- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/11
2026/06/11
Өглөөний мэнд. Монголын анхны зэс хайлуулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын NFC компани шалгарав.
Уул уурхайн салбарын хүчээр Монголын эдийн засаг оны эхний дөрвөн сард 7.8 хувиар өслөө.
БНХАУ ирэх таван жилд дата төвүүдийн бүтээн байгуулалтад 2 их наяд юань зарцуулахаар бэлтгэж байна.

AI-ийн мега төсөл
БНХАУ дотоодын хиймэл оюуны салбарынхаа хөгжлийг эрчимжүүлж, технологийн ахиц дэвшлээр АНУ-ыг гүйцэх зорилтын хүрээнд ирэх таван жилд хэрэгжүүлэх дата төвийн бүтээн байгуулалтын төслүүдэд 2 их наяд орчим юань буюу 295 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо тэргүүтэй Засгийн газрын гол агентлагууд орон даяар холбогдсон тооцооллын төвүүдийн сүлжээ байгуулах анхдагч төлөвлөгөө боловсруулж байгааг ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлсэн байна.

Дата төвүүдийн үйл ажиллагаа, холболт, дэд бүтцийн ажлыг China Mobile, China Telecom зэрэг төрийн өмчит компаниуд хариуцах бол хиймэл оюуны чип зэрэг технологийн нийлүүлэлтийн дор хаяж 80 хувийг Huawei Technologies зэрэг дотоодын компаниудаас хангахаар зорьж байгааг мөн онцолжээ. Ингэснээр Nvidia, Advanced Micro Devices зэрэг өнөөгийн тэргүүлэх чип үйлдвэрлэгчдийг зах зээлээсээ шахан гаргах нөхцөл бүрдэх юм байна.
Энэхүү нүсэр төлөвлөгөө нь БНХАУ-ын хиймэл оюуны хөгжлийн ирээдүйн суурийг тавих чиглэлд Бээжингээс хэрэгжүүлж буй хамгийн өргөн хүрээтэй санаачилга болж байна. Түүнчлэн Хятадын ЗГ-аас энэ оны эхээр зарласан “Зургаан сүлжээ” хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг нь энэ бөгөөд дата төвд ашиглах ус, эрчим хүч зэрэг нэн чухал бүхий л дэд бүтцийг хамрахаар байгааг мэдээлжээ.
Харин санхүүжилтийг 10 жилээс дээш урт хугацаанд төлөгдөх ЗГ-ын тусгай зориулалтын бондуудаар голчлон бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн стратегийн хөрөнгө оруулалтын Төрийн сан, банкны зээл, хувийн хэвшлээс дайчилсан хөрөнгө зэргээр санхүүжилтэд нь хувь нэмэр оруулах аж.
Анхаарлын төвд
Хятад компани ялав. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих төсөлд БНХАУ-ын “Эн Эф Си” компани хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсныг Засгийн газар мэдээллээ. Сонгон шалгаруулалтад нийт долоон улсын 13 компани, түншлэл оролцсон байна. Энэ дундаас шалгарсан “Эн Эф Си” компани нь дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцжээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 120 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх чадалтай тус үйлдвэрийг 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд барина гэж тооцоолж байгаа юм.
ABM-ийн ребрэндинг. Монголд зэс, суурь металлын хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Asian Battery Metals компани нэрээ албан ёсоор өөрчилж, Azzuro Resources нэртэй болж байгаагаа зарлалаа. V сарын сүүлээр болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэр өөрчлөх саналыг оруулж, хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр баталсан байна. Харин компанийн Австралийн хөрөнгийн бирж дэх "AZ9" үсгэн код хэвээр үлдэх аж.

