2026/05/25

Өглөөний мэнд. Монгол Улсын IV сард БНХАУ-д экспортолсон нүүрс 61 хувиар огцом өсөж, дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч Индонезийг гүйцжээ.

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ баталж, газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг шийдэв.

BI: Газрын тосны ханш ирэх онд баррель нь $100 орчимд хадгалагдах төлөвтэй.

Нүүрсний их гүрнийг гүйцэв

Дөрөвдүгээр сард БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн байна. Ингэснээр Монгол Улс дэлхийд нүүрсний экспортоор тэргүүлэгч, БНХАУ-ын нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез улсыг сарын дүнгээр ардаа орхижээ.

Өнгөрсөн сард Монгол Улс урд хөршдөө 11.33 сая тонн нүүрс нийлүүлсэн бол Индонез улс 11.12 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өмнөх оны IV сартай харьцуулахад 22 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Харин оны эхний дөрвөн сарын хугацаанд Монголын экспортолсон нүүрсний хэмжээ 39.4 сая тонн болж, өмнөх оноос мөн адил 61 хувиар өссөн бол БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээгээр тэргүүлдэг бусад улсуудын экспорт бүгд буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал Индонезийн экспорт 8 хувиар, ОХУ-ынх 17 хувиар, Австралийнх 10 хувиар тус тус буурчээ.

Ойрх Дорнодын дайнаас шалтгаалсан эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал Хятад улсын нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлснээр Монголын коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсний эрэлт эрс өсөж байна. Монголын Хөрөнгийн Биржээр дотоодын олборлогчдын арилжаалж буй нүүрсний дуудах үнэ тогтмол өсөлттэй байж, тэр дундаа эрчим хүчний нүүрсний үнийн индекс III сард 5.53 хувиар, IV сард 4.47 хувиар тус тус өсжээ. Зөвхөн IV сард 1.03 их наяд төгрөгийн нүүрс биржээр арилжаалагдсанаар энэ оны хамгийн өндөр идэвхтэй сар болсон юм.

2026 онд Монгол Улс 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028-2029 онд 105-110 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсныг Ерөнхий сайд мэдээлсэн. Хилийн боомтуудын ажиллах цагийг уртасгаж, мөн Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулснаар уг зорилгод хүрнэ гэж үзэж буй.

Хэдий Монголоос авах нүүрс нь нэмэгдсэн ч БНХАУ-ын нүүрсний импортын нийт хэмжээ IV сард буурчээ. Тухайн сард 33.1 сая тонн нүүрс хилийн чанадаас авсан нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар, он гарснаас хойш 150 сая гаруйг импортолсон нь 2.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. “Дотоодын даацтай олборлолт, зах зээл дэх нүүрсний хямд үнэ нь Хятадын эргийн боомтуудад илчлэг багатай Индонезийн нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байна” хэмээн ​Signal Ocean-ийн шинжээч Reuters-д мэдээлжээ.

Анхаарлын төвд

Гацаа арилав. Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталлаа. Ингэснээр чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, цаг хугацаандаа ашиглалтад орох боломжийг бүрдүүлж байгааг Сангийн сайд онцлов. Тус хоёр төслийн энэ онд авч ашиглах шаардлагатай санхүүжилтийн хэмжээ 1.8 их наяд төгрөг бөгөөд нэг удаагийн зохицуулалттай хуулиар ийнхүү онцгойлон урагшлуулж байна.

Хөрөнгө оруулалтын төсөвлөлт. Нийт 15.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 124 төсөл, 186 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг УИХ-аар хэлэлцэж, гүйцээн боловсруулахаар ажлын хэсэгт буцаалаа. 2027 онд нэгдсэн төвийн зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд төгрөг байхаар Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулжээ. Үүнээс 2.2 их наяд орчим төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд төлөвлөж буй. ЗГ ирэх онд эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг “чөлөөлөлтийн бодлого” хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 5.8 орчим хувьд хадгалах зорилт тавьсан юм.

