- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/05
2026/06/05
Өглөөний мэнд. Бизнесийн эрх чөлөөг сайжруулах, гадаадын банк орж ирэх нөхцөлийг хангах хуулиудыг урагшлуулж эхэллээ.
Хиймэл оюуныг тойрсон өсөлт 2025 онд дэлхийн долларын саятнуудын тоо 2 саяар нэмэгдэхэд дэм болжээ.
TMK Energy-ийн “Гурвантэс XXXV” төслийн хийн гарц арилжааны түвшин рүү ойртсоор байна.

Баячууд улам баяжсан жил
Дэлхийн чинээлэг хүмүүс өнгөрсөн онд улам баян болж, 1 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ 9 гаруй хувиар өссөн байна.
2025 онд өндөр орлоготой иргэдийн нийт хөрөнгийн дүн 98.3 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрснийг Францын IT, зөвлөх үйлчилгээний фирм Capgemini-ийн судалгаа харуулж байна. Харьцуулбал Дэлхийн Банкны тооцооллоор 2024 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 111 их наяд ам.доллароор хэмжигдэж байв.

Хиймэл оюуны өөдрөг хүлээлтээс үүдсэн хувьцааны ханшийн өсөлт нь хөрөнгө энэ хэмжээнд хүрч хуримтлагдах гол хөшүүрэг байсныг судалгаанд дурдсан байна. Ингэснээр дэлхий даяарх долларын саятнуудын тоо өнгөрсөн онд бараг 2 саяар нэмэгдэж, 25.3 саяд хүрчээ.
Гэсэн хэдий ч “ultra-rich” буюу асар чинээлэг хүмүүсийн гарт хөрөнгийн дийлэнх хэсэг төвлөрч байна. Хөрөнгийн хэмжээгээр нь бүлэглэвэл 30 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн хөрөнгө өсөлтөөрөө тэргүүлсний зэрэгцээ тэдний тоо анх удаагаа 250 мянга давжээ. Харин бүс нутгаар харвал хамгийн огцом өсөлт Ази, Номхон далайд ногдож байна. Чипийн тэнгэрт тулсан эрэлт, түүнийг дагасан хөрөнгийн зах зээлийн өсөлтийн халуун цэг болоод буй Ази тивд баячуудын хөрөнгө 10.5 хувиар өсжээ.
Энэ онд хөрөнгийн хэмжээ, саятнуудын тоо бүр ч хурдтай өсөх төлөвтэй. SpaceX компанийн удахгүй хийх IPO шинэхэн саятнууд, тэрбумтнуудыг төрүүлэхээс гадна Илон Маскийг дэлхийн түүхэн дэх анхны их наядтан болгох нь ерөнхийдөө тодорхой болсон билээ. Мөн өнөөгийн хөрөнгийн зах зээлийн гол дүрүүдийн нэг Anthropic, OpenAI энэ онд хувьцаагаа нээлттэй арилжаалахаар төлөвлөж байгаа юм.
Анхаарлын төвд
Чөлөөлөх алхам. Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлтэй хамт 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан бөгөөд дийлэнх нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэжээ. Дагалдуулан боловсруулсан хуулиудын хүрээнд гадаадын банк байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэхийг Ерөнхий сайд мэдээлж байв. Мөн Төрөөс олгодог 120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, тусгай зөвшөөрлийг 5 жилээр олгож байгааг 10 жил болгох, 50 тэрбум төгрөгөөс дээш ГХО-д татварыг хүртэлх 20 жилээр тогтворжуулах зэрэг өөрчлөлт тусгажээ.
Скутерийг цэгцэлнэ. 18-аас доош насны хүн скутер, мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, явган хүний замаар унахыг хориглох зэрэг заалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд тусгаад байгаа. Тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хууль батлагдсанаар VI сарын 30-аас эхлэн дагаж мөрдөх аж.

