2026/06/10

Powered by:

Өглөөний мэнд. Тавантолгой ХК борлуулалтын орлогын энэ оны төсөөллөө өмнөх оноос 147.5 хувиар ахиулан тогтоосон байна.

Entrée-тэй хийх хэлэлцээр дуустал зэсийн АМНАТ-т өөрчлөлт оруулахгүй байхаар УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгджээ.

Анх удаа хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол заавал дагах дөрвөн алхам бий…

Хөрөнгө оруулалтаа ухаалгаар эхлүүлэх 4 алхам

Монголд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын талаарх ойлголт нэмэгдэж, иргэд хуримтлалаа зөвхөн хадгалахын оронд өсгөх боломжийг эрэлхийлэх болов. Гэсэн ч хөрөнгө оруулалт эхлүүлсэн хүн бүр хүссэн үр дүндээ хүрдэггүй. Зарим нь тодорхой зорилгогүйгээр шийдвэр гаргаж, зарим нь хэдий хэмжээний хөрөнгөөр, ямар бүтээгдэхүүнээс эхлэхээ мэдэхгүйн улмаас эрсдэлээ нэмэгдүүлдэг.

Асуудал нь хөрөнгө оруулалт өөрөө бус, харин хангалттай бэлтгэлгүйгээр эхэлдэгт оршдог. Тиймээс хөрөнгө оруулалтаа илүү системтэй эхлүүлэхийн тулд дараах үндсэн алхмуудыг анхаараарай.

  1. Хөрөнгө оруулагчийн хувийн онцлогоо тодорхойлох

Хүн бүрт тохирох цорын ганц хөрөнгө оруулалтын загвар гэж байдаггүй. Учир нь хөрөнгө оруулагч бүрийн зорилго, орлогын түвшин, эрсдэл хүлээх чадвар болон хөрөнгө оруулалтын хугацаа харилцан адилгүй. Тиймээс хөрөнгө оруулалт эхлүүлэхийн өмнө Investment Policy Statement (IPS) буюу хөрөнгө оруулалтын хувийн бодлогын баримт бичгээ тодорхойлох нь зүйтэй. IPS нь дараах үндсэн асуултад хариулна:

  • Та ямар зорилгоор хөрөнгө оруулж байна вэ?

  • Хөрөнгө оруулалтаа хэр хугацаанд хадгалах боломжтой вэ?

  • Таны хүлээн зөвшөөрч чадах алдагдлын түвшин хэд вэ?

  • Та тогтвортой өгөөжийг илүүд үзэх үү, эсвэл өндөр өсөлтийн боломжийн төлөө илүү их эрсдэл хүлээх үү?

Эдгээр асуултад хариулснаар хөрөнгө оруулалтын шийдвэр илүү тодорхой болж, зах зээлийн богино хугацааны хэлбэлзэлд сэтгэл хөдлөлөөр хандах эрсдэл буурна.

  1. Хамгийн эхэнд хөрөнгө оруулах боломжит дүнгээ тооцоолох

Хөрөнгө оруулалт нь өдөр тутмын амьдралын зардал болон санхүүгийн тогтвортой байдалд дарамт учруулах ёсгүй.

Иймээс юуны өмнө сарын зайлшгүй зардлаа тооцоолох шаардлагатай. Үүнд хүнс, орон сууцны түрээс, зээлийн төлбөр, тээвэр, эрүүл мэнд болон бусад тогтмол зардал багтана. Үүний дараа гэнэтийн нөхцөлд ашиглах нөөц сан бүрдүүлэх нь чухал. Түгээмэл зарчмаар энэхүү сан нь өрхийн 3–6 сарын үндсэн зардлыг нөхөх хэмжээтэй байвал зохистой. Эдгээр хэрэгцээг хангасны дараа үлдэх чөлөөт мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалтад ашиглаж болно.