Тийм ч амар буухгүй. Ираны дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн алдагдлыг нөхөхийн тулд дэлхий нийт хэрэглээгээ бууруулж байгаа тул ирэх онд түүхий газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар орчимд хадгалагдана гэж арилжаанд оролцогчид үзэж байна. Bloomberg Intelligence-ий судалгаанд оролцогчдын дийлэнх нь ирэх 12 сарын хугацаанд брент төрлийн газрын тосны дундаж үнэ баррель нь 81-100 ам.долларын хооронд байна гэж таамаг дэвшүүлжээ. Сүүлийн байдлаар Ираны талаас уран болон Ормузын хоолойн асуудлаар илэрхийлсэн байр суурийн улмаас газрын тосны үнэ гурван өдөр дараалан унасны дараа эргэн сэргээд байна.

Ярвигтай бууралт. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй амьжиргааны өртгийн дарамтыг бууруулах хөтөлбөрийн нөлөөгөөр инфляц нь сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрлээ. Энэ нь Японы Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ өсгөх эсэхийг улам тодорхойгүй болгож байна. IV сард хүнсний бүлгийн үнийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн нь Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн бүх таамгаас бага үзүүлэлт боллоо.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Тээврийн салбар I улиралд

Тээврийн салбарын орлого оны эхний улиралд сүүлийн гурван жилийн дээд дүнгээр өслөө. Өмнөх оны оны I улирлаас 23.1 хувиар өссөнөөр нийт 2.8 их наяд төгрөгийн орлого бүрдсэн байна.

  • Уул уурхайн салбарын идэвхжилийг дагаад тээврийн салбарын өсөлт эрчимжсэн байна. Тухайлбал авто тээврийн салбарын орлого 26.3 хувиар, төмөр замын тээврийн орлого 44.5 хувиар өсжээ.

  • Нийт ачаа тээврийн 65 орчим хувийг авто тээврээр тээвэрлэжээ. Ингэснээр орлого нь эхний улиралд 1.4 их наяд төгрөг хүрч, тээвэрлэсэн ачаа нь өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өссөн байна.

  • Мөн агаарын тээврээр зорчигчдын тоо тогтмол өсөлтөө хадгаллаа. Тайлант хугацаанд агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 437 мянга давж, өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар өсөхөд Сөүл, Эрээн, Сингапур, Токио, Бээжин чиглэлийн зорчигчдын тоо өссөн нь нөлөөлсөн байна.

  • Харин галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа. I улиралд давхардсан тоогоор 377 мянган хүн галт тэргээр зорчсон нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар бага үзүүлэлт.

Зам зуур

Вьетнамын Засгийн газар тус улсын түүхэн дэх хамгийн том залилангийн хэргийг үйлдсэн нь тогтоогдсон үл хөдлөх хөрөнгийн магнат Чуон Ми Ланы учруулсан хохирлыг хэсэгчлэн төлөх зорилгоор түүний эзэмшилд байсан Hermès брэндийн хоёр ширхэг цүнхийг дуудлага худалдаагаар 14.21 тэрбум донг буюу 539 мянга орчим ам.доллароор зарсан байна.

Шүүхийн шийдвэрээр 27 тэрбум ам.долларын хохирол нөхөн төлөх ёстой болсон Чуон Ми Лан болон хамаарал бүхий хүмүүсийнх нь эд хөрөнгөд Вьетнамын ЗГ-аас аудитын шалгалт явуулж байгаа аж. Одоогоор Лан 12 их наяд донгтой тэнцэх дүнг 42 мянга гаруй бонд эзэмшигчид эргүүлэн төлсөн бөгөөд ингэснээр 18 их наяд донг төлөх үлдсэнийг ЗГ нь албан ёсны веб сайтдаа мэдээлжээ.

Өдгөө 69 настай, Вьетнамын хамгийн нөлөө бүхий үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн нэг асан Чуон Ми Лан нь "Saigon Commercial Bank"-наас 12.3 тэрбум ам.долларын хөрөнгө завшсан хэрэгт буруутай нь тогтоогдож, улмаар 2024 оны IV сард цаазаар авах ял сонссон юм. Хожим Вьетнам улс эдийн засгийн зарим гэмт хэргүүдэд ялын дээд хэмжээ оноохоо зогсоосноор Чуон Ми Лан цаазын ялаас өршөөгдөж байв.

Онцлох зураг

Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж Шариатын хууль зөрчсөн хэргээр олны өмнө саваадуулах шийтгэл амссан эмэгтэй - Банда Ачех, Индонез

Hotli Simanjuntak/EPA