Арилжааны түвшин рүү. Өнгөрсөн сард TMK Energy компанийн цооногуудын хийн гарц үргэлжлэн өсөж, “Гурвантэс-XXXV” төслийн олборлолтыг энэ онд арилжааны түвшинд хүргэх зорилтдоо нэг алхам ойртсон байна. Хэдий зарим цооногуудынх нь ажиллагаа доголдсон ч V сард олборлосон хийн өдрийн дундаж хэмжээ 687 шоо метр байж, өмнөх сараас 4 хувиар нэмэгджээ. Мөн компани VI сарын өрөмдлөгийн хөтөлбөрийн хүрээнд гурван шинэ цооног өрөмдөх тендер зарласнаа мэдээлсэн байна.
IPO өрсөлдөөн. OpenAI-аас өрсөн IPO хийх хүсэлтээ өгөөд буй Anthropic компани хувьцааны арилжааг нь зохион байгуулах гол банкнуудаар Morgan Stanley болон Goldman Sachs-ийг сонгосныг эх сурвалжууд мэдээллээ. Anthropic IPO-гоо ирэх 10 дугаар сарын эцсээр хийх төлөвтэй байгаа юм. Компанийн зах зээлийн үнэлгээ санхүүжилтийн сүүлийн үе шатны дараа 965 тэрбум ам.доллар хүрснээр OpenAI-г ардаа орхижээ.
Нүүрсэнд хайр зарлав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудын ашиглалтыг дэмжих, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Холбооны Засгийн газрын төсвөөс олон зуун сая ам.долларын санхүүжилт хуваарилахаар төлөвлөжээ. Ингэхдээ Хүйтэн дайны үеийн хуулиар олгогдсон тусгай эрх мэдлийг ашиглан хэрэгжүүлэх аж. Тодруулбал АНУ-д нүүрсний цахилгаан станцууд болон нүүрсний экспортын терминал шинээр барих төслийн санхүүжилтийн дийлэнх хэсгийг 1950 оны "Defense Production Act" буюу Батлан хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн хүрээнд бүрдүүлж, хуваарилахаар болжээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Дайны төлөөс
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) дэлхийн ДНБ-ий өсөлтийн төсөөллөө бууруулснаас гадна АНУ болон Иран ойрын хугацаанд тогтвортой энхийн хэлэлцээрт хүрэхгүй бол дайнаас үүдэлтэй эдийн засгийн хохирол эрс дордохыг анхаарууллаа.

Тус байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.4 хувиас бууруулж, 2.8 хувь болгосон байна. Энэ оны дунд үеэс эрчим хүчний хямрал намжвал 2027 онд эдийн засгийн өсөлт 3.1 хувь болж сэргэнэ гэж тооцоолжээ.
Хэдий тийм боловч дайн сунжрах хувилбарт өсөлт 2.1 хувь хүртэл огцом удааширч болзошгүй байгаа аж.
Харин хамгийн муу хувилбараар буюу дайн 2027 он хүртэл үргэлжилбэл дэлхийн эдийн засаг 1.8 хүртэлх хувиар саарахаар байна. Энэ нь 2009 оны санхүүгийн хямралыг эс тооцвол сүүлийн 40 жил дэх хамгийн гүнзгий дэлхийн эдийн засгийн уналт болох юм.
Түүнчлэн дэлхийн хэрэглээний үнэ энэ онд 0.4 нэгж хувиар, ирэх онд 1.3 нэгж хувиар өснө гэж таамаглажээ.
Зам зуур

Apple компани iPhone утас хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд зориулсан шийдлүүдээ өргөжүүлж, оройн зоог гэх мэт олон хүнийг хамарсан аливаа үйлчилгээний төлбөрийг хялбараар хуваан төлөх боломжтой шинэ функц нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Тодруулбал хэрэглэгч тооцооны хуудас, төлбөрийн баримтын зургийг дарж, авсан бүтээгдэхүүнүүдийг хуваарилснаар хүн тус бүрийн төлөх дүнг нь тооцоолсон төлбөрийн нэхэмжлэл үүсгэж өгөх юм байна.
Төлбөр хуваах үйлчилгээ нь Apple-ийн ирэх долоо хоногт "Worldwide Developers Conference" арга хэмжээгээрээ танилцуулах "iOS27" үйлдлийн системд багтсан шинэчлэлүүдийн нэг бөгөөд хэрэглэгчид "Apple Cash"-тайгаа холбож, "Wallet", "Messages" аппликэйшнээр дамжуулан ашиглах боломжтой ойрын эх сурвалж мэдээлжээ.
Эцэст нь товчхон
Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар компанийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой санал, шинэчилсэн дүрмийн төслийг танилцууллаа. Засгийн газар тус нэгдлийг уул уурхайн урсгал үйлдвэрлэл, үйл ажиллагаа удирддаг өнөөгийн бүтцээс чөлөөлж, хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO, хувьчлал хариуцсан мэргэжлийн холдинг компани болгон өөрчлөх шийдвэр гаргаад буй.
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хурал эхэллээ. Энэ удаагийн хуралд БНСУ-ын Нэгдлийн сайд Чун Дон Ён, БНХАУ-ын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн тусгай элч Лю Шяомин, Польш улсын Гадаад хэргийн дэд сайд В.Бартожевски зэрэг онцлох зочид оролцож байна.
Онцлох зураг
Израилын аяллын хөлөг онгоц “Crown Iris” Грекийн эрэгт ирснийг эсэргүүцэж буй жагсагчид - Пиреус, Грек

Aristidis Vafeiadakis/ZUMA Press Wire/Shutterstock