2026/06/30

Өглөөний мэнд. Samsung, SK группүүд БНСУ-ыг хиймэл оюуны манлайлалд хүргэхээр $880 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ.

Унгарын OTP банк Монголд салбараа нээх хүсэлт хүргүүлж, ипотекийн зах зээлд оролцох боломжтойгоо илэрхийлэв.

Инфляцын хүлээлт Монголын бичил, жижиг бизнесүүдэд өндөр, том компаниудад арай доогуур байна.

“Баатрууд” хүчээ нэгтгэнэ

БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх чадвараа хадгалахад амин чухал гэж үзэж буй дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа. Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон буюу 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон байна.

Даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны удирдсан арга хэмжээний үеэр Samsung, SK групп нийт 800 их наяд гаруй воны хөрөнгө оруулалтаар БНСУ-ын баруун өмнөд бүсэд чипийн хоёр том үйлдвэр барих төлөвлөгөө танилцуулжээ. Мөн Naver Corp. зэрэг бусад компани 550 их наяд воны хөрөнгө оруулалтаар 2029 он гэхэд 8.4 гигаваттын хүчин чадалтай хиймэл оюуны дата төвийн дэд бүтэц байгуулахаа зарласан байна.

Хамтарсан мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Samsung, SK Hynix компанийн удирдлагуудыг "үндэсний баатрууд" хэмээн магтаж, мөн чип үйлдвэрлэлд давамгайллаа хадгалахын тулд тус улс олон улсын өрсөлдөгчдөөсөө өрсөж хөдлөх ёстойг чухалчилжээ. "Нүд ирмэхийн зуур дараагийн хуудас руу шилждэг эрин үе рүү бид орж байна. Энэ нөхцөлд амьд үлдэх ганц арга зам бол хурд" хэмээсэн байна.

Технологийн энэхүү нүсэр хөрөнгө оруулалт нь БНСУ хиймэл оюуны салшгүй хэсэг болох санах ойн чипийн салбарт ноёрхлоо хадгалах, үндэсний аюулгүй байдлаа урт хугацаанд баталгаажуулахаар яаравчилж буйн илрэл боллоо. Хэрэв хэрэгжилт нь тогтвортой байвал уг хөрөнгө оруулалт БНСУ-ын эдийн засагт дорвитой дэмжлэг болох юм. 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь БНСУ-ын 2024 оны ДНБ-ий 5 орчим хувьтай тэнцэхийг Дэлхийн Банкны статистик харуулж байна.

БНСУ-ын Засгийн газар хөнгөлөлт урамшуулал, бодлогын дэмжлэгээр дамжуулан хувийн хэвшлийнхээ хүчийг нэгтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Шинэ төлөвлөгөөнд ЗГ ус, эрчим хүчний хэрэгцээг нь шийдэх замаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихээ мэдэгджээ.

Анхаарлын төвд

Том загас Монголд. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд 120 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцлоо. Хуралдааны үеэр нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ. Тухайлбал дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг Сингапурын PhillipCapital Монголд оффисоо нээхээр болсон байна. Монголын хөрөнгийн биржтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар PhillipCapital-ийн 1.5 сая гаруй харилцагч хил дамнасан арилжаа хийх боломж бүрдэхийг онцлов.

OTP bank-ийн сонирхол. Хуралдааны үеэр мөн Унгарын OTP банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Өмнө нь тус банк Банкны тухай хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэйгээ илэрхийлж байв. Мөн Монголын орон сууцны ипотекийн зах зээлд идэвхтэй оролцох боломжтойг OTP банкны Гүйцэтгэх захирлын орлогч болон ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф Bloomberg TV Mongolia-д онцолсон юм.

Сүүлд түүний эзэмшдэг уул уурхайн компаниудын нэг Ivanhoe Electric Inc. Аризона муж дахь зэсийн төсөлд санхүүжилтийн багц бүрдүүлэхэд АНУ-ын Экспорт-Импортын банктай хамтран ажиллахаар болсон юм. Түүнчлэн Фридланд хоёрдугаар сард Цагаан ордны Зууван танхимд болсон чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх хөтөлбөрийн танилцуулгад уригдан оролцож байв.

Амрахаас өмнө амжуулах хуулиуд. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган VII сарын гуравны өдөр хаалтаа хийх тул энэ долоо хоногт баасан гараг хүртэл өдөр бүр шахуу хуралдахаар байна. Хаврын чуулганаар эцэслэн батлах хуваарьтай байгаа хуулийн төслүүдээс онцолбол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх товтой байна. Мөн Петрочайна Дачин Тамсаг, Доншен компаниудтай үүссэн татварын маргааныг шийдвэрлэх зорилготой Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батална.

