2026/05/22

Өглөөний мэнд. SpaceX IPO-оор зорьсон үнэлгээндээ хүрч чадвал дэлхийн анхны их наядтан төрнө.

Монголын уул уурхайн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ.

Samsung-ийн чип үйлдвэрлэлийн ажилтан бүр дунджаар 340 мянган ам.долларын урамшуулал авна.

Их наядтан төрүүлэх IPO

Бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO хийхээр зорьж байгаа SpaceX компанийн зохицуулагч байгууллагад илгээсэн танилцуулгаас олон зүйл тодорхой боллоо. Тэдгээрийн нэг гэвэл компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск дэлхийн анхны их наядтан болох зам нь засагджээ.

Пуужин үйлдвэрлэл, хиймэл оюуны SpaceX компанид Илон Маск 5.1 тэрбум ширхэг хувьцаа, мөн 8.39 ам.долларын тогтмол үнэтэй 350 сая ширхэг хувьцааны опцион эзэмшдэг болохыг лхагва гарагт гаргасан үнэт цаасны танилцуулга харуулж байна.

Тиймээс SpaceX энэ IPO-оор зорьж буй 2 их наяд ам.долларын үнэлгээндээ хүрч чадвал Илон Маскийн нийт хөрөнгө 1.1 их наяд ам.доллар болохоор байна. Хэдий 2 их наяд ам.доллар хүрэхгүй байлаа ч 1.75 их наяд руу дөхөхөд л Маск хүн төрөлхтний түүхэнд бүртгэгдээгүй тэр их хөрөнгийн босгыг давахад хангалттай юм. Учир нь тэрбээр Tesla болон бусад хэд хэдэн компанид дахин 292 тэрбум ам.долларын дүнтэй хувьцаа эзэмшдэг.

Сүүлийн хоёр жилийн турш дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад тэргүүлж буй 54 настай Маск ийнхүү их наядын хөрөнгө рүү “зүтгэсэн” нь технологийн эрин дэх хөрөнгийн үлэмж их төвлөрлийн жишээ, супер хөрөнгөтнүүдийн шинэ эриний эхлэл болж байна.

Bloomberg Billionaires Index 2025 оны XII сард гаргасан тендер саналд нь үндэслэн SpaceX-ийн одоогийн үнэлгээг 1.03 их наяд ам.доллар гэж тооцоолжээ. Мөн 2026 оны I сард Илон Маскийн өөр нэг компани xAI-ийг SpaceX-д нэгтгэсэн нь үнэлгээн дээр нэмж тооцогдох юм. Харин ирэх VI сарын 11-нд болох товтой IPO-оор хувьцааны үнэ хэрхэн тогтохоос шалтгаалан дээрх үзүүлэлт шинэчлэгдэнэ.

Goldman Sachs, Morgan Stanley, Bank of America, Citigroup, JPMorgan Chase & Co. болон бусад 18 банк уг IPO-ийн зохион байгуулалтад оролцохоор байна. Мөн SpaceX Nasdaq биржид SPCX үсгэн кодоор бүртгүүлэхээр сонгожээ.

Анхаарлын төвд

Хүлээлттэй тайлан. Санхүүгийн жилийн I улиралд Nvidia компани 81.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа мэдээллээ. Энэ нь өмнөх улирлаас 20 хувиар, өмнөх оны мөн үеэс 85 хувиар эрчимжсэн үзүүлэлт төдийгүй компанийн хамгийн өндөр орлоготой улиралд тооцогдож байна. Хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалт асар хурдацтай өрнөж, бие даан шийдвэр гаргах чадвартай агент хиймэл оюун бодит ажил хийж, бодит үнэ цэн бүтээж эхэлснийг Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан онцолжээ. Мөн энэ арваны төгсгөл гэхэд хиймэл оюунд чиглэсэн зарцуулалт жилийн 3-4 их наяд ам.доллароор хэмжигдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Ажилтнуудын ялалт. Samsung Electronics компани үйлдвэрчний эвлэлтэйгээ эцсийн мөчид тохиролцоонд хүрч, ажил хаялтаас сэргийлж чадав. Үр дүнд нь компани чип үйлдвэрлэлийн нийт ажилтнууддаа энэ онд урамшуулал болгож 40 их наяд вон буюу 26.6 тэрбум ам.доллар олгохоор боллоо.

Samsung компани хагас дамжуулагчийн салбартаа 78 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Хэдий урамшууллын хэмжээ ажилтан тус бүрд ялгаатай байх ч нэг ажилтан дунджаар 513 сая вон буюу 340 мянган ам.доллар хүлээн авахыг Bloomberg тус компанийн 2026 оны үйл ажиллагааны ашгийн төлөвт үндэслэн тооцоолжээ. III сарын тайлангаас нь харвал Samsung-ийн ажилтнууд 2025 онд дунджаар 158 сая воны цалин, урамшуулал авсан байна. Урьдчилсан тохиролцоогоор Samsung ашгийнхаа 10.5 хувийг хувьцаа хэлбэрээр, 1.5 хувийг бэлэн мөнгөөр урамшуулал болгон ажилтнууддаа олгохоор зөвшөөрсөн юм.