Azzuro Resources
Харин Хятадын зах зээлд сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрээд байсан коксжих нүүрсний фьючерс ханш мягмар гарагт 6.2 хувиар унасан нь 2025 оны VIII сараас хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом уналт боллоо. Уурхайн осол гарсан БНХАУ-ын Шаньси мужийн захиргаа нүүрсний уурхайнуудыг олборлолтоо хэвийн түвшинд хүргэхийг зөвлөсөн нь үнийн уналтад нөлөөлжээ.
БНСУ-ын KT корпорац Худалдаа Хөгжлийн банк, Woori Bank-тай хамтран БНСУ-д зорчих, оршин суух Монгол Улсын иргэдэд зориулсан банк санхүү, харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Талууд мягмар гарагт Сөүл хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, түншлэлээ албан ёсоор эхлүүлсэн байна. Хамтын ажиллагааны хүрээнд монголчууд БНСУ-д очмогцоо банкны данс нээлгэх, гар утасны үйлчилгээ авах үйл явцыг нэг дороос шийдэх боломжтой болох аж. Тухайлбал Монгол руу хийх олон улсын дуудлагад сар бүр 200 хүртэлх минутын үнэгүй эрх олгох, мөнгөн гуйвуулгын шимтгэлийг хөнгөлөх зэрэг өдөр тутмын хэрэглээнд чиглэсэн давуу талуудыг санал болгохоор төлөвлөжээ.
Тэтгэвэр нэмнэ. Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийн чиглэлээр гурван томоохон өөрчлөлт хийх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн хэмжээ 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхийн зэрэгцээ тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн иргэдийг илүү олон жил ажиллаж, шимтгэлээ тасралтгүй төлөхөд урамшуулах бодлогыг энэ шинэчлэлд багтаахаа мэдээллээ. Монгол Улсад нийт 504 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд 2025 онд улсын төсвөөс Тэтгэврийн санд 5.8 их наяд төгрөг зарцуулсан байна.
Блумберг санал болгож байна
Монгол Улс засаглалын хямралд орсон нь инфляцын эрчээр тайлбарлагдаж байгааг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд тодотгож байна.
VI сарын дугаарт “Засаглал ба инфляц” сэдвийг хөндөж, төрийн эрх барих институцууд үнийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцлаа. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Уул уурхайгаар тэтгэгдсэн өсөлт
Монгол Улсын эдийн засаг оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өслөө. Уул уурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 30 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлсэн байна.

7.8 хувийн өсөлтийн 4 нэгж хувийг уул уурхай, 2.1 нэгж хувийг үйлчилгээ, 1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлсэн байна.
2026 онд эдийн засгийн бодит өсөлт 5.7 хувь орчим, нэрлэсэн ДНБ 100 их наяд төгрөг давна гэж Засгийн газар тооцоолж буй.
Мөн энэ онд нүүрсний экспортыг 95 сая тонн хүргэхийг зорьж байгаа ч БНХАУ-д эрэлт нэмэгдсэнээр нүүрсний экспорт 100 сая тонн давах төлөвтэй гэсэн Bloomberg Intelligence-ийн төсөөлөл сүүлд гарсан юм.
Олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсын эдийн засаг 2026 онд дунджаар 5 орчим хувиар өсөх төсөөллийг танилцуулж байгаа. Тухайлбал: Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк 5.5 хувь, Дэлхийн Банк 5 хувь, Азийн Хөгжлийн Банк 5.1 хувиар өсөх төсөөлөл танилцуулаад байна.
Зам зуур

Японы Asics Corp. компани аялал жуулчлалын өсөлт, ретро хувцасны эрэлтийг даган өнөө цагт дахин алдаршаад байгаа 77 жилийн түүхтэй "Onitsuka Tiger" брэндээ тусдаа бизнес болгож гаргахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд компанийн 100 хувь эзэмшдэг охин компани OT GROUP Corp.-д "Onitsuka Tiger"-ийг шилжүүлж өгөх төлөвлөгөөг Asics-ийн захирлуудын зөвлөл баталсан байна. Өөрөөр хэлбэл "Onitsuka Tiger" -ийг бие даасан удирдлага, бүтэцтэй болгож, үндсэн бизнесээсээ тусгаарлах аж.
Уг өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаагаа Asics мэдэгджээ. Гэхдээ "Onitsuka Tiger"-ийг хөрөнгийн зах зээлд гаргаж, IPO хийх төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг онцолсон байна.
Эцэст нь товчхон
Боловсролын яам: Хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын суудал баталгаажуулах хураамжийг тухайн жилийн сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх тушаалыг салбарын сайд гаргасан байна. Монголын Хувийн сургуулиудын холбооны судалгаагаар 2025-2026 оны хичээлийн жилд 10 сая төгрөг хүртэлх төлбөртэй сургуулиуд нийт хувийн сургуулиудын 72.9 хувийг эзэлжээ.
ЗТЯ: IV сарын 10-наас хойш хоёр дугуйт тээврийн хэрэгслийн 330 гаруй осол бүртгэгдсэн байна. Скутер, мопедын хөдөлгөөнийг зохицуулсан заалтууд бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн батлахаар байгаа.
Онцлох зураг
“Marine One” нисдэг тэрэгний цонхоор харагдаж буй Дональд Трамп - Манхэттэн, Нью-Йорк

Mark Schiefelbein/AP