- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/28
2026/05/28
Өглөөний мэнд. ЗГ Эрдэнэс Монгол нэгдлийг уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болгож, харьяан дахь 10 компанийг нь татан буулгана.
Сүүлийн нэг жилд хувьцааны ханш нь 1000% өссөн SK Hynix “их наядын клуб”-т нэгдлээ.
Asian Battery Metals компани зэс-алтны "Red Hill" төслийн өрөмдлөгөөр гол эрдэсжилтийн бүсийн хэмжээ тэлснийг мэдээллээ.

Их наядын клуб бүл нэмсээр
Хиймэл оюуны тэсрэлт санах ойн чипийн үйлдвэрлэлийг удаан хугацаанд тэтгэнэ гэдэгт хөрөнгө оруулагчид өндөр найдлага тавьснаар тус салбарын компаниудын хувьцааны шуургалсан өсөлт улам эрчээ авлаа. Ингэснээр SK Hynix, Micron Technology компаниудын зах зээлийн үнэлгээ өнөөдрийн арилжаагаар 1 их наяд ам.доллар хүрээд байна.
БНСУ-ын биржийн лхагва гарагийн арилжаагаар SK Hynix-ийн хувьцааны ханш 9.3 хувиар өсөж, сүүлийн 12 сарын өсөлт нь 1000 хувь давлаа. Мөн тус компани нутаг нэгт Samsung Electronics-ийн дараа "Их наядын клуб"-т нэгдсэн Азийн гурав дахь компани болж байна. Азиас энэ босгыг давсан цор ганц компани нь Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC байсан бол энэ сарын эхээр Samsung нэмэгдсэн юм.

Харин Micron-ий хувьцааны ханш мягмар гарагт АНУ-ын арилжаагаар 2011 оноос хойших дээд дүнгээр буюу 19 хувиар цойлж, үнэлгээ нь мөн их наядад хүрчээ. UBS Group-ийн шинжээчид тус компанийн хувьцааны ханш ирэх нэг жилд хоёр дахин өсөж магадгүй гэсэн төсөөлөл танилцуулсан юм.
Өргөн зурваст санах ойн (HBM) үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг дээрх гурван компаниас хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтын нэн чухал үе шат хамаарч байна. Тэдгээр компаниудын бүтээгдэхүүн дата төвүүдийн нийлүүлэлтийн сүлжээний хамгийн эмзэг цэгт тооцогдож буй. Хөрөнгө оруулагчид, шинжээчдийн таамаглалаар санах ойн чипийн хомсдол 2027 оны турш үргэлжилж, Samsung, SK Hynix, Micron компаниудад үнэ тогтоох онцгой эрх мэдэл очих төлөвтэй.
“Санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцаа байх ёстойгоосоо доогуур үнэлэгдсээр ирсэн. Харин одоо үнэлгээний энэ зөрүү нөхөгдөх тренд ажиглагдаж байна. Гэхдээ бид өсөлтийн дөнгөж эхний шатанд байна” хэмээн Сөүл дэх Life Asset Management-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Кан Дэ Квун онцолжээ.
2025 оны IV улирлын байдлаар SK Hynix орлогоороо дэлхийн HBM-ийн зах зээлийн 57 хувийг бүрдүүлж байсан бол Samsung, Micron 22 болон 21 хувиар тус тус удаалсныг Counterpoint Research-ийн судалгаа харуулж байна.
Анхаарлын төвд
Дарга нарыг цөөлнө. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиг багатай, зээлээр санхүүждэг, чиг үүрэг нь давхардсан Төрийн өмчит 10 компанийг татан буулгахаар шийдвэрлэлээ. Мөн дарга нарын тоог цөөлөхөөс гадна 260 орон тоо цомхотгож, захиргааны зардлыг 10 хувиар, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулснаар эхний ээлжид 67 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолжээ. Үүнээс гадна тус нэгдлийг уул уурхайн хяналт, удирдлага хэрэгжүүлдэг бүтцээс чөлөөлж, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент зэргийг хариуцсан институт болгож өөрчлөхийг мэдээллээ.
Зэс-алтны ирээдүйтэй төсөл. Asian Battery Metals компани Говь-Алтай аймаг дахь зэс-алтны "Майхан уул" буюу “Red Hill” төслийн шинэ өрөмдлөгөөр гол эрдэсжилттэй бүсийн хэмжээ тэлснийг мэдээллээ. Энэ нь тус орд өмнө тогтоосноос илүү их хэмжээний нөөцтэй байх боломжтойн дохио болж байна. Сүүлд гаргасан цооногуудаар зэсээр баялаг сульфидын эрдэсжилт огтолж, судлын урт нь 155 метр хүрснийг мэдээлсэн юм.

