен Уиткофф нарын хамтран үүсгэн байгуулсан крипто компани World Liberty Financial-ийн борлуулалтын орлого бүрдүүлжээ.

Харин Трампын "memecoin”-ий бизнес болох CIC Digital LLC-ийн олсон 636 сая ам.долларын орлого бараг бүхэлдээ Celebration Coins компанитай байгуулсан лицензийн гэрээний роялти төлбөрөөс бүрджээ. Орлогын хамгийн том эх үүсвэр нь криптовалюттай холбоотой бизнесүүд байгаа нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа ашгийн хэрэгсэл болгож байна гэх шүүмжлэлд улам хүч нэмэх магадлалтай.
Сан хөмрөгт. Монголбанк 2026 оны эхний хагаст 7.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 27.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Зөвхөн зургаадугаар сард 2.4 тонныг худалдан авсан нь он гарсаар сарын хамгийн өндөр дүн болж байна. Монголбанк валютын нөөцөд эзлэх алтны хувь хэмжээг 15 орчимд барьж буй бөгөөд энэ онд нийт 22 тонн алт худалдан авах зорилтынхоо 1/3 орчмыг биелүүлжээ. Үнийн хувьд өнгөрсөн сард нэг грамм үнэт металл худалдан авах дундаж үнэ 488,276 төгрөг болж, өмнөх саруудын дунджаас буурсан байна.
БНСУ-ын вон хямралын үеийн доод түвшин рүүгээ дахин зүглэлээ. Ам.долларын ханш чангарч, гадаадын хөрөнгө оруулагчид БНСУ-ын хувьцааг тасралтгүй зарж байгаа нь тус валютын ханшид дарамт учруулж, 2009 оноос хойших хамгийн сул түвшин рүү ойртсон байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын БНСУ-ын хувьцааны зах зээлээс гарах урсгал найм дахь арилжааны өдөр дараалан үргэлжилж буй. Воноос эхэлсэн сулрал бүс нутгийн бусад валютуудад ч нөлөөлж, Азийн валютуудыг доош татсанаар ам.доллар дэлхийн зах зээлд давамгайллаа дахин нэмэгдүүлсний илрэл боллоо.
Блумберг санал болгож байна
Монголын Чухал ашигт малтмалын холбооны Ерөнхийлөгч М.Дагва: Зэсийн үнэ өндөр байгаа үед Оюутолгойн ойрын 2-3 жилийн ашгаар стратегийн хөрөнгө оруулагчдаас авсан том зээлүүдийн зонхилох хэсэг нь дарагдана
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Экспорт цоройсон ч үнэ годройтов
ОХУ-ын түүхий газрын тосны экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч өссөн ч Кремлийн орлогын гол эх үүсвэр болсон экспортын орлогыг төдийлөн нэмэгдүүлж чадахгүй байна.

Bloomberg-ийн эмхэтгэсэн мэдээллээр VI сарын 28-наар дууссан дөрвөн долоо хоногт ОХУ-ын түүхий газрын тосны экспорт өдөрт дунджаар 4.13 сая баррельд хүрчээ. Энэ нь 2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Үүнтэй зэрэгцэн Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна. Үүний улмаас дотооддоо боловсруулах хүчин чадал дутагдсан газрын тос нь экспортын зах зээл рүү шилжиж байх магадлалтай.
Экспортын хэмжээ огцом өссөн ч экспортын үнийн дүн ижил хурдаар нэмэгдсэнгүй. Ойрх Дорнодын энхийн хэлэлцээр дэлхийн жишиг үнэ буурахад нөлөөлж, ОХУ-ын экспортын гол нэр төрлийн газрын тосны үнэ даган унажээ.
Argus Media-ийн мэдээллээр Балтын тэнгисийн боомтуудаас ачигдаж буй газрын тосны үнэ V сарын эхэн үеийнхээс хоёр дахин буурсан байна. Мөн Номхон далайн чиглэлд ачигддаг ESPO төрлийн үнэ ч хурдацтай буурч байна.
VI сарын 28-наар дууссан 28 хоногт ОХУ-ын газрын тосны экспортын нийт үнийн дүн долоо хоногийн дунджаар 1.9 тэрбум ам.доллар болж буурсан нь III сараас хойших хамгийн доод түвшин болжээ.
Зам зуур

АНУ-ын Засгийн газар Anthropic компанийн "Fable 5" хиймэл оюуны модельд гадаадаас нэвтрэх боломжийг хязгаарласан шийдвэрээ цуцалсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тавьсан аюулгүй байдлын шаардлагуудыг биелүүлсний үндсэн дээр тус стартап шинэ моделио өргөн хүрээний зах зээлд гаргах боломжтой болжээ.
АНУ-ын Худалдааны яам зургаадугаар сарын 12-нд Anthropic-ийн хүчирхэг "Mythos 5" модель болон өргөн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн "Fable 5" модельд экспортын хяналт тогтоох албан бичиг хүргүүлж, гадаадын иргэдэд байршлаас үл хамааран Засгийн газраас заавал зөвшөөрөл авч байж ашиглуулах ёстойг журамлаж байв.
Тэгвэл дээрх хоёр модельд тавьсан хязгаарлалт цуцлагдаж, мөн "Fable 5"-ийг кибер аюулгүй байдлын эрсдэл бүхий даалгавар, коммандыг илүү сайн илрүүлдэг болгож сайжруулан дахин нэвтрүүлж байгаагаа Anthropic мягмар гарагт X хуудастаа оруулсан мэдэгдэлдээ онцолжээ.
Энэ хүрээнд "Fable 5"-ийг лхагва гарагаас өөрийн платформуудаар дамжуулан дэлхий даяарх хэрэглэгчдэд нээхээр болсноо мэдээлсэн байна.
Эцэст нь товчхон:
Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж, төр өөрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой түвшинд бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр төр хувьцааны давуу эрхээ хадгалж үлдээд, бусад хувьцааг багцлан дотоод, гадаадын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахаар төлөвлөжээ.
МХБ-ийн ТОП-20 индекс VI сарын арилжааны сүүлийн өдөр 0.73 хувиар өсөж, 53 мянган нэгжийн түвшнийг давснаар сүүлийн гурван сар хагасын дээд түвшинд арилжааг хаав. Харин он гарсаар 3 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 8 хувиар өндөр түвшинд байна.
Онцлох зураг
Хичээлийн завсарлагааны цагаар унтаж буй сурагчид - Эньши, БНХАУ

VCG/Getty Images