2026/06/18

Өглөөний мэнд. Эрдэнэс Монгол нэгдэлд бүтцийн өөрчлөлт хийж, төрийн өмчийн 14 компанийг татан буулгахаар шийдвэрлэв.

SpaceX үнэлгээгээрээ Amazon-ийг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө нэг өдөрт $336 тэрбумаар нэмэгдэв.

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсөж, 52 их наяд төгрөгт хүрээд байна.

Хөрөнгөтнүүдийн олзтой өдөр

АНУ-Ираны тохиролцоо, SpaceX компанийн IPO-г дагасан хөрөнгийн зах зээлийн өсөлтийн ачаар дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгө даваа гарагт 336 тэрбум ам.доллароор өссөнийг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

Нэг өдрийн дотор тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ ийм дүнгээр өссөн тохиолдол тус индекст өмнө нь бүртгэгдэж байгаагүй аж. Ингэснээр зургаадугаар сарын 15-ны өдөр Нью-Йоркийн биржийн арилжаа хаагдах үед тэрбумтнуудын нийт хөрөнгө 13.3 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Дэлхийн анхны их наядтан болоод байгаа Илон Маск бусдыгаа тэргүүлж, нийт хөрөнгө нь 10 гаруй хувиар өсөн 1.27 их наяд ам.доллар болсон байна.

АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх урьдчилсан тохиролцоонд хүрсний дараа даваа гарагийн арилжааг зах зээлүүд өсөлттэй эхлүүлсэн юм. Харин өмнөх долоо хоногт SpaceX компани хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн бөгөөд ханшийн огцом өсөлт нь саараагүй байна.

Мягмар гарагийн арилжаагаар SpaceX компанийн хувьцааны ханш өсөлтөө хадгалж, үнэлгээгээр Amazon.com компанийг гүйцсэнээр дэлхийн тав дахь том нээлттэй компани болсон юм. Мягмар гарагт хувьцааны ханш нь 4.8 хувийн өсөлттэй хаагдаж, үнэлгээ нь 2.6 их наяд ам.доллар хүрснээр Amazon-ий үнэлгээнээс 8 тэрбум ам.доллароор давжээ.

Хэдийгээр дэлхийн манлай компаниудын нэг болсон ч SpaceX-ийн орлогын хэмжээ бусад томчуудынхаас хамаагүй доогуур байна. 2025 онд тус компани 18.7 тэрбум ам.долларын орлого олсон бол Microsoft-ийн орлого 281.7 тэрбум, Amazon-ийн орлого 717 тэрбум ам.доллар хүрсэн юм.

Анхаарлын төвд

ТӨК-иудыг хөдөлгөнө. Засгийн газар Эрдэнэс Монгол нэгдэлд бүтцийн өөрчлөлт хийж, 14 компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 260 орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж тус нэгдэл тооцоолж байна. Тодруулбал, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” болон “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэгтгэжээ. Мөн “Хөтөл Энержи Дулаан” ХХК-ийг “Цемент Шохой” ХХК-д, “Шивээ Сервис” ХХК-ийг “Шивээ Овоо” ХХК-д нэгтгэсэн бол “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан Стийп”, “Багануур-Илч” зэрэг компанийг татан буулгасан байна.

Амин судсыг хаах оролдлого. Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэлтийн замыг хааж, экспорт саатуулах гэж оролдсон нэр бүхий ТББ-ын гишүүд гэх иргэдэд Ерөнхий сайд хариуцлага тооцох үүрэг өгснийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд мэдээллээ. Өдөрт багадаа 4.3-5 тэрбум төгрөгийн орлогыг тасалдуулж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болж таарахыг тэрбээр онцолж байв. Иймд хууль бусаар зам хаасныг таслан зогсоохоор Цагдаагийн Ерөнхий газраар дамжуулж Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт чиглэл өгсөн байна.

Үүнээс өмнө Оюу Толгой ХХК-ийн зүгээс Монгол Улсын нийтлэг эрх ашгийг харгалзан уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад саад учруулахгүй байхыг уриалсан юм. Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр энэ оны эхний таван сард Монгол Улс 3.8 тэрбум ам.доллароор зэсийн хүдэр, баяжмал экспортолсон нь экспортын нийт үнийн дүнгийн 45 хувийг бүрдүүлжээ.

Тэлэлт, халалт. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногт хуралдаж, бодлогын хүү болон макро зохистой бодлогын шийдвэрүүдийг эргэн харахаар байгаа энэ үед эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өсөж, 52 их наяд төгрөгт хүрлээ. Өсөлтийн хурд өмнөх сараас нэмэгдсэн бөгөөд дотоод цэвэр актив нийт мөнгөний нийлүүлэлтийн 77.7 хувийг бүрдүүлжээ. Арилжааны банкнууд дахь төгрөгийн харилцах дансны үлдэгдэл сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн бол валютын харилцах дансны үлдэгдэл жилийн дүнгээр 59.7 хувиар өсжээ.

