2026/06/04

Өглөөний мэнд. Төв банкнуудын нөөцөд эзлэх хувиар алт АНУ-ын Засгийн газрын бондыг ардаа орхив.

ЗГ Бортээгийн уурхайд гадаадын хөрөнгө оруулагчдыг “голж”, Эрдэнэс Тавантолгой ХК-д менежментийг нь хариуцуулахаар болов.

Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 2026, 2027 онуудад 5.5 хувь болж саарах төсөөллийг ЕСБХБ танилцууллаа.

Алт vs. ам.доллар

Томоохон Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлж, үнэ нь түүхэн дээд түвшиндээ ойрхон хадгалагдаж буй энэ үед тус үнэт металл АНУ-ын Засгийн газрын бондыг гүйцэж, дэлхийн төв банкнуудын хоёр дахь том нөөцийн хөрөнгө боллоо.

Европын Төв банкны мягмар гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар 2025 оны эцэст томоохон Төв банкнуудын нөөцийн 27 хувийг алтан гулдмай бүрдүүлжээ. Харьцуулахад 2024 онд 20 хувийг л эзэлж байсан аж.

Харин АНУ-ын Засгийн газрын бондын эзлэх хэмжээ 25 хувиас 22 хувь болж буурсан бол еврогоор илэрхийлэгдсэн нөөц 15 хувьд хэвээр хадгалагдсан байна. Төв банкнууд хамгийн сүүлд 1996 онд л АНУ-ын Засгийн газрын бондоос илүү их хэмжээний алт эзэмшиж байжээ.

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард "Геополитикийн хурцадмал байдал нь Төв банкнуудын алтны эрэлтийг өдөөсөөр байгаа”-г тайланд онцолсон байна. Энэхүү шилжилт нь ам.доллароос хамаарлаа багасгаж, нөөцөө төрөлжүүлэх улс орнуудын хүчин чармайлтын нэг илрэл болж буй. 2022 онд Украины дайн эхэлсний дараа АНУ ОХУ-ын ам.долларын нөөцийг царцааснаар дээрх шилжилт эрчимжсэн аж.

Төв банкнуудын эрчтэй худалдан авалтаас гадна энэ оны эхэн үеийн алтны үнийн огцом өсөлт нөөцөд эзлэх хувь нь нэмэгдэх гол түлхэц болсон байна. Гэхдээ сүүлд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш харьцангуй сулраад байгаа юм.

Сүүлийн байдлаар алтны спот үнэ нь 0.9 хувиар буурч, унц нь 4450 ам.доллароос доошилсон бол мөнгөний ханш 0.9 хувиар унаж, унц нь 74 ам.доллар орчимд тогтворжлоо.

Анхаарлын төвд

ГВАН цойлсоор. Монгол Улсын гадаад валютын албан нөөц V сарын эцсийн байдлаар 7 тэрбум 733 сая ам.доллар болж, дээд түвшнээ дахин шинэчиллээ. Эрдэс баялгийн экспорт энэ он гарсаар эрчтэй сэргэсэнтэй зэрэгцэн импортын өсөлтийн хурд удааширснаар валютын нөөц оны эхнээс 10.39 хувиар өсөөд байна. Харин өмнөх оны V сартай харьцуулбал даруй хоёр дахин өсжээ. 7 тэрбум давсан нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд байна гэсэн үг болохыг Монголбанк IV сард мэдээлж байв.

Гологдсон санал. Тавантолгойн ордын "Бортээг" хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын санал ЗГ-ын шаардлагад хүрээгүй тул Эрдэнэс Тавантолгой ХК-д менежментийг нь хариуцуулахаар болсныг Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ. ЭТТ тус ордод дотоодын ААН-үүдтэй хамтран олборлолт явуулж, нүүрс экспортлохоос гадна Монгол Улсад ногдох өгөөжийг 70 хувь байхаар тооцож, таван жилийн хугацаанд нийт 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр хийх нөхцөл санал болгосон байна.

Харин БНХАУ-ын Baowu Resource компани 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон 51.7 хувийн өгөөж санал болгосон бол China Energy Materials & Technology Xuzhou компани 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон ч Монголын талд ногдох өгөөж нь 51 хувь байсныг онцлов. Бортээг хэсэг нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэйгөөс 95 хувь нь буюу 404.5 сая тонн сул коксжих нүүрс аж.

