2026/05/26

Өглөөний мэнд. БНХАУ-ын нүүрсний уурхайд гарсан ноцтой ослын дараа коксжих нүүрсний үнэ, олборлогч компаниудын хувьцаа эрс өслөө.

Түмэн шувуут ХК-ийн борлуулалт I-IV сард 50 хувиар өсөж, ₮42.4 тэрбум хүрчээ.

АНУ-ын төв банкны шинэ тэргүүн тангараг өргөж, энэ онд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт нэмэгдлээ

Зах зээлийн тайвшрал

АНУ, Ираны талууд хэлэлцээрт хүрэхэд ойртож байгаа мэдээгээр Азийн зах зээл шинэ долоо хоногийг эхлүүллээ. Талууд Ормузын хоолойг нээж, газрын тосны урсгалыг чөлөөлөх тохиролцоонд хүрэх эерэг хүлээлтээр дэлхийн хувьцааны жишиг индексүүд түүхэн дээд түвшиндээ дөхөж өссөн бол газрын тосны үнэ огцом унав. Мөн ам.долларын ханш суларч, Японы ЗГ-ын бондууд өслөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэрэмжтэй ч өөдрөг өнгө аястай мэдэгдэл хийж, АНУ дипломат аргаар асуудлыг шийдэх бүхий л боломжийг өгөхөө илэрхийлсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайл Багхаэй “Хэлэлцээ хийсэн олон сэдэвт зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн нь үнэн. Гэхдээ өнөө маргаашгүй гэрээ хийхэд бэлэн болсон гэж мэдэгдэж чадахгүй” хэмээжээ.

Амралтын өдрүүдээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “хэлэлцээ эмх цэгцтэй, үр дүнтэй ахиж” байгааг онцолсон ч АНУ тохиролцоонд хүрэх гэж яарахгүйг сошиал постоороо дамжуулан мэдэгдсэн. Мөн Ираны боомтуудад тавиад байгаа хориглолт нь гэрээг бүрэн байгуулах хүртэл үргэлжлэхийг нэмж дурдаж байлаа. Тиймээс эцсийн зөвшөөрөл өгөгдөх хүртэл хэдэн өдрийн хугацаа авах боломжтойг Вашингтоны томоохон албан тушаалтнууд мэдээлж байна.

АНУ болон Ирантай холбоотой нааштай мэдээллүүд үнэт металлуудын ханшийг дэмжиж байна. Сүүлийн байдлаар алтны ханш 1.5 хувиар чангарч, унц нь 4575 ам.доллар хүрснээр өнгөрсөн долоо хоногийн уналтаа нөхлөө. II сарын эцсээр мөргөлдөөн эхэлснээс хойш алтны үнэ 13 гаруй хувиар унаад байгаа юм. Энэ нь арилжаанд оролцогчид дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралаас шалтгаалан Төв банкнууд бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж буйтай холбоотой.

Үүнээс гадна мөнгөний ханш сүүлийн байдлаар 4 хувиар өсөж, унц нь 78 ам.доллар даваад байна.

Анхаарлын төвд

Шинэ захирагч. Нийслэлийн засаг дарга болоод УБ хотын захирагчийн албан тушаалд Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн 94.5 хувийн саналаар дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор мягмар гарагт НИТХ ээлжит бусаар хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх товтой байна. Үүний дараа Ерөнхий сайд хотын даргыг батламжилснаар томилгоог албажуулах юм. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Пүрэвдагва нь МАН-ын нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.

Дотоодоос хангах салбар. 2026 оны эхний дөрвөн сард Түмэн Шувуут ХК 42.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн дүн боллоо. Тайлант хугацаанд тус компанийн үйлдвэрлэсэн өндөг 74.9 сая ширхэг болж 49 хувиар өсжээ. "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн үр дүнд шувууны аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ эрчимтэй нэмэгдүүлж, өндөгний салбар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадалд хүрээд буй. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид хооронд өрсөлдөөн бий болж, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн үйлчилгээгээр өрсөлддөг болж буйг Түмэн Шувуут ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд онцолжээ.

Тарифгүй худалдаа эхэлнэ. Монгол Улсын Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр ирэх VII сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Талууд худалдааны түр хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохтой холбоотой хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан аж. Түр хэлэлцээрийн дагуу ЕЭЗХ-ны гишүүн улсууд 367 нэр төрлийн барааг гаалийн тарифаас дөрвөн нөхцөлийн дагуу харилцан хөнгөлж, чөлөөлөх юм. Монгол Улсаас экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байна.

