- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/15
2026/06/15
Өглөөний мэнд. SpaceX-ийн IPO-оор Илон Маск дэлхийн анхны их наядтан боллоо.
Монголын Засгийн газрын өрийн хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэнэ.
Америкчуудын 40 хувь нь хөлбөмбөгийн ДАШТ улсад нь болж байгааг мэдээгүй байна.

Дээшээ хязгааргүй
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскийн нийт хөрөнгийн хэмжээ $1,000,000,000,000-д хүрлээ.
Хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлсэн баасан гарагт SpaceX-ийн нэгж хувьцааны ханш 19 хувиар өсөж, 160.95 ам.доллар хүрснээр нийт зах зээлийн үнэлгээ нь 2.2 их наяд ам.доллар болов. Ингэснээр компанийн Үүсгэн байгуулагч Илон Маскийн хөрөнгийн хэмжээ нэгэн цагт санаанд буумгүй байсан 1.1 их наяд ам.доллар хүрч байгааг Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Арав ч хүрэхгүй жилийн өмнө Bloomberg-ийн индекст анх удаагаа 100 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө бүртгэгдэж байсан нь мөн Илон Маскийнх байв. 2020 онд тэрбээр энэ босгыг давснаасаа хойш дэлхийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд ноёлсоор ирсэн юм. Эхлээд түүний Tesla компанийн хувьцаа бүх цаг үеийн хамгийн өсөлттэй хувьцаануудын нэг болсон бол өдгөө SpaceX компанид нь хувь эзэмшихээр хөрөнгө оруулагчид яарч, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болгоод байна.

Швейцар улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх их наяд ам.долларын хөрөнгө нэг хүнд оногдоно гэдэг бараг төсөөллөөс давсан ойлголт юм. Хэрэв Илон Маскийн 14 хүүхэд түүний хөрөнгөөс тэнцүү хувь өв залгамжилж авахаар болбол бүгд дэлхийн хамгийн баян 30 хүний жагсаалтад багтана. “Энд үе дамжсан хөрөнгө биш, хязгааргүй хөрөнгө яригдаж байна” хэмээн хөрөнгийн хараат бус зөвлөх Дэн Уолтер онцолжээ.
Хэдийгээр SpaceX-ийн IPO Илон Маскийг их наядтан болгосон ч дэлхийн чинээлэг эрхмүүдийг манлайлах анхны түлхэцийг нь Tesla компани өгсөн юм. Гол хувьцаа эзэмшигч нь Маск хэвээр байгаа тус компанийн хувьцааны ханш 2010 онд нээлттэй болсноос нь хойш 35,000 орчим хувиар өсөөд байна.
Харин SpaceX-ийн сансрын хөөргөлтийн зах зээл дэх давамгайлал, мөн 2019 онд гаргасан хиймэл дагуулын интернэтийн Starlink үйлчилгээ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам ихээр татаж байлаа. 2021 онд хаалттай хүрээнд хөрөнгө оруулалт татсаны дараа 100 тэрбум ам.доллар хүрч байсан SpaceX-ийн үнэлгээ өнгөрсөн II сард xAI болон X-тэй нэгтгэсний дараа 1 их наяд ам.доллар хүрсэн юм. Өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн хамгийн том IPO-г хийснээр Илон Маскийн нийт хөрөнгийн 70 хувийг бүрдүүлэх болоод байна.

Гэхдээ И.Маскийн хөрөнгийн дийлэнх нь цаасан дээрх дүн хэвээр байна. Түүний хөрөнгө голчлон өөрийн компаниуд дахь хувь эзэмшлээс бүрддэг бөгөөд үүнээс гадуурх хөрөнгийн хэмжээ нь харьцангуй бага аж. Хэрэв тэрбээр аль нэг компанийнхаа хувьцааг их хэмжээгээр зарж бэлэн мөнгө болгох гэвэл хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж, тухайн компанийн үнэлгээг унагах эрсдэлтэй юм.
Гэсэн хэдий ч тэрбээр SpaceX, Tesla-ийн Гүйцэтгэх захирлын хувиар өндөр дүнтэй урамшууллын гэрээ байгуулсан байдаг. Хэрэв санхүүгийн, үйл ажиллагааны шат дараатай зорилтуудыг амжилттай биелүүлбэл Маск компаниуддаа нэмэлт хувьцаа урамшуулал болгон авах боломжтой. Тэдгээр зорилтыг бүгдийг нь биелүүлсэн тохиолдолд хоёр компаниас хүлээн авах урамшууллын багцын нийлбэр дүн ойролцоогоор 1.8 их наяд ам.долларт хүрэхээр байна.
Анхаарлын төвд
Өрийн сүүдэр. Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2027 онд 57.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувьтай тэнцэх бол 2028-2029 онд 63.6 их наяд төгрөгт хязгаарласнаар ДНБ-ий 50-45 хувьтай тэнцэхээр тооцоолж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад байна. томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зээллэг нэмэгдэж буйтай холбоотойгоор эдийн засагчид өрийн эрсдэл, төсөв мөнгөний бодлогын уялдаанд анхаарах шаардлагатайг сануулж байна. V сарын эцсийн байдлаар улсын нийт гадаад өр 38.5 их наяд төгрөгт хүрсний 13.8 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад зээлийн үлдэгдэл байгааг Сангийн яам мэдээлжээ.
Топ дипломатчийн айлчлал. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улс дахь айлчлалын үеэр Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дахин баталгаажууллаа. Айлчлалаар талууд төмөр замын холболт, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хүрээнд хийн хоолой болон Замын-Үүд–Улаанбаатар–Алтанбулаг чиглэлийн хурдны замын төслийг урагшлуулах талаар санал солилцжээ.

