- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/29
2026/05/29
Өглөөний мэнд. Монголын нийт ажиллах хүчний 46 хувь нь албан бус эдийн засагт ажиллаж буй нь бүтээмж сулрах шалтгаан болж байна.
ОХУ-тай хамтарсан компани байгуулж онгоцны түлш авах хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталлаа.
Хонконг Швейцарыг гүйцэж, дэлхийн оффшор хөрөнгийн тэргүүлэх цэг боллоо.

“Сүүдрийн” хөдөлмөр Монголд
Албан мэдээллээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад цалингийн дундаж, хөдөлмөрийн бүтээмж хэдий өсөлттэй ч хэрэглээний үнийн өсөлтөөс хол хоцорч, хөдөлмөрийн зах зээл сул дорой хэвээр байна.
Эдийн засаг уул уурхайн салбарт түшиглэх ч ажлын байрны дийлэнхийг хангадаг үйлчилгээ, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт бүтээмж сул байдаг бүтцийн асуудал дээрх тэнцвэргүй байдлаас тод харагдана. ҮСХ-ны мэдээлснээр энэ оны эхний улирлын байдлаар нэг ажиллагчид ногдох ДНБ буюу бүтээмж 4.8 сая төгрөг болж өсөхөд уул уурхайн салбарын бүтээмж сүүлийн дөрвөн жилийн дээд цэгт (12.9 сая төгрөг) хүрсэн нь нөлөөлжээ. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох бүтээмж уул уурхайн салбартай харьцуулахад 16 дахин бага байна.

Сүүлийн жилүүдэд 5.5 хувь орчимд хадгалагдаж буй ажилгүйдлийн түвшин эхний улиралд 5.7 хувь болж нэмэгдсэн байна. Харин ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь буюу 1.4 сая байгаа нь сүүлийн гурван жилийн I улирлын хамгийн доод үзүүлэлт болж байна.
Монголын ажилгүйдлийн түвшин олон улстай харьцуулахад өндөр биш ч хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дунджаас 30 хувиар доогуур байна. Энэ нь уул уурхайн салбараас бусад ажлын байр дээр бүтээмжийг сайжруулах шаардлагатайг харуулахын сацуу албан бус ажлын байрны эзлэх хувь маш өндөр байгаагийн илрэл болохыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ли Чан Хи Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
“Нийт ажиллагчдын 46 хувь нь хуулийн хамгааллаас гадуур, нийгмийн даатгалд хамрагддаггүй албан бус эдийн засагт ажиллаж буй. Мөн ажилгүй 60 мянга орчим иргэн, 40-50 мянга гаруй нээлттэй ажлын байр зарласан ажил олгогчид байгаа нь эрэлт, нийлүүлэлт хоорондох үл нийцлийн илрэл… Эдгээр нь бага бүтээмж, бага цалин, тааруу ажлын байр гэсэн өрсөлдөх чадварыг бууруулж, уналтад оруулдаг чөтгөрийн тойргийг үүсгэж байна” хэмээн тэрбээр ярьсан юм.
Анхаарлын төвд
Цор ганц нийлүүлэгч. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталлаа. Ингэснээр онгоцны түлшийг дундын зуучлагчгүй, зах зээлийн бодит үнээр худалдан авах боломж бүрдэхийн сацуу Монголд урт хугацаанд шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээнд чухал нөлөөтэй байхыг салбарын сайд тодотгож байв. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын 60 хувь, ОХУ-ын 40 хувийн эзэмшилтэй, нисэх буудлын шатахуун хангамжийн үйл ажиллагааг хариуцан менежментийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий хамтарсан компани байгуулах юм.
Их хааны зоос. Чингис хаан Үндэсний музейд залсан “Их Эзэн Чингис Хаан” баримлын эх загварт тулгуурлан бүтээсэн “Чингис хаан” дурсгалын зоосыг Монголбанк өнөөдөр танилцуулж, Эрдэнэсийн сандаа байршууллаа. Тус зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор зургаан төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг гэсэн сонголттойгоор худалдаанд гаргаж байна.