Ираныг босгох төлөвлөгөө. АНУ-тай байгуулсан тохиролцооны хүрээнд Иран улс санхүү, эдийн засгийн өргөн хүрээний давуу талууд эдлэхээр байна. Үүнд газрын тосоо шууд борлуулах, 300 тэрбум ам.долларын хөгжлийн сангийн эх үүсвэрийг ашиглах, царцаагдсан хөрөнгөө үе шаттай нээлгүүлэх зэрэг нөхцөл багтаж байгааг санамж бичгийн төсөлд тусгасныг Bloomberg News-ийн ойрын эх сурвалжаас авсан эх хувилбар харуулж байна. Мөн АНУ тэнгисийн цэргийн бүслэлтээ зогсоож, хоёр улс Ормузын хоолойгоор дамжих тээврийн урсгалыг 30 хоногийн дотор дайны өмнөх түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар заажээ.

Талууд өнгөрсөн ням гарагт тохиролцоонд хүрч, VI сарын 19-нд Швейцарт санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Алт моодноос гарахгүй

Алтны нөөцөө нэмэгдүүлэхээр төлөвлөж буй төв банкнуудын тоо өссөнийг Дэлхийн алтны зөвлөл болон YouGov компанийн 2018 оноос хойш тогтмол явуулж буй судалгаа харууллаа.

  • Судалгаанд хамрагдсан 74 төв банкны 45 хувь нь ирэх нэг жилд алт худалдан авахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Энэ нь тус судалгааг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин ганцхан улсын төв банк л алтны нөөцөө бууруулахаар төлөвлөсөн байан.

  • Сүүлийн гурван жилд алтны үнэ бараг хоёр дахин өсөхөд гол түлхэц болсон хүчин зүйлсийн нэг нь төв банкуудын худалдан авалт байсан юм. Харин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас инфляц эрчимжиж, мөнгөний бодлого чангарах хүлээлт нэмэгдсэнээр II сарын сүүлээс хойш алтны үнийн өсөлт саарсан.

  • Дэлхийн алтны зөвлөлийн судалгаагаар ирэх нэг жилд алт худалдан авах боломжит худалдан авагчдын дийлэнхийг хөгжиж буй орнуудын төв банкнууд бүрдүүлэхээр байна. Судалгаанд оролцсон хөгжиж буй орнуудын төв банкуудын 53 хувь нь алтны нөөцөө нэмэгдүүлнэ гэж хариулжээ.

  • АНУ, Ираны хэлэлцээрийн нөлөөгөөр дөрвөн өдөр дараалан өссөн алтны үнэ сүүлийн байдлаар унц нь 4332 ам.доллар орчимд тогтворжлоо.

Зам зуур

Alphabet-ийн Google компани өргөн хүрээний шинэчлэлүүдийг багтаасан “Android 17” үйлдлийн системээ хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Шинэчлэлийг эхний ээлжид компанийн “Pixel” брэндийн гар утас, таблетуудад нэвтрүүлэх бол бусад төхөөрөмжид ирэх саруудаас үе шаттайгаар хүргэнэ гэж Google мэдээлэв.

Үйлдлийн системийн шинэчлэл нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэх функц, нийгмийн сүлжээний платформууд дахь видео бичлэг болон гар утасны тоглоомын хэрэглээнд голлон төвлөрчээ. Мөн энэ оны сүүлээр танилцуулагдах илүү дэвшилтэ агентын хиймэл оюуны суурийг тавьж байгаагаараа онцлог гэж компани тайлбарласан байна.

Харин Android үйлдлийн системийн шинэ эможи, ухаалаг widget бүхий хиймэл оюунт “Gemini Intelligence” үйлчилгээ энэ зунаас эхлэн үе шаттай нэвтрэхийг Google онцоллоо.

Эцэст нь товчхон

ЭХЯ: Сэргээгдэх эрчим хүчний таван төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг өнөөдөр анх удаа нээлттэй дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах гэж байна. Урьдчилсан байдлаар нийт 115 компани сонирхлоо илэрхийлснээс 19 нь шаардлага хангажээ.

АҮЭБЯ: Гангийн цогцолбор үйлдвэр барих ажлын урьдчилсан сонгон шалгаруулалт нэ нэг сарын хугацаанд явагдаж дууссан байна. Нийт таван ААН сонирхлоо илэрхийлснээс шаардлага хангасан хоёр нь шалгарч үлджээ. Тус хоёр ААН-ийг хураангуй жагсаалтад оруулсныг баталгаажуулж, урилга хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотголоо.

Онцлох зураг

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Их 7”-ийн бүлгийн уулзалтад оролцохоор ирсэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг угтан авч буй нь - Эвиан-ле-Бан, Франц

Ludovic Marin/AFP/Getty Images