- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/08
2026/06/08
Өглөөний мэнд. БНСУ-ын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногт $10 тэрбумын хувьцаа заржээ.
ХХОАТ-ыг 1 хувь болгон бууруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох татварыг 100 хувь буцаан олгох хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэнэ.
Rio Tinto Оюутолгойн мөнгөний нөөцөөс $1 тэрбумын бэлэн мөнгө босгох боломжтой гэж Berenberg үзжээ.

Зах зээлийн огцом булгиа
Энэ онд өсөлтөөрөө алмайруулж буй БНСУ-ын 4.7 их наяд ам.долларын хөрөнгийн зах зээлд “цуцах” шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ.
Kospi индекс баасан гарагт 5.5 хувийн уналттай хаагдсан бол Samsung, SK Hynix компаниудын хувьцаа аль аль нь 6-аас дээш хувиар унав. Гадаадын хөрөнгө оруулагчид тус индекст багтдаг компаниудын 3.5 их наяд вонтой (2.3 тэрбум ам.доллар) тэнцэх хэмжээний хувьцааг арилжааны сүүлийн өдөр заржээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт зарсан нийт дүн 10 тэрбум ам.доллар давж байна. Мөн воны ханш 2009 оны III сараас хойших доод цэгтээ хүрч сулраад байгаа.
Хөрөнгө оруулагчдын Өмнөд Солонгосын зах зээлд тавих хүлээлт удаан хугацаанд хуваагдмал байсаар ирсэн юм. Өөдрөг талынхан нь воны сулралыг үл тоож, компаниудын ашгийн огцом өсөлтөд төвлөрөх хандлагатай байдаг.

Гэсэн хэдий ч баасан гарагийн уналт бондоос авхуулаад хөрөнгө оруулалтын бүхий л хэрэгслийг хамарсан нь БНСУ-ын макро эдийн засгийн орчин таатай бус байгааг харууллаа. Олон улсад Ираны дайн сунжирч, газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь инфляцын дарамт нэмэгдэх, бодлогын хүү өсөх эрсдэлийг дагуулж байна.
Хувьцааны зах зээлд гол санаа зовоож буй асуудал нь жигд бус оролцоо аж. Жишиг Kospi индекс энэ он гарсаар 100 хувь давж өссөн ч өсөлтийн дийлэнх нь Samsung, SK Hynix хоёрт төвлөрч буй. Тиймээс хиймэл оюунтай холбоотой эрэлт гэнэт татрах эрсдэлд тус улсын зах зээл ихээхэн эмзэг байна.
Хиймэл оюунд ашиглагдах чипийн эрс өссөн эрэлтээс төсөөлөмгүй ашиг хүртэж буй дээрх хоёр компани Kospi-ийн нийт жингийн 54 хувийг бүрдүүлэхээс гадна тавдугаар сарын өдөр тутмын арилжааны дундаж үнийн дүнгийн тэн хагасыг эзэлж байгааг БНСУ-ын биржийн мэдээлэл харуулж байна.
“Хөшүүрэгтэй ETF-ийн өндөр савлагаатай хөдөлгөөн давамгайлж байгаа учраас одоогийн зах зээлийн бүтэц уналтад их эмзэг байна. Өсөлттэй үед худалдан авалт эрс нэмэгдэж, унах үед зарахаас өөр аргагүй болдог, хөрөнгө оруулагчид зөвхөн өсөлтийн араас хөөцөлдсөн нөхцөл бүрдээд байна” хэмээн Meridian One Asset Management компанийн Гүйцэтгэх захирал Кенни Ким онцолжээ.
Анхаарлын төвд
Ачааг хөнгөлөх оролдлого. Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах, сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгт ногдох татварыг 100 хувь хөнгөлж буцаан олгохоор тусгасан хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байна. Статистик мэдээллээс харвал ХХОАТ-ын 75-80 орчим хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байна. Мөн иргэн таваас доошгүй жил амьдарсан орон сууцаа анх удаа худалдсан бол ҮХХ борлуулсан орлогын 2 хувийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд багтаажээ.
Бээжингийн ээлжит базаа. БНХАУ хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалд тавих хяналтаа чангаруулснаар олон улсын томоохон банкнууд Эх газрын Хятад дахь арга хэмжээнүүдээ хойшлуулж, ажилтнуудынхаа томилолтыг хязгаарлаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр UBS Group энэ сард БНХАУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөвийн арга хэмжээгээ хойшлуулсан байна. Харин HSBC Хонконгийн хувийн банкны ажилтнууддаа шаардлагагүй тохиолдолд тус улсад зорчихгүй байхыг зөвлөжээ.

