- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/16
2026/06/16
Өглөөний мэнд. Монголын ТОП-100 компанийн эрэмбэд Оюу Толгой ХХК дөрвөн жил дараалан тэргүүлэв.
Илон Маск $1,000,000,000,000-ын хөрөнгөөр юу хийж болох вэ?
Нийслэлийн төсвийн зарлага 2022-2026 онд 5.6 дахин өсөж, ₮7.8 их наяд хүрэхээр байна.

ТОП-100 тодорлоо
МҮХАҮТ-аас Монгол Улсын 2025 оны тэргүүлэх 100 аж ахуйн нэгжийг тодруулж, Оюу Толгой ХХК дөрөв дэх жилдээ дараалан нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Энэ удаагийн жагсаалтад Монголын Алт ХХК хоёрдугаарт, ХААН Банк гуравдугаарт бичигдэж, Эрчим Ресурс, Голомт Банк, Худалдаа Хөгжлийн Банк тус тус удаалсан байна. Оюу Толгой ХХК ерөнхий эрэмбээс гадна ашгийн үзүүлэлтээр мөн нэгдүгээрт орсон нь онцлох өөрчлөлт болжээ.

Салбараар нь харвал худалдааны салбарын төлөөлөл хамгийн олон буюу 27 ААН-ээр жагсаалтад багтсан бол уул уурхай, олборлолтын салбараас 24 компани оржээ. Энэ онд хурдацтай сэргэсэн тус салбарын компаниуд борлуулалт, татвар, ажиллагчдын тоо, ашиг, хөрөнгө гэсэн бүх гол үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Тухайлбал ТОП-100 ААН-ийн нийт борлуулалтын 49 хувь, төлсөн татварын 48 хувь, ашгийн 59 хувийг бүрдүүлжээ.
Худалдааны салбараас Премиум Нэксус ХК эхний 10 дотор байраа хадгалж долоодугаарт эрэмбэлэгдсэн бол “GS25”-ийг ажиллуулдаг Дижитал Концепт ХХК 11 дүгээр байрт дэвшжээ. Энэ жилийн хамгийн олон байр урагшилсан компаниудаар Алтангадас Трейд ХХК, Таван Богд Фүүдс Пицца ХХК, Хан Алтай Ресурс ХХК, Нэткапитал Финанс Корпораци ББСБ тодорлоо.
ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 2025 онд 65.7 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын нэрлэсэн ДНБ-ий 73 хувьтай тэнцсэн байна. Мөн нийт 8.04 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь улсын нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлжээ. Харин ажиллагчдын тоо өмнөх оноос буурч 84.7 мянга болсноор нийт ажиллах хүчний 6.1 хувийг эзэлжээ.
Анхаарлын төвд
Алдуурсан төсөв. Нийслэлийн төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2022 онд 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2026 онд 7.8 их наяд төгрөг хүрч, үүнээс 2.7 их наяд төгрөгийг урсгал зардал эзлэх тооцооллыг Сангийн сайд танилцуулав. Харин төсвийн алдагдал нь 2026 онд 2.4 их наяд төгрөг хүрэхээр байгаа нь улсын нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байгаа аж. Үүнээс гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын зардал сүүлийн 10 жилд 10 дахин өссөн. Үүн дотор 5-12 жилийн хугацаанд он дамжин хэрэгжиж буй төслүүд байгааг нийслэлийн төсвийн сонсголын үеэр шинжээч танилцуулсан юм.
Тохиролцоо бүтэмжтэй. АНУ болон Ираны талууд Ормузын хоолойг нээх урьдчилсан тохиролцоонд хүрч, ирэх баасан гарагт Швейцарт уулзалдан хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсноо мэдэгдлээ. Зах зээл энэ мэдээний дараа “ногоорч”, MSCI-ийн Ази, Номхон далайн жишиг индекс 3 хувь өссөн бол брент газрын тосны үнэ 4 хувиар унан баррель нь 83 ам.доллар боллоо. Мөн Лондоны Металлын биржид зэсийн ханш 1.2 хувиар чангарч, тонн нь 13,864 ам.доллар хүрсэн бол алтны үнэ 2.7 хувиар өсөж, унц нь эргэн 4300 ам.доллар давав.