Сансрын үнэ санал болгоно. SpaceX компани удахгүй хийх IPO-оороо нэгж хувьцаагаа 135 ам.доллароор үнэлж, нийт 555.6 сая ширхэг хувьцаа худалдсанаар 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх зорилт тавьсныг эх сурвалжууд мэдээллээ. Үүнийгээ биелүүлж чадвал 2019 онд 29.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж байсан Saudi Aramco компанийн IPO-оос хоёр дахин их санхүүжилт босгох юм. SpaceX VI сарын 4-ний өдрөөс эхлэн IPO-гоо хөрөнгө оруулагчдад танилцуулж, хувьцааныхаа үнийг VI сарын 11 гэхэд тодорхойлох төлөвтэй.

TikTok-ийн тэрбумтны амжилт. БНХАУ-ын ByteDance компанийн үнэлгээ өсөж, хиймэл оюуны зорилтуудад нь ахиц гарснаар үүсгэн байгуулагч нь болох Жан Имин нийт хөрөнгийн хэмжээгээр Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбаниг гүйцэж, Азид хоёрдугаарт эрэмбэлэгдэж эхэллээ. Bloomberg Billionaires Index-д бүртгэгдсэнээр Жан Иминий хөрөнгө 92.8 тэрбум ам.долларт хүрч, Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд давамгайллаа улам бататгасан байна. 2019 оны III сард Bloomberg түүнийг тэрбумтнуудын индексдээ анх оруулснаас хойш хөрөнгийн хэмжээ нь долоо дахин өсжээ.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Тогтворжих хүлээлт

Геополитик, худалдааны эрсдэл өсөн нэмэгдсэнийг үл харгалзан Төв Ази болон Монгол Улсын эдийн засаг 2026, 2027 онуудад Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулдаг бүс нутгуудаас өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэйг тус банк шинэ судалгааны тайландаа онцолжээ.

  • Төв Азийн орнууд, Монголыг багтаасан бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026 онд 5.6 хувь байх бол 2027 онд 5.3 хувьтай гарна гэж төсөөлжээ. Хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын тогтвортой үзүүлэлт ба үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн салбарын тамир тэнхээ өсөлтийг дэмжинэ гэж үзсэн байна.

  • Харин Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, уул уурхай, олборлолтын салбарын эрчтэй өсөлтөд түшиглэн 2026, 2027 онд 5.5 хувьд хадгалагдах төсөөлөл гаргажээ.

  • Монгол Улс худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн удаашралд эмзэг хэвээр байгаагийн зэрэгцээ Ойрх Дорнодын зөрчлөөс үүдсэн эрчим хүчний бүтээгдэхүүний үнийн өсөлт эрсдэл дагуулж болзошгүйг мөн анхааруулсан байна.

Зам зуур

Халаагчтай суултуур, бидэ зэрэг ариун цэврийн өрөөний хэрэгслүүдээр танигдсан Японы Toto компани чип үйлдвэрлэлд ашиглагддаг тоног төхөөрөмжийн огцом өссөн эрэлтээс тооцоолоогүй их ашиг хүртэж байна. Ялангуяа идэмхий бодис болон өндөр температурт тэсвэртэй, тоос тогтдоггүй керамик материал үйлдвэрлэлийн арвин туршлага нь тус зах зээлд ихээхэн эрэлттэй байгаа аж.

Цаашид эрэлтийг бүрэн хангаж чадах үйлдвэрлэлийн орчин нөхцөл бий болгохоор зорьж ажиллахаа компанийн Технологи хариуцсан захирал Хаяаши Рёосүкэ ярилцлагадаа онцолжээ.

Одоогоор компанийн чип үйлдвэрлэлийн сегментээс олох ашгийн хэмжээ гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ашгаас нь давсан байна. Мөн III сараар өндөрлөсөн санхүүгийн жилд Toto-ийн чиптэй холбоотой бүтээгдэхүүний зардал нийт хөрөнгийн зардлынх нь 11 хувийг бүрдүүлжээ

Эцэст нь товчхон

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Орон сууцжуулалтын банк нь тусгай зориулалтын төрөлжсөн банк байх тул арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, дунджаас бага орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготойг тодотгож байв.

Онцлох зураг

“Frecce Tricolori” агаарын үзүүлбэрийн баг Италийн БНУ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Ром хотын дээгүүр нисэв

Marco Di Gianvito/ZUMA Press Wire/Shutterstock