Зөрүүтэй мэдээлэл. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодын дайныг зогсоох анхны хэлэлцээрийг Ирантай ням гарагт байгуулах боломжтойг мэдэгдээд байгаа. Пакистаны Ерөнхий сайд Шебаз Шариф талууд ерөнхий нөхцөлүүд дээр тохиролцсон гэдгийг онцолж байгаа ч Ираны тал гарын үсэг зурах хугацааны тал дээр эргэлзсэн байр суурь илэрхийлжээ. Хэрэв хэлэлцээр байгуулагдвал дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүний гол гарц болох Ормузын хоолой бүрэн нээгдэхийг Д.Трамп амалж байв.
Дэлхийн эдийн засаг 2026 онд 2.5 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн Банк танилцууллаа. Энэ нь Covid-19 цар тахлын улмаас 2020 онд эдийн засаг агшиж байснаас хойших хамгийн сул өсөлт болох юм. Ойрх Дорнодын дайн түүхий эдийн урсгалыг тасалдуулж, эрчим хүч болон импортын зардлыг өсгөж, инфляцыг өдөөснөөр дэлхийн улсуудын 2/3-ийнх нь эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөхөөс бууруулжээ. Дайны нөлөөлөлд Хятад, Энэтхэгээс бусад хөгжиж буй зах зээлүүд хамгийн хүчтэй өртөхөөр байна гэж үзжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Ангилал ахихад ойртов
Сүүлийн хэдэн жилийн хамгийн савлагаатай арилжааны өдрүүдийг үдсэнийхээ дараа Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл удаан хүсэн хүлээсэн MSCI-ийн “хөгжингүй зах зээл” ангилалд багтахад ойртоод байна

Энэ онд Kospi индекс 90 гаруй хувиар өссөнөөр дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлүүдийг тэргүүлж буй. Хиймэл оюуны эрэлтээс ашиг хүртэгч компаниуд руу хөрөнгө оруулагчид хошуурснаар өсөлтийг өрджээ.
Гэсэн ч энэхүү эрчтэй өсөлт нь Өмнөд Солонгосыг мөн дэлхийн хамгийн өндөр савлагаатай хөрөнгийн зах зээлүүдийн нэг болгосон байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарал VI сарын 23-нд болох MSCI-ийн зах зээлийн ангиллын шинэчлэл рүү чиглэж байна. Үүгээр тус байгууллага БНСУ-ыг хөгжиж буй зах зээлийн ангиллаас ахиулж, хөгжингүй зах зээлийн ангилалд оруулах ажиглалтын жагсаалтад багтаах эсэхээ шийдэх юм.
БНСУ-ын хөрөнгийн зах зээл дэлхийн хиймэл оюуны хөрөнгө оруулалтын давалгаатай улам нягт холбоотой болсоор байна. Samsung Electronics болон SK Hynix компаниуд нийлээд Kospi индексийн жингийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа.
Зам зуур

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зарим үед манай гараг дээрх хамгийн том баяр наадам гэж тодорхойлох нь бий. Гэсэн хэдий ч тус тэмцээнийг 30-аад жилийн дараа дахин хүлээн авч зохион байгуулж байгаа АНУ-ын хувьд дээрхтэй огтхон ч санал нийлэхгүй хэвээр аж.
Тавдугаар сарын сүүлээр явуулсан санал асуулгаар АНУ-ын насанд хүрсэн иргэдийн талаас илүү хувь нь ДАШТ-ий 104 тоглолтын ганцыг нь ч гэртээ зурагтаар үзэхгүй гэдгээ илэрхийлжээ. Харин ердөө 13 хувь нь тоглолтуудыг заавал үзнэ гэж хариулсныг Bloomberg-ийн захиалгаар Morning Consult байгууллагын явуулсан тус судалгааны үр дүн харуулж байна.
ДАШТ-ийг харах өнцөг Америкчуудын насны бүлэг хооронд эрс тэс ялгаатай байжээ. Тухайлбал 20-иод насандаа яваа "Gen Z" үеийнхний дунд идэвх, хүлээлт хамгийн өндөр байсан бол 60-70 насныхан буюу "Baby Boomer" үеийнхэн хамгийн тоомжиргүй ханджээ. Тэдний дөрөвний гурав нь хөлбөмбөг огт үздэггүй гэсэн бол бараг тэн хагас нь Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Мессигийн талаар амьдралдаа дуулж байгаагүй гэсэн байна.
Үүгээр зогсохгүй эх оронд нь ийм тэмцээн болж байгааг ч мэдээгүй Америкчуудын тоо нэлээн их байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 20 орчим хувь нь ДАШТ-ий талаар тодорхой мэдээлэл авсан бол бараг 40 хувь нь "огт мэдээгүй" гэж хариулжээ
Онцлох зураг
New York Knicks баг цувралын тав дахь тоглолтод San Antonio Spurs багийн буулган авч, 53 жилийн дараа NBA-ийн аварга болж буй агшин

Darren Abate/AP Photo