- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/22
2026/06/22
Өглөөний мэнд. АНУ-д бодлогын хүү энэ онд буурахааргүй болсноор Goldman алтны үнийн төсөөллөө $500-оор доошлуулав.
Газрын тосны хөрөнгө оруулалт, олборлолтыг сэргээх зорилготой хуулийн өөрчлөлтийг ЗГ өргөн мэдүүлэв.
ОХУ-ын Украинд хийж буй дайны өртөг төсвөөс хэтэрч, Засгийн газрынх нь өр хуримтлагдсаар байна.

Алтны хүч суларна
АНУ-ын Холбооны нөөцийн банк 2026 онд бодлогын хүүгээ бууруулахааргүй төлөвтэй болсноор Goldman Sachs банк энэ оны эцсийн алтны ханшийн төсөөллөө унц тутамд 500 ам.доллароор буурууллаа.
Шинэчилсэн таамгаар алтны үнэ XII сард унц нь 4900 ам.долларт хүрэхээр байгааг шинжээч Лина Томас, Даан Стрюйвен нар тайландаа дурджээ. Энэ нь шар металлын ханш оны хоёрдугаар хагаст өсөх хүлээлт хэвээр ч эрч нь өмнөхөө гүйцэхгүйг илэрхийлсэн дохио болж байна.
“Алтны үнийн төсөөллийн суурь чиг баримжаа бүтцийн хувьд эерэг хэвээр байгаа ч богино хугацаандаа хянуур хандахаар байна. Ойрын хугацаанд буурах эрсдэл, дунд хугацаанд өсөх боломж давамгайлж байна” хэмээн шинжээчид онцолжээ.

Wall Street-ийн гол тоглогчдын нэг Goldman Sachs сүүлийн жилүүдэд алтны ханшийн төлөвт тогтмол өөдрөг байр суурь баримталж ирсэн юм. Тухайлбал 2024 оны сүүлээр хөрөнгө оруулагчдад “алт руу орох”-ыг зөвлөж, үнийн огцом өсөлтийг нь зөв таамаглаж байлаа. Харин шинэчилсэн төсөөлөл нь Goldman-ийн мессеж ялимгүй өөрчлөгдсөнийг харууллаа.
Ойрх Дорнодын дайн эрчим хүчний бүтээгдэхүүний үнээр дамжин инфляцыг хөөргөдөж, мөнгөний бодлого чангарах хүлээлт нэмэгдсэнээр сүүлийн саруудад алтны үнийг доош чангаах хүчин зүйлс олшроод байгаа. Мөн Холбооны нөөцийн банкны шинэ тэргүүн Кевин Уорш үнийн тогтвортой байдлыг сэргээхэд чиглэсэн бодлого баримталснаа онцолсон юм.
АНУ-д бодлогын хүү дахин буурах хүлээлт ирэх оны дунд үе рүү хойшилж, улмаар алт дагадаг ETF-үүдэд орох урсгал татрах магадлалд үндэслэн алтны үнийн төсөөллөө бууруулснаа Goldman Sachs-ийн шинжээчид тайлбарлажээ. Мөн хэрэв Холбооны нөөцийн банк эсрэгээрээ хүүгээ өсгөвөл алтны эрэлт улам суларч, оны сүүлээр 4,400 ам.доллар болох магадлалтай гэж үзсэн байна.
Гэсэн ч ханшийг дэмжих зарим хүчин зүйл хэвээр байгааг сануулжээ. Тухайлбал төв банкнуудын алт худалдан авалт энэ онд сар бүр 50 тонн, ирэх онд сар бүр 40 тонн орчим байх төлөвтэй аж. Алтны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан бууралттай байж, баасан гарагийн байдлаар унц нь 4160 ам.доллар орчимд арилжаалагдаж байв.
Анхаарлын төвд
Ашгаас ангид. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Төрийн өмчит компаниудын нийт зардал 2025 онд 22.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 20 гаруй хувиар өссөний сацуу улсын төсвийн 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардлыг төсвөөс гадуур зарцуулжээ. ТӨК-иудыг шинэчлэхэд “улс төр дийлдэхгүй” байгаа тул дээрх хуулийг баталж, ашигтай ажиллуулахын тулд мэргэжлийн удирдлагаар хангах шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал чуулганы хуралдааны үеэр хэлж байлаа.
Саалиа бэлдэх алхам. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах хуучин гэрээнүүд татварын шинэчлэлтэй зөрчилдөж, гол олборлогч “Петрочайна Дачин Тамсаг” болон “Доншен газрын тос” компаниудын хөрөнгө оруулалт, олборлолт буурсан асуудлыг засах зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүллээ. Компанийн данс битүүмжлэгдэх зэрэг татварын маргаан нь олборлолтод нөлөөлж буй тул гэрээлэгчдийн үйл ажиллагаа болон ЗГ-ын нөхөн төлөх үүргийг хуульд тодорхой тусгахаар зорьжээ.

