- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/26
2026/06/26
Өглөөний мэнд. EV батарейн аварга CATL компани Монголд батарей хураагуурын төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Mongolia Energy Corp. алдагдлаас гарсан ч санхүүгийн жилийн орлого нь буурсан байна.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай бус орон хэвээр байна гэж дүгнэжээ.

CATL Монголыг сонгов
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Contemporary Amperex Technology Co. Ltd. компани Монгол Улсад батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр болсныг Засгийн газар мэдээллээ.
БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал CATL компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар талууд Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хуримтлуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Энэ хүрээнд эхний ээлжид Төв аймгийн Сэргэлэн суманд CATL компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт болон технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэхийг онцолжээ.
Хүйтнийг тэсвэрлэх шийдэл олжээ
2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажилласан CATL нь лити-ион батарейн зах зээлийн 39.2 хувийг дангаараа бүрдүүлдэг. Сүүлд тус компани -20-иос -30 хэмийн хүйтэнд ажиллах чадалтай натри-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэл эхлүүлж, энэ онд багтаан автомашинуудад нэвтрүүлэхээ зарласан юм.
Уламжлалт лити бус натрийг гол түүхий эд болгон ашиглах тус цэнэг хураагуурыг компани өнгөрсөн дөрөвдүгээр сард анх танилцуулсан бөгөөд энергийн нягтаршлыг нь 50 хувиар нэмэгдүүлсэн тул лити-ион батарейтай өрсөлдөх түвшинд хүрснийг онцолж байлаа. Натри-ион батарейг энэ онд 10-20 мянган цахилгаан автомашинд ашиглах төлөвлөгөөтэйг CATL-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Ни Жунь лхагва гарагт Bloomberg-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс гадна компани энэ долоо хоногт мөн натрийн батарейд суурилсан эрчим хүч хуримтлуурын системээ танилцуулсан бөгөөд тус системийг БНХАУ-д ирэх есдүгээр сараас, дэлхийн зах зээлд 2027 оны зургаадугаар сараас нийлүүлж эхлэхээр төлөвлөснөө мэдээлсэн байна. TENER нэртэй систем нь илүү урт ашиглалтын хугацаатай, хэт халуун болон хүйтэн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай байхаар бүтээгджээ.
Анхаарлын төвд
Үргээсэн хэвээр. АмЧам Монголын сар тутмын уулзалтаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган АНУ-ын Төрийн департаментын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдлийн гол дүгнэлтүүдийг танилцууллаа. Тус мэдэгдэлд Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай бус орон хэвээр гэж дүгнэсэн бөгөөд 2025-2026 оны ерөнхий дүр зургаас харахад хөрөнгө оруулалтын орчин дорвитой ахицгүй, нэг түвшинд гацсан байгааг онцолсон байна. ЗГ-ын өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг дагаж Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг 100 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгаа ч АмЧам Монгол-ын зүгээс төсөл хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй байгааг анхааруулжээ.
Алдагдлаас гарсан ч… Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд олборлолт явуулдаг Mongolia Energy Corporation 2026 оны гуравдугаар сарын 31-нээр дууссан санхүүгийн жилд 472 сая хонконг долларын ашигтай ажиллаж, өмнөх санхүүгийн жилийн 1.38 тэрбум хонконг долларын алдагдлаас гарсан байна. Гэсэн хэдий ч борлуулалтын орлого нь 30 орчим хувиар буурч, 2.02 тэрбум Хонконг доллар болсныг тайлагналаа. Орлого буурсан ч ашигтай ажиллахад компанийн хөрөнгийн үнэ цэнийн нөхөлт болон санхүүгийн хэрэгслүүдийн үнэлгээний өөрчлөлт голлон нөлөөлжээ.

