2026/06/19

Өглөөний мэнд. Монгол Улс олон жил ахиц гаргаагүй Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дахин байр ухарч, 70 улсаас 67 дугаарт бичигдэв.

Монголд таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх анхны аукционы ялагчид тодорлоо.

“Их 7”-ийн бүлгийн орнууд БНХАУ-ын газрын ховор элементийн нийлүүлэлтийг нийт хэрэгцээний 60 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавив.

Хойгуур тухалсан Монгол

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хоёр жил дараалан байр ухарч, дэлхийн 70 улсаас 67 дугаарт эрэмбэлэгдлээ. Мөчлөг дагасан эдийн засаг, бодлогын тогтворгүй байдал, дэд бүтцийн сул хөгжил, экспортын хэт төвлөрлөөсөө шалтгаалан Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын эрэмбийн сүүл хэсэгт гацсан хэвээр байна.

Швейцарын Лозанн хот дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 38 дахь жилдээ гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-д энэ онд нийт 70 улс хамрагдсанаас Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвдүгээрт бичигдэж, Ботсвана, Нигери, Намиби, Венесуэлтэй хамт хамгийн тааруу үзүүлэлттэй таван улсын нэг болжээ.

Монгол Улс 2015 онд уг тайланд анх тогтмол эрэмбэлэгдэж эхлэхдээ 57 дугаарт бичигдэж байсан бол 2016 оноос хойш 60-62 дугаар байр орчимд хэлбэлзэж иржээ. Харин 2025 онд 65, 2026 онд 67 дугаар байр руу ухарсан нь өрсөлдөх чадвараар сүүлийн жилүүдэд улам доройтсоор буйн илрэл болж байна.

Тайланд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр үнэлж, улсуудыг эрэмбэлдэг. Энэ жилийн тайлан “Институтийн итгэл даах чадвар” сэдвийн хүрээнд танилцуулагдсан бөгөөд геополитикийн эрсдэл нэмэгдэж буй орчинд хууль дүрэм нь ойлгомжтой, амлалтаа хэрэгжүүлэх чадамжтай, засаглал нь найдвартай улс орнууд өрсөлдөх чадвараар илүү давуу болж буйг онцолжээ.

Уг дүгнэлт нь Монголын нөхцөл байдалд бүр ч илэрхий нийцэж байна. Өргөн уудам газар нутаг, ашигт малтмалын арвин нөөц, залуу хүн ам зэрэг давуу талууд байгаа ч тэдгээрийг эдийн засгийн өрсөлдөх давуу тал болгох институц, дэд бүтэц, хүний капиталын суурь хангалтгүй хэвээр байгааг тайлан харууллаа.

Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Монгол Улс дөрвөн байр ухарч 59 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэр дундаа эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадварын үзүүлэлтээр 70 улсаас хамгийн сүүлд жагссан байна.

Анхаарлын төвд

Шинэчлэгдсэн босго. УИХ-ын чуулганаар НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг хэвээр үлдээлээ. НӨАТ төлөх босгыг нэмэгдүүлснээр нийт 69 мянган НӨАТ төлөгчийн 30 орчим хувь нь татвар төлөхгүй болох эрсдэлтэй гэж ажлын хэсэг өмнө нь анхааруулж байв. Харин ААНОАТ-ын хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-үүд нэг хувийн татвар төлөхөөр тусгажээ. Хууль батлагдсанаар 2027 онд нийт ААН-ийн 90 орчим хувь буюу 180 мянга гаруй нь энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой аж.

Анхны аукцион. Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдаа буюу аукционы зарчмаар сонгож эхэлснээр салбарын бодит үнийг өрсөлдөөнөөр тогтоох тогтолцоо руу шилжих эхний алхмаа хийлээ. Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан анхны аукционы үр дүнд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг батарей хуримтлуурын төслүүд таван байршилд хэрэгжихээр болж байна.

Тухайлбал Булган аймаг дахь 50 МВт-ын төсөлд “Магнус Сентурион Констракшн” болон “Zhejiang Chint New Energy Development”-ийн түншлэл 5.95 цент/кВт.цагийн үнээр, харин Говьсүмбэрийн “Чойр” дэд станцад холбогдох төсөлд “Алхана Трэйд” 6.65 цент/кВт.цагийн үнээр шалгарчээ. Аукционы ялагч нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болох юм.

Онцлох заалтууд. ЗГ-аас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтөд иргэд НДШ-ийнхээ нэг хувийг сайн дурын үндсэн дээр тэтгэврийн хуримтлал болгон бүрдүүлэх боломж олгохоор тусгажээ. Мөн хэд хэдэн ажил давхар эрхэлдэг иргэд хоёр хүртэлх гэрээг сонгон шимтгэл төлөх, 15-22 насны хөдөлмөр эрхлэгчид өөрийн хүсэлтээр шимтгэлээс чөлөөлөгдөх, тэтгэврээ хойшлуулж тогтоолговол жилд 4 хувийн нэмэгдэл тооцох, 5 хүртэлх ажилтантай гарааны бизнесүүдийн гурван ажилтны ажил олгогчоос төлөх шимтгэлийг гурван жил чөлөөлөх зэрэг заалт багтжээ.

