- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/25
2026/06/25
Өглөөний мэнд. Украины цохилтуудаас үүдсэн шатахуун түлшний хомсдол ОХУ даяар улам газар авч байна.
Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр үлдээж, инфляцыг харгалзан өсгөж болзошгүй дохио өглөө.
Алтны ханш унц нь 4100 ам.доллароос доошиллоо.

ОХУ-д байдал хүндэрсээр
Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг нь онилсон Украины цуцалтгүй довтолгооны улмаас ОХУ-д шатахууны хомсдол улам даамжирч, засаг захиргааны нийт субъектуудын 2/3-т нь нийлүүлэлтийн тасалдал, худалдан авалтын хязгаарлалт зэрэг асуудал нүүрлээд байна.
Украинтай хил залгаа мужуудаас Амурын бүс нутаг хүртэлх Оросын орон нутгийн засаг захиргаанууд шатахуун түгээх станцуудын борлуулалтад хязгаар тогтоох, иргэдийг сандарч тэвдсэн худалдан авалт хийлгэхгүй байх арга хэмжээнүүдийг бараг өдөр бүр авч хэрэгжүүлэх болжээ. Нийлүүлэлтийн доголдлын цар хүрээ Орос даяар харилцан адилгүй ч цаашид Украины дроны цохилт үргэлжилбэл нөхцөл байдал бүр дордох эрсдэлтэй байна.

Киев сүүлийн саруудад “дайныг Орос даяар мэдрүүлэх” зорилгоор тус улсын газрын тос боловсруулах салбарыг онилсон цохилтуудаа эрчимжүүлсэн юм. Үүний улмаас хэд хэдэн гол үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, иргэдийн төлөх шатахууны үнэ өссөнөөс гадна ОХУ-ын Засгийн газар нисэх онгоцны түлшний экспортдоо хориг тавихад хүргээд байгаа.
Үүгээр зогсохгүй дизель түлшний экспортдоо бүрэн хориг тавих асуудлыг хэлэлцэж эхэлсэн талаар тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн байна. ОХУ тэргүүлэх экспортлогчдын нэг учраас дизель түлшний экспортоо бүрэн зогсоовол дэлхийн зах зээлд нөлөөлж болзошгүй.
Харин улам даамжирч буй автобензиний хомсдол нь одоохондоо дотоодын зах зээлд голчлон нөлөөлж байна. ОХУ дөрөвдүгээр сараас автобензиний экспортынхоо дийлэнхийг зогсоосон бөгөөд өмнө нь ч төдийлөн их хэмжээгээр экспортолдоггүй байв. Шатахууны үнийн өсөлт нийгмийг хамарсан эсэргүүцэл, бухимдал үүсгэж байсан удаатай тул ирэх есдүгээр сард парламентын сонгуульд оролцох эрх баригчдын хувьд энэ нь онцгой анхаарах асуудал болж байна.
Анхаарлын төвд
Дахин хэвээр үлдээлээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын хурлаараа бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Ингэснээр Төв банк 2025 оны III сараас хойш бодлогын хүүгээ өөрчлөлтгүй хадгалж байна. Улсын хэмжээнд тавдугаар сарын байдлаар 11.2 хувьтай гарсан инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан түр хугацаанд зорилтот түвшнээс давсан гэж Монголбанк дүгнэжээ. Тиймээс мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байгааг онцлов. Гэхдээ инфляцын цаашдын өрнөл, нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлс болон гадаад, дотоод эдийн засгийн төлөвөөс хамаарч бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхээ шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Түүхэнд байгаагүй халалт. Баруун Европыг хамарсан агаарын хэт халалт үргэлжилж, Франц улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун өдөр өнгөрсөн мягмар гарагт буюу VI сарын 23-нд тохиожээ. Долоо хоног гаран үргэлжилж буй хэт халалтын үеэр Францын баруун өмнөд хэсгийн Писсо хотод агаарын температур 44.3 хэм хүрсэн нь дээд үзүүлэлт болсон байна. Харин Мягмар гарагт бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд өдрийн дундаж температур 29.8 хэм байсан нь тус улс цаг уурын мэдээллээ бүртгэж эхэлснээс хойших дээд үзүүлэлт болсныг Францын Засгийн газрын цаг уурын агентлаг Météo-France мэдээллээ.

