- Мөнгөний Урсгал
- Posts
- 2026/05/27
2026/05/27
Өглөөний мэнд. Нүүрсний уурхайн ослын дараа Хятадад коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өсөж, MMC-ийн хувьцаа өсөлтөөр тэргүүлэв.
Богд Банк олон улсын зах зээлд 9.5 хувийн хүүтэй, $75 саяын бонд гаргалаа.
Ferrari анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцууллаа.

Нүүрсний эгзэгтэй мөчлөг
БНХАУ-ын нүүрс олборлолтын төв Шаньси мужид 80 гаруй уурхайчны аминд хүрсэн осолтой холбогдуулан ЗГ-аас уурхайнуудад өргөн хүрээний хяналт, шалгалт явуулж магадгүй байгаагаас коксжих нүүрсний фьючерс ханш сүүлийн хоёр өдөр дараалан өслөө.
Даваа гарагт Далианы биржид өдрийн дээд хязгаартаа тулсан коксжих нүүрсний фьючерс ханш өчигдөр 5.1 хувиар дахинн өсөж, сүүлийн байдлаар тонн нь 1273 юаниар арилжаалагдаж байна.
Осол болсон Шаньси мужийн удирдагчид жилд 122 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий 109 уурхайн үйл ажиллагааг зогсоогоод байгаа талаар Mysteel мэдээлсэн. Хүний амь хохироосон ослын дараа ихэнх уурхайн үйл ажиллагааг 3-7 хоногоор зогсоодог аж.

Үүний зэрэгцээ Хонконгийн хөрөнгийн биржийн мягмар гарагийн арилжаагаар Mongolian Mining Corporation-ийн хувьцааны арилжаа эрс идэвхжлээ. Үдээс өмнө нийт эргэлтэд орсон хувьцаа тухайн цагийн сүүлийн 20 хоногийн дунджаас 177 дахин өндөр буюу 84 мянган ширхэгт хүрч байв.
Ингэснээр ханш нь 9.6 хувийн өсөлттэй хаагдаж, 8.43 хонконг долларт хүрснээр өсөлтөөрөө ижил салбарын компаниудыг тэргүүллээ. Харин Hang Seng индекс 0.03 хувийн уналттай, MSCI Asia Pacific индекс 1.38 хувийн өсөлттэй арилжааг өндөрлүүлсэн юм.
Хувьцааны гол техник үзүүлэлт болох харьцангуй хүчний индекс буюу RSI нь MMC-ийн хувьд 30-аас доошилсон байгаа нь хэт зарагдсан бүсэд орсныг илтгэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд компанийн хувьцааны ханш өчигдрийнхтэй ойролцоо болон түүнээс давсан өсөлттэй хаагдсан тохиолдол долоон удаа давтагджээ.
Анхаарлын төвд
Шинэ бондын дохио. Богд Банк Венийн Хөрөнгийн биржид гурван жилийн хугацаатай 75 сая ам.долларын бонд гаргалаа. Бондын хүүгийн түвшин 9.5 хувь, хагас жил тутамд эргэн төлөгдөх хуваарьтай бөгөөд андеррайтераар JPMorgan Chase банк ажилласан байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг зээлийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. 2026 оны I улирлын байдлаар тус банкны зээлийн багц 621.5 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бусад нь “барьцав”. Samsung Electronics компани асар өндөр ашигтай ажиллаж буй хагас дамжуулагчийн салбарынхаа 78 мянган ажилтанд энэ онд 40 их наяд вон буюу 26.6 тэрбум ам.долларын урамшуулал олгох түр тохиролцоонд хүрээд байгаа. Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулах санал хураалтыг зогсоохоор тус компанийн бусад салбарын ажилтнуудыг төлөөлдөг үйлдвэрчний эвлэл мягмар гарагт шүүхэд хүсэлт гаргасан байна.

