- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/07/01
2026/07/01
Өглөөний мэнд. БНХАУ эрчим хүчний 5 жилийн төлөвлөгөөндөө нүүрсний хэрэглээг өсгөх орон зай гаргажээ.
Moody’s агентлаг Худалдаа, хөгжлийн банк болон Голомт банкны зээлжих зэрэглэлийг B1 болгон ахиулав.
Оюутолгойн зээлийн хүүг 7.9 хувь болгон бууруулахаар тохиролцсоныг ЗГ мэдээлэв.

Нүүрс найдвар алдахгүй
БНХАУ эрчим хүчний тогтвортой байдлын ач холбогдлыг уур амьсгалын зорилтоос тэргүүнд тавьж, ирэх жилүүдэд нүүрсний хэрэглээгээ өсгөх орон зай гаргажээ.
“Бид эрчим хүчний аюулгүй байдлыг ямагт нэгдүгээрт авч үзэх болно” хэмээн БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний удирдах газрын дарга Ван Хунжи өнгөрсөн баасан гарагт тус улсын эрчим хүчний салбарын таван жилийн төлөвлөгөөг танилцуулахдаа онцолсон байна. Мөн уг стратегийн ачаар Ираны дайнаас шалтгаалсан нийлүүлэлтийн шокийг Хятад улс амжилттай даван гарсныг тэрбээр нэмж дурджээ.

Шинэ төлөвлөгөөнд нүүрс нь эрчим хүчний тогтолцооны нөөц түшиц болох үүргийг бэхжүүлэхээр тусгасан байна. Үүнд үйлдвэрлэлийн одоогийн таван төвийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, төвийн болон зүүн бүсэд олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжоор хангах зэрэг багтжээ. Түүнчлэн нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарын цаашдын өсөлтийг дэмжих байр суурь илэрхийлжээ.
2021-2022 онд цахилгаан эрчим хүчний дараалсан ноцтой хомсдол үүссэний дараа БНХАУ-д нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслүүдийн бүтээн байгуулалт эрс эрчимжсэн юм. Тухайн үед Бээжин жигд бус ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг найдвартай орлох үүрэг нүүрсний цахилгаа станцуудад оногдохыг бататгаж байлаа.
Өнгөрсөн онд БНХАУ дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлаа 95 гигаваттаар нэмэгдүүлсэн нь 2008 оноос хойших дээд үзүүлэлт болжээ. Үүгээр зогсохгүй 2026 оны эхний улиралд зөвшөөрөл хүссэн дулааны цахилгаан станцын шинэ төслүүдийн тоо өмнөх оны мөн үеийн эрчийг хэдийнээ даваад байна.
Анхаарлын төвд
ОТ дээр тохиролцоонд хүрэв. Rio Tinto-ийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоноор ахлуулсан багтай хэлэлцээр хийсний үр дүнд Оюутолгой төслийн зээлийн хүүг LIBOR+6.5 хувь буюу 10.5 хувиас 7.9 болгон бууруулахаар тохиролцоонд хүрснийг Засгийн газраас мэдээллээ. Мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг долоон жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг гурван жил тутамд эргэж харж байхаар болж, мөн энэ жил Монголын талд ногдол ашиг олгуулахад Rio-той хамтарч ажиллахаар тохиролцож чадсаныг онцлов. Үүнээс өмнө хэрэв Монголын ЗГ-ын шаардлагуудыг биелүүлэхгүй бол төслийг зогсоох асуудал ч яригдахыг Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар мэдэгдэж байсан юм.
Банкнуудын зэрэглэл ахив. Moody’s Ratings агентлаг Худалдаа, хөгжлийн банк болон Голомт банкны урт хугацааны депозит, үнэт цаас гаргагчийн үнэлгээг B1 түвшинд хүргэн ахиулж, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээлээ. ХХБ-ны хувьд үнэлгээ B2-оос нэг шатаар ахиулахад активын чанар, хөрвөх чадвар болон эх үүсвэрийн бүтэц тогтвортой сайжирсан нь нөлөөлснийг онцолжээ. Зэрэглэл өссөнөөр Монголын арилжааны банкуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж, хөрөнгө оруулагчдын итгэлд эерэг дохио болж байна. Өнгөрсөн III сард тус агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг B1 түвшинд хэвээр үлдээгээд байсан юм.