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд газрын тос, байгалийн хийн нөөц ашигласны төлбөрийн 25 хувийг улсын төсөвт, 35 хувийг Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудад хуваарилна. Мөн 10 хувийг орон нутаг болон бүсийн хөгжлийн сан, олборлолтын нөлөөлөлд өртөж буй бүс, аймаг, сумдын төсөвт хуваарилах зохицуулалт оруулсан байна. Одоо мөрдөж буй хуулиар нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Монгол Улсын газрын тос олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол буурч, 2025 онд 3.7 сая баррель тос олборлосныг АМГТГ мэдээлж байв.

Хамгийн хохиролтой луйвар. Орон сууцны захиалга авч бусдыг залилсан, уулийн байгууллагаар мөрдөн шалгагдаж буй гэмт хэргийн улмаас 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг Цагдаагийн Ерөнхий Газар мэдээллээ. Сүүлийн гурван жилд энэ төрлийн залилангийн 1167 хэрэг бүртгэгджээ. Үүнээс Марч Констракшн, Азийн барилга, Авес гранд, Цоба хаус зэрэг компанид холбогдох хэргүүд олон хохирогчтой, хохирлын хэмжээ өндөр дүнтэй байгааг Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа.

Блумберг санал болгож байна

Bloomberg TV Mongolia дижитал үйлчилгээний шинэ хуудсаа нээж, цагийн шалгуурыг давах санхүү, эдийн засаг, бизнесийн контентийг хэрэглэгч хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжийг олгох OTT стриминг үйлчилгээний платформоо танилцуулж байна. Блумбергийн бүхий л контентууд, шууд хөтөлбөрийг хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх BTVM+ аппликэйшнийг та ЭНДЭЭС татаж аваарай.

Гүн рүү: Бүтээмжийн зөрүү

Нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж оны эхний улиралд бүх салбарт өмнөх оны мөн үеэс өссөнийг ҮСХ-ны тайлан харууллаа. Гэхдээ салбар тус бүрийн бүтээмжийг харьцуулж харвал ихээхэн зөрүүтэй байна.

  • Нийт дүнгээр нэг ажиллагчид ногдох ДНБ 4.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар өсөхөд уул уурхайн салбарын өсөлт гол нөлөө үзүүлсэн байна.

  • Тухайн салбарын нэг ажиллагчид ногдох ДНБ 12.9 сая төгрөг хүрсэн нь сүүлийн дөрвөн жилийн дээд үзүүлэлт боллоо.

  • Хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох бүтээмж I улиралд өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн ч уул уурхайн салбартай харьцуулахад 16 дахин бага байна.

  • Нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмж 2050 он гэхэд 16 орчим сая төгрөг хүрч өсөхөөр тооцоологдож буй ч энэ нь “Алсын хараа 2050”-д тусгасан зорилтоос доогуур үзүүлэлт болох юм.

  • Хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, боловсрол, жижиглэн худалдаа зэрэг салбар нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гол салбарууд гэдгийг Азийн бүтээмжийн байгууллагын судалгаанд тодотгосон байна.

Зам зуур

Mercedes-Benz Group дотоод шаталтат хүчирхэг хөдөлгүүрийн дуу болон мэдрэмжийг үгүйлдэг жолоочдыг татах шийдэл бүхий спорт ангиллын шинэ цахилгаан автомашинаа танилцууллаа.

"Mercedes-AMG GT 4-Door Coupé" хэмээх тус загвар нь 1169 морины хүч гаргах гурван цахилгаан хөдөлгүүр, "Formula 1"-ийн автомашинуудаас санаа авч бүтээсэн 800 вольтын цэнэг хураагуураар тоноглогджээ. 300 км/цагийн дээд хурдтай, 2.1 секундын дотор 0-100 км/цагийн хурд авах чадалтай.

Мөн механик хурдны хайрцгийн араа солигдох мэдрэмж, V8 хөдөлгүүрийн хүнгэсэн дуу чимээг зохиомлоор үүсгэх горим оруулж өгсөн нь Mercedes-ийн сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүрт загваруудаас татгалзах болсон худалдан авагчдыг эргүүлэн татах зорилготой алхам аж.

Ингэснээр Mercedes анхны цахилгаан автомашинууддаа баримталж байсан минималист арга барилыг орхиж, дотоод шаталтат хөдөлгүүрийг халах шилжилтийн үед брэндийнхээ нэрийн хуудас болсон зүйлсийг хадгалж үлдэхээр зорьж буй Porsche, Ferrari компаниудын стратегийг дагаж байна.

Эцэст нь товчхон

Ардчилсан нам Засгийн газарт хамтрахгүй, хамтран ажиллах санал ч ирээгүй” гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт албан ёсоор мэдэгдлээ. Мөн сүүлийн 10 жилд зургаа дахин өссөн нийслэлийн төсвийн зарцуулалт, бонд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт хуульд нийцсэн эсэх асуудлыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байгааг онцлов.

ЗГ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд ирэх онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.9 хувьтай тэнцэхээр тусгажээ. Төсвийн зарлага ДНБ-ий 27 хувьтай тэнцэж байх нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд хамгийн эерэг нөлөөтэй болохыг ТТБЗ-ийн дүгнэлтэд тодотгосон байна.

Онцлох зураг

БНХАУ-д 25 дахь удаагийн айлчлалаа хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг угтан авах ёслолын үеэр - Бээжин, БНХАУ

Getty Images