Хөрөнгө оруулалтын цогц, ухаалаг шийдэл: InvestX

Хөрөнгө оруулалтаа зөв эхлүүлэх үндсэн алхмууд энгийн мэт боловч хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний мэдлэг, сахилга бат болон цаг хугацаа шаарддаг. Ялангуяа хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх, хянах, тогтмол тэнцвэржүүлэх нь шинэ хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй байж болно.

Тэгвэл Apex Capital-ийн InvestX үйлчилгээ нь эдгээр үйл явцыг нэг платформд нэгтгэн шийдэх зорилготой юм.

  • Хувийн хөрөнгө оруулалтын бодлого: Бүртгэлийн үеийн товч асуулгын үндсэн дээр хэрэглэгчийн эрсдэлийн түвшин болон хөрөнгө оруулалтын зорилгыг тодорхойлно.

  • Хүртээмжтэй эхлэх дүн: Хэрэглэгч 100,000 төгрөгөөс хөрөнгө оруулалтаа эхлүүлэх боломжтой.

  • Мэргэжлийн багц удирдлага: Зах зээлийн судалгаа, багц бүрдүүлэлт болон тэнцвэржүүлэлтийг “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн мэргэжлийн баг хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зорилгоо тодорхойлохоос эхлээд өөрт тохирсон багц бүрдүүлэх хүртэлх үйл явцыг InvestX нэг дор шийдэх боломжийг санал болгож байна. InvestX-ээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх заавар, дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Анхаарлын төвд

АМНАТ-ийг азнана. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зэсийн АМНАТ-ийг одоогийнхоос 2-3 дахин бууруулах буюу зэсийн зах зээлийн үнэ, боловсруулалтаас хамаарч суурь 5 хувь дээр 15 хувь хүртэлх нэмэлт төлбөр ногдуулахаар тусгасан байна. Гэхдээ Entrée Resources-ийн Оюутолгой дахв тусгай зөвшөөрлийн асуудлаар хийх хэлэлцээр дуустал АМНАТ-д өөрчлөлт оруулахгүй байхаар УИХ дахь МАН-ын бүлэг санал нэгджээ. Зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишигт нийцүүлснээр 2028 оноос 6, 2030-2032 онд 13 төсөл шинээр ашиглалтад орох боломжтойг салбарын сайд мэдээлж байв.

Экспортоор өнгөлсөөр. Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний таван сард 48.91 сая тонн хүрч, өмнөх оны ижил хугацаатай харьцуулахад 54 хувиар өсөөд байна. Засгийн газраас энэ онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа. БНХАУ-д уурхайн ослын дараах дотоодын нийлүүлэлтийн хумигдал, Австралийн нийлүүлэлтийн бууралт зэргээс шалтгаалж Монгол Улсын нүүрсний экспорт энэ онд 26 хувиар өсөн 105 сая тонн хүрэх төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцуулсан юм.

Харин Хятадын зах зээлд сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрээд байсан коксжих нүүрсний фьючерс ханш мягмар гарагт 6.2 хувиар унасан нь 2025 оны VIII сараас хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом уналт боллоо. Уурхайн осол гарсан БНХАУ-ын Шаньси мужийн захиргаа нүүрсний уурхайнуудыг олборлолтоо хэвийн түвшинд хүргэхийг зөвлөсөн нь үнийн уналтад нөлөөлжээ.

Хөөрөхөд бэлэн. OpenAI компани IPO хийх хүсэлтээ АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хаалттай хэлбэрээр хүргүүлжээ. Тус компани ирэх намар гэхэд IPO хийхээр Goldman Sachs болон Morgan Stanley-тай хамтран ажиллаж буйг эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүнээс гадна SpaceX-ийн удахгүй болох IPO-д мэргэжлийн хөрөнгө оруулагчидын өгсөн захиалга даруй 10 тэрбум гаруй ам.доллароор давжээ. IPO-г зохион байгуулах банкнууд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын захиалгыг лхагва гарагийн арилжаа хаагдсаны дараа зогсоох аж. SpaceX эцсийн үнэлгээгээ VI сарын 11-нд зарлаж, 12-ны өдрөөс эхлэн хувьцаагаа нээлттэй арилжаалахаар товлосон байна.

