- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/12
2026/06/12
Өглөөний мэнд. Орон сууцны үнийн индексийн өсөлт эрс удааширч, V сард Улаанбаатарт шинэ, хуучин орон сууцны үнэ буурчээ.
SpaceX-ийн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцаанд захиалга нь нийлүүлэлтээсээ дөрөв дахин давав.
Өнгөрсөн онд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортоор авсан баруун бүсэд шинэ эх үүсвэр хамгийн их шаардагдаж байна.

Эрчим хүчний айсуй төслүүд
Эрчим хүчний хүчин чадлын хомсдол Монгол Улсын гол сорилтуудын нэг хэвээр байгаа энэ үед шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалт хамгийн их шаардлагатай бүс нь баруун бүс болоод байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр 2025 онд Говь-Алтай, Завхан аймгийг хамардаг Алтай-Улиастайн нэгдсэн сүлжээний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс худалдан авсан эрчим хүч өмнөх оноос 58.3 хувиар өсжээ. Түүнчлэн баруун бүсийн нэгдсэн сүлжээний нийт хэрэгцээний 79.6 хувийг 2025 онд ОХУ болон БНХАУ-ын импортоор хангасан байна.

Олон жил дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд хэдий 2024 онд БНХАУ-тай санхүүжилтийн хэлэлцээрийг нь байгуулсан ч түүнээс хойш зогсонги байдалтай байсан юм. Харин тавдугаар сард төсвөөс гаргах санхүүжилтийн хэмжээг нэг удаадаа нэмэгдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг төслийг УИХ баталснаар төсөл эцэст нь урагшлах нөхцөл бүрдсэн.
Баруун бүсийн эрчим хүчний бэрхшээлийг зөөллөх өөр нэг сайн мэдээ гарсан нь Макс Групп Говь-Алтай аймгийн Төгрөг сумд 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. 2 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих уг төсөл ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд тулгараад буй 150-180 МВт-ын хүчин чадлын дутагдлыг нөхөж, цаашлаад баруун бүсийн импортын хамаарлыг бууруулах ач холбогдолтойг онцолж байлаа.
Өргөн хүрээнд Засгийн газраас 2026–2030 онд Монгол Улсад шинээр ашиглалтад орох 2,568 МВт хүчин чадлын эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ингэснээр эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж үзжээ.
Анхаарлын төвд
Тохиролцоо талаар болов. Иран түр хугацааны энхийн гэрээ байгуулахаас татгалзвал тус улсыг үргэлжлүүлэн бөмбөгдөхөө АНУ-ын Дональд Трамп мэдэгдлээ. Сүүлийн хоёр өдөр дараалан дайсагнагч талууд харилцан цохилт өгснөөр IV сард байгуулсан гал зогсоох гэрээ ерөнхийдөө дуусгавар болоод байгаа. Яриа хэлэлцээ урагшлахгүй байгаад бухимдсан Трамп Иран дахь хэд хэдэн байршлуудад шинэ цохилт өгөхөө сүүлд мэдэгдэж байлаа. Дайн үргэлжлэх эрсдэл ийнхүү нэмэгдсэнээр газрын тосны үнэ хоёр өдөр дараалан өсөж, алтны ханш гурав дахь өдрөө дараалан суларлаа.
“Алалцах” IPO. SpaceX-ийн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон хувьцаанд захиалга нь нийлүүлэлтээсээ даруй дөрөв дахин давсныг ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Түүхэнд байгаагүй өндөр дүнтэйд тооцогдох уг IPO-оор мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас захиалга авч дууссан бөгөөд АНУ-ын цагаар баасан гарагт үндсэн арилжаа нь эхлэх аж. Компани 555.6 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг нь 135 ам.доллароор үнэлэн санал болгох юм. Ингэснээр нийт 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, үнэлгээ нь 1.8 их наяд ам.доллар хүрэхээр байна.

Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг 97 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх тэгш байдлыг хангах, гадаадын банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох хугацааг сунгах зэрэг зохицуулалт тусгажээ. Монгол Улс Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2025 онд 184 улсаас 69 дүгээрт, Бизнесийн эрх чөлөө үзүүлэлтээр 76 дугаарт эрэмбэлэгджээ.
Шинэ түншлэл. Монгол Улсын Хөгжлийн банк Эрдэнэс Монгол ХХК-тай стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжиж буй энэхүү түншлэл нь Хөгжлийн банкны санхүүгийн чадавх, эрсдэл даах чадварыг бэхжүүлнэ. Мөн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлд дотоод, гадаадын зах зээлээс урт хугацаатай, таатай нөхцөлтэй эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэхийг онцоллоо. Хөгжлийн банкны санхүүгийн нөхцөл байдал сайжирч буй ч чанаргүй зээлийн өр барагдуулах ажилд хугацаа шаардлагатай байгаа аж. Одоогоор нийт зээлийн багцын 55 хувийг чанаргүй зээл эзэлж буйг мэдээлсэн юм.
Блумберг санал болгож байна
Монгол Улс засаглалын хямралд орсон нь инфляцын эрчээр тайлбарлагдаж байгааг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд тодотгож байна.
VI сарын дугаарт “Засаглал ба инфляц” сэдвийг хөндөж, төрийн эрх барих институцууд үнийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцлаа. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Байрны үнэ буурч эхлэв
2026 он гарснаас хойш Улаанбаатар хотын орон сууцны үнийн эрчтэй хөөрөгдөл саарах шинж тэмдэг ажиглагдсаар байна.

Орон сууцны үнийн индекс V сард өмнөх сараас 1.6 хувиар буурснаар жилийн өсөлт нь 6.3 хувь болж удааширсныг Үндэсний Статистикийн Хороо мэдээлж байна. IV сард жилийн өсөлт нь 9.3 хувь байсантай харьцуулахад энэ нь мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.
Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ тавдугаар сард 0.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 2.2 хувиар буурсан нь ерөнхий индексийн бууралтыг тайлбарлажээ.
Харин байршлаар харвал Баянголоос бусад төвийн бүх дүүрэгт шинэ орон сууцны үнэ буурсан байна.
Тэр дундаа хамгийн өндөр үнэтэйд тооцогддог байршил болох Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй. Тодруулбал оны эхэнд нэг м.кв-ын үнэ нь 6.11 сая төгрөг байсан бол тавдугаар сарын байдлаар 5.71 сая болжээ.
Зам зуур

Компьютерийн дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Logitech International компани ажил хэрэгч хүмүүс болон "Gen Z" үеийнхэнд зориулсан авсаархан, эвхэгддэг бүтэц бүхий зөөврийн хулгана танилцууллаа.
80 ам.долларын үнэтэй, өвөрмөц дизайнтай "Mobi Fold"-ийг кофе шоп, нисэх буудал, зочид буудал зэрэг газруудад ашиглахад тохиромжтой бөгөөд ялангуяа зөөврийн компьютер дээр ажиллахдаа хулгана ашигладаггүй хүмүүс уг бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь болно гэж харж байгаагаа Logitech мэдэгдэлдээ илэрхийлжээ.
"Mobi Fold"-ийн дизайн нь Microsoft-ийн "Surface Arc" хулганатай төстэй ч бүрэн эвхэгддэг, тэнийдэггүй, мөн USB-C оролтоор цэнэглэх боломжтой батарейтай гэдгээрээ онцлог аж.
Ердөө нэг минутын цэнэглэлтээр 22 цаг ашиглах боломжтой, бүрэн цэнэглэсэн үед 30 өдөр цэнэгээ барьдаг болохыг Logitech онцолсон байна. Windows, Mac, Android,iOS/iPadOS үйлдлийн системтэй бүх төхөөрөмжийг дэмжиж ажиллахаас гадна Bluetooth, утасгүй USB холболтоор нэг дор гурван төхөөрөмжтэй холбогдох боломжтойг мөн мэдээлжээ.
Эцэст нь товчхон
ҮСХ: Монгол Улс сард дунджаар 1 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолж, оны эхний таван сарын байдлаар нийт импорт 4.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар өссөн дүн болж байна. Нефтийн бүтээгдэхүүн, шинэ дугуй, төмөрлөг эд ангийн импорт 30-250 орчим сая ам.доллароор нэмэгдсэн нь импорт өсөхөд нөлөөлжээ.
НИТХ: Нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд 2843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх тогтоол батлагдаад байгаа. Тэгвэл энэ сарын 19-ныг дуустал нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аян зарлаад байна. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2028 оны V сарын 1-нийг хүртэл хэрэгжих аж.
Онцлох зураг
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шүүхээр очоод АНУ-ын хил дээрээс буцаагдсан Сомали улсын шүүгч Омар Абдулкадир Артан улсдаа эргэн газардах үед - Могадишу, Сомали

Feisal Omar/Reuters