- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/17
2026/06/17
Өглөөний мэнд. Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч суларлаа.
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шийдэл нь нүүрс-химийн үйлдвэрлэл гэж ӨМӨЗО үзэж байна.
Улсын нэгдсэн төсвийн алдагдал I-V сарын гүйцэтгэлээр ₮1.4 их наяд хүрэв.

Өвөр Монголын нүүрсний төлөвлөгөө
БНХАУ-ын нүүрс олборлолтоор тэргүүлэгч бүс нутгуудын нэг Өвөр Монголын Өөртөө засах орон химийн үйлдвэрлэл дэх нүүрсний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Ираны дайн газрын тосны үнийг өсгөсөн нь тус улсын нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлээд байгаа аж. Тиймээс орон нутгийн удирдлагууд уг салбарыг БНХАУ-ын эрчим хүчний бие даасан байдлыг хангах чухал чиглэл хэмээн онцолжээ.
“Нүүрсэнд суурилсан химийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь дотоодын газрын тос, байгалийн хийн өөрийгөө хангах түвшнийг сайжруулж, аж үйлдвэрийн түвшинд эрчим хүчний аюулгүй байдлын сорилтыг бууруулахад дэмжлэг болно. Ингэснээр импортын газрын тос, байгалийн хийн хамаарал багасна” гэж ӨМӨЗО-ы Засгийн газрын Гүйцэтгэх дэд дарга Хуан Жичян Хөххотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

БНХАУ-ын нүүрс-химийн үйлдвэрлэлийн гол төвүүдийн нэг болох Ордос хотод нүүрсийг хуванцрын үйлдвэрлэлийн суурь түүхий эд болох олефин, мөн тос, хий хэлбэрийн түлш болгон боловсруулдаг. Өнгөрсөн онд ашиглалтад орсон, жилд гурван сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Баофэнгийн олефины үйлдвэр нь БНХАУ-даа хамгийн томд тооцогддог байна. Мөн дахин хэд хэдэн томоохон олефины үйлдвэрийн бүтээн байгуулалт Өвөр Монголд үргэлжилж байгаа аж.
Ираны дайн энэ салбарын тэлэлтийн шинэ хөшүүрэг болсон бөгөөд Bloomberg Intelligence-ийн тооцоогоор Хятадын нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбар дахь нүүрсний хэрэглээ энэ онд 20 хүртэлх хувиар өсөх боломжтой байна.
Санал болгох: БНХАУ-ын химийн үйлдвэрүүд газрын тосноос нүүрс рүү шилжиж, тэрбум тэрбумаар нь ашиг хийж байна
Үүний зэрэгцээ ӨМӨЗО нь Хятадын цэвэр эрчим хүчний түүчээлэгч болж, өнгөрсөн онд салхины эх үүсгүүрийн эрчим хүч үйлдвэрлэл болон ногоон технологийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлжээ. Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 175 ГВт давсан нь Хятадын нийт үзүүлэлтийн 9 хувийг хангах хэмжээ аж.
Шугам сүлжээний хүчин чадлын хязгаарлалт, дотоодын бага эрэлтээс улбаалж Өвөр Монголд СЭХ-ний үйлдвэрлэл заримдаа хэтрэх тохиолдол байдаг аж. Тиймээс дата төв, хиймэл оюуны тэсрэлтийг эрчим хүчээр хангахад энэхүү нөөцөө ашиглахаар зорьж байгаагаа ӨМӨЗО-ы удирдлагууд онцолжээ.
Анхаарлын төвд
Тодотгол хэзээ вэ. Улсын нэгдсэн төсвийн алдагдал оны эхний таван сарын гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 дахин өслөө. 2026 оны нэгдсэн төсвийг УИХ 1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэсэн ч оны эхний хагас дуусаагүй байхад бүтэн жилийн баталсан алдагдлын хэмжээнээс даваад байна. Зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 13 их наяд төгрөг болж өссөн бөгөөд хөрөнгийн зардал 72.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Орлого 13.5 их наяд төгрөгт хүрсэн ч татварын ачааллыг 4.1 их наяд төгрөгөөр бууруулах хуулийн төслүүд хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй байна.
Ангайлгасан тоонууд. “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн орон сууцжуулах төслийн төсөвт өртөг 5.5 их наяд төгрөгөөр тооцогдож байгааг Нийслэлийн төсвийн сонсголын үеэр танилцууллаа. Төслийн гүйцэтгэл 20 гаруй хувьтай, дулааны асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа нь хугацаандаа ашиглалтад орох болон 2027 онд төлөх 500 сая ам.долларын Сэлбэ бондын эргэн төлөлтөд эрсдэл үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулав.