Дайныг дуусгав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дайныг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх тухай түр хэлэлцээрт гарын үсэг зурж, талуудын тохиролцоо албан ёсоор хэрэгжиж эхлэх хугацааг түргэвчиллээ. Гэсэн ч Ираны талаас Ормузын хоолойг бүрэн нээх арга хэмжээ авч эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна. Bloomberg-ийн хүлээн авсан АНУ, Ираны түр хэлэлцээрийн эцсийн төсөлд байлдааны ажиллагааг бүх фронтод зогсоохоор тусгасны сацуу Ираны сэргээн босголт, эдийн засгийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулж, багадаа 300 тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар төлөвлөжээ.

Хятадын атганаас гарна. Их 7-ийн гишүүн орнууд 2030 он гэхэд газрын ховор элементийн импортын 60-аас дээш хувийг нэг улсаас дангаар хангахгүй байх зорилт дээр тохиролцлоо. Өөрөөр хэлбэл ГХЭ-ийн олборлолт, боловсруулалтаар ноёрхдог БНХАУ-аас хамаарлаа бууруулах алхам авч байна. Уг зорилт нь газрын ховор элемент болон ГХЭ-ийн байнгын соронзын импортод хамаарахыг гэж Их 7-ийн удирдагчид Францын Эвианд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Харин бусад чухал ашигт малтмалын хувьд тодорхой зорилтуудыг энэ оны эцэс гэхэд тогтоохоо удирдагчид амлажээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Эхний бай инфляц

АНУ-ын Холбооны нөөцийн банк шинэ тэргүүн Кевин Уоршийн удирдлага дор мөнгөний бодлогын анхны шийдвэрээ гаргаж, хүлээлтийн дагуу бодлогын хүүг 3.5-3.75 хувийн хооронд хэвээр үлдээлээ. Мөн энэ онд бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдэж байгаа дохио зах зээлд өгөв.

  • Кевин Уорш инфляцыг тогтоон барьж, үнийн тогтвортой байдлыг эргүүлэн авчрах амлалт өгсөн нь дээрх таамгийг бататгаж байна.

  • Мөн Холбооны нөөцийн банкны 6.7 их наяд ам.долларын тайлан балансыг хянах ажлын хэсэг байгуулахаа мэдэгджээ.

  • Гэхдээ тэрбээр зах зээлд урьдчилсан таамаглал өгөх арга барилыг шүүмжилсээр ирсэн тул өөрөө бодлогын хүүгийн төсөөлөл гаргахаас татгалзжээ.

  • Өндөр инфляцыг онилсон бодлого хэрэгжүүлэхээ тэрбээр олон дахин илэрхийлсэн тул хөрөнгө оруулагчид АНУ-ын ЗГ-ын богино хугацаатай бондуудыг зарж эхэлжээ.

  • Goldman Sachs-ийн ТУЗ-ийн Дэд дарга Роб Каплан хэрэв инфляц өндөр хэвээр байвал Холбооны нөөцийн банк наанадаж IX сард бодлогын хүүг өсгөж магадгүй гэж таамагласан байна.

Зам зуур

Apple компани ирэх онд камераар тоноглогдсон “Airpods” чихэвч гаргаж, хиймэл оюунт төхөөрөмжийн зах зээлд байр сууриа эзлэхээр төлөвлөжээ.

Компани 2027 оны сүүлээр iPhone утасны 20 жилийн ойг тохиолдуулан хамгийн олон тооны шинэ бүтээгдэхүүн танилцуулах бөгөөд тэдгээрийн нэг нь тус чихэвч байхыг ойрын эх сурвалжаас мэдээлсэн байна. Apple одоогоор ирэх намар танилцуулах бүтээгдэхүүнүүд болон “iOS 28” үйлдлийн системээ туршиж байгаа аж.

Шинэ “Airpods”-ийн камер нь зураг, бичлэг авах зориулалтгүй, харин орчин тойрны мэдээллийг “Siri”-д дамжуулах сенсор маягаар ажиллах аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч харагдаж буй объект, орчин, нөхцөл байдлын талаар “Siri”-ээс асууж шууд хариулт авах боломжтой болох нь.

“B798” нууц кодоор нэрлэгдсэн уг бүтээгдэхүүнийг анхандаа 2026 онд гаргах төлөвлөгөөтэй байсан ч компанийн хиймэл оюуны программ хангамжийн хүндрэлээс шалтгаалж хойшлуулсныг эх сурвалж мөн мэдээлжээ.

Эцэст нь товчхон

ЦЕГ: Эрс шинэчлэл хөдөлгөөний гишүүд Оюутолгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, экспортын тээвэрлэлтийн цуваа хэвийн явж эхэллээ. Мөн тэдгээр иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.

Онцлох зураг

Голын татмын шавар дундаас алт хайж буй эмэгтэйчүүд - Монгбвалу, Ардчилсан Конго улс

Jospin Mwisha/AFP/Getty Images