Хүнд үеийг хүлээн зөвшөөрөв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ Ираны зөрчил бүрэн намжсаны дараа АНУ Украины дайныг эцэслэх асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгджээ. “Бид хэлэлцээг үргэлжлүүлж, нарийн деталиуд болон хэрэгжүүлэх механизмын талаар ярилцахад бэлэн байна. Тохиролцоонд хүрдэггүй юм аа гэхэд ядаж өнгөрсөн жил Анкорижид хэлэлцсэн сэдвүүдийг үргэлжлүүлэх боломжтой” хэмээн тэрбээр онцолсон байна.

Мөн тэрбээр ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн асуудал үүсээд байгааг хүлээн зөвшөөрч, энэ хүрээнд дизель түлшний экспортыг бүрэн хориглох хүртэлх арга хэмжээг судалж байгааг мэдээлжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Инфляцын хор

Монголбанкны бизнесийн төлөвийн түүвэр судалгаагаар аж ахуйн нэгжүүд ирэх нэг жилийн хугацаанд инфляц өснө гэсэн төсөөлөлттэй байна.

  • 20-иос дээш жилийн туршлагатай, жилийн 2.5 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой 400 гаруй ААН-ийн дунд IV сард хийсэн судалгаагаар инфляц II улиралд 8.5 хувь орчим, 2027 оны I улиралд 9.3 хувь орчимд хадгалагдана гэж оролцогчид үзжээ.

  • Инфляцын ирэх 12 сарын хүлээлтийг бичил бизнесийнхэн 9.9 хувь, жижиг, дунд бизнесүүд 9 хувь, том аж ахуйн нэгжүүд 8.6 хувь орчимд байхаар төсөөлсөн байна.

  • Бичил болон жижиг бизнесүүд инфляцын өсөлтөд илүү мэдрэмтгий байгаа бол том бизнесүүдийн инфляцын хүлээлт харьцангуй бага байгаа нь эдийн засгийн өөрчлөлтөд илүү дасан зохицох чадвартайг илтгэж буйг судалгаанд дурджээ.

  • Үүнээс гадна бизнесийн үйл ажиллагааны төлөв байдлын хувьд нийт салбарын үзүүлэлтүүд муудаж, ААН-үүдэд эдийн засгийн орчны талаарх тодорхой бус байдал нэмэгдэж, цаашдын төлөвт итгэх итгэл суларсан үр дүн гарчээ.

Зам зуур

Tencent компани Хятадад аялж буй жуулчдыэн өдөр тутмын хэрэглээг нь хөнгөвчлөх шинэ аппликейшн туршиж байгааг Jiemian News агентлаг мэдээллээ.

“TenpayGo” нэртэй нэг цэгийн дижитал үйлчилгээний платформ нь дотроо гар утасны төлбөр тооцооны системийг багтаасан байна. Ингэснээр хэрэглэгчид Хятад улс даяар “Weixin Pa”y хүлээн авдаг олон сая худалдаа, үйлчилгээний байгууллагад гар утсаараа төлбөр төлөх боломжтой болох юм.

Одоогоор уг аппликейшн нь хязгаарлагдмал тооны хэрэглэгчийг хамруулсан дотоод туршилтын шатанд явж байгаа бөгөөд нийтийн хэрэглээнд хараахан нэвтрээгүй байна.

БНХАУ-ын Үндэсний цагаачлалын газрын мэдээлснээр 2025 онд хил дамнасан бараг 700 сая аялал бүртгэгджээ. Үүнээс гадаадын иргэд 82 сая гаруй удаа хилээр орж, гарсан нь өмнөх оноос 26.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эцэст нь товчхон:

Эрчим хүчний яам салбарын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан VII сарын 1-нээс Төрийн өмчит компаниудын цалингийн санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Харин дараагийн нэмэгдлийг цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тарифын шинэчлэлтэй уялдуулан өөрчлөхөөр төлөвлөж байгааг мэдэгдэв. Үүнээс өмнө эрчим хүчний салбарынхан ажил хаялт эхлүүлэхэд бэлэн болсон талаар Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдээд байсан юм.

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт татахад бэлэн болсон 12 төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр хүнс үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, агропарк, сэргээгдэх эрчим хүч, инновац, биотехнологи зэрэг салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж онцолсон байна.

Онцлох зураг

Халзан хүмүүсийн “Bald Meetup NYC” арга хэмжээний үеэр болсон тарвас уралдаж идэх тэмцээний үеэр - Нью-Йорк, АНУ

Kyle Stevens/Shutterstock