2026/06/24

Өглөөний мэнд. Оны эхний улиралд нэг ажилтанд ногдох сарын голч цалин 2.5 сая төгрөг болсон байна.

Ипотекийн зээлийн хүүг 8-14 хувийн шаталсан байдлаар санал болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Хиймэл оюунтай холбоотой ээлжит савлагаа өрнөж, БНСУ-ын Kospi индекс 10 хувиар унав.

Голч цалин ₮2.5 сая

Засгийн газар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн бодит орлогыг дэмжих зорилгоор цалингийн орлогод ногдуулах татвар болон нийгмийн даатгалын тогтолцоонд хэд хэдэн өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариад байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар суутгахгүй, харин 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулахаар тусгажээ.

Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 850 мянга гаруй ажиллагчийн 300 мянга гаруй нь татварын хөнгөлөлтөд хамрагдах тооцоотой байна. Хуулийн төслүүдийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж, 2027-2028 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.

Цалингийн доод болон дунд шатанд төвлөрсөн энэ хөнгөлөлт нь хөдөлмөрийн зах зээлийн бодит бүтэцтэй уялдаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний улиралд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.9 сая төгрөг, голч цалин 2.5 сая төгрөг байжээ. Дундаж цалин өмнөх улирлаас 2.9 хувиар өссөн ч салбаруудын цалингийн зөрүү өндөр хэвээр байна.

Тухайлбал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 5.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 84.4 хувиар өндөр байна. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын дундаж цалин 1.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.8 хувиар бага үзүүлэлт юм.

Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.2 сая гаруй хүн байгаагаас эхний улирлын байдлаар 850.8 мянган ажиллагч нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. НДШ төлөгчдийн 34.1 хувийг 1.5-3 сая төгрөгийн цалинтай ажиллагчид бүрдүүлсэн бол 12.5 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 792 мянган төгрөг хүртэлх цалинтай байна.

Хэдий татвар, шимтгэлийн хөнгөлөлт нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой ч төсвийн орлого болон нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөө нь цаашид анхаарах гол асуудал хэвээр байна.

Анхаарлын төвд

Ипотекийн гаргалгаа. Ипотекийн зээлийн хүүг 8-14 хувийн шатлалтайгаар санал болгохоор хуулийн төсөлд тусгасан талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ипотекийн зээлийн эх үүсвэрээр зөвхөн зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаагаас зээлд хамрагдах хүсэлт өгсөн иргэдийн хүлээлгийн хугацаа 4-5 жилд хүрч, иргэд арилжааны банкны 18-аас дээш хувийн хүүтэй энгийн орон сууцны зээлд хамрагдахаас өөр сонголтгүй болж байгааг тэрээр онцолсон байна. Иймд олон шатлалтай хүү бүхий зээлийн төрөлжсөн бүтээгдэхүүн санал болгох шаардлага үүссэн гэж тайлбарлажээ.

УИХ-д өргөн бариад буй Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк байгуулах тухай хуулийн төслүүд нь орон сууцын эрэлт, нийлүүлэлтийг зэрэг дэмжихэд чиглэж байгаа аж. Ингэснээр орон сууцын үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

Нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баталгаажуулж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавин ажиллахыг БНХАУ-ын зохицуулагч байгууллагын төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тус улсад сүүлд гарсан нүүрсний уурхайн осолтой холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Иймд зуны оргил ачааллын үеэр эрчим хүчний бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангахаа онцолсон байна. Хятадад VI сарын 16-ны байдлаар эрчим хүчний нүүрсний нөөц нь дунджаар 34 хоногийн хэрэглээг хангах түвшинд байна.

Чухал цагийн шийдвэр. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлын шийдвэрлээ өнөөдөр 16:00 цагаас танилцуулахаар байна. Төв банк бодлогын хүүгээ өмнөх оны III сараас хойш хэвээр хадгалж байгаа ч банкнуудын заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах, зээлийн өр, орлогын харьцааг чангалах гэх мэт макро зохистой бодлогын шийдвэрүүд гаргаад байгаа. Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс хоёр сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, тавдугаар сард 11.2 хувьтай гарсан юм.