Хориг сулрав. БНХАУ Ойрх Дорнодод дайн эхэлсний дараа дотоодын нийлүүлэлтээ хамгаалах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний экспортод тавьсан зарим хязгаарлалтаа өнгөрсөн долоо хоногт цуцалсныг ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна. Тодруулбал эрх баригчид нь газрын тос боловсруулалтын төрийн өмчит зарим үйлдвэрт автобензин, дизель зэрэг түлшийг өмнө нь зөвхөн түлшний хомсдолд орсон цөөн тооны хөрш орнуудад экспортлохыг зөвшөөрч байсан бол одоо илүү өргөн хүрээний улсууд руу нийлүүлэх боломжтой болсон талаар мэдэгдсэн байна. Шинэ бодлого нь VI сараас хойш ачигдах хуваарьтай нийлүүлэлтүүдэд хамаарна гэдгийг мөн мэдээлжээ.
48 цаг. Эрчим хүчний яам өнөөдрөөс салбарын төрийн өмчит компаниудын цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, талуудын хооронд хэлэлцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул өчигдөр эхлэхээр төлөвлөөд байсан эрчим хүчний салбарынхны ажил хаялтыг 48 цагаар түр хойшлуулахаар болсныг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээллээ. Гэхдээ 48 цагийн дотор хэлэлцээрт хүрч чадахгүй тохиолдолд ажил хаялтыг VII сарын 2-ны өглөөнөөс эхлүүлэхээ анхааруулсан байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: 40 жилийн доод цэгтээ
Иений ам.доллартой харьцах ханш 1986 оноос хойших хамгийн сул түвшиндээ хүрч буурснаар үнийн өсөлтийн дарамтад орсон Япончуудыг түгшээж, эрх баригчид зах зээлд оролцох хүлээлт валют арилжаалагчдын дунд нэмэгдээд байна.

Нью-Йоркийн арилжааны цагаар иений ханш 0.2 хувиар суларч, ам.долларын эсрэг 161.98 болсноор Японы засгийн газар мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг дэмжих арга хэмжээ авч байсан 2024 оны долоодугаар сарын 161.95-ын түвшнийг давжээ. Улмаар мягмар гарагт Токиогийн цагаар 10:55-ын үед 162.33 болж, уналтаа үргэлжлүүлсэн байна.
Иен сүүлд 160 нэгжийн түвшинд арилжаалагдаж байх үедээ эсрэг чиглэлд хөдөлж, хүчтэй чангарч байв. Тухайн үед АНУ-ын санаачилсан валютын тохиролцооны үр дүнд иен олон жил үргэлжилсэн өсөлтийн мөчлөгт ороод байсан юм.
Харин энэ удаад Япон улс бүтэн нэг үеийн турш үргэлжилсэн эдийн засгийн удаашралаасаа гарахтай зэрэгцэн иений ханш суларч байна. Валютын ханш суларсан нь экспортлогч компаниудын ашгийг нэмэгдүүлж, улмаар тус улсын хөрөнгийн зах зээл түүхэн дээд түвшинд хүрэхэд дэмжлэг болж буй.
Гэсэн хэдий ч ам.доллараар үнэлэгддэг газрын тос, байгалийн хий зэрэг импортын бараа, түүхий эдийн өртөг нэмэгдэж, үүнээс үүдэлтэй инфляц хэрэглэгчдэд ачаа болж, хүнс, цахилгаан зэрэг өргөн хэрэглээний зардлыг өсгөж байгаа нь Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
Зам зуур

Парагвай улсын шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойших хамгийн том таамаг эвдсэн үр дүнг гаргаж, дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг торгуулийн цохилтоор ялан нутаг буцаасны дараа тус улсын Ерөнхийлөгч Сантьяго Пенья VI сарын 30-ны мягмар гаргийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.
"Парагвай хэзээ ч бууж өгөхгүй. Чөтгөр аваг, амарцгаая!" хэмээн Пенья тоглолт дууссаны дараа X хуудсандаа постолсон байна.
Дуулиант ялалтын дараа Өмнөд Америкийн далайд гарцгүй, 6 сая хүн амтай тус улс даяар баяр хөөр бялхаж, нийслэл Асунсьон хотын гудамж талбайнууд шигшээ баг нь дараагийн шатанд шалгарсныг тэмдэглэхээр ирсэн иргэдээр дүүрчээ.
Парагвайн шигшээ баг ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолтоо ирэх бямба гарагт Филадельфи хотноо Франц, Шведийн багийн аль хожсонтой нь хийх юм.
Эцэст нь товчхон:
Зам тээврийн яам: Канад улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төсөлд талууд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Монгол, Канадын хооронд долоо хоногт гурван удаа дурын агаарын хөлгөөр зорчигч тээврийн нислэг үйлдэх, харин ачаа тээврийн нислэгийн хувьд ямар нэг хязгаарлалтгүй байх зохицуулалт тусгажээ.
Онцлох зураг
Испанийн Ла Риоха мужид жил бүр болдог “дарсаар байлдах” хөгжөөнт арга хэмжээнд оролцогчид - Харо, Испани

Villar López/EPA