2026/06/09

Өглөөний мэнд. БНХАУ-д коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өсөж, Монголын экспорт энэ онд 26% өсөх төсөөллийг BI танилцуулав.

Монголын инфляц V сард 11.2 хувьтай гарч, хоёр дахь сардаа дараалан хоёр оронтой тоонд хадгалагдлаа.

Хөрөнгө оруулагчид AI хувьцаануудыг зарж газрын тосны үнэ өссөнөөр хувьцааны зах зээл уналтад орлоо. 

Бүх нөхцөл Монголын талд

Уурхайн ноцтой ослын дараа аюулгүй байдлын хяналт шалгалт чангарсантай холбоотойгоор БНХАУ-д коксжих нүүрсний үнэ 2024 оноос хойших дээд цэгтээ хүрч өслөө.

Даляний таваарын биржид коксжих нүүрсний фьючерс үнэ өнөөдөр 1.9 хүртэлх хувиар өсөж, тонн нь 1486.5 юань буюу 2024 оны аравдугаар сараас хойших дээд цэгтээ хүрээд эргэн буурсан байна. Харин энэ сард тус бирж дэх үнэ 14 хувийн өсөлттэй байгаа юм.

Өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын нүүрс олборлолтын төв Шаньси муж дахь хувийн компанийн Люшэньюү уурхайд хий дэлбэрснээр багадаа 82 уурхайчин амь үрэгдсэн нь улс даяар уурхайн аюулгүй байдлын шалгалт эрс чангарахад хүргэжээ. Тус мужийн нүүрсний зарим уурхай хаалттай хэвээр байгаагаас нийлүүлэлтийн саатал үүсгэх болсон байна.

"Шаньси дахь нүүрс олборлолт таамаглалын дагуу төдийлөн сэргэхгүй байна. Аюулгүй байдлын хяналт эрчтэй явагдаж байгаагаас спот зах зээлд хомсдол үүсгэж байна" хэмээн Horizon Insights-ийн ахлах шинжээч Бу Тон өгүүлжээ.

Horizon Insights-ийн тооцооллоор баасан гарагийн байдлаар БНХАУ-ын нүүрс олборлолтын жилийн хүчин чадлын 60 сая орчим тонныг эзлэх олборлолтын үйл ажиллагаа саатаад байгаа аж. Мөн сүүлд үйл ажиллагаагаа сэргээсэн уурхайнууд ослын өмнөхөөс 20-30 хувиар бага хүчин чадлаар олборлолт явуулж буйг мэдээлжээ.

Тэгвэл Монгол Улсын БНХАУ-д хийх экспорт энэ онд 26 хувиар өсөж, 105 сая тонн хүрснээр ЗГ-ын зорилт болох 95 сая тонноос давах боломжтой гэсэн тооцооллыг Bloomberg Intelligence-ийн шинжээчид танилцуулжээ. Ослоос үүдсэн нийлүүлэлтийн хумигдлаас гадна Хятад улс Австралиас авах импортоо бууруулах бодлого баримталж буй нь үүнд нөлөөлөх аж. Экспортын өсөлтөөс Монголын хувийн хэвшлийн олборлогчид, тэр дундаа Mongolian Mining Corporation хамгийн өндөр ашиг хүртэх төлөвтэйг мөн онцолжээ.

Дөрөвдүгээр сард Монгол Улсын БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөнөөр тус улсын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхиж байсан юм. Индонез улс өнгөрсөн сард нүүрс тэргүүтэй гол түүхий эдийн тээвэрлэлтэд хяналт тавихаа мэдэгдсэн. Шинэ журам энэ сараас хэрэгжиж эхэлснээр зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, улмаар нийлүүлэлт нь саатахад хүргэжээ.

Анхаарлын төвд

Инфляц 11% давав. Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс хоёр дахь сардаа дараалан хоёр оронтой тоонд эрчимжиж, тавдугаар сард 11.2 хувьтай гарлаа. Инфляцын 4.4 нэгж хувийг зөвхөн махны үнэ, 3.9 нэгж хувийг дотоодын барааны үнэ бүрдүүлсэн бол бензин түлш, хатуу түлш болон импортын барааны нөлөөлөл харьцангуй тогтвортой байна. Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46.7 хувиар өссөн бол талх, гурил, будааны бүлгийн үнэ 9.4 хувиар өсөлттэй байжээ.

Хугацаа бага. Хоёр сар гаруйн дараа Улаанбаатарт эхлэх НҮБ-ын COP17 бага хурлын бэлтгэл хангаж буй 12 дэд хорооны ажлын гүйцэтгэл 55 хувьтай байгааг зохион байгуулагчид нь мэдээллээ. Хуралд зориулж 12 түр байгууламж барихаас гаднах барилга угсралтын ажил болон цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан бол зогсоол, дугуйн замын ажлын гүйцэтгэл 80-98 хувьтай үргэлжилж байгаа аж.

