2026/06/29

Өглөөний мэнд. Зэсийн АМНАТ-ийг бууруулах зохицуулалт хэрэгжиж эхлэх хугацааг гурван жилээр хойшлууллаа.

Тэрбумтан Роберт Фридландын чип үйлдвэрлэлийн стартап АНУ-ын ЗГ-аас $250 саяын хөрөнгө оруулалт татна.

Жилийн турш хэлэлцэгдэж баталсан Татварын багц хуулиар хэрэгжих онцлох өөрчлөлтүүд юу байх вэ?

Ирэх оноос ингэж өөрчлөгдөнө

Иргэд, ААН-үүдийн татварын ачааллыг 3.6 их наяд орчим төгрөгөөр бууруулах тооцоотой Татварын багц хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг УИХ баасан гарагийн хуралдаанаар эцэслэн баталлаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард ЗГ-аас анх өргөн барьж байсан тус нэмэлт, өөрчлөлтийн төслийг намар, хаврын чуулган дамнан хэлэлцсэний эцэст ийнхүү баталж байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ААН, жижиг, дунд бизнесүүдэд үйлчлэх гол заалтуудаас танилцуулбал:

  • ААН-ийн орлогын албан татварт 6-10 тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувийн татвар ногдуулах шинэ шатлал нэмсэн

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчид хялбаршуулсан горимоор 1 хувийн татвар төлөх босгыг 2.5 тэрбум төгрөг болгосноор 180 мянган ААН-ийн татварын ачаалал буурахаар байна

  • Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр болов

  • Татварын өртэй ААН-үүдийн дансыг бүрэн хаахгүй, 30 хувийг дансанд нь үлдээх зохицуулалт мөн батлагдсан

  • 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа бөгөөд үүнд 23 мянга орчим ААН хамрагдахаар байна.

  • Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг харгалзан дотоодын болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэлх сарын хугацаагаар хойшлуулна

Харин иргэдийн хувьд:

  • Өөрийн өмчийн орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлөхгүй байхаар тусгасан

  • 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх цалин хөлсний орлогод 0-1 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг 2027-2028 онд үе шаттай хэрэгжүүлнэ.

  • Тодруулбал хоёр сая төгрөгийн цалинтай хүн өнөөдөр ХХОАТ-д 200 мянган төгрөг төлөх байсан бол шинэ шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болох нь.

  • Жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлнө.

  • Өндөр үнэлгээтэй суудлын автомашины үнийн 360 сая төгрөгөөс давсан дүнд 33 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болов

Нэмэлт, өөрчлөлтийн дэлгэрэнгүй тоймтой ЭНДЭЭС танилцаарай.

Анхаарлын төвд

Хүлээхээр шийдэв. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан зэсийн АМНАТ-ийг бууруулах зохицуулалтыг гурван жилээр хойшлуулж, 2029 оны эхнээс дагаж мөрдөхөөр тусгасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. Оюутолгойн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Онтрэ” компанитай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүртэл зэсийн АМНАТ-д өөрчлөлт оруулахгүй байх нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзсэн байна. Хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг одоогийн мөрдөж буй хувь хэмжээнээс 2-3 дахин бууруулахаар тусгаад буй.

Фридландын ээлжит санхүүжилт. I-Pulse Inc. компани хагас дамжуулагч болон цахилгаан импульсийн технологийн хөгжүүлэлтдээ АНУ-ын Засгийн газраас 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болжээ. Ингэснээр Роберт Фридландын хамтран үүсгэн байгуулсан тус компани гадаадын чипийн нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарлаа бууруулах АНУ-ын өргөн хүрээний төлөвлөгөөний нэг хэсэг болж байна. Уул уурхайн салбарын тэрбумтан Роберт Фридланд Америкийн нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх Дональд Трампын засаг захиргааны бодлогыг дэмжиж, хамтран ажиллаж буй.

Сүүлд түүний эзэмшдэг уул уурхайн компаниудын нэг Ivanhoe Electric Inc. Аризона муж дахь зэсийн төсөлд санхүүжилтийн багц бүрдүүлэхэд АНУ-ын Экспорт-Импортын банктай хамтран ажиллахаар болсон юм. Түүнчлэн Фридланд хоёрдугаар сард Цагаан ордны Зууван танхимд болсон чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлэх хөтөлбөрийн танилцуулгад уригдан оролцож байв.