Энэхүү үр дүн нь цаашид өргөжин тэлэх боломжтой зэс-алтны томоохон систем байгаагийн баталгаа болохыг Asian Battery Metals мэдэгдэлдээ онцолсон байна. Тус компани өнгөрсөн IV сард цэнэг хураагуурын металлын стратегиа өргөжүүлэх зорилтын хүрээнд "Майхан уул" төслийг худалдан авч, 100 хувь эзэмших болсон юм.
"Нэг суралцагч-нэг компьютер”, “Нэг анги-нэг ухаалаг самбар” бодлогыг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Энэ хүрээнд эхний ээлжид ирэх IX сарын нэгэн гэхэд 100 мянган “Chromebook” зөөврийн компьютер, 5000 ухаалаг самбар нийлүүлнэ. Цаашлаад 2028 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчдад олгосон “Chromebook”-ийг 300 мянга, ухаалаг самбарыг 15 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс мөнгө зарцуулахгүй бөгөөд Хөгжлийн банкны Санхүүгийн лизинг охин компани Google компанитай гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авахыг Боловсролын сайд мэдээлсэн юм.
Дизелийн түгшүүр. Украины дайралт ширүүсэж, нефть боловсруулах үйлдвэрүүдийн гарц олон жилийн доод түвшинд ирсэнтэй холбогдуулан ОХУ дизель болон нисэх онгоцны түлшний экспортыг хязгаарлах асуудлыг хэлэлцэж буйг Interfax агентлаг мэдээллээ. Тодруулбал ОХУ-ын Шадар сайд Александр Новак мягмар гарагт дотоодын түлшний зах зээлийн асуудлаар уулзалт хийснийхээ дараа нефтийн компаниудад газрын тосны бүтээгдэхүүн гадаад зах зээлд борлуулахаа багасгахыг зөвлөсөн байна. Монгол Улсын ОХУ-аас дизель түлш энэ он дуустал дотоодын зах зээлийнх нь үнээр худалдан авахаар тохиролцсон тул үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг өмнө нь салбарын сайд мэдээлж байв.
Блумберг санал болгож байна
Sponsored
Монголын анхны ухаалаг хөрөнгө оруулалтын систем InvestX
Өмнө нь хөрөнгө оруулалт гэхээр мэргэжлийн мэдлэг, их хэмжээний хөрөнгө, зах зээлийг өдөр бүр ажиглах шаардлагатай мэт санагдаж, ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, хэдэн төгрөгөөр эхлэх, өөрт тохирох эрсдэлийн түвшинг хэрхэн тодорхойлохоо мэдэхгүйгээс шийдвэрээ хойшлуулж байсан уу?

