- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/23
2026/06/23
Өглөөний мэнд. Эрчим хүчний шилжилтээр Монгол Улс Азийн хөгжиж буй орнуудаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэв.
Ирэх оны IV сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл 33.6 хувьтай үргэлжилж байна.
Японы хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа худалдан авах боломжтой боллоо.

Дэлхийд шилжилт, Монголд гацалт
2026 оны эрчим хүчний шилжилтийн индексэд Монгол Улс 120 улсаас 116 дугаарт бичигдсэнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумын шинэ тайлан харуулж байна.
Дэлхийн хэмжээнд эрчим хүчний шилжилтийг хэмжих суурь үзүүлэлтүүд сайжирч, үнэлгээний дундаж оноо 57.3 хүрсэн ч Монгол Улс 45.3 оноо авснаар тайланд багтсан Азийн хөгжиж буй орнуудаас хамгийн сүүлд эрэмбэлэгдэв. 2024 онд манай улс тус индексэд 45.4 оноотойгоор 120 улсаас 116 дугаарт, 2025 онд 44.2 оноогоор 118 улсаас 115 дугаарт эрэмбэлэгдэж, байр ахих байтугай оноо алдаж улам хойшилсоор өдийг хүрчээ.

Эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн хоёр суурь үзүүлэлтээр тус индекст улс орнуудыг дүгнэдэг. Монголын эрчим хүчний тогтолцоо 54.6 оноогоор үнэлэгдсэн ч бэлэн байдлаар ердөө 31.5 оноо авсан нь шилжилтийг дэмжих бодлого, санхүүжилт, дэд бүтэц, инновац, хүний нөөцийн бэлэн байдал мэдэгдэхүйц сул байгааг харууллаа.
Парисын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэхээр амласан юм. Одоогийн байдлаар энэ хувь 20 хувь руу дөхсөн ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд сорилт болох төлөвтэй.
Үүнээс гадна эрчим хүчтэй уялдах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэд Монгол Улсын оноо 7.9 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хүртээмж, үнэ тарифын чиглэлд хийсэн сайжруулалт нь Монголд эдийн засгийн бодит үр ашиг болж хөрвөхгүй байна.
Анхаарлын төвд
Хил холболтын явц. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн гүйцэтгэл 33.6 хувьтай үргэлжилж байна. 2026 оны эцэс гэхэд тус төслийг 80 гаруй хувьд хүргэж, ирэх оны IV сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Төмөр замаар холбогдсоноор нүүрсний экспорт жилд 30 сая тонноор нэмэгдэж, жилд 1.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоолол бий. Мөн төмөр замын тээврээс жилд 250-300 сая ам.долларын орлого олох боломжтойг тодотгож байгаа юм. Үүнээс гадна ЗГ өнгөрсөн амралтын өдрүүдээр Тавантолгойн бүлэг орд дахь Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслийг албан ёсоор эхлүүллээ.
Шөнөжин үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд АНУ-тай байгуулах энх тайвны хэлэлцээрт “дорвитой ахиц” гарсан болохыг Иран улс мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хугацааг сунгаж, Ормузын хоолойг нээх урьдчилсан хэлэлцээрт хүрээд байсан АНУ, Ираны төлөөлөгчид ирэх 60 хоногт багтаж энхийн хэлэлцээрээ бүрэн баталгаажуулахаар Швейцарт цуглаад буй. Уулзалтын сэдвүүдэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаас гадна цаашдын болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэх механизм, Израил ба Хезболлагийн хоорондын гал зогсоох хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудал багтаж буй.