SBF өршөөл гуйв. Виртуал хөрөнгийн FTX биржийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдах хүсэлт албан ёсоор гаргажээ. Криптовалютын хүчрхэг эзэнт гүрэн нь дуулиантайгаар дампуурч, олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн тэрбээр сүүлийн хоёр жил орчмын хугацаанд хоригдож байгаа юм. Гэхдээ Д.Трамп Бэнкман-Фридэд өршөөл үзүүлэх бодолгүй байгаагаа нэгдүгээр сард New York Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Блумберг санал болгож байна

Монгол Улс засаглалын хямралд орсон нь инфляцын эрчээр тайлбарлагдаж байгааг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд тодотгож байна.

VI сарын дугаарт “Засаглал ба инфляц” сэдвийг хөндөж, төрийн эрх барих институцууд үнийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцлаа. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: 150%-ийн өсөлтийн төлөв

Дотоодын биржид бүртгэлтэй нүүрс олборлогч Тавантолгой ХК 2026 онд нийт 6.7 сая тонн нүүрс экспортод борлуулж, 1.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.

  • Монголын Хөрөнгийн биржид нийтэлсэн 2025 оны үйл ажиллагааны тайлангаас нь харахад тус компани борлуулалтын орлогын энэ оны төсөөллөө өмнөх оноос 147.5 хувиар ахиулан тогтоосон байна.

  • Компани энэ онд борлуулалтын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хилийн нэвтрүүлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх, нүүрсний арилжааг оновчтой зохион байгуулах, тээврийн олон чиглэлийг ашиглахаар төлөвлөснөө онцолжээ.

  • МХБ-ээр дамжуулан өнгөрсөн сард нийт 128 сая ам.долларын нүүрс экспортолсон бол VI сар гарсаар хараахан арилжаа хийгээгүй байгаа аж.

  • Харин он гарснаас хойш Тавантолгой ХК уул уурхайн биржээр 2.46 сая тонн нүүрс нийт 993.7 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.

Зам зуур

Apple компани Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулга уулзалтын үеэр бүрэн шинэчлэгдсэн “Siri” хиймэл оюунт туслахаа танилцууллаа.

Өмнөхөөсөө илүү ухаалаг, найдвартайгаас гадна олон төрлийн аппликейшн удирдах чадвартай болсон гэж буй “Siri” тус компанийн хамгийн сүүлийн “iOS 27” үйлдлийн системийн гол онцлог байх аж. Хоёр жилийн өмнө “Apple Intelligence” платформоо танилцуулснаас хойш Apple хиймэл оюуны гол бүтээгдэхүүнүүдээ хугацаанд нь гаргаж чадаагүй байсан юм.

Мөн зарим бүтээгдэхүүн нь OpenAI, Google зэрэг өрсөлдөгч компанийнхтай харьцуулахад тааруу үнэлгээтэй байлаа. Тиймээс Apple-ийн хиймэл оюуны стратеги хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах шаардлагатай байна.

Даваа гарагт “Siri”-ийн шинэчлэлийг танилцуулсны дараа арилжаа хаагдах үед Apple компанийн хувьцааны ханш 1.9 хувиар уналаа.

Эцэст нь товчхон

АҮЭБЯ: Entrée Resources компанитай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээрийг ойрын үед эхлүүлэхээр төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг Orano-той байгуулсан гэрээний жишгээр буюу Төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-өөр орлуулах, өгөөжийн 51 хувийг Монгол Улсад ногдох байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Онцлох зураг

Камбож улсын Ерөнхий сайд Хун Манетийг угтаж авахаар бэлтгэж буй хүндэт харуулууд - Ханой, Вьетнам

Luong Thai Linh/AFP/Getty Images