Харин Туул хурдны замын төсөвт өртөг 916.3 тэрбум төгрөг байсныг 2025 онд 1.9 их наяд төгрөг болгожээ. Төслийн төлөвлөлтөд Аудитын ерөнхий газар шалгалт хийж, эхний байдлаар хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасныг мэдээллээ.
Юань 530 руу. Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулраад байна. Мягмар гарагийн албан ханш 529.18 нэгжийн түвшинд мөрдөгдөж байгаа нь 2023 оны II сард хүрсэн дээд цэг болох 519.75 нэгжээс дахин 10 нэгжээр суларсан үзүүлэлт боллоо. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Монголбанкнаас өгсөн мэдээллээр юанийн своп хэлцлийн үлдэгдэл 6 тэрбум юань байгаа бөгөөд цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь баримталж байгаа аж.
Хятадын удаашрал. БНХАУ-д хэрэглэгчдийн худалдан авалт болон хөрөнгө оруулалт цар тахлын үеэс хойш ажиглагдаагүй доод түвшинд хүрч буурлаа. Энэ нь экспорт огцом өсөж, Ираныг тойрсон хурцадмал байдал намжсан ч БНХАУ-ын эдийн засагт сорилт тулгарсан хэвээр байгаагийн илрэл болов. Оны эхний таван сард БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт шинжээчдийн таамагласнаас өндөр дүнгээр буюу өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар агшжээ. Мөн жижиглэн худалдааны борлуулалт 0.6 хувиар буурсан нь 2022 оны эцсээр цар тахлын хязгаарлалт цуцлагдсанаас хойших анхны бууралт нь болж байна.
Нислэг үргэлжилсээр. SpaceX-ийн хувьцааны ханш арилжааны хоёр дахь өдрөө 20 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 412 тэрбум ам.доллароор өслөө. Ингэснээр 2.5 их наяд ам.доллар давсан үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн том, нээлттэй компаниудын эрэмбэд зургаадугаарт бичигдэж байна. Даваа гарагт нэгж хувьцааны ханш нь 192.46 ам.долларт хаагдсан нь IPO-ийн үнээс 42 хувиар өндөр үнэ болов. Мөн компани нэмэлт хувьцаа гаргах эрхээ эдэлж, андеррайтерууд нэмэлтээр 83.3 сая нэгж хувьцааг борлуулсан байна. Ингэснээр татан төвлөрүүлсэн санхүүжилтийн нийт дүн нь 86.2 тэрбум ам.доллар хүрчээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Нефтийн уналтын өдрүүд
АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрснээр нийлүүлэлт сэргэнэ гэсэн хүлээлт үүсэж, дэлхийн жишиг үнэд тооцогддог брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн дөрвөн өдөр дараалан уналаа.

Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 2 хувиар суларч, баррель нь 81.5 ам.доллар болоод байна. Түүнчлэн WTI төрлийн газрын тосны үнэ 0.2 хувиар буурч, баррель нь 80 ам.доллар орчимд хадгалагдаж байна.
Үүний зэрэгцээ Wall Street-ийн томоохон банкнууд газрын тосны үнийн төсөөллөө бууруулж эхлээд байна. Тухайлбал Morgan Stanley VII-IX сарын газрын тосны үнийн төсөөллөө 100 ам.доллароос бууруулж, 90 ам.доллар болголоо.
Мөн оны сүүлийн гурван сард брент төрлийн газрын тосны дундаж үнэ баррель нь 80 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж тооцоолжээ.
Харин Goldman Sachs-ийн шинжээчид IV улирлын үнийн төсөөллөө 10 ам.доллароор бууруулж, 80 ам.доллар болгосон байна.
Зам зуур:

Даваа гарагт Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Кабо-Верде улсын шигшээ баг хүчирхэг Испанийн багийн эсрэг хэний ч төсөөлөөгүй үр дүн гаргаж, тэнцсэнээр Polymarket цахим бооцооны платформд нэгэн арилжаалагч 1 сая ам.доллар алдсан байна.
Тус мөрийцөгч Испанийн баг хожил авах нь бараг баталгаатай гэсэн олонхын таамаглалыг дагаж асар том бооцоо тавьсан нь ийнхүү буруугаар эргэснийг Polymarket-ийн арилжааны бүртгэл харуулж байна.
“betoor619” хэмээх нэртэй тус хэрэглэгч өмнө нь 9000 ам.доллароос дээш дүнтэй мөнгө хожиж, эсвэл алдаж байсан түүхгүй ч өчигдрийн тоглолт дээр 1.1 сая ам.доллар тавьжээ. Испанийн багийн хожих магадлал тоглолтын өмнө 92 хувьтай байсан тул хэрэв бооцоогоо авсан бол тэрбээр 85 мянган ам.долларын өгөөж хүртэх байсан байна.
Европын аварга Испанийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий алтан цомыг горилж буй багуудын нэг бөгөөд Goldman Sachs банк Испанийн түрүүлэх магадлалыг 26 хувь гэж тооцоолжээ. Харин арлын Кабо-Верде улсын баг ДАШТ-д анх удаагаа оролцож буйн зэрэгцээ бүрэлдэхүүнд нь өндөр түвшний мэргэжлийн тоглогч байхгүй.
Эцэст нь товчхон
ЭХЯ: 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Эрдэнэбүрэнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төслийн гүйцэтгэл 33 хувьтай үргэлжилж байна. Төслийн нийт төсөвт өртөг 271.4 сая ам.доллар болохоос 253.1 сая ам.долларыг БНХАУ-ын зээлээр санхүүжүүлж байгаа.
Онцлох зураг
Английн сувгийг гатлах цагаачдын завинд суухаар ус туулж буй хүмүүс - Берк, Франц

Gareth Fuller/PA