Төв банкны долоо хоног. Энэ долоо хоногт дэлхийн нийт үйлдвэрлэлийн 40 хувийг бүрдүүлдэг 20 гаруй улсын Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулах товтой байна. Үүнээс дийлэнх нь бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлбал Холбооны Нөөцийн банк шинэ тэргүүн Кевин Уоршийн удирдлага дор VI сарын 16-17-нд болох анхны хурлаараа бодлогын хүүг тогтвортой байлгах хүлээлт шинжээчдийн дунд давамгайлж буй. Түүнчлэн Англи, Швед, Швейцарын Төв банкнууд мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй байх магадлал өндөр байна.
AI Түгшүүр. АНУ-ын засаг захиргааны тушаалаар Anthropic компани дэвшилтэт хиймэл оюуны загварууд болох “Fable 5” болон “Mythos 5” руу гадаадын иргэд нэвтрэх боломжийг хязгаарлаад байна. Үндэсний аюулгүй байдлын үүднээс Дональд Трампын засаг захиргаа хиймэл оюуны дэвшилтэт технологи гаднын иргэдийн гарт орохоос сэргийлж энэ шийдвэрийг гаргасан байна.
Anthropic нь “Mythos” загвараа анх IV сард хязгаарлагдмал хүрээнл өөн тооны компани, байгууллагад ашиглуулж байсан юм. Гэвч тус хиймэл оюуны моделийн кибер аюулгүй байдлын сул талуудыг илрүүлэх чадвар нь илүү өргөн хүрээнд түгээхэд хэтэрхий эрсдэлтэй байгааг анхааруулж байв.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: $1,000,000,000,000-аар юу хийж болох вэ?
Саяхан буюу 2024 оны зун Илон Маск, Жефф Безос, Бернар Арно нар дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн статусыг булаацалдаж, эрэмбийн тэргүүн байр бараг өдөр бүр солигдож байлаа. Тухайн үед тэдний хөрөнгө тус бүр 200 тэрбум ам.доллар орчим байв.

Харин үүнээс хоёр жил ч хүрэхгүй хугацааны дараа 54 настай Илон Маск дэлхийн түүхэнд анх удаагаа их наяд ам.долларын хөрөнгө бүрдүүлж, Безос, Арно нарынхыг нийлүүлснээс хоёр дахин их хөрөнгийн эзэн болоод байна.
Их наядтан гэхээр яг хэр баян гэсэн үг вэ? Үнэндээ тэрбум ам.долларыг ч төсөөлөлдөө буулгахад бэрх байдаг. Тэрбумын хөрөнгөтэй бол 100 жилийн хугацаанд өдөр бүр $27,000-ыг үрж болно. Харин их наяд ам.доллар нь нэг зууны турш өдөр бүр 27 сая ам.доллар зарцуулахтай дүйцнэ.
Гэхдээ бодит байдал дээр их наядтан хөрөнгөө бэлэн мөнгөтэй адил зарцуулах боломжгүй. Илон Маскийн хувьд хөрөнгөө барьцаалж олон тэрбумыг зээлж болно. Харин SpaceX, Telsa-д эзэмшдэг хувьцаагаа зарж бэлэн мөнгө болгох өчүүхэн ч атугай дохио өгвөл компаниудынхаа зах зээлийн үнэлгээг нэг шөнийн дотор газар шороодуулах эрсдэлтэй.
Тэгэхээр Маскийн $1 их наядын хөрөнгө юу юуг боломжтой болгох вэ? Bloomberg News тоо бодож, тэрхүү үлэмж хөрөнгийг тооцоолох таван арга зам боловсруулсныг хүргэж байна.
Онцлох зураг
Хөлбөмбөгийн ДАШТ-ээр улсынхаа шигшээ багийн анхны тоглолтыг үзэж буй Хаитичууд - Порт-о-Пренс, Хаити

Odelyn Joseph/AP