2028 онд ашиглалтад оруулахаар зорьж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дээрх хоёр компани нийлүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа. Тус үйлдвэр жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах чадалтай байх ч 2025 онд Монгол Улс ердөө 500 мянган тонн газрын тос олборложээ.
Энхийн хэлэлцээ эхлэв. АНУ, Ираны талууд Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэж, Ормузын хоолойг бүрэн нээх зорилготой байнгын энх тайван тогтоох яриа хэлэлцээг Швейцарь улсад эхлүүллээ. Бюргеншток хотод эхэлсэн өндөр түвшний анхны уулзалтад АНУ, Иран, Катар, Пакистаны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэн, Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар хэлэлцээг ахалж байна.Үүнээс гадна Ормузын хоолойн тээвэрлэлт идэвхжиж, Персийн буланд бараг 80 сая баррель газрын тос ачсан супертанкер хөлгүүд хоолойгоор гарахад бэлэн болжээ.
Цойлсон долоо хоног. SpaceX-ийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн арилжааны эхний долоо хоногоо өндөр өсөлттэй өндөрлүүллээ. Пүрэв гарагт хувьцааны ханш нь 3.6 хувиар суларснаар хоёр өдөр дараалан нийт 8.3 хувиар буурсан байна. Гэсэн ч IPO-оор санал болгосон анхны үнээсээ 37 хувиар өсөж, арилжааны эхний долоо хоногийг дуусгалаа. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 2.4 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын эрэмбэд зургаадугаарт жагсаж байна.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Төсөв улайж, өр нэмэгдсээр
ОХУ-ын Засгийн газрын өр “Их 20”-ийн орнууд дундаа хамгийн бага түвшинд байдаг нь эдийн засгийнх нь гол давуу тал хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тогтмол онцолдог. Харин Украин дахь дайн энэ байдлыг өөрчилж эхэлжээ.
Олон улсын хориг арга хэмжээний улмаас гадаад санхүүжилтийн эх үүсвэрүүд үндсэндээ хаагдсан тул Кремль дайны зардлаа санхүүжүүлэхийн тулд өндөр өртөгтэй дотоод өрөөс улам бүр хамааралтай болж байна.

Bloomberg Economics-ийн тооцоогоор ирэх 10 жилд ОХУ дотоодын бондын хүүгийн төлбөрт ДНБ-ийнхээ дор хаяж 15 хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргахаар байна. Энэ нь тус улсын нийт өрийн хэмжээтэй бараг дүйцэх дүн юм.
Дайны үеийн эдийн засаг нэмэлт санхүүжилт шаардаж байгаа тул энэ онд дотоод зах зээлд гаргах бондын хэмжээ нь өсөх төлөвтэй. 2026 оны батлан хамгаалахын зардал нь анх баталсан төсвөөс 4-5 их наяд рубль буюу 55-69 тэрбум ам.доллароор хэтэрч болзошгүй аж.
Төсвийн тухай хуулиар ОХУ-ын Засгийн газар зардлаа санхүүжүүлэхийн тулд дотоод зах зээлээсээ 4 их наяд гаруй рубль татахаар төлөвлөсөн бол өрийн дээд хязгаарыг 37.4 их наяд рубль гэж тогтоосон байна.
Гэвч оны эхний таван сарын байдлаар төсвийн алдагдал 6 их наяд рубль буюу ДНБ-ийн 2.6 хувьд хүрч, 2026 оны бүтэн жилийн зорилтот түвшнээс ойролцоогоор 60 хувиар даваад буйг эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр Засгийн газрын өр энэ оны тааздаа аль хэдийн тулсан байна.
Зам зуур

Шигшээ багийнхаа тоглолтыг үзсэн Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгээс бүх хог хаягдлаа түүн цэвэрлээд гарч буй зураг бичлэгүүд энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ээр цахим орчинд дахин түгээд байгаа. Гэсэн ч тэд энэхүү цэвэрч нямбай зарчмаа гэртээ төдийлөн баримталдаггүйг ёжилсон пост Японд өндөр хандалт авчээ.
“Please do it at home” буюу "Гэртээ үүнийг хийнэ үү" гэсэн тайлбартай, Японы багийн хөх өмсгөлтэй эр цэнгэлдэхийн хогийг цэвэрлэх ч цаана нь гэртээ өөрөө буйдан дээр тухалж буйг дүрсэлсэн хошин зураг X платформ дээр 13 мянга гаруй удаа retweet хийгдсэн байна.
Хэдийгээр Японд хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа ч гэр цэвэрлэх, хүүхэд харах гэх мэт цалингүй хөдөлмөрийн маш бага хэсгийг эрэгтэйчүүд хийдэг тухай тус постод дурджээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаагаар Япон эрчүүдийн гэрийн ажилд оролцох хувь тус байгууллагын гишүүн орнууд дундаас хамгийн багад тооцогддог байна. Мөн 2021 онд Японы Засгийн газрын явуулсан судалгаагаар эрчүүд өдөрт дунджаар 51 минутыг гэрийн ажилд зарцуулдаг бол эмэгтэйчүүд 3 цаг 24 минут зарцуулж байжээ.
Эцэст нь товчхон
НИТХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Тээврийн цагдаагийн албанаас бэлтгэл ажил хангагдах хүртэл скүүтер, мопедын хэрэглээг түр зогсоох санал гаргалаа. Тус хуульд скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унах, зөвхөн авто замаар унах, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгч даатгалд хамрагдах, хууль зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар торгох зэрэг заалт багтаж буй.
Онцлох зураг
“Их 7”-ийн уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт Версалийн ордныг үзүүлсэн нь

Anna Moneymaker/AFP/Getty Images