Тэгвэл Апекс Капитал ҮЦК-ийн зүгээс энэхүү асуудлыг шийдэж харилцагчийн санхүүгийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэлд хандах хандлагад тулгуурлан тохирох багцын саналыг харуулах ухаалаг хөрөнгө оруулалтын систем InvestX-ийг санал болгож эхэлжээ. Харилцагч IPS буюу хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглөснөөр өөрийн зорилго, хугацаа, эрсдэл даах чадвар, санхүүгийн мэдлэг, туршлагаа тодорхойлуулж, үр дүнд нь үндэслэн өөрт тохирох хөрөнгө оруулалтын багцын саналуудтай танилцах юм.
InvestX-ээр дамжуулан хэрэглэгч дотоодын бонд болон олон улсын ETF зэрэг бүтээгдэхүүнээс бүрдсэн нэгж багцад багцад 100,000 төгрөгөөс эхлэн хөрөнгө оруулах боломжтой бөгөөд багцын бүтцээр дамжуулан Apple, Tesla, NVIDIA зэрэг олон улсын хувьцаа болон тогтмол өгөөжтэй бондод хэсэгчлэн хөрөнгө оруулах боломжтой болгожээ.
Хэрхэн InvestX -р дамжуулан хөрөнгө оруулалт хийх вэ?
Apex Traders апп-д нэвтэрч InvestX цэсийг сонгоно.
Хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглөснөөр багцын саналуудтай танилцана
Сонгосон багцын мэдээлэл, нөхцөлтэй танилцан гэрээ байгуулна
Багцын тоогоо сонгон мөнгөө байршуулснаар хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ
Дэлгэрэнгүй мэдээллийг 7588-7500 дугаар болон www.investx.mn веб сайтаар авна уу.
InvestX — Энгийнээс илүүд тэмүүл
Гүн рүү: Бордооны хямрал
Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш дэлхийн зах зээлд бордооны үнэ 44 орчим хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж, хүнсний бүтээгдэхүүний үнэ болон хүнсний инфляцыг өдөөх эрсдэл үүсгээд байна. Монгол Улс оны эхний дөрвөн сарын хугацаанд 89,600 орчим тонн бордоог 33.4 сая ам.доллароор импортолжээ.

Импортын биет хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 орчим хувиар өссөн үзүүлэлт болохыг ГЕГ-ын мэдээлэл харуулж байна.
Монгол Улсын хувьд одоогоор бордооны хомсдол үүсээгүй, Хөдөө аж ахуйн корпорац болон ААН-үүд бэлтгэлээ тодорхой хэмжээнд хангасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд тодотгож байв. Мөн малын ноос, яс зэрэг түүхий эдээр дотоодод үйлдвэрлэж буй бордоог төрөөс бодлогоор дэмжихэд анхаарахаа мэдээлсэн.
Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээллээс харвал Монгол Улс жилд дунджаар 150-280 мянган тонн бордоо импортолжээ.
Монгол Улс жилийн нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг импортоор авдаг бөгөөд дийлэнхийг нь ОХУ, БНХАУ, БНФУ болон БНСУ-аас нийлүүлдэг байна.
Зам зуур

Энэ онд 14.5 тэрбумаар өргөтгөл хийж, 100 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болохоор зорьж буй Хонконгийн олон улсын нисэх буудал зорчигчийн хоёр дахь терминалаа ашиглалтад орууллаа.
Уг терминалд AirAsia, Hainan Airlines, Bangkok Airways зэрэг хямд нислэгтэй агаарын тээврийн компаниуд байрласнаар нэгдүгээр терминалын ачаалал багасна гэж тооцоолжээ.
38.7 сая зорчигч хүлээн авах чадалтай тус нисэх буудал өнгөрсөн онд хамгийн ачаалалтай олон улсын нисэх буудлын жагсаалтын наймдугаарт жагсаж байв. Харьцуулбал Дубайн олон улсын нисэх буудал жилд 62.4 сая зорчигч, Сингапурын Чанги нисэх буудал 42.6 сая зорчигч хүлээн авч байна.
Эцэст нь товчхон
ҮЦТХТ: Иргэд 1072 хувьцаагаа хөрөнгийн зах зээлийн хоёрдогч зах зээлд зарах, арилжаалах эрхийг нээлттэй болгохоор ажиллаж буйг ЗГ-аас мэдээлжээ. Үүнээс гадна нас барсан иргэдийн Эрдэнэс Тавантолгой ХК-д эзэмшиж байсан хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг VI сарын 1-ний өдрөөс хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхэлнэ.
ЗГ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хууль батлагдсанаар 2000 гаруй лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг салбарын яамнаас тодотгож байв.
Онцлох зураг
Хууль бус цагаачдыг саатуулах байрны гадна жагсаж буй иргэд ба АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны (ICE) алба хаагч - Ньюарк, АНУ

Anadolu/Getty Images