Блумберг санал болгож байна

Sponsored

Ирээдүйн тав тухаа өнөөдрөөс

Орон сууц, ногоон орчин, асаргаа сувилал, эмчилгээний төвийг нэг дор төлөвлөсөн цогц төсөл “Heiwa Residence & Care Home” хотын төвлөрөл, агаар, дуу чимээний бохирдлоос зайдуу шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Ахмад настан, асаргаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй өрхүүдэд зориулсан өдөр тутмын эрүүл мэндийн үйлчилгээ, саадгүй зорчих орчин, тогтвортой барилгын шийдлүүдийг нэгтгэсэн тус төслийн онцлох төлөвлөлтийг танилцуулъя:

  • Цэлгэр саруул орчинд амар тайван амьдрах тав тух: Төслийн гурван га талбайд ердөө 246 айлын орон сууц төлөвлөсөн

  • Гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцсэн цогц төлөвлөлт: Ахмад настан, тэргэнцэртэй иргэд болон бага насны хүүхдүүдэд аюулгүй зорчих боломж олгох налуу зам, босгогүй хөдөлгөөний хэсгүүд

  • Асаргаа сувиллын үйлчилгээ бүхий эмчилгээний төв: Төслийн 4 блок барилга нь Heiwa Care Home болон Эмчилгээний төв байна.

  • Тогтвортой, ногоон барилга: Heiwa Residence & Care home нь хотхоны хэмжээнд хэрэгжиж буй ногоон барилгын анхны цогц төслүүдийн нэг.

Албан ёсны хуудас: Heiwa Residence
Вэбсайт: www.heiwa.mn
Төслийн хөгжүүлэгч: Ю-Пи-Си Групп
Төслийн шоурүүм: Шинэ Яармаг хороолол, 733-р байр, 1 давхарт
Холбогдох утас: 7712 3456, 8008 9900

Гүн рүү: AI сандрал

SpaceX компани түүхэн дэх хамгийн том IPO-г хийсэн нь хиймэл оюунтай холбоотой хувьцаануудын оргил үе байх уу, эсвэл зах зээлийн савлагааг дахин өдөөх үү гэдэг асуулт гарч байлаа. Сүүлийн байдлаар нөхцөл байдал хоёр дахь хувилбар руу нь хэвийгээд байна.

  • Азийн технологийн хувьцаануудыг дагадаг MSCI-ийн жишиг индекс мягмар гарагт 6 хувиар унасан нь III сарын 9-нд Ираны дайн хөрөнгийн зах зээлийг донсолгосноос хойших хамгийн огцом уналт нь боллоо.

  • Хөрөнгө оруулагчид томоохон чип үйлдвэрлэгчдийн хувьцааг зарснаар БНСУ-ын Kospi индекс 10 хувийн уналттай хаагдлаа. SK Hynix болон Samsung-ийн хувьцаа хоёул 12 хувь давж буурчээ. Зарах хөдөлгөөн хэт их байснаас Солонгосын бирж арилжааг 20 минут завсарлах шаардлагатай болсон байна.

  • Харин SpaceX-ийн хувьцааны ханш сүүлийн гурван өдөрт нийт 23 хувиар унаснаар зах зээлийн үнэлгээ нь 600 тэрбум гаруй ам.доллароор агшиж байна. Компани хиймэл оюуны зорилтуудаа санхүүжүүлэхээр анх удаа өндөр зэрэглэлийн бонд гаргахаа зарласны дараа уналт нь эрчимжжээ.

  • Хиймэл оюуны хувьцаануудын арилжаа энэ онд хамгийн өндөр өгөөжтэй арилжаа хэвээр байгаа. Гэхдээ одоогийн уналт нь түр зуурын амсхийлт үү, эсвэл хөрөнгө оруулагчдын сентимент гүнзгий өөрчлөгдсөний дохио юу гэдэг гол асуулт болохоор байна.

Зам зуур

Oracle компани сүүлийн 12 сарын хугацаанд ажиллах хүчээ 21 мянгаар цөөлсөн байна. Хиймэл оюуны технологийг нэвтрүүлж, өргөн ашиглах болсон нь ажлын байраа танахад гол түлхэц болсныг тус компани тодотгожээ.

Тавдугаар сараар дуусгавар болсон санхүүгийн жилд тус компанийн дэлхий даяарх бүтэн цагийн ажилтны тоо 141 мянга байсан нь өмнөх оноос 13 хувиар буурсан үзүүлэлт юм.

Мөн дээрх цомхотголын улмаас ойролцоогоор 1.8 тэрбум ам.долларын бүтцийн өөрчлөлтийн зардал гаргасныг Oracle дурдсан байна.

Онцлох зураг

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер албан тушаалаа хүлээлгэн өгөх болсноо зарлалаа - Даунинг гудамж 10, Лондон

Chris J. Ratcliffe/Bloomberg