- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/06/02
2026/06/02
Өглөөний мэнд. Nokia, Dell, Cisco зэрэг 90-ээд оны технологийн салбарын "одод" хиймэл оюуны эринд дахин гялалзаж байна.
Монгол Улсын PMI үзүүлэлт сүүлийн 5 улирал дараалан агших мужид хадгалагдсан нь бизнесийн идэвх сул байгааг илтгэв.
Softbank зах зээлийн үнэлгээгээр Toyota-г гүйцэж, Японы хамгийн том компани боллоо.

90-ээд оныхны эргэн ирэлт
Интернэтийн алтан үед тэд од болон гялалзаж явсан ч зах зээлийнх нь хөөс хагарч, технологийн шинэ үеийн аваргууд гарч ирснээр бүгд арын эгнээ рүү шахагдаж, зарим нь "мартагдсан дууль" болж байлаа. Харин өдгөө хиймэл оюуны салбарт орж буй үер мэт хөрөнгө оруулалтын ачаар Dell, Nokia, Lenovo зэрэг эртний танил компаниуд маань эргэн хурдтай сэргэж байна.
Хиймэл оюуны дэд бүтцийн эрчтэй бүтээн байгуулалт нь компьютерийн сервер, сүлжээний тоног төхөөрөмж, хадгалах төхөөрөмжийн эд ангиас авхуулаад хуучны үеэ өнгөрөөсөн чипүүд хүртэлх бүхий л бүтээгдэхүүний эрэлтийг огцом өсгөөд байгаа. Үр дүнд нь эдгээр талбарт тодорхой хамаарал бүхий ямар ч компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд цойлох хандлага газар авах болов. Өсөлтийн шинэхэн давлагаанд 1990-ээд оны асар нэр хүндтэй, тухайн үедээ өнөөгийн "Гайхамшигт 7"-той дүйх хэмжээнд яригдаж байсан "Дөрвөн морьтон" (Four Horsemen) гэгдэх компаниуд оройлон нэгджээ.

Dell, Nokia, Lenovo-оос гадна "дот-ком"-ын үеийн шилдгүүдийн төлөөлөл Micron Technology, Intel, Texas Instruments, Cisco Systems компаниудын хувьцаа энэ онд огцом өссөн байна. Эдгээр долоон компанийн хувьцаа 2026 онд дунджаар 158 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээ 1.7 их наяд ам.доллароор нэмэгдүүлжээ.
Ингээд хиймэл оюуны эринд "дахин төрж", хөрөнгийн захыг доргиож буй тэдгээр компаниудын заримыг танилцуулъя.
Dell
Dell-ийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 33 хувиар өсөж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй нэг өдрийн өсөлтөө бүртгэлээ. Суурин болон зөөврийн компьютерийн бизнесээрээ танигдсан тус компанийн хиймэл оюунт серверийн эрэлт огцом өссөнийг шинэ тайлан нь харуулсан тул хөрөнгө оруулагчид хувьцааг нь авахаар яарсан байна.
Энэхүү өсөлт нь Dell-ийн 1990-ээд оны сүүлээр тохиосон алтан үеийг санагдуулж буйг шинжээчид хэлж байна. Тухайн үед компанийн хувьцаа гурван жил дараалан жил бүр 200 гаруй хувиар өсөж байв. Гэсэн ч дот-комын хөөс хагарсны дараа компанийн зах зээлийн үнэлгээ 80 гаруй хувиар унаж, улмаар 2013 онд нээлттэй зах зээлээс гарч, хаалттай компани болсон юм.
Харин Dell 2018 оны сүүлээр биржид дахин бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр компанийн зах зээлийн үнэлгээ 2000 оны III сард хүрч байсан 148 тэрбум ам.долларын оргил түвшнээсээ даруй 125 тэрбум ам.доллараар давжээ.
Lenovo
Lenovo Group 2005 онд International Business Machines (IBM)-ийн компьютерийн бизнесийг худалдан авснаар дэлхийн технологийн салбарын гол тоглогчдын эгнээнд орж ирсэн юм. Хэлцлийн хүрээнд бизнес ангиллын зөөврийн компьютерийн алдарт брэнд "ThinkPad"-ийг үйлдвэрлэх эрхийг эзэмшсэнээр хожим дэлхийд тэргүүлэх PC үйлдвэрлэгч болох сууриа тавьжээ.
Анхаарлын төвд
Төсвийн төлөвлөлт батлав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2027 онд 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай, суурь тэнцэл 2.28 их наяд төгрөг буюу ДНБ-ий хувьтай тэнцэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд төлөвлөв. Мөн Засгийн газрын өрийн дээд хэмжээ ирэх онд ДНБ-ий 50 хувьтай тэнцэх буюу 57.1 их наяд төгрөг байхаар баталжээ.
Японы ноён оргилд. Softbank групп Toyota-г гүйцэж, зах зээлийн үнэлгээгээр тус улсын хамгийн том компани боллоо. Масаёши Соны удирдсан технологийн тус группийн хувьцаа энэ онд 90 гаруй хувиар өссөн бол Toyota-ийнх 13 хувиар унаад байгаа. Хиймэл оюунтай холбоотой хувьцаанд чиглэсэн хөрөнгө оруулагчдын дундаршгүй сонирхол санхүүгийн зах зээлийг хэрхэн өөрчилж байгаагийн өөр нэг жишээ нь энэхүү түүхэн шилжилт болж байна.