12 түр байгууламж угсралтын үндсэн гүйцэтгэгчээр Францын GL Events Live компани ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 10 гаруй компани оролцож байгаа юм. Ирэх VIII сарын 17-28-нд болох тус хуралд 196 улсын 8-10 мянга орчим зочин төлөөлөгч оролцох төлөвтэйг НЗДТГ мэдээлж байв.

Зэсийн үнэ цэн. Эхний таван сард Монгол Улсын экспортолсон бараа, түүхий эдийн үнийн дүн өмнөх оны мөн үеэс 56.1 хувиар өсөж, экспортын дүн импортоос 3.5 тэрбум ам.доллароор давснаар гадаад худалдааны тэнцэл эерэг гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нийт үнийн дүнгийн 45 хувь буюу 3.8 тэрбум ам.доллароор зэсийн хүдэр, баяжмал экспортолсон бол 3.2 тэрбум ам.доллароор 47 сая тонн нүүрс экспортолжээ. Харин суудлын автомашины импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 мянгаар буурсан нь импорт саарахад голлох нөлөө үзүүлжээ.

Блумберг санал болгож байна

Монгол Улс засаглалын хямралд орсон нь инфляцын эрчээр тайлбарлагдаж байгааг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд тодотгож байна.

VI сарын дугаарт “Засаглал ба инфляц” сэдвийг хөндөж, төрийн эрх барих институцууд үнийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцлаа. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Эргээд тогтворгүй байдал руу

Дэлхийн хөрөнгийн зах зээлд айдас шуналаас гэнэт давлаа. Ойрх Дорнодын нөхцөл муудаж, мөн хиймэл оюунтай холбоотой хувьцаануудын үнэлгээ хэтийдсэн байж магадгүй гэх болгоомжлол зах зээлийн өргөн хүрээний уналтыг өдөөв.

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлэлцээ хийх уриалгыг үл харгалзан Израил, Ираны талууд даваа гарагт харилцан пуужин харваснаар газрын тосны үнэ өслөө.

  • Үүнтэй зэрэгцэн зогсошгүй мэт өсөж байсан технологийн хувьцаанууд эрчтэй унаж Уолл Стритээс Азийн зах зээл рүү халив. Хиймэл оюуны тэсрэлтээс хамгийн их ашиг хүртэж буй БНСУ-ын Kospi индекс 8 хувь, Японы Nikkei 225 индекс 4.2 хувиар тус тус буурчээ.

  • Огцом савлагааг өдөөж буй хүчин зүйлс цөөнгүй байна. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн эерэг үзүүлэлт, газрын тосны үнийн өсөлт нь Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ өсгөх хүлээлтийг нэмэгдүүлж буй.

  • Мөн технологийн компаниуд шинээр их хэмжээний хувьцаа гаргах болсон нь эрэлтээс хэтрэх болгоомжлол үүсгэжээ.

Зам зуур

Дэлхийн технологийн салбарын хувьцаанууд “улаанаар эргэсэн” энэ үеийг худалдан авалтын сайхан боломж гэж харж байгаагаа Nvidia компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан илэрхийлжээ.

Тэрбээр Сөүлд ажиллах үедээ зах зээлийн энэ уналтыг хэрхэн харж байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа хиймэл оюуны салбар дөнгөж эхний шатандаа явааг онцолж, хиймэл оюунд суурилсан ирээдүйн суурийг тавих дэд бүтцийн бүтээн байгуулалт ид үргэлжилж байгааг дурджээ.

“Тиймээс хөрөнгийн зах зээлд юу ч болсон бай хувьцааг хямд үнээр худалдан авах боломжтой болсонд бүгд баярлах хэрэгтэй” хэмээн өгүүлсэн байна.

Эцэст нь товчхон

АН-ын бүлэг: Татварын дарамт, үнийн өсөлт эрчимжиж, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн зэрэг асуудалд ЗГ хариуцлага хүлээж, дүгнэлт хийх ёстой гэсэн байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийлсэн байна. Мөн цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага Ерөнхий сайдад хүргүүлсэн ч өнөөг хүртэл хариу өгөөгүй байгаа тул Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох нь зүйтэйг мэдэгдлээ.

Онцлох зураг

Хамгийн том “мексик давлагаа” үүсгэж Гиннесийн номд бүртгүүлэх арга хэмжээнд оролцож буй эмэгтэй - Мехико, Мексик

Carl de Souza/AFP/Getty Images