Сүүлд Бээжингийн эрх баригчид гадаад дахь брокерууд эх газрын Хятадад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулбал өндөр дүнтэй торгууль ногдуулахыг анхааруулж, мөн дотоод гадаадын бүх хууль этгээдийн “хууль бус нэмэлт орлого”-ыг бүрэн хураана гэж амлаад буй. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн тооцоолсноор БНХАУ-ын оршин суугчдын хөрөнгийн гадагш чиглэх урсгал өнгөрсөн онд 807 тэрбум ам.доллар болж, дээд түвшинд хүрчээ.
БЭТ баяртай. Шилжилтийн үед баталж байсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг УИХ хүчингүйд тооцсоноор цаашид Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч томилохгүй болж байна. БЭТ томилох нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, ТӨК-иудад хариуцлага тооцох механизмыг үгүй хийснийг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Цэнгүүн тодотгосон. 2019 оноос хойш тус хуульд үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас БЭТ томилж байсан юм.
Нуугдсан боломж. Германы хөрөнгө оруулалтын банк Berenberg-ийн шинжээчид Rio Tinto компани Оюутолгойн уурхайгаас олборлосон мөнгийг арилжаалах “streaming” төрлийн хэлцэл хийснээр 1 тэрбум гаруй ам.долларын бэлэн мөнгөний эх үүсвэр урьдчилан татах боломжтойг зөвлөжээ. “Streaming” гэдэг нь ирээдүйд үйлдвэрлэх түүхий эдийн тодорхой хэсгийг урьдчилан худалдаж, их хэмжээний бэлэн мөнгө хүлээн авах гэрээ юм. Оюутолгойн нийт ашиглалтын хугацаанд бүрдүүлэх орлогын ердөө 2 гаруй хувийг мөнгө эзэлж буй тул зэсийн үйлдвэрлэл, өсөлтийн төлөвт төвлөрч, мөнгөний үнэ цэнийг үл ойшоож байна гэж Berenberg үзжээ.
Блумберг санал болгож байна
Монгол улс засаглалын хямралд орсон нь инфляцын эрчээр тайлбарлагдаж байгааг Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд тодотгож байна. VI сарын дугаарт “Засаглал ба инфляц” сэдвийг хөндөж, төрийн эрх барих институцууд үнийн өсөлтөд ямар үүрэг оролцоотой байх талаар ярилцлаа. Бүтэн нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.

Гүн рүү: Япон дээшлэх чиглэлд
Япон улсын ажиллагчдын бодит цалин дөрөв дэх сардаа дараалан нэмэгдсэн нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт боллоо. Ингэснээр Японы Төв банк энэ сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нөхцөлийг бэхжүүлж өглөө.

Баасан гарагт Японы Хөдөлмөрийн яамны нийтэлсэн мэдээллээр IV сард бодит цалингийн түвшин өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн нь өмнөх сарын 1.4 хувийн өсөлтөөс эрчимжсэн үзүүлэлт болсон байна.
Мөн нэрлэсэн цалин жилийн дүнгээр 3.5 хувиар, үндсэн цалин 3.4 хувиар нэмэгдсэн бол Японы Төв банкны анхааралтай ажигладаг бүтэн цагийн ажилтнуудын цалин 2.6 хувиар өссөн байна. Эдгээр үзүүлэлт цалингийн өсөлтийн суурь үзүүлэлт хүчтэй байгаагийн дохио болж байна.
Mitsubishi UFJ-ийн үзэж буйгаар Японы Төв банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй ч ийм алхам хийх нь иений ханш болон Японы Засгийн газрын бондуудын уналтыг зогсооход хангалтгүй байж болзошгүйг тодотгосон байна.
“Иений сулралыг зогсоохын тулд бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөх хангалтгүй. Мөн Японд инфляц эрчимжиж эхэлбэл Төв банк нэг удаагийн хурлаар бодлогын хүүгээ 50, цаашлаад 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх боломжтой” гэжээ.
Зам зуур

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зургаадугаар сарын 8-9-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлахыг Xinhua агентлаг мэдээллээ. Ши Жиньпин өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг Бээжинд хүлээн авсныхаа дараа энэ оны анхны гадаад айлчлалаа Умард Солонгост ийнхүү хийж байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2019 онд л БНАСАУ-д айлчилж байсан аж. Энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпинд өдрөөс өдөрт хуваагдаж буй дэлхий ертөнцөд Бээжин бүх талтай найрсаг харилцаатай байгаа дэлхийн цөөн хэдэн их гүрний нэг гэж харуулах боломж олгох юм.
Эцэст нь товчхон
Монголбанк: Төлбөрийн тэнцэл 2026 оны эхний дөрвөн сарын дүнгээр $186 саяын ашигтай гарлаа. 2025 оны эхний дөрвөн сард төлбөрийн тэнцэл $490.54 сая ам.долларын алдагдалтай гарч байсантай харьцуулахад энэ онд урсгал дансны алдагдал буурсан нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад эерэг нөлөө үзүүлсэн. Тайлант хугацааны байдлаар урсгал данснаас үйлчилгээний дансны алдагдал дорвитой буурсангүй. Аялал, тээврийн үйлчилгээнээс хүлээсэн алдагдал нийлбэр дүнгээр $835 саяын алдагдал хүлээсэн байна.
МИК ОССК: Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, гадаад зах зээлээс санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг өргөжүүлэх зорилготой “Орон сууцны санхүүжилт” форум өнөөдөр эхэлж байна. Форумын шууд дамжуулалт, тусгай ярилцлагуудыг Bloomberg TV Mongolia-аар хүлээн авч үзээрэй.
Онцлох зураг
NBA-ийн аваргын төлөөх цуврал тоглолтын үеэр тоглогчидтой мэндчилж буй гэлэнмаа нар - Сан Антонио, АНУ

Eric Gay/AP