Мега хөрөнгө оруулалтын бороо. Samsung, SK Hynix компаниуд өнөөдөр олон тэрбум ам.долларын дүнтэй шинэ хөрөнгө оруулалт зарлахаар төлөвлөж байгааг БНСУ-ын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын “Их үсрэлтийн” гурван том мега төслийг танилцуулах бөгөөд үүний өмнө дээрх компаниудын удирдлагуудтай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Samsung ирэх арван жилд зарцуулах 1000 их наяд вон буюу 646 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц зарлахаар төлөвлөж байгааг Maeil Business сонин мэдээлжээ. Хэрэв батлагдвал энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болох юм.

Таатай цаг биш. OpenAI компани IPO хийх хугацаагаа 2027 он хүртэл хойшлуулж магадгүйг эх сурвалжууд мэдээллээ. Технологийн компаниудын хувьцааны савлагаа сүүлийн үед хэт өндөр байгааг банкнуудын зүгээс OpenAI-д анхааруулсан байна. Мөн SpaceX-ийн хийсэн нүсэр IPO-ийн дараа хөрөнгө оруулагчдын оролцоо сулрах эрсдэлтэй гэж үзжээ. OpenAI үнэт цаасны танилцуулгаа VI сарын 9-нд хүргүүлсэн тул IPO нь ирэх намар болно гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар OpenAI-д удахгүй танилцуулах “GPT-5.6” шинэ загвараа нийтэд нэвтрүүлэхээс өмнө эхний ээлжид хязгаарлагдмал хүрээнд гаргах хүсэлт тавьсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Блумберг санал болгож байна

🔑 Ипотекийн зээлийг хэрхэн илүү хүртээмжтэй, урт хугацаанд тогтвортой болгох вэ?

Монгол, Малайз, Япон болон Европын орон сууцны дахин санхүүжилтийн байгууллагуудын удирдлагууд уг сэдвээр шийдлүүд хэлэлцэж, ипотекийн зээлийн систем дэх төр-хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгийн зах зээл, ногоон орон сууцны ирээдүйн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тусгай ярилцлагыг бүтнээр нь хүлээн авч үзнэ үү

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Тэнхээ нэмэгдэв

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл болон борлуулалт сүүлийн дөрвөн жилийн эхний таван сарын гүйцэтгэлээр хамгийн өндөр дүнгээр өссөнийг ҮСХ тайлагналаа. Уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үйлдвэрлэл өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.

  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ хугацаанд 28.2 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 50.1 хувиар өссөн бол борлуулалт нь 34.1 их наяд төгрөг болж, 70.8 хувиар өсжээ.

  • Түүхий эд бүтээгдэхүүний төрлөөр харвал цэвэршүүлээгүй алт, хайлуур жонш, зэс, төмрийн хүдэр, баяжмал болон чулуун нүүрсний олборлолт 5-54 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Харин газрын тос, цайр болон мөнгөний баяжмалын хэмжээ 6-48 хувиар буурчээ.

  • Харин махны үйлдвэрлэл 6000 гаруй тонноор буюу 49.7 хувиар буурсан байна. Нийлүүлэлт багассанаас V сард махны үнэ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар нэмэгдэж, улмаар инфляцын 11.2 хувийн 6.4 нэгж хувийг нь хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт бүрдүүлэхэд нөлөөлсөн юм.

  • Нөгөө талд гурил, сүү, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, цемент, шохойн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 34 хүртэлх хувиар өсжээ.

Зам зуур

Хаан Чарльз III, Хунтайж Уильям нар Британийн хаант засгийн санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор анх удаагаа хувийн татварын тайлангаа олон нийтэд ил болгожээ.

Пүрэв гарагт Букингемийн ордон болон Кенсингтоны ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар Их Британийн төрийн тэргүүн 2024-2025 оны татварын жилд сайн дурын үндсэн дээр 12.9 сая фунт стерлинг буюу 17 сая ам.доллар төлсөн байна. Харин хунтайж Уильям хувь хүний орлогын болон хөрөнгийн өсөлтийн татварт 7.76 сая фунт стерлинг төлжээ.

Харин 2023-2024 онд Хаан Чарльзын төлсөн татвар 11.7 сая фунт стерлинг байсан бол Хунтайж Уильямынх 8.34 сая фунт стерлинг байжээ.

Гэхдээ Чарльз орлого, хөрөнгийнхөө яг хэдэн хувиар тооцож татвар төлж байгааг Букингемээс ил болгоогүй байна. Түүний орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болох Ланкастерын эзэмшил газрын хамгийн сүүлийн тайлангаас харвал 2024-2025 онд тэрбээр 26.5 сая фунт стерлингийн ногдол ашиг авсан гэж бүртгэжээ.

Онцлох зураг

АНУ-Мексикийн хил дээр шинээр барьсан хана - Кайно Спрингс, Аризоно

Rebecca Noble/Reuters