Салхи оруулах алхам. Япон улсын мэргэжлийн болон жижиглэн хөрөнгө оруулагч нар дотоодын зах зээл дээрээс үнэт цаас буюу бонд, хувьцаа худалдан авах боломж нээгдсэнийг Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК мэдээллээ. Японы хөрөнгө оруулагчид Монголын зээлжих зэрэглэл, авлигыг хөрөнгө оруулалтын сонирхол бууруулахад нөлөөлдөг гол хүчин зүйлсээр нэрлэж байсныг тус компанийн дэд захирал Г.Энхбат өмнө нь Bloomberg-т ярилцлага өгөхдөө онцолж байлаа. 2025 оны байдлаар дотоодын үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцогчдын ердөө 1.2 хувийг гадаадын ААН, иргэн бүрдүүлжээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс бараг хоёр дахин, 2022 оныхоос гурав дахин буурсан үзүүлэлт юм.
Тал үнээр нь зарав. ОХУ өнгөрсөн онд улсынхаа тэрбумтнаас хураан авсан алт олборлолтын "Южуралзолото" компанийн хувьцааг худалдлаа. Гэхдээ албаныхан тус хөрөнгийг хэд хэдэн удаа худалдах гээд бүтэлгүйтсэний эцэст анх дуудсан үнээсээ бараг хоёр дахин бага үнээр заржээ. Баасан гарагт явуулсан дуудлага худалдаанд "Южуралзолото" болон харьяа компаниудынх нь 67.2 хувийн хувьцаанд 93 тэрбум рубль буюу 1.3 тэрбум ам.долларын санал ирүүлсэн Москвад төвтэй "BTS-Most Holding" компани ялалт байгуулсныг TASS агентлаг мэдээлжээ.
2025 онд 385,800 унц алт олборлож байсан "Южуралзолото"-г ОХУ-ын Засгийн газар бизнесмен Константин Струковоос өнгөрсөн онд хураан авсан бөгөөд анх 162 тэрбум рублийн эхлэх үнээр санал болгосон ч өмнөх оролдлогуудаараа худалдан авагч олж чадаагүй байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Зам зуур

Бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдлыг доройтуулсан зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хямрал, өсөн нэмэгдэж буй зэвсэглэл, цэрэгжүүлэлтийн улмаас дэлхийн энх тайвны дундаж үзүүлэлт 12 дахь жилдээ дараалан буурсныг "Institute for Economics & Peace" хүрээлэнгээс гаргасан 2026 оны Дэлхийн энх тайвны индекс харууллаа.
Монгол Улсын хувьд тус индекст өмнөх оны эрэмбээс дөрвөн байр ахиж, нийт 163 улс болон нутаг дэвсгэрээс 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс энх тайван байдлаараа Шинэ Зеланд, Сингапур, Япон, Малайз, Австрали, Зүүн Тимор улсуудын дараа долоодугаарт бичигджээ.
Хэдийгээр геополитикийн өргөн хүрээний нөхцөл байдал таагүй хэвээр ч Монголын аюулгүй байдлын үзүүлэлт, олон улсын тавцан дахь байр суурь харьцангуй тогтвортой байгаа нь сүүлийн хоёр жил тус индекст оноо ахиснаас харагдаж байна.
Ерөнхий үзүүлэлтийг харвал Исланд улс 19 дэх жилдээ дараалан дэлхийн хамгийн тайван улсаар нэрлэгдсэн бол Шинэ Зеланд, Швейцар, Словени, Ирланд улсууд топ 5-д багтжээ. Харин Украинд тав дахь жилдээ дайтаж буй ОХУ 163 улсаас хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын эрэмбэ доошилж 118 дугаарт жагссан байна. Мөн АНУ-ын оноо 4 хувиар буурч 134 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тус улс дахь улс төрийн хүчирхийлэл 1970-аад оноос хойших дээд түвшиндээ хүрснийг тайланд тэмдэглэжээ.
Эцэст нь товчхон
ЗГ: Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давост оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай хоёр талт уулзалт хийх товтой. Мөн Казахстан Улсын Ерөнхий сайд болон БНСУ-ын Ерөнхий сайд нартай уулзахаар төлөвлөжээ.
Боловсролын яам: Зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтад 49 мянга гаруй суралцагч бүртгүүлсэн байна. Үүнээс математик, англи хэл, нийгэм судлалын хичээлээр хамгийн олон буюу 30 мянга гаруй суралцагч шалгалт өгөх бол газар зүй, түүх, орос хэлний хичээлээр улсын хэмжээнд ердөө 500-1500 орчим суралцагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Онцлох зураг
ЛГБТ иргэдийн Бахархлын жагсаалыг эсэргүүцэн жагсаж буй хэт барууны үзэлтнүүд - Киев, Украин

Thomas Peter/Reuters