Европын дээр түгжигдсэн өндөр даралттай халуун агаарын урсгал болон далайн гадаргын хэм нэмэгдэх Эль-Ниньо мөчлөгт үзэгдлээр өдөөгдсөн энэхүү хэт халалт нь Франц даяар олон арван хүн амиа алдахад шууд болон шууд бусаар нөлөөлснийг албаныхан мэдээлж буй. Энэ долоо хоногт халуун агаар Европын эх газраас хойд зүгт Их Британи руу шилжих бөгөөд долоо хоногийн сүүл хүртэл температур нэмэгдэж, сарын түүхэн дээд үзүүлэлтүүдийг давах магадлалтайг Их Британийн Met Office мэдээлжээ.
Туйлсан төсөв. Нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсвийн алдагдлаас 3.3 дахин давж, жилд 4-5 удаа тодотгол хийж байгаа нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж байгааг Ерөнхий хяналтын сонсголын дүгнэлтэд онцолжээ. Мөн үнэт цаас, бонд болон гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж буй төслүүдийн эргэн төлөлт цаашид улс, нийслэлийн төсөвт нэмэлт дарамт учруулж болзошгүй аж. Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн төлөвлөлт мөн хангалтгүй байсан бөгөөд 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28.9 их наяд төгрөгт хүрсэн ч санхүүжилтийн гүйцэтгэл ердөө таван хувьтай байжээ.
Нууц зэвсгээ ашиглав. БНХАУ чухал ашигт малтмалын зах зээл дэх давамгай байдлаа Японд шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглаж эхэлжээ. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаар хийсэн мэдэгдэл Бээжингийн дургүйг хүргэсний дараа тус улс Японд нийлүүлэх вольфрам, газрын ховор элементийн соронз зэрэг гол түүхий эдийн экспортоо огцом бууруулах, зарим тохиолдолд бүрэн зогсоох арга хэмжээ авч байгаа аж. Эдгээр хязгаарлалт нь хэдийгээр шууд хориг биш ч Японы үйлдвэрлэгчдийг өөр эх үүсвэр хайхаас аргагүй болгож байна. Энэ сарын эхээр Такаичи Япон улс Хятадтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хандсан хэвээр байгааг мэдэгдсэн юм.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Алт шуурганд өртөв
Технологийн компаниудын хувьцааны ханш унасантай зэрэгцэн хөрөнгө оруулагчид алдагдлаа нөхөхөөр алтаа зарж эхэлснээр ханш нь огцом буурлаа.

Мягмар гарагт алтны ханш 1.7 хувиар суларч, унц нь 4100 ам.доллароос доошлов. Сүүлийн байдлаар алтны үнэ 0.8 хувиар буурч, унц нь 4083 ам.долларт тогтворжоод байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард л алтны ханш 4000 ам.доллароос доогуур түвшинд арилжаалагдаж байсан юм. Алтны үнэ оны эхээр түүхэн дээд түвшинд хүрсэн ч хоёрдугаар сарын эцэст Ираны дайн эхэлснээс хойш 20 гаруй хувиар буураад буй.
Харин мөнгөний үнэ Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш 30 орчим хувиар унаад байгаа юм. Сүүлийн байдлаар ханш нь 1.1 хувиар суларч, унц нь 60 ам.доллароор арилжаалагдаж байна.
Зам зуур

Японы SoftBank Group Corp.-ийн үүсгэн байгуулагч Масаёши Сон группийнхээ удирдлагад багадаа 10 жил үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр тэрбээр 60-аад насандаа компанийнхаа удирдлагыг шилжүүлж өгөх олон жилийн өмнөөс ярьж ирсэн төлөвлөгөөгөө орхиж байна.
Өдгөө 68 настай хөрөнгө оруулагч Масаёши Сон ирэх жилүүдэд хиймэл оюуны хэрэглээг эрчтэй нэмэгдүүлэх, SoftBank-ийг дэлхийд тэргүүлэх хиймэл оюунт роботикийн компани болгоход хувь нэмрээ оруулахаар зорьж буйгаа онцолжээ.
"Тиймээс надад тэтгэвэрт гарах зав алга" хэмээгээд, амьдралынхаа 50 жилийн турш ажиллах төлөвлөгөөгөө дахин 10-15 жилээр сунгахаар болсноо мэдэгджээ.
Чип загварчлагч Arm Holdings компанийн 90 гаруй хувийг эзэмшдэг SoftBank сүүлийн жилүүдэд хиймэл оюуны салбарын компаниудад хийх хөрөнгө оруулалтаа дорвитой нэмэгдүүлээд байгаа. Тухайлбал OpenAI-д ойролцоогоор 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээлсний зэрэгцээ ABB компанийн робот үйлдвэрлэлийн нэгжийг 5.4 тэрбум ам.доллароор үнэлж худалдан авахаар тохиролцсон юм.
Эцэст нь товчхон:
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй "Зуны Давос" чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа. Монгол Улс зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсоныг Засгийн газар мэдээлэв
Засгийн газрын хуралдаанаар долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт төрийн албан хаагчдыг амраахаар шийдвэрлэж, хувийн хэвшлийн байгууллагуудад мөн ажилтнуудаа амраахыг уриаллаа.
Онцлох зураг
Замгаар хучигдсан Эбер нуурын усанд сэрүүцэж буй одос үхэрнүүд - Афьонкарахисар, Турк

Seyit Konyali/Anadolu/Getty Images