Группийн хувь эзэмшдэг OpenAI компани IPO хийхээр бэлтгэж байгаа мэдээлэл гарснаар сүүлийн өдрүүдэд Softbank улам анхаарлын төвд ороод байгаа. Мөн тооцооллын хүчин чадлын төлөөх өрсөлдөөн ширүүссэн энэ үед Softbank дэлхий даяарх гол байршлуудад дата төвүүдийн баазтай болохоор яаравчилж буй. Сүүлд л гэхэд Францад 5 ГВт-ын хүчин чадалтай дата төвийн төсөлд 87 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөө групп амралтын өдрөөр мэдээлсэн юм.
Бизнесүүдэд бэрх он жилүүд. Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индекс (PMI) сүүлийн таван улирал дараалан агших мужид хэвээр хадгалагдаж буйг Монголбанкны тайланд онцоллоо. PMI 50-аас доош түвшинд байх нь бизнесийн идэвхжил муудаж буйн дохио бөгөөд компаниудын шинэ захиалга, үйлдвэрлэл, ажилд авалт сул байгааг илтгэдэг. 2025 оны турш PMI-д бага зэрэгт өсөлт ажиглагдаж байсан бол 2026 оны I улиралд 39.4 болж, өмнөх улирлаас 6.6 нэгжээр огцом буурсан байна.
Задлаад харвал үйлдвэрлэл болон шинэ захиалгын индексийн утга сүүлийн таван улирал, бараа материалын нөөцийн индекс гурав, ажил эрхлэлт хоёр улирал дараалан агших мужид гарчээ.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна.
Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Металлуудын сар
Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх найдвар нэмэгдсэнээр суурь металлуудын үнийн хувьд нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлттэй сар нь тавдугаар сар боллоо.

Пүрэв гарагийн байдлаар Лондоны Металлын биржийн гол зургаан металлын үнийг хянадаг LMEX Metals Index тавдугаар сард 5.5 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Зэсийн үнэ пүрэв гарагт 1.3 хувиар өссөнөөр сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрсэн ч баасан гарагт эргээд буурсан. Сүүлийн байдлаар тонн нь 13,700 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Тавдугаар сард зэсийн үнэ 5.6 хувиар өсөөд байгаа юм.
Үүнээс гадна цагаан тугалганы ханш өнгөрсөн сард 18 хувиар чангарснаар суурь металлууд дунд өсөлтөөрөө тэргүүлж байна.
Зам зуур

Nvidia компани компьютерийн процессорын зах зээл дэх Intel-ийн ноёрхлыг сулруулж, салбарыг хиймэл оюуны эринд нийцүүлэн шинэчлэх зорилготой шинэ чипээ танилцууллаа.
Энэ намраас эхлэн Nvidia-ийн шинэ “RTX Spark Superchip” процессороор тоноглогдсон Dell, Lenovo зэрэг брэндийн суурин болон зөөврийн компьютерүүд худалдаанд гарч эхлэхийг компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Тайбэйд болсон Computex үзэсгэлэнгийн үеэр танилцуулжээ.
“RTX Spark Superchip” нь бичил процессор, график чипийг нэгтгэсэн бүтээгдэхүүн бөгөөд Тайванийн MediaTek компанийн туслалцаатайгаар үйлдвэрлэжээ.
Онцлох зураг
Тэсонсан соёл амралтын хүрээлэнд болсон Хүүхдийн баярын арга хэмжээнд оролцож буй хүүхдүүд - Пёньян, БНАСАУ

Jon Chol Jin/AP