Тус үйлдвэрчний эвлэл нь Дижитал бүтээгдэхүүний нэгж (DX) буюу ухаалаг утас, гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэлийн ажилтнуудаас голчлон бүрдсэн Samsung-ийн хамгийн цөөн гишүүнтэй эвлэл аж. Эвлэлийн толгойлогчдын үзсэнээр өнгөрсөн долоо хоногт ажил хаялтаар сүрдүүлж, компанитай тохиролцоонд хүрсэн гол үйлдвэрчний эвлэл чип үйлдвэрлэлийн ажилтнуудаа нэгдүгээрт тавьж, бусад салбарын ажилтнуудын эрх ашгийг зөрчжээ.
Хатуу амлалт. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 80 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж, “автомашинд биш хүн рүү чиглэсэн бодлого явуулна”, “аливаа төрлийн татвар, төлбөр огт нэмэхгүй” гэж амлав. Мөн Туулын хурдны зам төсөл дээр тооцоо судалгаа хийж байж бүрэн шийдвэр гаргах шаардлагатайг хэлж байлаа. Хотын даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжилснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх юм.
Нас барагсдын ногдол ашиг. Нас барсан иргэдийн Эрдэнэс Тавантолгой ХК-д эзэмшиж байсан хувьцаа болон хувьцаанд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхийг ЭТТ ХК мэдээллээ. Энэхүү арга хэмжээ 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшигч нарт хамаарах аж. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн ногдол ашиг хуваарилалтаар нас барсан иргэдийн хувьцаанд 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан байгааг тус компанийн зүгээс мэдээлж байлаа.
Блумберг санал болгож байна
Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Их наяд руу дөхөв
Монголын мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого I улиралд 966 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ

Өсөлтөд өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбоо, компьютер программчлал, түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 7.7-23.1 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.
Салбарын нийт орлогын 63 хувийг цахилгаан холбооны салбар дангаараа бүрдүүлсэн бол өргөн нэвтрүүлгийн салбар 9.5 хувийг бүрдүүлжээ.
2025 онд тус салбар нийт 2.7 их наяд төгрөгийн орлоготой ажилласан байна. Түүнчлэн өнгөрсөн онд 427.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 60 гаруй хувь нь үүрэн холбооны салбарт хийгдсэнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд мэдээлжээ.
Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 6.13 минутын ярианы ачаалал үүсгэсэн нь 2024 оны үзүүлэлтээс 12.8 хувиар буурчээ. Нөгөө талдаа нэг хэрэглэгч сард дунджаар 16.72 гигабайт дата хэрэглэсэн нь 14.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Зам зуур

Ferrari компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох "Ferrari Luce" загвараа танилцууллаа. Таван суудалтай, 550 мянган еврогийн үнэтэй тус автомашин хүчирхэг дотоод шаталтат хөдөлгүүрийг өв уламжлалаа болгосон Ferrari-ийн хувьд эрс шинэчлэлийн алхам болж байна.
Өнгөрсөн онд компани "Ferrari Luce"-ийн гол технологи болон интерьер загварыг үе шаттай танилцуулаад байсан бол ням гарагт Ром хотноо эцсийн танилцуулгыг хийжээ.
Шинэ загвар 1000 гаруй морины хүчтэй, 100 км/цагийн хурдыг 2.5 секундын дотор авдаг нь Ferrari-ийн V12 хөдөлгүүртэй "Purosangue"-аас давах үзүүлэлт аж. Мөн дээд хурд нь 310 км/цаг хүрэхийг онцолсон байна.
Эцэст нь товчхон
ЭХЯ: Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах таван байршилд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулах сонгон шалгаруулалтад V сарын 20-ны байдлаар 114 хуулийн этгээд сонирхлоо илэрхийлжээ. Үүнээс 54 нь дотоодын компани бол гадаадын 29 компани, 31 консорциум саналаа ирүүлсэн байна.
Онцлох зураг
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио эхнэр Жанеттийн хамт Таж Махалын өмнө - Агра, Энэтхэг

Julia Demaree Nikhinson/AFP/Getty Images