Өгсүүр замын эхэнд. Кевин Уорш тангаргаа өргөж, Холбооны Нөөцийн банкны тэргүүний үүрэгт ажлаа хүлээн авлаа. Хөрөнгө оруулагчид түүнийг Дональд Трампын бодлогын хүүг нам түвшинд бууруулах шахалтаас илүүтэйгээр Төв банкны инфляцтай тэмцэх чиг үүргийг тэргүүнд тавина гэж үзэж байна. Ираны дайны улмаас АНУ-д инфляц 2023 оноос хойших өндөр дүнгээр эрчимжээд байгаа тул ирэх XII сар гэхэд бодлогын хүүгээ өсгөнө гэж арилжаачид таамаглаж буй. Ердөө гурван сарын өмнө бодлогын хүүг үргэлжлүүлэн бууруулах таамаг давамгайлж байсан нь ийнхүү огцом эргэхэд Ойрх Дорнодын дайн, хиймэл оюуны хөрөнгө оруулалт хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөллөө.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Нүүрс эгц дээшээ

БНХАУ-ын Шаньси муж дахь нүүрсний уурхайд гарсан томоохон осол нийлүүлэлтийн өргөн хүрээний сааталд хүргэх болгоомжлол үүссэнээр тус улсын зах зээлд коксжих нүүрсний гэрээний үнэ өдрийн хязгаартаа тулж өсөж, олборлогч компаниудын хувьцаа цойлов.

  • Хувийн компанийн эзэмшдэг Лиушэнью уурхайд хий дэлбэрснээр багадаа 82 хүн амь үрэгдсэнийг төрийн хэвлэл нь мэдээлжээ. Тус улсад 2009 оноос хойш гарсан хамгийн том уурхайн осолд тооцогдох уг дэлбэрэлт уурхайн аюулгүй байдлын хяналт, шалгалтыг улам чангаруулж, ойрын хугацаанд БНХАУ-ын нүүрсний гарцад сөргөөр нөлөөлөх төлөвтэй.

  • Даляний таваарын биржид даваа гарагийн арилжаа эхлэхэд коксжих нүүрсний фьючерс үнэ 8 хүртэлх хувиар өсөж, төмрийн хүдэр, ган зэрэг төмөрлөгийн үйлдвэрлэлийн бусад таваарын үнэ даган өсжээ.

  • Мөн Шаньси мужид нүүрс олборлодог компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тухайлбал Shanxi Lu’an компанийн хувьцаа 9.2 хүртэлх хувиар, Jinneng Holding-ийн хувьцаа 7.4 хүртэлх хувиар тус тус өсжээ.

  • БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин уурхайн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг чангатгаж, хүчтэй бороо, үер их тохиолддог дулааны улиралд сонор сэрэмжтэй ажиллах ёстойг мэдэгдэлдээ онцолсон байна.

Зам зуур

Take-Two Interactive Software компанийн зүгээс "Grand Theft Auto VI" видео тоглоом ирэх 11 дүгээр сарын 19-ний өдөр гарахыг баталгаажуулж, борлуулалтаараа бүх цаг үеийн тэргүүлэгчдийн нэг болох төлөвтэй тус тоглоомын гарах хугацаа дахин хойшлогдохтой холбоотой айдсыг намжаав.

GTA VI-ийн маркетинг энэ зунаас эхлэхийг тус компанийн Гүйцэтгэх захирал Штраусс Зельник Bloomberg-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Мөн тоглоомын үнэ болон урьдчилсан захиалгын мэдээлэл тэр үед ил болж магадгүйг мэдээлсэн байна.

2023 онд анх зарлагдсан GTA VI 2025 оны намар гарах товтой байсан ч хожим 2026 оны тавдугаар сард, улмаар 11 дүгээр сард болж хойшлогдсон юм. Сүүлийн хэдэн сар Take-Two энэ талаар чимээгүй байсан тул гарах хугацаа нь гурав дахь удаагаа хойшлогдох вий гэсэн болгоомжлол нэмэгдээд байлаа.

Тоглоомын захиалгын нийт орлого 2027 оны санхүүгийн жилд 8-8.2 тэрбум ам.доллар хүрэх тооцооллыг Take-Two өнгөрсөн пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ.

Эцэст нь товчхон

ХХААХҮЯ: Улсын хэмжээнд энэ хавар 633 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж байгаагаас бэлтгэл ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай тариалалтын хэмжээ 39 хувиар, төмс 46 хувиар, хүнсний ногоо 19.3 хувиар илүү байгаа бол малын тэжээл тариалалт 83.5 хувиар, тосны ургамал 27 хувиар бага гэсэн тооцоо гарчээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Онцлох зураг

Хаврын халуун өдөр далайн эрэг дээр олноор цугласан хүмүүс - Уэймут, Англи

Finnbarr Webster/Getty Images