Тэдгээрээс мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг "Guilloché" технологийг ашиглаж, нарийн хээ, гялалзсан эффект үүсгэснээрээ онцлог аж. Шинэ дурсгалын зоосны төрлүүдээс 0.5 граммын алтан зоос хамгийн бага буюу 400 мянган төгрөгийн үнэтэй бол 1 унцын алтан зоос 22.5 сая төгрөгөөр үнэлэгдэж Эрдэнэсийн санд байршсан байна.
Хүүг бууруулах хууль. Одоогоор Монгол Улсын нийт ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байна. Тэтгэврийн зээлийн хүүг банк тогтооно гэж хуульчилж өгсөн байдаг тул ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг багасгах үүднээс Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд бодлогын хүү дээр банкны дотоод зардлыг нэмээд тухайн банкны хамгийн бага хүүгээр тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр тусгажээ.
Сар ойрхон. NASA саран дээр робот төхөөрөмж ашиглан байнгын ажиллагаатай бааз барих ажлыг 2027 онд эхлүүлж, 2030-аад оны эхэн үе гэхэд сансрын нисэгчид сарны гадарга дээр удаан хугацаанд амьдрах боломжтой болно гэж тооцоолж байгааг тус агентлагийн тэргүүн Жаред Айзекмэн мэдээллээ. "Artemis 4" нислэгийн багийнхан 2028 онд саран дээр буух үед "сарны баазын зарим дэд бүтэц хэдийнээ баригдаж, тэднийг хүлээж байх болно" хэмээн Айзекмэн лхагва гарагт Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Блумберг санал болгож байна
ҮСХ-ны мэдээллээр Монгол улсын инфляц IV сарын эцсийн байдлаар 30 сарын дараа анх удаа 10 хувь даваад байна. Инфляцын дийлэнх хэсэг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан бол импортоос шалтгаалсан нөлөөлөл 28.9 хувьтай байна.

Үүнд ЗГ, Монголбанк, цаашлаад УИХ ямар үүрэг хариуцлага хүлээх, хуулиар ямар оролцоотой байх талаар Bloomberg TV Mongolia-ийн дэргэдэх Эдийн засагчдын клубийн гишүүд хөндөн ярилцлаа.
Шинэ дугаарыг баасан гарагийн 10:00, бямба гарагийн 19:00, ням гарагийн 11:00 цагуудаас хүлээн авч үзээрэй. Bloomberg TV Mongolia-ийн шууд эфирийг App Store, Google Play дээрх BTVM+ аппликейшнээс үзэх боломжтой.
Гүн рүү: Оффшорын соронз
Хонконг дэлхийн санхүүгийн төв гэгдэхээ больж, чадварлаг мэргэжилтнүүд нь орхин гарч, хөрөнгийн зах зээл нь унтаа байдалд орж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн онд тус хотод томоохон IPO-нууд шил даран хийгдэж, хөрөнгийн менежментийн фирмүүд олноор орж ирж, жишиг Hang Seng индекс 28 хувиар өссөн нь Хонконгийн эрчтэй сэргэлтийн илрэл болсон юм.

Үүний нэг баталгаа нь Хонконг анх удаагаа Швейцарыг гүйцэж, дэлхийн хил дамнасан хөрөнгийн хамгийн том цэг болсон байна.
Boston Consulting Group-ийн гаргасан "2026 Global Wealth Report" судалгааны тайланд 2025 оны байдлаар Хонконг дахь хөрөнгийн менежерүүдэд нийт 2.9 их наяд ам.долларын оффшор хөрөнгө бүртгэгдсэнийг тооцоолжээ.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад 10.7 хувиар өссөн дүн бөгөөд эх газрын Хятадаас ирэх капиталын урсгал, дотоодын хөрөнгийн зах зээлийн сэргэлт үүнд голлон нөлөөлсөн байна.
Ирэх жилүүдэд Ази дахь хөрөнгийн хуримтлал, БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн давамгайлал, Хонконгийн IPO зах зээлийн сэргэлт үргэлжилснээр 2030 он гэхэд Хонконг дахь оффшор хөрөнгийн дүн Швейцарынхаас 600 тэрбум ам.доллароор давна гэсэн төсөөллийг Boston Consulting Group судалгаандаа онцолжээ.
Зам зуур

Японы манга артист Tomato Soup-ийн "A Witch’s Life in Mongol" манга цувралыг дэлгэцийн бүтээл болгосон "Jaadugar: A Witch in Mongolia" анимэгийн хоёр дахь трэйлер цацагдаж, нээлтээ хийх өдөр нь ил болжээ.
CyberAgent компани, Science SARU анимэйшн студийн бүтээл тус цувралын эхний хоёр ангийг долоодугаар сарын 4-нд Японд гаргахаар товлосон байна. Мөн ирэх сард Францын "Annecy" олон улсын анимэйшн уран бүтээлийн фестивальд өрсөлдөж, тусгай үзвэр толилуулах аж.
13 дугаар зууны үеийн Перс болон Монголын эзэнт гүрэнд "Jaadugar: A Witch in Mongolia"-ийн гол үйл явдлууд өрнөх юм. Тэр дундаа Өгэдэй хааны хатан Дөргөнэгийн төр барих хугацаанд ихээхэн нөлөөтэй байсан Фатимагийн тухай түүхэн эх сурвалжид үлдсэн баримтуудаас санаа авч тус анимэгийн гол дүрийг зохиомжилжээ. Ираны эртний Тус хотод амьдардаг Шитара хэмээх охин Монголын байлдан дагуулалтын үеэр Толуй хааны цэрэгт олзлогдон Хархорум хотод ирж байгаагаар цувралын үндсэн үйл явдал эхэлдэг байна.
Онцлох зураг
Эйд Аль-Адха залбирал үйлдэж буй муслим сүсэгтнүүд - Бутух, Индонез

Ulet Ifansasti/Getty Images