Харин үйл ажиллагааны үндсэн чиглэл нүүрсний олборлолт, боловсруулалт, борлуулалтаас 468.2 сая хонконг долларын ашиг бүртгэсэн байна. MEC-ийн Компанийн охин компани МоЭнКо-ийн Монгол дахь татварын маргаан гол эрсдэл хэвээр байгааг мөн дурджээ. Компанийн 2021-2023 онд хамаарах 512.2 тэрбум төгрөгийн татвар, торгууль, алдангитай холбоотой маргаан үргэлжилсээр байгаа аж.
Чухал хөрөнгө оруулалт. Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэхэд зориулж Худалдаа хөгжлийн банк Францын төрийн хөрөнгө оруулалтын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа. Санхүүжилтийн хүрээнд Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулахаас гадна кибер аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсын агаарын орон зайн ашиглалт сайжирч, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэхийг онцлов.
Сандрал. ОХУ дотоодын шатахуун, түлшний хомсдолыг багасгах зорилгоор Казахстан улсаас 50 мянга гаруй тонн АИ-92 автобензин импортлох талаар хэлэлцэж байгааг салбарын дөрвөн эх сурвалжаас эш татан Reuters агентлаг мэдээлжээ. Украины дроны довтолгооноос шалтгаалсан газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн гэмтэл, саатал нь ОХУ даяар сүүлийн өдрүүдэд шатахууны ноцтой хомсдол үүсгээд байгаа. Автобензин импортлох хувилбар нь тус улсын хувьд тун онцгой алхам бөгөөд нийлүүлэлтийн хомсдол нь хэр ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.
Гацаанаас гаргана. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзах үедээ 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцсоноо мэдээллээ. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан зэрэг 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төсөл БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2019 онд эхэлсэн ч гүйцэтгэгч компани нь дампуурч, төсөл гацжээ. Нийт төслийн гүйцэтгэл дунджаар 40 гаруй хувьтай байгааг Эрчим хүчний яам мэдээлж байсан юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Газрын тос байрандаа буцав
Брент төрлийн газрын тосны үнэ үргэлжлэн буурч, хоёрдугаар сарын сүүл үеийн түвшиндээ эргэн очсон нь АНУ-Ираны дайнтай холбоотой эрсдэл ард үлдсэний том дохио боллоо.

Газрын тосны дэлхийн жишиг үнэ дөрвөн арилжаа дараалан унаж, баррель нь 72.48 ам.доллар болсон нь дайн эхлэхийн өмнөх өдрийн хаалтын үнэ юм.
Мөргөлдөөн эхэлснээр баррель нь 140 ам.доллар давж байсан брент төрлийн газрын тосны ханш бараг хоёр дахин буураад байгаа нь энэ.
Голлох зах зээлүүдийн нийлүүлэлт эрчтэй нэмэгдэж, худалдан авагч орнууд Ойрх Дорнод, Африкийн экспортлогчдын саналд дарагдах болжээ.
АНУ, Ираны энхийн хэлэлцээнд саад бэрхшээл бүрэн арилаагүй хэвээр байгаа ч урт хугацааны тохиролцоонд хүрнэ гэсэн өөдрөг хүлээлт их байна. Тиймдээ ч байршлаа нуулгүйгээр Ормузын хоолойгоор нэвтэрч буй танкеруудын тоо өсөж байгаа аж.
Зам зуур

Ray-Ban, Oakley брэндүүдтэй хамтран ухаалаг шилний хэрэглээг түгээн дэлгэрүүлж буй Meta Platforms компани анх удаа өөрийн брэнд нэрээр шинэ, хямд үнэтэй загварууд танилцууллаа.
Компанийн мягмар гарагт танилцуулсан "Meta Adventurer" болон "Fury" ухаалаг шилнүүд тус бүр 299 ам.долларын үнэтэй нь өнгөрсөн онд гаргасан хоёр дахь үеийн "Ray-Ban Meta Wayfarer"-аас 80 ам.доллароор хямд байна.
Мөн залуу, загварлаг хэрэглэгчдийг татах зорилгоор 399 ам.долларын үнэтэй "Starfire Kylie Edition" хэмээх загвар танилцуулжээ. Тус шилийг Meta Кайли Женнертэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд гаргаж буй аж.
Шинэ загваруудын дизайныг Meta дотооддоо хөгжүүлсэн бол үйлдвэрлэлийг нь Ray-Ban, Oakley-ийн толгой компани болох EssilorLuxottica SA хариуцах юм байна. Харин техник, программ хангамж нь Meta-ийн бусад ухаалаг шилнүүдийнхтэй ерөнхийдөө ойролцоо буюу Meta AI-ийн функцүүдийг дэмжиж ажиллах 12 мегапикселийн камер, спикер зэргээр тоноглогджээ.
Эцэст нь товчхон:
Эрчим хүчний салбарынхан цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн орон даяар ажил хаяхаа мэдэгдээд байна. Ажил хаялтаас шалтгаалж үүссэн эрсдэл, эдийн засгийн хохирол, бэлтгэл ажлын асуудлыг Төр бүрэн хариуцна гэдгийг ажил хаялтыг зохион байгуулж буй Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгджээ.
АҮЭБЯ: 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд тулгарч буй асуудлыг шийдэх шаардлагатайг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тодотголоо. Энэ хүрээнд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Онцлох зураг
Шотланд-Бразилын тоглолтын өмнө уушийн газарт цугласан Шотланд фанатууд - Майами, АНУ

Nathan Ray Seebeck/Imagn Images/Reuters