2026/06/03

Өглөөний мэнд. Монголд анх удаагаа байгалийн хийн нөөц албан ёсоор баталгаажлаа.

БНСУ Энэтхэгийг гүйцэж, дэлхийн зургаа дахь том хөрөнгийн зах зээлтэй орон болов.

Ханбогд Кашимер ХХК экспортоо 20-30 хувиар нэмэгдүүлэх шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

Хийн нөөц баталгаажив

Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, баялгийн үнэлгээ болон нөөцийн тооцоог бүртгэн авчээ.

Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.

Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн "Улаан нуур" төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.

Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна. Тус талбайд Ашигт малтмал, газрын тосны газар 2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан юм.

Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ. Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани мэдэгдэлдээ онцолсон байна.

Үүнээс гадна Өмнөговь аймаг дахь метан хийн өөр нэг төсөл “Гурвантэс XXXV”-ыг хэрэгжүүлж буй TMK Energy компани байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барихаар Дашваанжил Групп ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа өнгөрсөн сард зарласан юм.

Анхаарлын төвд

Түлшний асуудал хүндрэв. V сард Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хүчтэй цохилт өгсөнтэй холбоотойгоор ОХУ онгоцны түлшний экспортдоо хориг тавив. Ингэснээр 16 жилийн доод түвшинд хүрээд байсан ОХУ-ын газрын тосны боловсруулалт улам буурч болзошгүй байна. Ялангуяа эрэлт нэмэгддэг зуны улирал дотоод зах зээлд нь газрын тосны хомсдол үүсэх эрсдэлтэй болсон тул эрх баригчид 11 дүгээр сар хүртэл онгоцны түлшний экспортыг хориглох шийдвэр гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад онгоцны түлш нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан юм.

Ноолуурын шинэ үйлдвэр. Ханбогд Кашимер компани 6700 метр квадрат талбайтай, хамгийн сүүлийн үеийн ногоон технологи бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр нийт үйлдвэрийн хүчин чадал болон экспорт нь 20-30 хувиар нэмэгдэж, 200 гаруй ажлын байр шинээр бий болохоор байна. Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж.

Ханбогд Кашимер жилд 700-800 тонн ноолуур бэлтгэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн нийт бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дэлхийн 10 гаруй улсад экспортолдог байна. “Цагаан алт” хөтөлбөрийн тухайд 2026 онд нийт 450 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөөд байгааг ЕТГ мэдээлсэн.

Чанартай ХО-г чухалчилна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Циан гадаад дахь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах шинэ журам баталсан зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү журам 2026 оны VII сарын нэгнээс хэрэгжиж эхлэхийг Xinhua агентлаг мэдээлсэн байна. Шинэ журам нь гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтыг илүү нээлттэй болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, мөн тус улсын бүрэн эрхт, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх аж. Нийт 34 зүйлтэй тус журамд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд чанартай хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний олон улсын хамтын ажиллагааг дэмжихийг онцолсон байна.

Соёлын байлдан дагуулал. Өнгөрсөн онд БНСУ-ын контентын салбарын экспорт шинэ дээд цэгт хүрснийг тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам мэдээллээ. Контентын экспорт 2025 онд урьдчилсан байдлаар 14.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оныхоос 0.8 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь Засгийн газар “K-content”-ийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болгон хөгжүүлэх бодлого барьсны үр дүн гэж албаныхан тайлбарлажээ. Түүнчлэн 2025 онд Өмнөд Солонгост 18.9 сая гаднын жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 2.6 саяар илүү байж, шинэ дээд үзүүлэлт болсон байна.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.

Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Айргийн тав руу зүтгэнэ

Дэлхий даяар хурдацтай тэлж буй хиймэл оюуны дэд бүтцийн сүлжээний нэн чухал хэсэг болоод байгаа чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаа зогсолтгүй өссөнөөр БНСУ-ын хөрөнгийн зах зээл үнэлгээгээрээ Энэтхэгийг гүйцэж, дэлхийн зургаа дахь том ХЗЗ боллоо.

  • БНСУ-ын биржүүдэд бүртгэлтэй компаниудын нийт үнэлгээ энэ онд 86 хувиар өсөж 5 их наяд ам.доллар давсан байна. Харин Энэтхэгийн компаниудынх 4.8 их наяд ам.доллар болж буурчээ.

  • Хэдхэн хоногийн өмнө үнэлгээгээ дараалан 1 их наяд ам.доллар хүргэсэн Samsung болон SK Hynix компаниуд улсынхаа энэ өсөлтийг хөдөлгөж буй.

  • 2026 онд БНСУ-ын хөрөнгийн захын үнэлгээ Канад, Их Британи, Энэтхэгийг ээлж дараалан гүйцэж өнөөгийн түвшинд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын хиймэл оюун болон чипийн нийлүүлэгчдэд тавих хүлээлт асар өндөр байгааг харуулж байна.

  • Азийн чип үйлдвэрлэлийн өөр нэг төв Тайвань мөн энэ онд хөрөнгийн захын үнэлгээгээрээ дэлхийн топ 5 руу орж ирсэн билээ.

Зам зуур

NBA-ийн Golden State Warriors багийн од тоглогч Стефен Көрри БНХАУ-ын спорт хувцас, хэрэгслийн Li Ning Co. компанитай 10 жилийн сурталчилгааны гэрээ байгуулсныг ESPN мэдээлжээ.

Гэрээний дагуу Көрри тус компанийн сагсан бөмбөгийн болон гольфын спортын бүтээгдэхүүн, өдөр тутмын спорт хувцасны нүүр царай болох юм байна. Мөн Стефен Көрри бусад тамирчдыг брэндийн нүүр царай болгож элсүүлэх эрхтэй байх аж.

Стефен Көрри уг хамтын ажиллагааг сошиал хуудсан дахь постоороо баталгаажуулжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард 13 жилийн турш хамтарсан Under Armour-той гэрээгээ цуцлаад байсан түүний дараагийн хамтын ажиллагаа юу байх нь олны анхаарлын төвд байсан юм.

Эцэст нь товчхон

СЗХ: Даатгагч, итгэлцлийн үйлчилгээ эрхлэгч, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын засаглалын кодексийн хэрэгжилт 2025 онд дунджаар 77.8 хувийн үнэлгээтэй гарчээ. Тайлангаа шинэчлэн илгээсэн 114 хуулийн этгээдийн уг үнэлгээ өмнөх оны дунджаас 3.9 нэгж хувиар буурсан байна.

Монголбанк: Өнгөрсөн сард 758.5 кг үнэт металл худалдан авсанаар оны эхний 5 сарын хугацаанд худалдан авсан үнэт металлын хэмжээ 5 тонн болж өслөө. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өссөн байна. Монголбанк олон улсын зах зээлийн ханшаар тооцож алт худалдан авах үнийг тогтоодог бөгөөд 5 дугаар сард 1 грамм алтны дундаж үнэ 527,396.61 төгрөг байв.

Онцлох зураг

Газын зурвасын хил дээрх наран цэцгийн талбай - Нахал Оз, Израил

Amir Cohen/Reuters